Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 86


Хэсэг 86

1832 оны арван хоёрдугаар сарын 6-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Бошиглогч Библийн орчуулгын гар бичмэлийг хянан засварлаж байх үед энэхүү илчлэл хүлээн авагджээ.

1–7, Их Эзэн улаан буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн утгыг өгөв; 8–11, Маханбодын дагуу хууль ёсны залгамжлагчид болох тэдэнд ирдэг санваарын адислалуудын талаар тэрбээр тайлбарлав.

1 Үнэнээр, Их Эзэн, улаан буудай болон зэрлэг өвсний тухай сургаалт зүйрлэлийн талаар шавь та нартаа ийн хэлдэг:

2 Болгоогтун, үнэнээр би хэлнэ, талбай нь дэлхий байсан болой, мөн төлөөлөгчид нь үр суулгагчид байсан бөлгөө;

3 Мөн тэднийг нойрссоны дараа, бүх үндэстнийг өөрийн аяганаас уух болгодог, зүрх сэтгэлд нь дайсан, бүр Сатан хаанчлахаар суудаг мөнөөх урвагч, янхан, бүр Вавилон, сүмийг агуу ихээр мөрдөн хавчигч—тэрээр хогийн ургамал тарьдгийг болгоогтун; иймийн тул, зэрлэг өвснүүд нь улаан буудайг боомилж мөн сүмийг аглаг буйд руу хөөдөг ажгуу.

4 Гэвч болгоогтун, эцсийн өдрүүдэд, бүр эдүгээ Их Эзэн үгийг урагш авчирч эхэлж байна, мөн нахиа нь соёолж мөн нялхаараа байна—

5 Болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, талбайнуудыг хадахаар урагш илгээгдэхэд бэлэн байгаа бөгөөд хүлээж буй тэнгэр элч нар өдөр мөн шөнө Их Эзэнээс гуйж байна;

6 Гэвч Их Эзэн тэдэнд хэлнэ, та нар улаан буудайг тэрчлэн устгахгүйн тулд нахиа нь нялхаараа (учир нь үнэнээр та нарын итгэл сул байна) байгаа үед зэрлэг өвснүүдийг бүү сугалж хая.

7 Тиймийн тул, ургац бүрэн боловсрох хүртэл улаан буудай болон зэрлэг өвс нь хамтдаа ургаг; дараа нь та нар эхлээд улаан буудайг зэрлэг өвснүүдээс ялган цуглуулж авах ёстой, мөн улаан буудайг цуглуулсны дараа, болгоож мөн харагтун, зэрлэг өвснүүд боодлуудад боогдох болно, мөн талбай нь шатаагдахаар үлддэг бөлгөө.

8 Тиймийн тул, та нарын эцэг өвгөдийн удмаар дамжин санваар үргэлжлэн ирсэн та нарт Их Эзэн ийн хэлж байна—

9 Учир нь маханбодын дагуу та нар хууль ёсны өв залгамжлагчид юм, мөн дэлхийгээс Христтэй хамт Бурхан дотор нууцлагдсан билээ—

10 Тиймийн тул та нарын амьдрал болон санваар үлдсэн байна, мөн дэлхий эхэлснээс хойш бүх ариун бошиглогчийн амаар хэлэгдсэн бүх зүйлийн сэргээлт хүртэл та нараар болон та нарын удмаар дамжин үлдсэн байх ёстой нь зайлшгүй болой.

11 Тиймийн тул, хэрэв та нар миний сайн сайханд байхаа, харийнханд гэрэл, мөн энэхүү санваараар дамжин миний хүмүүс Израилд аврагч байхаа үргэлжлүүлэх аваас, адислагдсан болой та нар. Их Эзэн үүнийг хэлсэн бөлгөө. Амен.

Хэвлэх