Хэсэг 98
1833 оны наймдугаар сарын 6-нд Охайогийн Көртландад бошиглогч Иосеф Смитээр дамжуулан өгөгдсөн илчлэл оршвой. Энэхүү илчлэл Миссури дэх гэгээнтнүүд дээрх хавчлагын улмаас иржээ. Миссурид ирж суурьшиж буй Сүмийн гишүүдийн тоо нэмэгдэж байсан нь бусад суурьшигчийг түгшээсэн ба тэд гэгээнтнүүдийн тоо, улс төрийн болон эдийн засгийн нөлөө, соёл уламжлал болон шашны ялгаанаас болж сүрдэж байв. 1833 оны долоодугаар сард бүлэг танхайрагчид Сүмийн эд хөрөнгийг устган, Сүмийн хоёр гишүүнд давирхай түрхэн, өд нааж мөн гэгээнтнүүд Жаксон гүнлэгээс нүүх ёстой хэмээн шаарджээ. Миссури дэх асуудлуудын зарим мэдээ Көртландад (нэг мянга дөрвөн зуун дөчин километр хол) байгаа бошиглогчид хүрсэн нь эргэлзээгүй хэдий ч, нөхцөл байдлын хурцдал нь тэр өдөр гагцхүү илчлэлээр түүнд мэдэгдсэн байж болох юм.
1–3, Гэгээнтнүүдийн зовлон зүдгүүрүүд тэдний сайн сайхны тулд байх болно; 4–8, Гэгээнтнүүд уг нутгийн үндсэн хуулийн анд нөхөд байх ёстой; 9–10, Үнэнч шударга, ухаалаг мөн сайн хүмүүс төр, засгийн газрын тулд дэмжигддэг байх ёстой; 11–15, Их Эзэний байр суурийн тулд амиа өгдөг тэд мөнх амьдралыг авах болно; 16–18, Дайнаас татгалзаж, мөн энх тайвныг тунхагла; 19–22, Көртланд дахь гэгээнтнүүд зэмлэгдэж мөн наманчлахаар зарлигдуулав; 23–32, Их Эзэн Өөрийн хүмүүс дээр тохоогдсон хавчлагууд болон зовлон зүдгүүрүүдийг зохицуулах хуулиудаа илчлэв; 33–38, Зөвхөн Их Эзэн зарлигласан үед л дайн зөвтгөгддөг; 39–48, Гэгээнтнүүд дайснуудаа уучлах ёстой, хэрэв тэд нь наманчлах аваас, Их Эзэний өшөө авалтаас тэрчлэн мултрах болно.
1 Үнэнээр би та нарт хэлж байна, найз нар минь, бүү ай, зүрх сэтгэл чинь тайтгаруулагдаг; тийм ээ, үргэлж баясагтун, мөн бүх зүйлд талархал илэрхийлж бай;
2 Их Эзэнийг тэвчээртэйгээр хүлээ, учир нь залбирлууд чинь Сабаотын Их Эзэний сонорт ирсэн болой, мөн энэхүү лац мөн гэрээний хамт цэдэглэгдсэн авай—тэдгээрийг соёрхохоор Их Эзэн андгайлж мөн тогтоосон билээ.
3 Тиймийн тул, тэдгээр нь биелэгдэх болно хэмээх энэ амлалтыг өөрчлөгдөшгүй гэрээний хамт тэрээр та нарт өгч байна; мөн та нарын зовж зүдэрсэн бүх зүйл нийлээд та нарын сайн сайхны төлөө мөн миний нэрний алдар суугийн төлөө ажиллах болно хэмээн Их Эзэн хэлж байна.
4 Мөн эдүгээ, уг нутгийн хуулиудын талаар үнэнээр би та нарт хэлье, миний тэдэнд зарлигласан юуг ч гэсэн, бүх зүйлийг хийхээ миний хүмүүс анхааралтай дагах нь миний таалал юм.
5 Эрх болон онцгой боломжуудыг хадгалснаар эрх чөлөөний зарчмыг дэмжигч үндсэн хуультай нийцэх уг нутгийн хууль нь бүх хүн төрөлхтөнд хамаатай мөн миний өмнө зөв бөлгөө.
6 Тиймийн тул, Их Эзэн бибээр та нарыг мөн өөрийн сүмийн та нарын ах дүүсийг үндсэн хууль болох уг нутгийн хуульд нөхөрсгөөр хандахыг зөвтгөх авай;
7 Мөн хүмүүний хуулийн хувьд, үүнээс илүү юм уу дутуу юу ч гэсэн хилэнцтээс ирдэг бөлгөө.
8 Их Эзэн бибээр та нарыг чөлөөтэй болгодог, тиймийн тул, та нар үнэхээр эрх чөлөөтэй билээ; мөн хууль ч тэрчлэн та нарыг эрх чөлөөтэй болгодог.
9 Гэсэн хэдий ч, ёс бус тэд удирдахад хүмүүс гашууддаг буюу.
10 Иймийн тул, үнэнч шударга хүмүүс мөн ухаалаг хүмүүсийг хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой, мөн сайн хүмүүс мөн ухаалаг хүмүүсийг та нар дэмжихээр хичээх ёстой; эс тэгвээс эдгээрээс доогуур юу ч гэсэн хилэнцтээс ирдэг бөлгөө.
