Хэсэг 89
1833 оны хоёрдугаар сарын 27-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Анхны ах нар цуглаанууд дээр тамхи хэрэглэдэг байсны улмаас бошиглогч энэ асуудлыг тунгаан бодоход хөтлөгдсөн байлаа; иймээс тэрээр энэ тухай Их Эзэнээс асуужээ. Мэргэн ухааны үг хэмээн нэрлэгддэг энэхүү илчлэл үр дүн нь бөлгөө.
1–9, Дарс, хүчтэй ундаанууд, тамхи, мөн халуун ундаануудыг хэрэглэх нь хориглогдов; 10–17, Ашигт ургамлууд, жимс, мах мөн үр тариа нь хүмүүн ба амьтдын хэрэглээ байхаар тогтоогдсон; 18–21, Сайн мэдээний хуульд, түүний дотор Мэргэн ухааны үгэнд дуулгавартай байх нь эд зүйлсийн болон сүнслэг адислалуудыг авчирдаг.
1 Мэргэн ухааны үг нь Көртландад цугласан дээд пристүүдийн зөвлөлийн, мөн сүмийн, мөн тэрчлэн Сион дахь гэгээнтнүүдийн ашиг тусын тулд бөлгөө—
2 Мэндчилгээ илгээх замаар; зарлигаар юм уу албадлагаар бус харин илчлэлээр мөн мэргэн ухааны үгээр, эцсийн өдрүүд дэх бүх гэгээнтний биеийн эрүүл мэндийн талаарх Бурханы журам болон тааллыг урагш үзүүлэх болой—
3 Амлалт бүхий зарчим байхаар өгөгдсөн, гэгээнтнүүд, эсвээс гэгээнтнүүд хэмээн нэрлэгдэж болох тэр бүх гэгээнтний сул доройчууд болон хамгийн сул доройчуудын чадавхад тохирсон зарчим болой.
4 Болгоогтун, үнэнээр Их Эзэн та нарт ийн хэлдэг: Эцсийн өдрүүд дэх хуйвалдагч хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа мөн байх хилэнцүүд болон төлөвлөгөөнүүдийн улмаас энэхүү мэргэн ухааны үгийг илчлэлээр та нарт өгснөөр би та нарыг сэрэмжлүүлсэн, мөн урьдаас сэрэмжлүүлж байна—
5 Та нарын дундах хэн нь ч гэсэн дарс юм уу хүчтэй ундаа уух нь, энэ нь сайн биш гэдгийг мөн Эцэгийн тань мэлмийд ч үл нийцдэгийг болгоогтун, өөрсдөө түүний өмнө ариун ёслолыг өргөхөөр хамтран цугларах үеэс бусдаар буюу.
6 Мөн, болгоогтун, энэ нь дарс, тийм ээ, та нарын өөрсдийн хийсэн усан үзмийн цэвэр дарс байх ёстой.
7 Мөн, түүнчлэн, хүчтэй ундаанууд нь гэдэс дотрын тулд биш, харин та нарын биеийг угаахын тулд болой.
8 Мөн түүнчлэн, тамхи нь биеийн тулд, мөн гэдэс дотрын тулд бус, мөн хүмүүнд сайн биш болой, харин хөх няцанд, өвчтэй бүх малд дүгнэлт мөн ур чадвараар ашиглагдах ёстой ургамал болой.
9 Мөн түүнчлэн, халуун ундаанууд нь бие юм уу гэдэс дотрын тулд биш бөлгөө.
10 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, хүмүүний бие махбод, төрөлх байдал болон ашиглалтын тулд эрүүл мэндэд тустай бүх ургамлыг Бурхан томилсон билээ—
11 Улирал дахь ашигт ургамал бүрийг, мөн улирал дахь жимс болгоныг буюу; эдгээр бүгд нь ухаалгаар мөн талархалтайгаар ашиглагдах ёстой.
12 Тийм ээ, Их Эзэн бибээр тэрчлэн амьтад болон агаарын жигүүртнүүдийн махыг хүмүүн талархалтайгаар ашиглахын тулд томилсон билээ; гэсэн хэдий ч, тэдгээрийг багаар ашиглах ёстой;
13 Мөн тэдгээр нь гагцхүү өвлийн цагт, эсвээс хүйтэнд, эсвээс өлсгөлөнгөөс бусад үед ашиглагддаггүй байх нь миний таашаалд нийцнэ.
14 Бүх үр тариа нь хүмүүн болон амьтад ашиглахын тулд, зөвхөн хүмүүнд төдийгүй тэжээмэл амьтад, мөн тэнгэрийн жигүүртнүүд, мөн газар дээр явдаг эсвэл мөлхдөг бүх зэрлэг амьтанд амьдралын тулгуур байхын тулд томилогдсон болой;
15 Мөн эдгээрийг гагцхүү өлсгөлөнгийн болон их өлссөн цагт хүмүүн ашиглахын тулд Бурхан хийсэн юм.
16 Бүх үр тариа хүмүүний хүнсэнд сайн; ороонги ургамлын жимс ч тэрчлэн адил; газарт ч байна уу, эсвээс газрын дээгүүр ч байна уу, жимс ургуулдаг тэр нь болой—
17 Гэсэн хэдий ч, улаан буудай нь хүмүүний тулд, мөн эрдэнэ шиш нь үхрийн тулд, мөн овъёос нь адууны тулд, мөн хөх тариа нь шувууд болоод гахайн тулд, мөн тэжээмэл амьтдын тулд, мөн арвай нь бүх ашигтай амьтдын тулд, мөн тэрчлэн бусад үр тариа нь зөөлөн ундаануудын тулд бөлгөө.
18 Мөн зарлигуудад дуулгавартай байдалд алхан, эдгээр зааврыг сахиж, хэрэгжүүлэхээ санадаг бүх гэгээнтэн хүйсэндээ эрүүл байдлыг мөн ясандаа чөмгийг хүлээн авах болно;
19 Мөн мэргэн ухаан болон мэдлэгийн агуу сан хөмрөгүүдийг, бүр нуугдмал сан хөмрөгүүдийг олж авах болно;
20 Мөн гүйх болно мөн үл туйлдана, алхах болно мөн эс цуцна.
21 Мөн устгагч тэнгэр элч, Израилын хүүхдүүдийн дэргэдүүр өнгөрсний адил тэдний дэргэдүүр өнгөрч, мөн тэднийг хөнөөхгүй байх болно хэмээх амлалтыг Их Эзэн бибээр тэдэнд өгч байна. Амен.