Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 76


Хэсэг 76

1832 оны хоёрдугаар сарын 16-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смит, Сидней Ригдон хоёрт өгөгдсөн үзэгдэл оршвой. Энэхүү үзэгдлийн цэдгийн оршил болгон Иосеф Смитийн түүхэнд өгүүлэхдээ: “Амхерстын чуулганаас эргэж ирснийхээ дараа би Судруудын орчуулгыг дахин үргэлжлүүлэв. Хүмүүний авралын талаарх олон чухал хэсэг Библиэс авагдсан эсвэл үүнийг эмхэтгэхээс өмнө алга болсон нь хүлээн авагдсан өөр өөр илчлэлээс илэрхий байв. Хэрэв бие махбодод байхдаа хийсэн үйлүүдийнх нь дагуу Бурхан хүн бүрийг шагнадаг аваас, гэгээнтнүүдийн хувьд мөнхийн гэр нь болох ‘Тэнгэр’ гэдэг нь нэгээс илүү хаант улсыг багтаах учиртай нь үлдсэн үнэнүүдээс илэрхий харагдаж байв. Үүний дагуу … Гэгээнтэн Иоханы Сайн мэдээг орчуулж байхдаа ахлагч Ригдон, бид хоёр дараах үзэгдлийг харсан билээ” гэжээ. Бошиглогч энэ үзэгдэл өгөгдөх үед Иохан 5:29-ийг орчуулж байжээ.

1–4, Их Эзэн бол Бурхан мөн; 5–10, Хаант улсын нууцууд итгэлтэй бүгдэд илчлэгдэх болно; 11–17, Шударга хүмүүс эсвээс шударга бус хүмүүсийн амилуулалтад бүгд урагш гарч ирэх болно; 18–24, Олон дэлхийн оршин суугчид Есүс Христийн Цагаатгалаар дамжин Бурханы төрсөн хөвгүүд мөн охид нь билээ; 25–29, Бурханы тэнгэр элч унаж мөн чөтгөр болсон ажээ; 30–49, Мөхлийн хөвгүүд мөнхийн ялыг эдлэх болой; бусад бүгд нь авралын ямар нэгэн зэрэглэлийг авах бөлгөө; 50–70, Селестиел хаант улсад өргөмжлөгдсөн хүмүүсийн сүр жавхлан болон шагнал дүрслэгдэв; 71–80, Террестриел хаант улсыг өвлөх тэд дүрслэгдэв; 81–113, Телестиел, террестиел мөн селестиел сүр жавхланд байх тэдний байдал тайлбарлагдав; 114–119, Итгэлтэй тэд Ариун Сүнсний хүчээр Бурханы хаант улсын нууцуудыг харж мөн ойлгож чадна.

1 Сонсогтун, ай тэнгэрүүд та нар, мөн чих тавигтун, ай дэлхий, мөн тэдгээрийн оршин суугчид та нар баясацгаа, учир нь Их Эзэн бол Бурхан, мөн түүнээс өөр Аврагч үгүй бөлгөө.

2 Түүний мэргэн ухаан агуу, түүний замууд ер бусын гайхамшигтай ажгуу, мөн түүний үйлүүдийн хэмжээ хязгаарыг хэн ч мэдэж чадах нь үгүй.

3 Түүний зорилгууд бүтэлгүйтэх нь үгүй, мөн түүний мутрыг зогсоож чадах хэн ч үгүй бөлгөө.

4 Үүрд мөнхөөс үүрд мөнхөд тэрээр нэг адил бөлгөө, мөн түүний жилүүд төгсөх нь хэзээ ч үгүй.

5 Учир нь Их Эзэн ийн хэлнэм—Их Эзэн бибээр надаас эмээдэг тэдэнд нигүүлсэнгүй бөгөөд ивээлтэй бөлгөө, мөн зөв шударга ёсонд болон үнэнд эцсээ хүртэл надад үйлчилдэг тэднийг шагнахдаа баяртай байдаг билээ.

6 Тэдний шагнал агуу байх болно, мөн тэдний сүр жавхлан нь мөнх байх болно.

7 Мөн бибээр тэдэнд бүх нууцыг, тийм ээ, эрт дээр үеийн хаант улсынхаа бүх нууцыг илчлэх болно, мөн ирэх үеүдэд, хаант улсдаа хамаарах бүх зүйлийн талаарх хүслийнхээ сайн тааллыг би тэдэнд мэдүүлэх болно.