11 Мөн би та нарт нэгэн зарлигийг өгч байна, та нар хилэнцэт бүхнийг орхиж, мөн сайн бүхнээс зууран барь, та нар Бурханы амнаас урагш гарах үг бүрийн дагуу амьдрах ёстой.
12 Учир нь тэрээр итгэгчдэд шат шатаар, дүрэм дүрмээр өгөх болно; мөн би үүгээр та нарыг сорьж мөн та нарыг шалгах болно.
13 Мөн миний байр суурийн тулд, миний нэрийн төлөө амиа өгдөг хэн боловч дахин үүнийгээ, бүр мөнх амьдралыг олж авах болно.
14 Тиймийн тул, дайснуудаасаа бүү ай, учир нь та нар зохистойгоор олдож болохын тулд, та нар миний гэрээнд, бүр үхэлд хүртлээ үлдэх эсэхийг бүх зүйлд шалгах болно хэмээн би зүрх сэтгэлдээ тогтоосон билээ хэмээн Их Эзэн хэлж байна.
15 Учир нь хэрэв та нар миний гэрээнд үл үлдэх аваас, та нар надтай хамт байх зохистой бус болой.
16 Тиймийн тул, дайнаас татгалзаж энх тайвныг тунхагла, мөн хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцэг өвгөд рүү нь, эцэг өвгөдийнх нь зүрх сэтгэлийг хүүхдүүд рүү нь хандуулахыг хичээнгүйлэн эрэлхийл;
17 Мөн түүнчлэн, иудейчүүдийн зүрх сэтгэлийг бошиглогчид руу, мөн бошиглогчдыг иудейчүүд рүү буюу; бибээр ирж бүхэл дэлхийг зүхлээр арчин, мөн бүх маханбод миний өмнө шатахгүйн тулд бөлгөө.
18 Зүрх сэтгэл чинь бүү түгшиг; учир нь миний Эцэгийн өргөөнд олон харш буй, мөн би та нарт байрыг бэлтгэсэн билээ; миний Эцэгийн болон миний байгаа тэнд та нар ч тэрчлэн байх болно.
19 Болгоогтун, Көртланд дахь сүмд байгаа олныг Их Эзэн бибээр ихэд таашаахгүй байгаа болой;
20 Учир нь тэд нүглүүдээ, мөн ёс бус замуудаа, зүрх сэтгэлийнхээ бардамналыг, шунахай сэтгэлээ, мөн өөрсдийн бүхий л зэвүүцэм зүйлсийг орхидоггүй, мөн миний тэдэнд өгсөн мэргэн ухааны болон мөнх амьдралын үгсийг дагадаггүй болой.
21 Үнэнээр би та нарт хэлнэ, хэрэв тэд наманчлахгүй мөн тэдэнд миний хэлсэн бүх зүйлийг анхааралтай дагахгүй аваас, Их Эзэн бибээр тэднийг зэмлэж мөн өөрийн хүссэн юуг боловч хийх болно.
22 Мөн түүнчлэн би та нарт хэлж байна, миний та нарт зарлигласан юуг боловч та нар анхааралтай дагах аваас Их Эзэн бибээр бүх хилэгнэл мөн зэвүүцлийг та нараас холдуулах болно, мөн тамын үүд та нарыг дийлэх нь үгүй.
23 Эдүгээ би гэр бүлүүдийн чинь талаар та нарт ярья—хэрэв хүмүүс та нарыг, эсвээс гэр бүлүүдийг чинь нэг удаа цохих үед, та нар үүнийг хүлээцтэйгээр тэвчиж, мөн тэдний эсрэг хараан доромжлохгүй байж, мөн өс хонзон эрэлхийлэхгүй байх аваас та нар шагнагдах болно;
24 Харин хэрэв та нар үүнийг хүлээцтэйгээр үл тэвчих аваас, энэ нь өөрсдөд чинь шударга хэмжүүрээр оногдсонд тооцогдох болно.
25 Мөн түүнчлэн, хэрэв дайсан чинь та нарыг хоёр дахь удаагаа цохих үед, та нар дайсныхаа эсрэг хараан доромжлохгүй байж, мөн үүнийг хүлээцтэйгээр тэвчих аваас, та нарын шагнал зуу дахин их байх болно.
26 Мөн түүнчлэн, хэрэв тэрээр та нарыг гурав дахь удаагаа цохих үед, та нар үүнийг хүлээцтэйгээр тэвчих аваас, шагнал чинь та нарт давхарлаж, дөрөв дахин нэмэгдэх болно;
27 Мөн хэрэв дайсан чинь эс наманчлах аваас энэ гурван гэрчлэл түүний эсрэг зогсож, мөн арилгагдах нь үгүй.
