Судрууд
Сургаал ба Гэрээнүүд 97


Хэсэг 97

1833 оны наймдугаар сарын 2-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл нь ялангуяа Миссурийн Жаксон гүнлэгийн Сион дахь гэгээнтнүүдийн ажил хэрэгтэй холбогдсон мэдээлэл хүсэж бошиглогч Их Эзэнээс асуусны хариу байлаа. Миссури дэх Сүмийн гишүүд энэ үед ноцтой хавчлагад өртөж, 1833 оны долоодугаар сарын 23-нд Жаксон гүнлэгийг орхин явах тухай гэрээнд гарын үсэг зурахаар албадуулсан байв.

1–2, Сион дахь (Миссури, Жаксон гүнлэг) гэгээнтнүүдээс олон нь үнэнч байдлынхаа төлөө адислагдав; 3–5, Парлей П.Пратт Сион дахь сургуульд хөдөлмөрлөснийхөө төлөө магтуулав; 6–9, Гэрээгээ дагадаг тэд Их Эзэнээр хүлээн зөвшөөрөгддөг; 10–17, Зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд дотор нь Бурханыг харах өргөөг Сионд баригдах ёстой; 18–21, Сион бол зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм; 22–28, Хэрэв үнэнч байх аваас, Сион Их Эзэний цээрлэлээс зайлсхийх болно.

1 Үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, Сионы нутаг дахь ах дүүсийн тань талаарх өөрийн тааллыг бибээр та нарт харуулж болохын тулд өөрийн дуу хоолойгоор, бүр Сүнснийхээ дуу хоолойгоор бибээр та нарт ярьж байна, тэднээс олон нь үнэхээр даруу байж мөн мэргэн ухаанд суралцахын тулд мөн үнэнийг олохын тулд хичээнгүйлэн эрэлхийлж байгаа болой.

2 Үнэнээр, үнэнээр би та нарт хэлж байна, ийм хүмүүс нь адислагдсан болой, учир нь тэд олж авах болно; учир нь Их Эзэн бибээр тэднийг шүүлтэд авчрах үедээ зөвтгөгдөж болохын тулд, бүх номхон даруу хүмүүст мөн би өөрийн хүссэн бүх хүнд нигүүлсэл үзүүлдэг бөлгөө.

3 Болгоогтун, Сион дахь сургуулийн талаар би та нарт хэлье, Сионд сургууль байгаа нь, мөн тэрчлэн миний үйлчлэгч Парлей П.Пратт Их Эзэн миний таашаалд нийцдэг, учир нь тэрбээр надад үнэнч хэвээр үлджээ.

4 Мөн тэрбээр надад үнэнч хэвээр үргэлжлүүлэн үлдэхийн хэрээр, намайг түүнд өөр зарлигуудыг өгөх хүртэл тэрбээр Сионы нутаг дахь сургуулийг тэргүүлэхээ үргэлжлүүлсээр байх болно.

5 Мөн Сион дахь сүмийг мөн сургуулийг гэгээрүүлэх, бүх судрыг болон нууцуудыг тайлбарлах үй олон адислалаар би түүнийг адислах болно.

6 Мөн сургуулийн үлдсэн тэдэнд Их Эзэн бибээр нигүүлслийг үзүүлэхэд бэлэн байна; гэсэн хэдий ч тэнд зэмлэгдэх ёстой нь шаардлагатай тэд буй, мөн тэдний ажлууд мэдэгдэх болно.

7 Моднуудын үндсэнд сүх зоогдсон болой; мөн сайн жимс гаргадаггүй аливаа мод тас цавчигдан, галд хаягдах болно. Их Эзэн бибээр үүнийг ярилаа.

8 Үнэнээр би та нарт хэлнэ, тэдний дундах, зүрх сэтгэл нь үнэнч шударга мөн харууссан мөн сэтгэл нь гэмшсэн гэдгийг мэддэг тэд, мөн гэрээнүүдээ золиосоор—тийм ээ, Их Эзэн миний зарлиглах золиос бүрээр—дагахад бэлэн байгаа тэд бүгд, тэд надаар хүлээн зөвшөөрөгддөг билээ.

9 Учир нь Их Эзэн бибээр тэднийг үнэт жимсийг нэн ихээр ургуулдаг, цэвэр уст горхины дэргэд сайн газарт таригдсан, жимсийг ихээр өгөгч мод адил урагш авчрах болгоно.

10 Үнэнээр би та нарт хэлнэ, та нарт миний өгсөн загварын дагуу Сионы нутагт миний төлөө өргөө баригдах нь миний таалал болой.

11 Тийм ээ, энэ нь миний хүмүүсийн аравны нэгээр түргэн баригдаг.