8 Тийм ээ, бүр үүрд мөнхийн гайхамшгуудыг тэд мэдэх болно, мөн ирэх тэр зүйлсийг, бүр олон үеийн зүйлсийг би тэдэнд үзүүлэх болно.

9 Мөн тэдний мэргэн ухаан агуу байх болно, мөн тэдний ойлголт тэнгэрт хүрэх бөлгөө; мөн тэдний өмнө ухаантнуудын мэргэн ухаан мөхөх болно, мөн хэрсүү ухаантнуудын ойлголт юу ч биш болно.

10 Учир нь бибээр өөрийн Сүнсээр тэднийг гэгээрүүлэх болно, мөн бибээр өөрийн хүчээр тааллынхаа нууцуудыг тэдэнд мэдүүлэх болно—тийм ээ, бүр нүд хараагүй, чих сонсоогүй, бас хүмүүний зүрх сэтгэлд ороогүй тэдгээр зүйлийг буюу.

11 Бага Иосеф Смит, Сидней Ригдон бид хоёр манай Их Эзэний нэг мянга найман зуун гучин хоёр онд, хоёрдугаар сарын арван зургаа дахь өдөр Сүнсэнд байхдаа—

12 Сүнсний хүчээр бидний нүд нээгдэж мөн бидний ойлголтууд гэгээрүүлэгдсэн бөлгөө, тэгснээр Бурханы зүйлсийг харж мөн ойлгосон билээ—

13 Бүр эхлэлээс Эцэгтэй ойр дотно байсан өөрийн Төрсөн Ганц Хүүгээр дамжуулан Эцэгийн томилсон, дэлхий байхаас өмнө эхлэлээс байсан бүр тэдгээр зүйлийг буюу;

14 Түүний тухай бид гэрчилж байна; мөн бидний гэрчлэх тэрхүү гэрчлэл нь Хүү болох Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал бөлгөө, бид түүнийг харж мөн тэнгэрлэг үзэгдэлд бид түүнтэй ярилцсан болой.

15 Учир нь Их Эзэнээс бидэнд тохоон томилсон орчуулгын ажлыг бид хийж байх үедээ бид Иоханы тавдугаар бүлгийн хорин есдүгээр шүлэгт хүрч ирсэн ба энэ нь дараах байдлаар бидэнд өгөгдөв—

16 Нас барагсдын амилуулалтын талаар, Хүний Хүүгийн дуу хоолойг сонсох тэдний тухай өгүүлсэн нь:

17 Мөн сайныг үйлдсэн тэд шударга хүмүүсийн амилуулалтад; мөн хилэнцтийг үйлдсэн тэд шударга бус хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх болой.

18 Эдүгээ энэ нь биднийг гайхахад хүргэв, учир нь энэ нь Сүнснээс бидэнд өгөгдсөн байв.

19 Мөн бид эдгээр зүйлийг бясалгаж байх үед Их Эзэн бидний ойлголтын мэлмийд хүрч мөн тэр нь нээгдсэн болой, мөн Их Эзэний сүр жавхлан эргэн тойронд гийж байв.

20 Мөн Эцэгийн баруун мутар дахь Хүүгийн сүр жавхланг бид болгоож, мөн түүний бүрэн байдлыг хүлээн авсан буюу;

21 Мөн, Бурханыг мөн Хургыг шүтэн биширч буй мөн түүнийг үүрд мөн мөнхөд шүтэн биширдэг ариун тэнгэр элч нарыг мөн сэнтийнийх нь өмнө ариусгагдсан хүмүүсийг харав.

22 Мөн эдүгээ, түүний талаар өгөгдсөн олон гэрчлэлийн дараа, түүний талаар бидний өгөх, хамгийн сүүлчийн гэрчлэл нь энэ юм: Тэр амьд!

23 Учир нь бид түүнийг харсан билээ, бүр Бурханы баруун гар талд буюу; түүнчлэн ийн гэрчлэх дуу хоолойг бид сонссон билээ: Тэрээр Эцэгийн Төрсөн Ганц мөн—

24 Түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс дэлхийнүүд бүтээгддэг мөн бүтээгдсэн ажгуу, мөн тэдгээрийн оршин суугчид нь Бурханы төрсөн хөвгүүд мөн охид бөлгөө, хэмээв.

