Хэсэг 90
1833 оны гуравдугаар сарын 8-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитэд өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл нь Тэргүүн зөвлөл байгуулахад хийсэн алхмын үргэлжлэл (хэсэг 81-ийн оршлыг үз) болой; үүний дүнд, нэр нь дурдагдсан зөвлөхүүд 1833 оны гуравдугаар сарын 18-нд томилогдсон ажээ.
1–5, Хаант улсын түлхүүрүүд Иосеф Смитэд мөн түүгээр дамжин Сүмд итгэмжлэгдэв; 6–7, Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёр Тэргүүн зөвлөлд үйлчлэх ёстой; 8–11, Сайн мэдээ Израилын үндэстнүүдэд, харийнханд, мөн иудейчүүдэд, хүн болгон өөрийнхөө хэлээр сонсон, номлогдох ёстой; 12–18, Иосеф Смит мөн түүний зөвлөхүүд Сүмийг цэгцлэх ёстой; 19–37, Зарим хувь хүнийг зөв шударгаар алхаж мөн Түүний хаант улсад үйлчлэхийг Их Эзэн зөвлөв.
1 Их Эзэн ийн хэлж байна, үнэнээр, үнэнээр хүү минь, би чамд хэлнэ, гуйлтын чинь дагуу нүглүүд чинь чамд өршөөгдсөн болой, учир нь чиний залбирлууд болон ах дүү нарын чинь залбирлууд миний сонорт ирсэн болой.
2 Тиймийн тул, чамд өгөгдсөн хаант улсын, эцсийн удаа урагш ирэх тэрхүү хаант улсын түлхүүрүүдийг эзэмших чи энэ цагаас эхлэн адислагдсан болой.
3 Үнэнээр би чамд хэлж байна, чамайг дэлхийд байхад, мөн ирэх дэлхийд байхад ч, хэзээ ч чамаас энэ хаант улсын түлхүүрүүд авагдах нь үгүй;
4 Гэсэн хэдий ч, чамаар дамжин илэрхийлэлтүүд, өөр нэгэнд, тийм ээ, бүр сүмд өгөгдөх ёстой.
5 Мөн Бурханы илэрхийлэлтүүдийг хүлээн авдаг тэд бүгд, тэдгээрийг хэрхэн авч үзэхэд болгоомжтой байг, тэдгээр нь хөнгөмсөг зүйл хэмээн тооцогдож, мөн тэгснээр буруутгал дор авчрагдан, мөн шуурга бууж ирэн мөн салхи үлээхэд бас бороо орж, мөн орон байрыг нь цохих үед бүдэрч мөн унах вий хэмээн буюу.
6 Мөн түүнчлэн, чиний ах нар, Сидней Ригдон, Фредерик Г.Виллямс хоёрт би үнэнээр хэлж байна, нүглүүд нь тэрчлэн тэдэнд өршөөгдсөн болой, мөн тэд энэхүү эцсийн хаант улсын түлхүүрүүдийг атгахад чамтай адил тэгшид тооцогдох болой;
7 Тэрчлэн чиний удирдлагаар зохион байгуулахыг нь миний зарлигласан, бошиглогчдын тэрхүү сургуулийн түлхүүрүүдийг мөн адил;
8 Тэгснээр тэд Сионы мөн Израилын үндэстнүүдийн, харийнхны, мөн итгэх болгоны авралын төлөөх өөрсдийн тохинуулалд төгөлдөржиж болохын тулд бөлгөө;
9 Чиний удирдлагаар дамжуулан тэд үгийг хүлээн авч болохын тулд, мөн тэдний удирдлагаар дамжин үг нь дэлхийн хязгааруудад урагш одож болохын тулд бөлгөө, эхлээд харийнханд, мөн тэгээд болгоогтун, мөн харагтун, тэд иудейчүүдэд хандах болой.
10 Мөн тэгээд үндэстнүүдийг, Бурханыг мэддэггүй үндэстнүүдийг, Иосефын угсааг, тэдний авралын сайн мэдээнд итгүүлэхийн тулд Их Эзэний мутар сүр хүчтэйгээр илчлэгдэх тэрхүү өдөр ирэх болой.
11 Учир нь улиран тохиох дор Есүс Христийн илчлэлийн төлөө тэдэн дээр цутгагдах Тайтгаруулагчийн чиглүүллээр энэ хүчинд томилогдсон тэднээр дамжуулан, тэрхүү өдөр хүн болгон сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ, мөн өөрийн хэлээр сонсох болно.
12 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, та нар тохинуулалд мөн ерөнхийлөгчийн зөвлөлдөө үргэлжлүүл хэмээх зарлигийг би та нарт өгч байна.
13 Мөн та нар бошиглогчдын орчуулгыг дуусгасныхаа дараа, түүнээс хойш сүмийн болон уг сургуулийн ажил хэргүүдийг тэргүүлэх ёстой;
14 Мөн цагаас цагт, Тайтгаруулагчаар илэрхийлэгдэх үед хаант улсын нууцуудыг нээх илчлэлүүдийг хүлээн авах болой;
15 Мөн сүмүүдийг цэгцэл, мөн судалж мөн суралц, мөн бүх сайн ном, хэлнүүд, ярианууд, мөн хүмүүстэй танилц.