12 Болгоогтун, энэ бол Их Эзэн миний тэдний гараас шаардах аравны нэг мөн тахил болой, Сионы авралын тулд миний төлөө өргөө баригдах нь буюу—

13 Бүх гэгээнтнүүдийн хувьд талархлын газар, мөн өөрсдийн хэд хэдэн дуудлага болон албан тушаалуудад тохинууллын ажилд дуудагддаг тэд бүгдийн зааврын газар байхын тулд юм;

14 Тэд өөрсдийн тохинуулалд, онол, зарчим мөн сургаалд, түлхүүрүүд нь та нарт олгогдсон дэлхий дээрх Бурханы хаант улсад хамаарах бүх зүйлийн ойлголтод төгөлдөржихийн тулд юм.

15 Мөн Их Эзэний нэрээр надад өргөө барьж мөн энэ нь бузарлагдахгүй байхын тулд аливаа цэвэр биш зүйлийг үүн дотор орохыг зөвшөөрөхгүй байхын хэрээр, миний сүр жавхлан үүнд орших болно;

16 Тийм ээ, мөн миний оршихуй тэнд байх болно, учир нь би үүнд ирэх болно, мөн зүрх сэтгэлээрээ цэвэр ариун, үүнд ирэх тэд бүгд Бурханыг харах болно.

17 Гэвч хэрэв энэ нь бузарлагдах аваас, би үүнд орж ирэх нь үгүй, мөн миний сүр жавхлан тэнд байх нь үгүй; учир нь ариун биш ариун сүмүүдэд бибээр ирэхгүй болой.

18 Мөн эдүгээ болгоогтун, хэрэв Сион эдгээр зүйлийг хийх аваас, тэр цэцэглэн хөгжиж мөн өөрийгөө өргөжүүлэн тэлж мөн сүр жавхлант, туйлын агуу их мөн туйлын сүрдэм болох бөлгөө.

19 Мөн дэлхийн үндэстнүүд түүнийг хүндэтгэх болно, мөн ийн хэлэх болно: Сион бидний Бурханы хот мөн нь лавтай, мөн Сион унаж, байрнаасаа хөдөлгөгдөж ч чадахгүй нь лавтай, учир нь Бурхан тэнд буй, мөн Их Эзэний мутар тэнд буй;

20 Мөн тэрээр чадлынхаа хүчээр үүний аврал мөн үүний өндөр цамхаг байхаар тангарагласан билээ.

21 Тиймийн тул, үнэнээр Их Эзэн ийн хэлж байна, Сион баясаг, учир нь энэ нь Сион—зүрх сэтгэлдээ цэвэр ариун тэд юм; тиймийн тул, ёс бус тэд бүгд гашуудаж байхад, Сион баясаг.

22 Учир нь болгоогтун, мөн харагтун, Бурханы эсрэг байдаг тэдний дээр өшөө авалт хар салхи мэт хурднаар ирэх бөлгөө; мөн хэн үүнээс зугтаж чадах билээ?

23 Их Эзэний гэсгээн цээрлэл шөнөөр мөн өдрөөр тохиох болно, мөн үүний мэдээ бүх хүнийг шаналгах болно; тийм ээ, энэ нь Их Эзэнийг ирэх хүртэл зогсох нь үгүй;

24 Учир нь тэдний жигшүүрт хэргүүд мөн тэдний бүх ёс бус ажлын эсрэг Их Эзэний уур хилэн дүрэлзэж байна.

25 Гэсэн хэдий ч, Сионд миний зарлигласан бүх зүйлийг, юуг ч гэсэн тэрээр хийхээ анхааралтай дагах аваас, тэрээр зугтаж чадах болно.

26 Гэвч түүнд миний зарлигласан юуг ч гэсэн тэрээр дагахгүй аваас, бүх ажлынх нь дагуу гашуун зовлон зүдгүүрээр, өвчин, тахал, илдээр, өшөө авалтаар, устгагч галаар би түүн дээр айлчлах болно.

27 Гэсэн хэдий ч Их Эзэн бибээр түүний өргөлийг хүлээн авсан нь түүний чихэнд зөвхөн энэ удаа уншигдаг; мөн тэр дахин нүгэл үл үйлдэх аваас, эдгээр зүйлийн аль нь ч түүн дээр ирэхгүй байх болно;

28 Мөн бибээр адислалуудаар түүнийг адисалж, мөн түүн дээр мөн түүний үеийнхэн дээр үүрд мөн мөнхөд адислалуудын үй олныг олшруулах авай хэмээн та нарын Их Эзэн хэлдэг. Амен.

Хэвлэх