Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 93


Хэсэг 93

1833 оны тавдугаар сарын 6-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой.

1–5, Үнэнч бүгд Их Эзэнийг харах болно; 6–18, Бурханы Хүү Эцэгийнхээ сүр жавхлангийн бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд нэмэгдэж байсныг Иохан гэрчилсэн бөлгөө; 19–20, Ач ивээлээс ач ивээлд нэмэгдэгч үнэнч хүмүүс тэрчлэн Түүний бүрэн байдлаас хүлээж авах болно; 21–22, Христээр дамжин төрдөг тэд Ууган Хүүгийн Сүм юм; 23–28, Христ бүх үнэний бүрэн байдлыг хүлээн авсан юм, мөн хүмүүн дуулгавартай байдлаар үүний нэгэн адил хүлээж авч болно; 29–32, Хүмүүн эхлэлд Бурхантай хамт байв; 33–35, Элементүүд мөнх юм, мөн амилуулалтад хүмүүн бүрэн баяр хөөрийг хүлээн авч болно; 36–37, Бурханы сүр жавхлан нь оюун билиг юм; 38–40, Христийн гэтэлгэлийн учир хүүхдүүд Бурханы өмнө гэм нүгэлгүй бөлгөө; 41–53, Удирдагч ах нар гэр бүлээ цэгцлэхээр зарлигдуулав.

1 Үнэнээр Их Эзэн ийн хэлдэг: Улиран тохиох дор нүглээ орхиж мөн надад ирдэг, миний нэрийг дууддаг, дуу хоолойг минь дуулгавартай дагадаг, мөн зарлигуудыг минь сахидаг бодгаль болгон миний нүүрийг харж мөн намайг байдгийг мэдэх болно;

2 Мөн би бол дэлхийд ирдэг хүн болгоныг гэрэлтүүлдэг үнэн гэрэл гэдгийг;

3 Мөн бибээр Эцэгт буй, мөн Эцэг надад, мөн Эцэг бид хоёр нэг гэдгийг—

4 Тэрбээр өөрийн бүрэн байдлыг надад өгсний учир Эцэг, мөн би дэлхийд байж мөн маханбодыг өөрийн асар болгон мөн хүмүүсийн үрсийн дунд аж төрж байсны учир Хүү гэдгийг буюу.

5 Бибээр дэлхийд байж мөн Эцэгээс хүлээн авсан билээ, мөн түүний ажлууд тодорхой илэрхийлэгдсэн юм.

6 Мөн Иохан миний сүр жавхлангийн бүрэн байдлыг харж мөн гэрчилсэн билээ, мөн Иоханы цэдгийн бүрэн байдал нь хожим илчлэгдэх болно.

7 Мөн тэрбээр гэрчлэн, хэлсэн нь: Дэлхийн өмнө, эхлэлд байсан түүний сүр жавхланг би харсан хэмээжээ;

8 Тиймийн тул, Үг нь эхлэлд байсан бөлгөө, учир нь тэрбээр Үг, бүр авралын элч байв—

9 Дэлхийн гэрэл мөн Гэтэлгэгч; дэлхий түүгээр хийгдэж мөн хүмүүсийн амьдрал болон хүмүүсийн гэрэл түүнд байсан учраас, дэлхийд ирсэн тэр үнэний Сүнс болой.

10 Дэлхийнүүд түүгээр хийгдсэн байлаа; хүмүүс түүгээр хийгдсэн байлаа; бүх зүйл түүгээр мөн түүгээр дамжин мөн түүнээс хийгдсэн байлаа.

11 Мөн маханбодод ирж мөн оршиж байсан мөн бидний дунд оршин байсан, ач ивээл болон үнэнээр, бүр үнэний Сүнсээр дүүрэн, Эцэгийн Төрсөн Ганцын сүр жавхлан болох түүний сүр жавхланг би болгоосноо Иохан бибээр гэрчилдэг.

12 Мөн тэрээр эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин ач ивээлийн хариуд ач ивээлийг хүлээн авсныг Иохан бибээр харсан билээ;

13 Мөн тэрээр эхлээд бүрэн байдлыг хүлээн авсан нь үгүй, харин тэрээр бүрэн байдлыг хүлээн авах хүртлээ ач ивээлээс ач ивээлд үргэлжлүүлж байлаа;

14 Мөн тэрээр эхлээд бүрэн байдлыг хүлээж аваагүйн улмаас тэрээр ийн Бурханы Хүү хэмээн дуудагддаг байв.

15 Мөн Иохан бибээр гэрчилнэ, мөн харагтун, тэнгэр нээгдсэнийг, мөн Ариун Сүнс тагтаа хэлбэрээр түүн дээр бууж ирснийг, мөн түүн дээр суусныг буюу, мөн тэнгэрээс дуу хоолой ирж: Энэ бол миний хайртай Хүү хэмээн хэлсэн.