16 Мөн зөвлөлд тэргүүлэх, мөн энэ сүмийн болон хаант улсын бүх ажил хэргийг цэгцлэх нь амьдралын тань турш та нарын ажил мөн үүрэг даалгавар байх болно.
17 Бүү ич, мөн бүү шившиглэгд; харин өөрийн бүхий л ихэмсэг зан ба бардамналд зэмлэгд, учир нь эдгээр нь сүнсэнд чинь занга тавьдаг билээ.
18 Гэр орноо цэгцэл; залхуу хойрго байдал мөн цэвэр ариун бус явдлыг өөрөөсөө хол байлгагтун.
19 Эдүгээ, үнэнээр би чамд хэлж байна, чиний зөвлөх ба бичээч, бүр Фредерик Г.Виллямсын гэр бүлийн төлөө, нэг газрыг аль болох түргэн бэлтгэж өг.
20 Мөн миний настай үйлчлэгч, Ахмад Иосеф Смит одоогийн амьдарч байгаа газартаа гэр бүлийнхээ хамт үргэлжлүүлэн амьдраг, мөн Их Эзэний ам шийдэх хүртэл энэ нь бүү зарагдаг.
21 Миний зөвлөх, бүр Сидней Ригдон, Их Эзэний ам шийдэх хүртэл одоогийн амьдарч байгаа газартаа үлдэг.
22 Мөн бишоп, төлөөний хүнийг олж авахаар хичээнгүйлэн эрэг, мөн тэр нь баялгууд хураасан—хүчтэй итгэл бүхий, Бурханы хүн байг—
23 Тэгснээр тэр Их Эзэний агуулах хүмүүсийн нүдний өмнө муу нэртэй байхгүйн тулд өр болгоныг төлөх боломжтой байж болно.
24 Хичээнгүйлэн судлагтун, үргэлж залбирагтун, мөн итгэлтэй байгтун, мөн бүх зүйл та нарын сайн сайхны тулд хамтдаа ажиллах болно, хэрэв та нар зөв шударгаар алхаж мөн та нар бие биетэйгээ гэрээнд орсон тэрхүү гэрээг санах аваас болой.
25 Та нарын гэр бүлүүд, ялангуяа миний настай үйлчлэгч Ахмад Иосеф Смитийн гэр бүл цөөхүүлээ байг, та нарын гэр бүлд үл хамаарах тэдний талаар ярьж байна;
26 Ингэснээр миний ажлыг тохиолгохын тулд та нарт өгөгдсөн тэдгээр зүйл та нараас авагдаж мөн зохистой бус тэдэнд өгөгдөхгүйн тулд буюу—
27 Мөн өгөгдөх аваас та нарт миний зарлигласан тэдгээр зүйлийг гүйцэлдүүлэхэд та нарт саад учруулагдах болно.
28 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлж байна, миний эмэгтэй үйлчлэгч Виенна Жаквес зардлуудаа төлөхийн тулд мөн Сионы нутаг өөд очихын тулд мөнгө хүлээн авах нь миний таалал юм;
29 Мөн үлдсэн мөнгө нь надад зориулагдаж болох бөлгөө, мөн тэрбээр миний өөрийн тогтоосон цагт шагнагдах болно.
30 Үнэнээр би та нарт хэлж байна, тэрбээр Сионы нутаг өөд очиж, мөн бишопын гараас өвийг хүлээн авах нь миний мэлмийд нийцэх буюу;
31 Тэрбээр үнэнч байж, мөн үүнээс хойш өөрийн өдрүүддээ залхуу байхгүйн хэрээр, тэрбээр амар амгаланд суурьшиж болохын тулд бөлгөө.
32 Мөн болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, та нар энэ зарлигийг бичиж, мөн Сион дахь ах дүүстээ хайраар мэндчилэн хэлэх ёстой, би өөрийнхөө тогтоосон цагт та нарыг Сионы дээр тэргүүлэхээр тэрчлэн дуудсан гэдгийг буюу.
33 Тиймийн тул, энэ асуудлын талаар тэд намайг ядраахаа болиг.
34 Болгоогтун, би та нарт хэлж байна, Сион дахь та нарын ах дүүс наманчилж эхлэн, мөн тэнгэр элч нар тэдний дээр баясах ажгуу.
35 Гэсэн хэдий ч, миний таашаалд олон зүйл эс нийцэх бөлгөө; мөн миний үйлчлэгч Виллям Э.МакЛелин, мөн миний үйлчлэгч Сидней Гилберт ч миний таашаалд үл нийцэх бөлгөө; мөн тэрчлэн бишопт ч, мөн бусдад нь ч наманчлах зүйл олон буй.
36 Гэвч үнэнээр би та нарт хэлж байна, Их Эзэн бибээр Сионтой тэмцэж, мөн түүний хүчирхэг нэгнүүдээс гуйж, мөн тэр ялж мөн миний өмнө цэвэр ариун байх хүртэл түүнийг зэмлэх болно.
37 Учир нь тэр байрнаасаа хөдөлгөгдөх нь үгүй. Их Эзэн бибээр үүнийг ярилаа. Амен.