Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 78


Хэсэг 78

1832 оны гуравдугаар сарын 1-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Тэр өдөр бошиглогч болон бусад удирдагч Сүмийн үйл хэргийн талаар ярилцахаар цугларсан байв. Энэ илчлэлээр эхлээд бошиглогч, Сидней Ригдон болон Ньюел К.Витней нарыг Миссури руу аялж мөн Сүмийн худалдаа болон хэвлэлийн үйл явцыг зохион байгуулснаар эдгээр хичээл зүтгэлийг хариуцаж, Сионы байгуулалт болон ядуусын тусын тулд хөрөнгийг бий болгох “фермийг” бий болгохыг зааварлажээ. Нэгдсэн ферм гэж нэрлэгдэх энэ ферм нь 1832 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдсан бөгөөд 1834 онд татан буулгагджээ (82-р хэсгийг үз). Энэ байгууллага татан буулгагдсаны дараа, Иосеф Смитийн удирдлаган дор, “худалдаа болон хэвлэлийн газрууд” гэдэг үгсийг “ядууст зориулсан агуулахын үйл ажиллагаа” хэмээх үгсээр сольсон ба “ферм” гэдэг үгийг “журам” гэдэг үгээр сольжээ.

1–4, Гэгээнтнүүд агуулах байгуулж мөн үүсгэн бий болгох ёстой; 5–12, Өөрсдийн эд хөрөнгийг ухаалгаар хэрэглэх нь авралд хөтлөх болно; 13–14, Сүм нь дэлхийн хүчнүүдээс тусгаар байх ёстой; 15–16, Михаил (Адам) Ариун Нэгэний (Христийн) удирдлага дор үйлчилдэг; 17–22, Итгэгчид адислагдсан болой, учир нь тэд бүх зүйлийг өвлөх болно.

1 Их Эзэн Бага Иосеф Смитэд ярьж, өгүүлсэн нь: Намайг анхаарагтун, та нарын Бурхан Их Эзэн хэлж байна, миний сүмийн дээд санваарт томилогдсон та нар, өөрсдийгөө хамтад нь цуглуулсан та нар;

2 Мөн миний өмнө та нарын толилуулсан тэр зүйлд аврал та нарт байж болохын тулд та нарыг дээрээс томилсон, мэргэн ухааны үгийг чихэнд чинь ярих миний зөвлөгөөг анхаарагтун хэмээн Их Эзэн Бурхан хэлж байна.

3 Учир нь үнэнээр би та нарт хэлж байна, цаг нь иржээ, мөн эдүгээ ойрхон байна; мөн болгоогтун, мөн харагтун, энэ газар болон Сионы нутагт аль алинд нь миний хүмүүсийн ядууст зориулсан агуулахын ажил хэргүүдийг зохицуулан мөн үндэслэн байгуулахад миний хүмүүсийн байгууллага байх ёстой нь шаардлагатай болжээ—

4 Хүмүүний аврал мөн тэнгэрт байгаа та нарын Эцэгийн алдар суугийн тулд та нарын өөрсдийгөө зориулсан тэрхүү байр суурийг урагшлуулахын төлөө, мөн миний сүмийн байнгын бөгөөд үүрдийн байгуулалт мөн журмын төлөө буюу;

5 Тэгснээр тэнгэрлэг зүйлсийг олж авахдаа та нар тэнгэрлэг зүйлсийн амлалтад, тийм ээ, тэрчлэн дэлхийн зүйлсэд ч мөн адил, адил тэгш байж болохын тулд буюу.

6 Учир нь хэрэв та нар дэлхийн зүйлсэд тэгш бус байх аваас та нар тэнгэрлэг зүйлсийг олж авахад тэгш байж чадахгүй;

7 Учир нь хэрэв селестиел дэлхийд та нарт байр өгөхийг надаас хүсэх аваас, та нарт миний зарлигласан мөн та нараас шаардсан тэрхүү зүйлсийг хийснээр та нар өөрсдийгөө бэлтгэх ёстой.