16 Мөн тэрээр Эцэгийн сүр жавхлангийн бүрэн байдлыг хүлээн авсныг Иохан бибээр гэрчилж байна;

17 Мөн тэрээр тэнгэр ба газар, аль алин дээрх бүх хүчийг хүлээн авсан бөгөөд Эцэгийн сүр жавхлан түүнтэй хамт байв, учир нь тэрээр түүнд оршиж байлаа.

18 Мөнхүү улиран тохиох дор, хэрэв та нар үнэнч байх аваас Иоханы цэдгийн бүрэн байдлыг та нар хүлээж авах болно.

19 Мөн та нар хэрхэн шүтэхээ мэдэж мөн ойлгож, мөн та нар юуг шүтэхээ мэдэж болохын тулд, миний нэрээр та нар Эцэгт ирж, мөн тогтоосон цагт түүний бүрэн байдлыг хүлээж авч болохын тулд эдгээр айлдварыг би та нарт өгч байна.

20 Учир нь хэрэв та нар миний зарлигуудыг сахих аваас, та нар түүний бүрэн байдлаас хүлээн авч, мөн би Эцэгт алдаршдаг адил надаар алдарших болно; тиймийн тул, би та нарт хэлж байна, та нар ач ивээлийн хариуд ач ивээлийг хүлээж авах болно.

21 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, эхлэлд би Эцэгтэй хамт байсан билээ, мөн би Ууган Хүү нь болой;

22 Надаар дамжин төрдөг тэд бүгд, мөнхүү түүний сүр жавхлангаас хүртэгчид, мөн Ууган Хүүгийн сүм бөлгөө.

23 Эхлэлд та нар тэрчлэн Эцэгтэй хамт байж; Сүнс, бүр үнэний Сүнс байсан билээ;

24 Мөн үнэн бол зүйлсийг байгаагаар нь, мөн байснаар нь, мөн байхаар нь мэдэх мэдлэг юм;

25 Мөн үүнээс илүү юм уу дутуу байх ямар ч зүйл бол эхлэлээс худалч асан, ёс бус нэгний сүнс юм.

26 Үнэний Сүнс бол Бурханых юм. Би бол үнэний Сүнс, мөн Иохан миний тухай ийн гэрчилсэн билээ: Тэрээр үнэний, тийм ээ, бүр бүх үнэний бүрэн байдлыг хүлээн авсан;

27 Мөн түүний зарлигуудыг сахихаас бусдаар, ямар ч хүмүүн бүрэн байдлыг хүлээн авах нь үгүй.

28 Түүний зарлигуудыг сахидаг тэрээр, үнэнд тэрээр алдаршиж мөн бүх зүйлийг мэдэх хүртлээ, үнэн ба гэрлийг хүлээж авдаг болой.

29 Эхлэлд хүмүүн тэрчлэн Бурхантай хамт байсан юм. Оюун билиг буюу үнэний гэрэл нь бүтээгдээгүй буюу хийгдээгүй юм, мөн чухамдаа ингэгдэж чадахгүй болой.

30 Бүх үнэн нь, тэрчлэн бүх оюун билгийн адил, Бурханы байрлуулсан тэрхүү хүрээнд, өөрийнхөө төлөө үйлдэхээр бие даасан байдалтай байдаг; эс тэгвээс оршин тогтнол байх нь үгүй болой.

31 Болгоогтун, энэ бол хүмүүний сонгох эрх, мөн энэ бол хүмүүний буруутгал болой; учир нь эхлэлээс байсан тэр нь тэдэнд тодорхой илэрхийлэгдсэн билээ, мөн тэд гэрлийг хүлээн авдаггүй бөлгөө.

32 Мөн сүнс нь гэрлийг хүлээн авдаггүй хүн болгон буруутгал дор байдаг ажгуу.

33 Учир нь хүмүүн бол сүнс юм. Элементүүд мөнх юм, мөн салшгүй холбогдсон сүнс ба элемент нь баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авдаг;

34 Мөн эдгээр нь салахад, хүмүүн баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авч чадахгүй.

35 Элементүүд бол Бурханы асар юм; тийм ээ, хүмүүн бол Бурханы асар, бүр ариун сүмүүд бөлгөө; мөн ямар ч ариун сүм бузарлагдвал, Бурхан тэрхүү ариун сүмийг устгах болно.

36 Бурханы сүр жавхлан бол оюун билиг, эсвээс, өөрөөр хэлбэл, гэрэл ба үнэн юм.

37 Гэрэл ба үнэн нь тэрхүү хилэнцэт нэгнийг орхидог.

