Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 94


Хэсэг 94

1833 оны наймдугаар сарын 2-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Хайрум Смит, Рэйнолдс Кахун, мөн Жаред Картер нар Сүмийн барилгын хороо болж томилогдов.

1–9, Ерөнхийлөгчийн Зөвлөлийн ажилд зориулан байшин барихтай холбогдсон зарлигийг Их Эзэн өгчээ; 10–12, Хэвлэлийн газар баригдах ёстой; 13–17, Тодорхой зарим өв хуваарилагдав.

1 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлнэ, найз нар минь, би та нарт нэгэн зарлигийг өгч байна, энд Көртландын газар нутагт миний өргөөнөөс эхлэн, Сионы гадасны хотын эхлэл мөн суурийг тавих мөн бэлтгэх ажлыг та нар эхлэх ёстой.

2 Мөн болгоогтун, энэ нь та нарт миний өгсөн загварын дагуу хийгдэх ёстой.

3 Мөн өмнөд дэх эхний хэсэг газар нь ерөнхийлөгчийн зөвлөлийн байрыг барихын тулд надад зориулагдаг, илчлэлийг олж авах ерөнхийлөгчийн зөвлөлийн ажлын төлөө; мөн сүмд болон хаант улсад хамаарах бүх зүйлд ерөнхийлөгчийн зөвлөлийн тохинууллын ажлын төлөө буюу.

4 Үнэнээр би та нарт хэлж байна, энэ нь дотор талдаа, өргөнөөрөө тавин тав, мөн уртаараа жаран таван фут баригдах ёстой.

5 Мөн хожим та нарт өгөгдөх загварын дагуу доод танхим мөн дээд танхим байх ёстой.

6 Мөн санваарын ариун жаягийн дагуу, хожим нь та нарт өгөгдөх загварын дагуу, энэ нь сууриасаа эхлэн Их Эзэнд бүхлээрээ зориулагдах ёстой.

7 Мөн энэ нь ерөнхийлөгчийн зөвлөлийн ажлын төлөө Их Эзэнд бүрэн дүүрэн зориулагдах ёстой.

8 Мөн аливаа цэвэр ариун бус зүйл үүний дотор орж ирэхийг та нар зөвшөөрөхгүй байх ёстой; мөн миний сүр жавхлан тэнд байх болно, мөн миний оршихуй тэнд байх болно.

9 Харин хэрэв тэнд аливаа цэвэр ариун бус зүйл орж ирэх аваас, миний сүр жавхлан тэнд байхгүй байх болно; мөн миний оршихуй үүнд орж ирэхгүй байх болно.

10 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлье, өмнөдийн хоёр дахь хэсэг газар нь надад зориулсан байшин барихын тулд, миний судруудын орчуулгыг хэвлэх ажлын төлөө, мөн та нарт миний зарлиглах ямар ч зүйлийг, бүгдийг нь хэвлэх ажлын тулд надад зориулагдах ёстой.

11 Мөн энэ нь дотор талдаа, өргөнөөрөө тавин тав, мөн уртаараа жаран таван фут баригдах ёстой; мөн доод болон дээд танхим тэнд байх ёстой.

12 Мөн энэ байшин, хэвлэлийн ажлын тулд, та нарт миний зарлиглах бүх зүйл юунд ч гэсэн, бүх зүйлд энэ нь та нарт өгөгдөх загварын дагуу ариун, бузарлагдахгүй байж, сууриасаа эхлэн бүхлээрээ Их Эзэнд зориулагдах ёстой.

13 Мөн гурав дахь хэсэг газрыг миний үйлчлэгч Хайрум Смит өөрийн өв болгон хүлээж авах болно.

14 Мөн умард дахь эхний болон хоёр дахь газрыг миний үйлчлэгч Рэйнолдс Кахун, Жаред Картер хоёр өөрсдийн өв болгон хүлээн авах болно—

15 Их Эзэн миний та нарт өгсөн зарлигийн дагуу миний өргөөнүүдийг барих хороо болж, тэдэнд миний томилсон ажлыг тэд хийж болохын тулд буюу.

16 Энэ хоёр өргөө нь тэдгээрийн талаар би та нарт зарлиг өгөх хүртэл баригдах ёсгүй болой.

17 Мөн эдүгээ энэ цагт би үүнээс илүүг та нарт өгөх нь үгүй. Амен.