Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 95


Хэсэг 95

1833 оны зургаадугаар сарын 1-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл нь шүтэн бишрэхийн тулд болон зааврын тулд байрыг, Их Эзэний өргөөг барих бурханлаг удирдамжуудын үргэлжлэл бөлгөө (хэсэг 88:119–136-г үз).

1–6, Их Эзэний өргөө барихад бүтэлгүйтсэнийхээ учир гэгээнтнүүд зэмлэгдэв; 7–10, Их Эзэн тэнгэрээс ирэх хүчээр Өөрийн хүмүүст хишиг хүртээхийн тулд Өөрийн өргөөг ашиглахыг хүсдэг; 11–17, Уг өргөө нь шүтээний байр болон Төлөөлөгчдийн сургуулийн тулд бүрэн зориулагдах ёстой бөлгөө.

1 Үнэнээр, Их Эзэн өөрийн хайрладаг та нарт ийн хэлдэг, мөн нүглүүд нь өршөөгдөхийн тулд өөрийн хайрладаг тэднийг би тэрчлэн зэмлэдэг, учир нь би зэмлэлийнхээ зэрэгцээ бүх зүйл дэх уруу таталтаас тэднийг чөлөөлөх замыг бэлтгэдэг авай, мөн би та нарыг хайрласаар ирсэн болой—

2 Иймийн тул, та нар миний нүүрний өмнө зэмлэгдэх ёстой нь, мөн буруутгагдан зогсох ёстой нь шаардлагатай байна;

3 Учир нь миний өргөөг барих талаар та нарт миний өгсөн агуу зарлигийг бүх зүйлд анхаарч үзэлгүйгээр нэн ноцтой нүглийг та нар миний эсрэг үйлдлээ;

4 Бибээр өөрийн ер бусын үйлийг тохиолгож болохын тулд, бибээр Сүнсээ бүх маханбод дээр юүлж болохын тулд, бибээр өөрийн төлөөлөгчдийг жимсний талбайгаа сүүлчийн удаа тайрахад бэлтгэхээр төлөвлөж байна—

5 Гэвч болгоогтун, үнэнээр би та нарт хэлж байна, томилогдсон нь та нарын дунд олон буй, тэднийг би дуудсан боловч тэднээс хэдхэн нь сонгогдсон бөлгөө.

6 Сонгогдоогүй тэд үд дундад харанхуйд алхлан, нэн ноцтой нүгэл үйлдлээ.

7 Мөн энэхүү шалтгааны учир би та нарт нэгэн зарлигийг өгч байна, та нарын мацгууд мөн та нарын гашуудал Сабаотын, орчуулбал, эхний өдрийг бүтээгч, эхлэл ба төгсгөл тэр Их Эзэний чихэнд ирж болохын тулд та нар өөрсдийн онцгой ариун хуралдайг дуудах ёстой.

8 Тийм ээ, үнэнээр би та нарт хэлнэ, та нар нэгэн өргөөг барих ёстой хэмээх зарлигийг би та нарт өгсөн билээ, тэрхүү өргөөнд би өөрийн сонгосон тэдэнд тэнгэрийн хүчийн хишиг хүртээхээр төлөвлөж буй билээ;

9 Учир нь энэ бол Эцэгээс та нарт өгсөн амлалт билээ; тиймийн тул, бүр Иерусалим дахь миний төлөөлөгчдийн адилаар, түр үлдэхийг би та нарт зарлиглаж байна.

10 Гэсэн хэдий ч, миний үйлчлэгчид нэн ноцтой нүгэл үйлдлээ; мөн бошиглогчдын сургуульд зөрчилдөөнүүд гарсан болой; энэ нь надад нэн гашуудалтай байлаа хэмээн Их Эзэн чинь хэлж байна; тиймийн тул, би тэднийг зэмлэхээр урагш илгээв.

11 Үнэнээр би та нарт хэлнэ, та нар өргөө барих ёстой нь миний таалал болой. Хэрэв та нар миний зарлигуудыг сахих аваас үүнийг барих хүч та нарт байх болно.

12 Хэрэв та нар миний зарлигуудыг эс сахих аваас Эцэгийн хайр та нар дээр цаашид үл үргэлжилнэ, тиймийн тул та нар харанхуйд алхах болно.

13 Эдүгээ энэ нь мэргэн ухаан, мөн Их Эзэний оюун буюу—өргөө дэлхийн маягаар бүү баригдаг, учир нь дэлхийн маягаар амьдрахыг би та нарт өгөөгүй бөлгөө;

14 Тиймийн тул, энэхүү хүчинд та нарын тохоож мөн томилох та нарын гуравт нь миний үзүүлэх маягаар энэ нь баригдаг.

15 Мөн үүний хэмжээ нь, энэ нь дотор талдаа, өргөнөөрөө тавин тав, мөн уртаараа жаран таван фут байх ёстой.

16 Мөн дотор танхимын доод хэсэг нь та нарын ариун ёслолын өргөл мөн та нар номлохын, та нар мацаг барихын, залбирахын, мөн та нар хамгийн ариун нандин хүслүүдээ надад өргөхийн тулд надад бүрэн зориулагдаг хэмээн та нарын Их Эзэн хэлж байна.

17 Дотор танхимын дээд хэсэг нь миний төлөөлөгчдийн сургуулийн тулд надад бүрэн зориулагдаг хэмээн Аманы Хүү; эсвээс, өөрөөр хэлбэл, Алфус; эсвээс, өөрөөр хэлбэл, Омегус; бүр та нарын Их Эзэн Есүс Христ хэлж байна. Амен.

Хэвлэх