38 Хүмүүний сүнс болгон эхлэлд гэм зэмгүй байв; мөн Бурхан хүмүүнийг уналтаас гэтэлгэснээр, хүмүүс өөрсдийн нялх балчир байдалд, Бурханы өмнө дахин гэм зэмгүй болсон бөлгөө.

39 Мөн тэрхүү ёс бус нэгэн ирж, дуулгаваргүй байдлаар дамжуулан, мөн эцэг өвгөдийнх нь уламжлалын улмаас хүмүүсийн үрсээс гэрэл ба үнэнийг холдуулан авдаг бөлгөө.

40 Гэвч хүүхдүүдээ гэрэл ба үнэнд хүмүүжүүлэхийг би та нарт зарлигласан билээ.

41 Харин миний үйлчлэгч Фредерик Г.Виллямс чамд би үнэнээр хэлж байна, чи энэхүү буруутгал дор үргэлжилж байна;

42 Чи зарлигуудын дагуу, гэрэл ба үнэнийг хүүхдүүддээ заасангүй; мөн нөгөөх ёс бус нэгэн чиний дээр хүчтэй хэвээр байна, мөн энэ нь чиний зовлон зүдгүүрийн шалтгаан болой.

43 Мөн эдүгээ би чамд зарлиг өгч байна—хэрэв чи чөлөөлөгдөхийг хүсэх аваас, чи гэр орноо цэгцлэх ёстой, учир нь зөв бус олон зүйл гэр оронд чинь байна.

44 Үнэнээр, би өөрийн үйлчлэгч Сидней Ригдонд хэлж байна, зарим зүйлд тэрээр хүүхдүүдийнхээ талаарх зарлигуудыг сахиагүй; тиймийн тул, эхлээд гэр орноо цэгцэл.

45 Үнэнээр, би өөрийн үйлчлэгч Бага Иосеф Смитэд хэлж байна, эсвээс, өөрөөр хэлбэл би та нарыг найз нараа гэж дуудах болно, учир нь та нар миний найз нар билээ, мөн та нар надтай хамт өв авах болно—

46 Дэлхийн тусын тулд би та нарыг үйлчлэгч хэмээн дуудсан билээ, мөн миний төлөө та нар тэдний үйлчлэгчид бөлгөө—

47 Мөн эдүгээ, Бага Иосеф Смитэд үнэнээр би хэлж байна—Чи зарлигуудыг сахисангүй, мөн Их Эзэний өмнө зэмлүүлэхээр зогсох ёстой нь зайлшгүй байна;

48 Гэр бүл чинь наманчилж, мөн зарим зүйлийг хийхээ больж, мөн чиний хэлсэн зүйлсэд илүү хичээнгүйлэн анхаарал тавих ёстой нь шаардлагатай байна, эсвээс тэд байрнаасаа хөдөлгөгдөх болно.

49 Би нэгд хэлснээ бүгдэд хэлдэг; ёс бус нэгэн чиний дотор хүчтэй байхгүйн тулд, мөн чамайг байрнаас чинь хөдөлгөхгүйн тулд ямагт залбирагтун.

50 Миний үйлчлэгч, миний сүмийн бишоп Ньюел К.Витней, тэрчлэн зэмлүүлж, мөн гэр бүлээ цэгцлэх шаардлагатай байна, мөн тэд гэр орондоо илүү хичээнгүй байж мөн санаа тавьж байхыг, мөн ямагт залбирахыг мэдэгтүн, эсвээс тэд байрнаасаа хөдөлгөгдөх болно.

51 Эдүгээ, би та нарт хэлж байна, найз нар минь, миний үйлчлэгч Сидней Ригдон аян замдаа гараг, мөн яараг, мөн би түүнд ярих хүчийг өгөх үед тэр авралын сайн мэдээг мөн тэрчлэн Их Эзэний хүлээн зөвшөөрөх жилийг тунхаглаг; мөн нэг саналаар хийх та нарын итгэлийн залбирлаар би түүнийг дэмжих болно.

52 Мөн миний үйлчлэгчид, Бага Иосеф Смит, Фредерик Г.Виллямс хоёр тэрчлэн яараг, бүр итгэлийн залбирлын дагуу тэдэнд өгөгдөх болно; мөн та нар миний заавруудыг сахихын хэрээр та нар энэ дэлхийд, бас ирэх дэлхийд ч устгагдах нь үгүй.

53 Мөн, үнэнээр би та нарт хэлнэ, судруудыг минь орчуулахад та нар яаравчлах ёстой нь миний таалал билээ, түүхийн, мөн улс орнуудын, хаант улсуудын, мөн Бурханы болон хүмүүний хуулиудын тухай мэдлэгийг олж авахад болой, мөн энэ бүхэн нь Сионы авралын тулд бөлгөө. Амен.

Хэвлэх