Хэсэг 71
1831 оны арван хоёрдугаар сарын 1-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч энэхүү илчлэлийг хүлээн автлаа өөрийн бичээч Сидней Ригдоны хамт Библийг орчуулахаа үргэлжлүүлж байлаа, энэ үед тэд энд өгөгдсөн зааврыг хэрэгжүүлэхийн тулд үүнийг түр хойш тавив. Урвасан Эзра Бүүфийн бичсэн захидлууд нийтлэгдсэнээс болж Сүмийн эсрэг дэгдсэн найрсаг бус санаа бодлуудыг арилгахын тулд ах нар номлохоор явах ёстой байв.
1–4, Иосеф Смит, Сидней Ригдон хоёр сайн мэдээг тунхаглахаар урагш илгээгдэв; 5–11, Гэгээнтнүүдийн дайснууд мадлагдах болно.
1 Болгоогтун, миний үйлчлэгч Бага Иосеф Смит мөн Сидней Ригдон хоёрт, бүр миний хүссэнээр та хоёрт өгөгдөх Сүнсний тэрхүү хэмжээ болон хүчний дагуу та хоёр судруудаас миний сайн мэдээг, хаант улсын зүйлсийг тунхаглахаар, тэдгээрийн нууцуудыг тайлбарлахаар амаа нээх ёстой нь надад шаардлагатай бөгөөд зүйтэй болсон тэрхүү цаг үнэхээр ирлээ хэмээн Их Эзэн ийн хэлж байна.
2 Үнэнээр би та хоёрт хэлнэ, дэлхийд эргэн тойрныхоо нутгуудад мөн тэрчлэн сүмд хэсэг хугацаанд, болих ёстой нь та хоёрт мэдэгдэх тэр цагийг хүртэл тунхаглагтун.
3 Үнэнээр энэ бол та хоёрт миний өгч буй түр хугацааны үүрэг даалгавар болой.
4 Иймийн тул, та хоёр миний жимсний талбайд хөдөлмөрлө. Дэлхийн оршин суугчдыг дууд, мөн гэрчил, мөн ирэх тэрхүү зарлигууд болон илчлэлүүдэд замыг бэлтгэгтүн.
5 Эдүгээ, болгоогтун энэ бол мэргэн ухаан болой; унших хэн ч болов тэрээр ойлгож мөн тэрчлэн хүлээн аваг;
6 Учир нь хүлээн авагч түүнд энэ нь, бүр хүч ч элбэг дэлбэгээр өгөгдөх болно.
7 Иймийн тул, дайснуудаа мадлагтун; тэд та хоёртой нийтийн өмнө бас ганцаарчлан уулзахад тэднийг дуудагтун; мөн та хоёр үнэнч байхын хэрээр тэдний ичгүүртэй байдал илчлэгдэх болно.
8 Иймийн тул, тэд Их Эзэний эсрэг хүчирхэг шалтгаануудаа гаргаж ирэг.
9 Үнэнээр, Их Эзэн та хоёрт ийн хэлж байна—та хоёрын эсрэг ямар ч зэвсэг амжилтад хүрэх нь үгүй;
10 Мөн хэрэв хэн нэгэн нь та хоёрын эсрэг дуу хоолойгоо өргөх аваас, миний өөрийн тогтоосон цагт тэрээр устгагдах болно.
11 Иймийн тул, миний зарлигуудыг сахигтун; тэдгээр нь үнэн бөгөөд найдвартай болой. Бүр тийм буюу. Амен.