8 Мөн эдүгээ, үнэнээр ийн Их Эзэн хэлдэг, энэ нэгдсэн журамд нэгдсэн та нараар бүх зүйл миний алдар суугийн тулд хийгдэх ёстой нь зүйтэй байна;

9 Эсвээс, өөрөөр хэлбэл, миний үйлчлэгч Ньюел К.Витней, миний үйлчлэгч Бага Иосеф Смит мөн миний үйлчлэгч Сидней Ригдон нар Сионд байгаа гэгээнтнүүдтэй зөвлөлд сууг;

10 Эс тэгвээс тэд харалган болж мөн өөрсдөд нь бэлтгэгдсэн тэр зүйлсийг ойлгохгүй байхын тулд Сатан тэдний зүрх сэтгэлийг үнэнээс холдуулахыг эрэлхийлж байна.

11 Иймийн тул, зөрчигдөж үл болох амлалт буюу үүрдийн гэрээгээр өөрсдийгөө бэлтгэх мөн зохион байгуулах зарлигийг би та нарт өгч байна.

12 Мөн үүнийг зөрчдөг тэрээр өөрийн албан тушаал болон сүм дэх байр сууриа алдах болно, мөн гэтэлгэлийн өдөр хүртэл Сатаны тамлалд хүргэгдэх болно.

13 Болгоогтун, энэ бол та нарыг бэлтгэх миний тэрхүү бэлтгэл, мөн тэрхүү суурь мөн та нарт миний өгөх үлгэр жишээ бөлгөө, үүгээр та нар өөрсдөдөө өгөгдсөн зарлигуудыг гүйцэлдүүлж болох бөлгөө;

14 Тэгснээр миний халамжаар дамжин, хэдий та нар дээр зовлон бэрхшээл ирлээ ч, сүм селестиел дэлхийн доорх бусад бүх биетээс дээр тусгаар байдалтай байж болохын тулд буюу;

15 Та нар өөрсдөд тань бэлтгэгдсэн титэмд хүрч болохын тулд, мөн олон хаант улсын дээр захирагчид болгогдож болохын тулд хэмээн Их Эзэн Бурхан, Адам-ондай-Аманы сууриудыг үндэслэн байгуулсан Сионы Ариун Нэгэн хэлж байна;

16 Та нарын ханхүү Михаилыг томилсон, мөн түүний хөлийг тогтоосон, мөн түүнийг дээдэд төлөвшүүлсэн, өдрүүдийн эхлэл буюу амьдралын төгсгөлгүй болох Ариун Нэгэний зөвлөгөө болон чиглүүлэл дор авралын түлхүүрүүдийг түүнд өгсөн тэрхүү нэгэн нь буюу.

17 Үнэнээр, үнэнээр, би та нарт хэлнэ, та нар бяцхан хүүхдүүд бөлгөө, мөн хэчнээн агуу адислалуудыг Эцэг мутартаа байлгадгийг мөн та нарын төлөө бэлтгэснийг та нар хараахан ойлгоогүй байгаа билээ;

18 Мөн эдүгээ та нар бүх зүйлийг давж чадах нь үгүй; гэсэн хэдий ч, баяр хөөртэй бай, учир нь би та нарыг удирдах болно. Хаант улс та нарынх болой, мөн үүн дээрх адислалууд та нарынх билээ, мөн үүрд мөнхийн баялгууд та нарынх бөлгөө.

19 Мөн бүх зүйлийг талархалтайгаар хүлээн авдаг тэрээр алдар суут болгогдох болно; мөн энэ дэлхийн зүйлс бүр зуу дахин, тийм ээ, илүүгээр түүнд нэмэгдэх болно.

20 Иймийн тул, та нарт миний зарлигласан тэр зүйлсийг хийгтүн хэмээн та нарын Гэтэлгэгч, бүр та нарыг авахаас өмнө бүх зүйлийг бэлтгэдэг Аманы Хүү хэлж байна;

21 Учир нь та нар Ууган Хүүгийн сүм болой, мөн тэрээр та нарыг үүлэн дунд авч мөн хүн болгонд хувийг нь хүртээх болно.

22 Мөн үнэнч бөгөөд мэргэн даамал болох тэрээр бүх зүйлийг өвлөх болно. Амен.