25 Мөн бид тэрчлэн ийн харсан бөгөөд гэрчилж байна, Эцэгийн дэргэд эрх мэдэлд байсан Бурханы нэг тэнгэр элч асан тэрээр, Эцэгийн хайрладаг байсан, мөн Эцэгтэй ойр дотно байсан Төрсөн Ганц Хүүг эсэргүүцэж, Бурханы мөн Хүүгийн оршихуйгаас доош хаягдахыг буюу,

26 Мөн Мөхөл хэмээн нэрлэгдэв, учир нь тэнгэр түүнээс болж уйлсан болой—тэр бол Люсифер, өглөөний хүү байв.

27 Мөн бид болгоов, мөн харагтун, тэр унасан! бүр өглөөний хүү унасан болой!

28 Мөн биднийг Сүнсэнд байхад, бид уг үзэгдлийг бичих ёстой хэмээн Их Эзэн бидэнд зарлиглав; учир нь бид Сатаныг болгоосон болой, Бурханыг эсэргүүцсэн, бидний Бурханы болон түүний Христийн хаант улсыг авахаар эрэлхийлсэн тэр хөгшин хорт могойг, бүр чөтгөрийг буюу—

29 Иймийн тул, тэрээр Бурханы гэгээнтнүүдтэй дайтдаг, мөн тэднийг тойрон бүсэлдэг ажгуу.

30 Мөн түүний дайтаж мөн дийлсэн тэдний зовлонгуудын талаарх үзэгдлийг бид харав, учир нь Их Эзэний дуу хоолой бидэнд ийн ирсэн болой:

31 Миний сүр хүчийг мэддэг, мөн үүнээс хүртэгчид болгогдсон, мөн чөтгөрийн хүчээр дамжин өөрсдийгөө ялагдахыг, мөн үнэнийг үгүйсгэхийг бас миний хүчийг эсэргүүцэхийг зөвшөөрсөн тэд бүгдийн талаар ийн Их Эзэн хэлэв—

32 Тэд бол мөхлийн хөвгүүд болох тэд болой, тэд огт төрөөгүй байсан бол тэдний хувьд дээр байхсан хэмээн би хэлдэг;

33 Учир нь тэд бол үүрд мөнхөд чөтгөр болон түүний элч нартай хамт Бурханы хилэгнэлийг эдлэх заяатай, хилэгнэл хүртэх савнууд юм;

34 Миний ярьсан тэдний хувьд энэ дэлхийд ч, ирэх дэлхийд ч өршөөл үгүй—

35 Ариун Сүнсийг хүлээн авсныхаа дараа үүнийг үгүйсгэсний учир мөн Эцэгийн Төрсөн Ганц Хүүг үгүйсгэсний учир, түүнийг оюун санаандаа цовдолж мөн түүнийг нийтийн өмнө ичгүүрт тавьсны учир бөлгөө.

36 Эдгээр нь чөтгөр болон түүний элч нарын хамт галт болон хүхэрт нууранд орох тэд болой—

37 Мөн хоёр дахь үхэл гагцхүү тэдэн дээр хүчтэй байх болой;

38 Тийм ээ, үнэнээр, Их Эзэний хилэгнэлийн зовлонг туулсны дараа, түүний тогтоосон цагт гэтэлгэгдэхгүй нь гагцхүү тэд болой.

39 Учир нь бусад нь бүгдээрээ, дэлхийнүүд хийгдэхээс өмнө Эцэгтэй ойр дотно байсан тэр егүүтгэгдсэн Хурганы ялалт болон сүр жавхлангаар дамжин нас барагсдын амилуулалтаар урагш авчрагдах болно.

40 Мөн энэ бол тэнгэрээс гарах дуу хоолойн бидэнд гэрчилсэн, сайн мэдээ, баярт мэдээнүүд бөлгөө—

41 Тэрбээр, бүр Есүс, дэлхийн төлөө цовдлогдохоор, мөн дэлхийнхний нүглүүдийг үүрэхээр, мөн дэлхийг ариусгахаар, мөн үүнийг бүхий л шударга бус явдлаас нь цэвэрлэхээр дэлхийд ирсэн гэдгийг бөлгөө;

42 Эцэгийн, түүний хүчинд өгч мөн түүгээр хийгдсэн бүгд, түүгээр дамжин бүгдээрээ аврагдаж болно гэдгийг бөлгөө;

43 Тэрээр Эцэгийг алдаршуулж мөн түүний мутрын бүх ажлыг авардаг бөлгөө, Хүүг Эцэг илчилсний дараа түүнийг үгүйсгэдэг мөхлийн хөвгүүдээс бусдыг нь буюу.

