Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 81


Хэсэг 81

1832 оны гуравдугаар сарын 15-нд Охайогийн Хайрамд бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Фредерик Г.Виллямс дээд прист мөн Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд зөвлөх байхаар дуудагдав. 1832 оны гуравдугаар сард энэхүү илчлэл хүлээн авагдсан үед, үүнд Жесси Гаусыг Ерөнхийлөгчийн зөвлөлд Иосеф Смитийн зөвлөхийн албан тушаалд дуудсаныг түүхэн цэдгүүд харуулдаг. Гэсэн хэдий ч, тэрээр энэхүү томилолтод нийцэх байдлыг хадгалахгүй байсан тул уг дуудлага дараа нь Фредерик Г.Виллямст шилжжээ. Уг илчлэл (1832 оны гуравдугаар сар гэж тэмдэглэгдсэн) тус зохион байгуулалтад, ялангуяа зөвлөхийн албан тушаалд дуудах, мөн уг томилолтын ёс жаягийг тайлбарласан учир Тэргүүн зөвлөлийн албан ёсны зохион байгуулалт өөд хийсэн алхам хэмээн тооцогдох ёстой. Гаус ах хэсэг хугацаанд үйлчилж байсан боловч 1832 оны арван хоёрдугаар сард Сүмээс хөөгдсөн ажээ. Виллямс ах дурдсан албан тушаалд 1833 оны гуравдугаар сарын 18-нд томилогджээ.

1–2, Хаант улсын түлхүүрүүдийг ямагт Тэргүүн зөвлөл атгадаг; 3–7, Хэрэв Фредерик Г.Виллямс өөрийн тохинуулалд үнэнч байх аваас, тэрээр мөнх амьдралыг авах болно.

1 Үнэнээр, үнэнээр би өөрийн үйлчлэгч Фредерик Г.Виллямс чамд хэлж байна: Ярьж буй түүний дуу хоолойг, өөрийн Бурхан Их Эзэний үгийг сонсогтун, мөн өөрийн дуудагдсан, бүр миний сүмд дээд прист, мөн миний үйлчлэгч Бага Иосеф Смитэд зөвлөх байх тэрхүү дуудлагад анхаарал тавигтун;

2 Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд ямагт харьяалагддаг хаант улсын түлхүүрүүдийг бибээр түүнд өгсөн билээ:

3 Иймийн тул, үнэнээр би түүнийг хүлээн зөвшөөрч мөн түүнийг мөн чамайг адислах болно, миний томилсон албан тушаалдаа чи зөвлөгөө өгөхдөө, ямагт чангаар болон зүрх сэтгэлдээ, олны өмнө болон ганцаар хийх залбиралдаа, тэрчлэн амьдрагчдын нутагт, мөн ах дүүсийнхээ дунд сайн мэдээг тунхаглах тохинуулалдаа үнэнч байхын хэрээр буюу.

4 Мөн эдгээр зүйлийг хийснээр чи нөхдөдөө хамгийн агуу сайныг үйлдэх болно, мөн өөрийн Их Эзэн болох түүний алдар сууг нэмэгдүүлэх болно.

5 Иймийн тул, үнэнч байгтун; миний чамайг томилсон албан тушаалдаа зогсогтун; сул доройчуудад тусал, доош унжсан гаруудыг өргөгтүн, мөн сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун.

6 Мөн хэрэв чи эцсээ хүртэл үнэнч байх аваас Эцэгийнхээ өргөөнд миний бэлтгэсэн харшуудад үхэшгүй байдлын мөн мөнх амьдралын титмийг хүлээж авах болно.

7 Болгоогтун, мөн харагтун, эдгээр нь Альфа ба Омега, бүр Есүс Христийн үгс болой. Амен.