Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 8


Хэсэг 8

1829 оны дөрөвдүгээр сард Пеннсильваний Хармонид, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Оливер Каудерид өгөгдсөн илчлэл оршвой. Мормоны Номын орчуулгын явцад бичээчээр үргэлжлэн үйлчилж, бошиглогчийн хэлж өгснийг бичиж байсан Оливер орчуулгын бэлгийг хүртэхийг хүссэн авай. Их Эзэн энэхүү илчлэлийг соёрхсоноор түүний даруухан гуйлтад хариулжээ.

1–5, Илчлэл нь Ариун Сүнсний хүчээр ирдэг; 6–12, Бурханы нууцуудын талаарх мэдлэг мөн эртний цэдгүүдийг орчуулах хүч нь итгэлээр ирдэг.

1 Оливер Каудери, үнэнээр, үнэнээр, би чамд хэлнэ, чиний Бурхан мөн чиний Гэтэлгэгч болох Их Эзэн амьд нь гарцаагүйн адил, миний Сүнсний үзүүлэлтээр хэлэгдсэн судруудын минь тэдгээр хэсгийг агуулдаг, эртний хуучин цэдгүүдийн сийлбэрүүдийн талаар мэдлэгийг хүлээн авна гэдэгт итгэн, үнэнч зүрх сэтгэлээр, итгэлтэйгээр өөрийн асуусан ямар ч зүйлсийн тухай мэдлэгийг чи лавтайяа хүлээн авах болно.

2 Тийм ээ, болгоогтун, чамд ирж мөн зүрх сэтгэлд чинь орших Ариун Сүнсээр оюунд чинь мөн зүрх сэтгэлд чинь би чамд ярих болно.

3 Эдүгээ, болгоогтун, энэ бол илчлэлийн суу билиг болой; болгоогтун, энэ суу билгийн тусламжтайгаар Мосе Израилын хүүхдүүдийг Улаан Тэнгисийн дундуур хуурай газраар гаталган авчирсан болой.

4 Тиймийн тул энэ нь чиний бэлэг болой; үүнийг ашиглагтун, мөн чи адислагдсан бөлгөө, учир нь энэ нь чамайг дайснуудын чинь гараас чөлөөлөх болно, хэрэв үүнийг ашиглахгүй аваас, тэд чамайг алж мөн бодгалийг чинь устгалд хүргэх болно.

5 Ай, эдгээр үгийг санагтун, мөн миний зарлигуудыг сахигтун. Энэ нь чиний бэлэг гэдгийг санагтун.

6 Эдүгээ энэ нь чиний бүх бэлэг бус болой; учир нь чамд өөр нэг бэлэг, Аароны бэлэг буй; болгоогтун, энэ нь чамд олон зүйлийг хэлсэн бөлгөө;

7 Болгоогтун, Аароны энэ бэлгийг чамтай хамт байлгаж чадах хүч нь Бурханы хүчээс өөр үгүй болой.

8 Тиймийн тул, бүү эргэлз, учир нь энэ бол Бурханы бэлэг юм; мөн чи үүнийг гартаа барьж, мөн гайхамшигт ажлуудыг үйлдэх болно; мөн энэ нь Бурханы ажил учраас үүнийг чиний гараас булаан авч чадах ямар ч хүч байхгүй байх болой.

9 Мөн, тиймийн тул, тэр бэлгээр дамжуулан өөртөө хэлүүлэхээр чи надаас юуг ч асуунав, би чамд соёрхох болно, мөн чамд үүний тухай мэдлэг байх болно.

10 Итгэлгүйгээр чи юу ч хийж чадахгүй гэдгийг санагтун; тиймийн тул итгэлтэйгээр асуу. Эдгээр зүйлд хөнгөн хуумгай бүү ханд; гуйх ёсгүй зүйлийг чи бүү гуй.

11 Бурханы нууцуудыг мэдэж болохын тулд, мөн далдлагдсан байсан тэдгээр бүх ариун нандин эртний цэдгээс мэдлэг олж авч мөн орчуулж болохын тулд чи гуйгтун; мөн итгэлийн чинь дагуу чамд хийгдэх болно.

12 Болгоогтун, үүнийг ярьсан нь бибээр болой; мөн би бол эхлэлээс чамд ярьсан тэр болой. Амен.