44 Иймийн тул, тэрээр бүгдийг, тэднээс бусдыг нь авардаг—тэд нь төгсгөлгүй шийтгэл болох, мөнхийн шийтгэл болох үүрдийн шийтгэл рүү, өт хорхой нь үхдэггүй, мөн гал нь унтардаггүй, тэдний тарчлал болох тэнд чөтгөр болон түүний элч нартай хамт үүрд мөнхөд хаанчлахаар очих болно—

45 Мөн үүний төгсгөлийг ч, мөн үүний газрыг ч, мөн тэдний тарчлалыг ч ямар ч хүмүүн мэдэх нь үгүй;

46 Үүнээс хүртэгчид болгогдсон тэднээс бусад хүмүүнд энэ нь илчлэгдэж байгаагүй, одоо ч илчлэгдээгүй, мөн илчлэгдэх нь ч үгүй билээ;

47 Гэсэн хэдий ч Их Эзэн бибээр үүнийг үзэгдлээр олонд нь үзүүлдэг, гэхдээ үүнийг тэр даруй буцаан хаадаг билээ;

48 Иймийн тул, үүний төгсгөлийг, өргөнийг, өндрийг, гүнийг, мөн гуниг зовлонг энэхүү буруутгалд томилогдсон тэднээс өөр хэн ч ойлгох нь үгүй.

49 Мөн уг дуу хоолой: Үзэгдлийг бичигтүн, учир нь харагтун, энэ бол бурханлаг бус тэдгээрийн зовлонгийн тухай үзэгдлийн төгсгөл болой хэмээн өгүүлэхийг бид сонсов.

50 Мөн дахин бид гэрчилж байна—учир нь бид харж мөн сонссон болой, мөн энэ бол шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэдний талаарх Христийн сайн мэдээний гэрчлэл болой—

51 Тэд бол Есүсийн тухай гэрчлэлийг хүлээн авсан, мөн түүний нэрэнд итгэсэн, мөн түүний нэрээр усанд оршуулагдан, түүний оршуулгын маягаар баптисм хүртсэн тэд болой, мөн энэ нь түүний өгсөн тэрхүү зарлигийн дагуу буюу—

52 Тэд зарлигуудыг сахиснаар бүх нүглээсээ угаагдаж мөн цэвэршигдэн мөн энэ хүчинд томилогдон мөн лацдагдсан түүнээс Ариун Сүнсийг гар тавиулан хүлээн авч болохын тулд буюу;

53 Мөн итгэлээр дийлж, мөн шударга бөгөөд үнэнч тэд бүгдийн дээр Эцэгийн цутгадаг амлалтын Ариун Сүнсээр лацдагдсан тэд буюу.

54 Тэд бол Ууган Хүүгийн сүм болох тэд бөлгөө.

55 Тэд бол Эцэг бүх зүйлийг гарт нь өгсөн тэд буюу—

56 Тэд бол түүний бүрэн байдлаас, мөн түүний сүр жавхлангаас хүртсэн пристүүд мөн хаад болох тэд болой;

57 Мөн Төрсөн Ганц Хүүгийн жаягийн дагуух Енохын жаягийн дагуу байсан Мелкизедекийн жаягийн дагуух Бүхний Дээдийн пристүүд бөлгөө.

58 Иймийн тул, энэ нь бичигдсэнчлэн, тэд бол бурхад, бүр Бурханы хүүхдүүд бөлгөө—

59 Иймийн тул, бүх зүйл тэднийх болой, амьдрал эсвээс үхэл, эсвээс одоогийн зүйлс, эсвээс ирэх зүйлс бүгд тэднийх болой, мөн тэд бол Христийнх, мөн Христ нь Бурханых бөлгөө.

60 Мөн тэд бүх зүйлийг дийлэх болно.

61 Иймийн тул, хүмүүнийг хүмүүн бүү алдаршуулаг, харин бүх дайсныг хөл дороо захирах Бурханыг тэрбээр алдаршуулаг.

62 Эдгээр нь Бурхан мөн түүний Христийн оршихуйд үүрд мөн мөнхөд орших болно.

63 Эдгээр нь тэрээр газар дэлхий дээр өөрийн хүмүүсийг хаанчлахаар тэнгэрийн үүлэнд ирэхдээ, өөртэйгөө хамт авчрах тэд бөлгөө.

64 Эдгээр нь анхны амилуулалтад багтах тэд болой.

65 Эдгээр нь шударга хүмүүсийн амилуулалтад урагш гарч ирэх тэд бөлгөө.

66 Эдгээр нь Сион Ууланд мөн амьд Бурханы хотод, тэрхүү тэнгэрлэг, бүхнээс хамгийн ариун газарт ирсэн тэд болой.

67 Эдгээр нь тоо томшгүй олон тэнгэр элчтэй нэгдэн, ерөнхий хуралдайд мөн Енохын болон Ууган Хүүгийн сүмд ирсэн тэд бөлгөө.

68 Эдгээр нь Бурхан мөн Христ бүхний шүүгч байдаг тэрхүү тэнгэрт нэр нь бичигдсэн тэд буюу.

69 Эдгээр нь өөрөө цус урсган энэхүү төгс цагаатгалыг хийсэн тэр, шинэ гэрээний зууч Есүсээр дамжин төгс болгогдсон шударга тэд бөлгөө.

70 Эдгээр нь бие махбод нь селестиел тэд бөлгөө, тэдний сүр жавхлан нь нарных адил, бүр бүхнээс хамгийн дээд, сүр жавхлан нь огторгуйн нартай адил хэмээн бичигдсэн Бурханы сүр жавхлан болой.

71 Мөн тэрчлэн, бид террестриел дэлхийг үзэв, мөн болгоогтун мөн харагтун, тэдгээр нь террестриелийнх болох тэд бөлгөө, тэдний сүр жавхлан нь Эцэгийн бүрэн байдлыг хүлээн авсан Ууган Хүүгийн сүмийнхээс, бүр огторгуй дахь нарнаас сар ялгардгийн адил ялгарах авай.

72 Болгоогтун, эдгээр нь хууль үгүйгээр нас барсан тэд бөлгөө;

73 Мөн тэрчлэн тэд бол шоронд хоригдсоор байсан сүнснүүд бөгөөд тэд маханбод дахь хүмүүсийн дагуу шүүгдэж болохын тулд Хүү тэдэнд айлчилж ирэн, мөн сайн мэдээг тэдэнд номложээ;

74 Тэд Есүсийн тухай гэрчлэлийг маханбодод хүлээн аваагүй, харин хожим нь үүнийг хүлээн авсан ажээ.

75 Эдгээр нь хүмүүсийн башир аргаар харалган болсон дэлхийн шударга сайн тэд бөлгөө.

76 Эдгээр нь түүний бүрэн байдлаас бус, харин түүний сүр жавхлангаас хүлээн авдаг тэд юм.

77 Эдгээр нь Эцэгийн бүрэн байдлыг бус харин Хүүгийн айлчлалыг хүлээн авдаг тэд юм.

78 Иймийн тул, тэд бол селестиел биес бус, террестриел биес бөгөөд нарнаас сар ялгардаг шиг сүр жавхлангаар ялгардаг билээ.

79 Эдгээр нь Есүсийн тухай гэрчлэлд зоригтой биш тэд бөлгөө; иймийн тул, бидний Бурханы хаант улс дээрх титмийг тэд олж авах нь үгүй.

80 Мөн эдүгээ энэ нь террестриел дэлхийн талаар бидний харсан, биднийг Сүнсэнд байх зуур үүнийг бичихийг Их Эзэн бидэнд зарлигласан үзэгдлийн төгсгөл бөлгөө.

81 Мөн түүнчлэн, огторгуй дахь сарны сүр жавхлангаас оддын сүр жавхлан ялгардгийн адил бага сүр жавхлан болох телестиел дэлхийн сүр жавхланг бид харав.

82 Эдгээр нь Христийн сайн мэдээг ч, Есүсийн тухай гэрчлэлийг ч хүлээн аваагүй тэд юм.

83 Эдгээр нь Ариун Сүнсийг үгүйсгэдэггүй тэд юм.

84 Эдгээр нь тамд доош хаягдсан тэд юм.

85 Эдгээр нь сүүлчийн амилуулалт хүртэл, Их Эзэн, бүр Христ Хурга ажлаа дуусгах хүртэл чөтгөрөөс гэтэлгэгдэх нь үгүй тэд юм.

86 Эдгээр нь мөнхийн дэлхийд террестриелчүүдийн тохинууллаар дамжуулан Ариун Сүнснээс хүлээн авдаг боловч түүний бүрэн байдлаас хүлээн авдаггүй тэд юм;

87 Мөн террестриелчүүд нь селестиелчүүдийн тохинууллаар дамжуулан авдаг буюу.

88 Мөн тэрчлэн телестиелчүүд үүнийг өөрсдийнх нь төлөө тохинуулахаар томилогдсон, эсвээс өөрсдийнх нь төлөө тохинуулагч сүнснүүд байхаар томилогдсон тэнгэр элч нарын тохинууллаас хүлээн авдаг болой; учир нь тэд авралыг өвлөгчид байх болно.

89 Мөн бид тэнгэрлэг үзэгдэлд бүх ойлголтыг давах, телестиел дэлхийн сүр жавхланг ийн харав;

90 Мөн Бурхан үүнийг түүнд илчлэхээс бусдаар ямар ч хүмүүн үүнийг мэдэх нь үгүй.

91 Мөн бүр сүр жавхланд, сүр хүчинд, хүч чадалд, мөн ноёрхолд телестиел дэлхийн сүр жавхланг бүх зүйлд давамгайлах террестриел дэлхийн сүр жавхланг тийн бид үзэв.

92 Мөн бүх зүйлийг давамгайлдаг, селестиел дэлхийн сүр жавхланг бид тийн үзэв—тэнд Бурхан, бүр Эцэг сэнтийдээ үүрд мөн мөнхөд хаанчлан суудаг болой;

93 Түүний сэнтийн өмнө бүх зүйл даруухан хүндэтгэлд мэхийж, мөн түүнд алдар сууг үүрд мөн мөнхөд өргөдөг бөлгөө.

94 Түүний дэргэд оршин суудаг тэд бол Ууган Хүүгийн сүмийнхэн болой; мөн тэд түүний бүрэн байдлаас мөн түүний ач ивээлээс хүлээн авсан учир Бурханд үзэгддэгийн адилаар тэд үздэг ажгуу, мөн тэд Бурханд мэдэгддэгийн адилаар мэддэг ажээ;

95 Мөн тэрээр тэднийг сүр хүчинд, мөн хүч чадалд, мөн ноёрхолд адил тэгш болгодог бөлгөө.

96 Мөн селестиел дэлхийн сүр жавхлан нь өвөрмөц, нарны сүр жавхлан өвөрмөц адил бөлгөө.

97 Мөн террестриел дэлхийн сүр жавхлан нь өвөрмөц, сарны сүр жавхлан өвөрмөц адил бөлгөө.

98 Мөн телестиел дэлхийн сүр жавхлан нь өвөрмөц, оддын сүр жавхлан өвөрмөц адил бөлгөө; учир нь нэг од нөгөө одноос сүр жавхлангаар ялгардагчлан, бүр тийн телестиел дэлхийд нэг нь нөгөөгөөсөө сүр жавхлангаар ялгардаг бөлгөө;

99 Учир нь эдгээр нь Паулынх, мөн Аполлынх, мөн Кефийнх болох тэд бөлгөө.

100 Эдгээр нь, зарим нь нэгнийх мөн зарим нь нөгөөгийнх нь—зарим нь Христийнх мөн зарим нь Иоханых, мөн зарим нь Мосегийнх, мөн зарим нь Елиасынх, мөн зарим нь Есаиасынх, мөн зарим нь Исаиагийнх, мөн зарим нь Енохынх хэмээн хэлдэг тэд юм;

101 Гэвч сайн мэдээг, мөн Есүсийн тухай гэрчлэлийг ч, мөн бошиглогчдыг ч, мөн үүрдийн гэрээг ч хүлээж аваагүй бөлгөө.

102 Эцсийн эцэст, эдгээр нь Ууган Хүүгийн сүмд аваачигдахын тулд, мөн үүлэнд хүлээн авагдахын тулд гэгээнтнүүдтэй хамт цуглуулагдах нь үгүй тэд болой.

103 Эдгээр нь худал хэлэгчид, мэрэг төлөгчид, мөн садарлагчид, мөн завхайрагчид, мөн худал хуурмагт дурладаг мөн тийн үйлддэг тэд юм.

104 Эдгээр нь дэлхий дээр Бурханы хилэгнэлийг эдэлдэг тэд юм.

105 Эдгээр нь мөнхийн галын өшөө авалтыг эдэлдэг тэд юм.

106 Эдгээр нь тамд доош хаягдаж мөн Бүхнийг чадагч Бурханы хилэгнэлийг эдэлдэг тэд юм, цаг хугацааны бүрэн байдлыг хүртэл, Христ бүх дайсныг хөл дороо захирч мөн өөрийн ажлыг төгөлдөржүүлэх үе хүртэл буюу;

107 Тэрээр хаант улсыг өгч мөн үүнийг Эцэгт толбогүй гардуулахдаа: Би дийлж мөн дарсны шахуургыг, бүр Бүхнийг Чадагч Бурханы догшин хилэгнэлийн дарсны шахуургыг ганцаараа гишгэлээ хэмээн өгүүлэх тэр үе хүртэл буюу.

108 Тэгээд тэрээр, сүр хүчнийхээ сэнтийд үүрд мөн мөнхөд хаанчлан суухаар сүр жавхлангийнхаа титмээр титэмлэгдэх болно.

109 Гэвч болгоогтун, мөн харагтун, бид телестиел дэлхийн сүр жавхлан болон оршин суугчдыг, мөн тэд тэнгэрийн огторгуй дахь одод мэт эсвээс тэнгисийн эрэг дээрх элс мэт тоо томшгүй олон байсныг үзэв;

110 Мөн Их Эзэний дуу хоолой ийн өгүүлэхийг сонсов: Эдгээр бүгд сэнтий дээрээ үүрд мөн мөнхөд залардаг түүнд өвдөг сөгдөх болно, мөн хэл болгон хүлээн зөвшөөрөх болно;

111 Учир нь тэд өөрсдийн үйлсийн дагуу шүүгдэх болно, мөн хүн болгон бэлтгэгдсэн харшуудад өөрийн үйлсийн дагуу, өөрийн ноёрхлыг хүлээн авах болно;

112 Мөн тэд Бүхний Дээдийн үйлчлэгчид байх болно; гэвч Бурхан болон Христийн оршдог тэнд, төгсгөлгүй дэлхийнүүдэд тэд очиж чадах нь үгүй.

113 Энэ бол бидний үзсэн тэр, биднийг Сүнсэнд байх зуур бичихийг бидэнд зарлигласан тэрхүү үзэгдлийн төгсгөл болой.

114 Гэвч Их Эзэний ажлууд, мөн бидэнд түүний үзүүлсэн хаант улсын нууцууд агуу бөгөөд гайхамшигтай билээ, тэдгээр нь сүр жавхлан дахь мөн хүч чадал болон ноёрхол дахь бүх ойлголтыг давдаг болой;

115 Үүнийг Сүнсэнд байх зуур бичих ёсгүйг тэрээр бидэнд зарлигласан болой, мөн тэдгээрийг хүмүүн хэлэх нь хууль бус бөлгөө;

116 Мөн хүмүүн тэдгээрийг мэдүүлэх ч чадваргүй бөлгөө, учир нь тэдгээр нь Бурханы өөрийг нь хайрладаг, мөн түүний өмнө өөрсдийгөө цэвэршүүлдэг тэдэнд өгдөг Ариун Сүнсний хүчээр гагцхүү үзэгдэж мөн ойлгогддог болой;

117 Тэдэнд өөрсдөө үзэх мөн мэдэх энэхүү онцгой боломжийг тэрбээр соёрхдог болой;

118 Тэгснээр Сүнсний хүчээр мөн айлчлалаар дамжуулан, тэд маханбодод байхдаа сүр жавхлангийн дэлхий дэх түүний оршихуйг тэвчиж чадаж болох буюу.

119 Мөн Бурханд болон Хурганд алдар суу, мөн нэр хүнд, мөн ноёрхол үүрд мөн мөнхөд байх болтугай. Амен.

Хэвлэх