28 Мөн эдүгээ, үнэнээр би та нарт хэлж байна, хэрэв тэр дайсан миний өшөө авалтаас зайлснаар, миний өмнө шүүлтэд авчрагдаагүй байх юм бол, тэгвэл та нар миний нэрээр сэрэмжлүүлэхийг мэдэгтүн, тэрээр та нар дээр мөн та нарын гэр бүлүүд дээр, бүр хүүхдүүдийн чинь хүүхдүүдэд, гурав дахь мөн дөрөв дэх үеийнхэнд чинь дахин ирэхгүй байхыг буюу.
29 Мөн тэгээд, хэрэв тэрээр та нар дээр, эсвээс та нарын хүүхдүүд дээр, эсвээс та нарын хүүхдүүдийн хүүхдүүд дээр, гурав дахь мөн дөрөв дэх үеийнхэнд чинь ирэх аваас, бибээр дайсныг чинь гарт чинь оруулна;
30 Мөн тэгээд хэрэв чи түүнийг хэлтрүүлэх аваас, зөв шударга байдлынхаа учир чи шагнагдах болно; мөн тэрчлэн хүүхдүүд чинь мөн хүүхдүүдийн чинь хүүхдүүд, гурав дахь мөн дөрөв дэх үе ч адил болой.
31 Гэсэн хэдий ч, дайсан чинь гарт чинь байна; мөн хэрэв чи түүнд ажлуудынх нь дагуу хариуг нь өгөх аваас, чи зөвтгөгдөх болой; хэрэв тэрээр амийг чинь эрэлхийлсэн бол мөн амь нас чинь түүгээр аюулд учирсан бол, дайсан чинь гарт чинь байна, мөн чи зөвтгөгдөх болой.
32 Болгоогтун, энэ бол өөрийн үйлчлэгч Нифайд мөн чиний эцэг өвгөд Иосеф, Иаков мөн Исаак, Абрахам, мөн эртний бүх бошиглогч болон төлөөлөгчдөдөө миний өгсөн хууль билээ.
33 Мөн түүнчлэн, энэ бол миний эртний үеийнхэндээ өгсөн хууль бөлгөө, Их Эзэн би тэдэнд зарлигласнаас бусдаар тэд аливаа үндэстэн, ястан, хэлтэн юм уу ард түмний эсрэг тулалдахаар явах ёсгүй.
34 Мөн аливаа үндэстэн, хэлтэн юм уу ард түмэн тэдний эсрэг дайн зарлах аваас, тэд эхлээд тэрхүү хүмүүс, үндэстэн юм уу хэлтэнд энх тайвны тугийг өргөх ёстой;
35 Мөн хэрэв тэрхүү ард түмэн энх тайвны саналыг, хоёр дахь болон гурав дахь удаад ч үл хүлээн авсан бол, тэд эдгээр гэрчийг Их Эзэний өмнө авчрах ёстой;
36 Тэгвэл Их Эзэн бибээр тэдэнд зарлиг өгч, мөн тэрхүү үндэстэн, хэлтэн юм уу ард түмний эсрэг дайтахаар явахад нь тэднийг зөвтгөх болно.
37 Мөн Их Эзэн бибээр тэдний тулалдаануудад, мөн тэдний хүүхдүүдийн, тэдний хүүхдүүдийн хүүхдүүдийн, гурав дахь мөн дөрөв дэх үеийнхний тулалдаануудад нь, тэд бүх дайснаасаа өөрсдийнхөө төлөө өс хонзонгоо авах хүртэл байлдах болно.
38 Болгоогтун, энэ нь миний өмнөх зөвтгөлийн тулд бүх хүнд үлгэр жишээ болой хэмээн та нарын Бурхан, Их Эзэн хэлдэг.
39 Мөн түүнчлэн, үнэнээр би та нарт хэлье, дайсан чинь та нар дээр анх удаа ирсний дараа тэрээр наманчилж мөн чамаас уучлалыг гуйн ирэх аваас, чи түүнийг уучлах ёстой, мөн үүнийг цаашид дайсныхаа эсрэг гэрч болгон үзэх ёсгүй—
40 Мөн хоёр дахь мөн гурав дахь удаад ийм байх буюу; мөн дайсан чинь та нарын эсрэг үйлдсэн зөрчлөө наманчлахын тоогоор, далыг долоо дахих хүртэл чи түүнийг уучлах ёстой.
41 Мөн хэрэв тэрээр чиний эсрэг зөрчлийг анх удаа үйлдээд үл наманчлах аваас, чи түүнийг уучлах ёстой.
42 Мөн хэрэв тэрээр чиний эсрэг зөрчлийг хоёр дахь удаагаа үйлдээд, мөн үл наманчлах аваас, чи түүнийг уучлах ёстой.
43 Мөн хэрэв тэрээр чиний эсрэг зөрчлийг гурав дахь удаагаа үйлдээд, мөн үл наманчлах аваас, чи тэрчлэн түүнийг уучлах ёстой.
44 Гэвч хэрэв тэрээр чиний эсрэг гэм бурууг дөрөв дэх удаагаа үйлдэх аваас, чи түүнийг уучлахгүй, харин эдгээр гэрчийг Их Эзэний өмнө авчрах болно; мөн тэдгээр нь түүнийг наманчлах хүртэл мөн тэрээр чиний эсрэг үйлдсэн бүх зүйлийнхээ хариуд дөрөв дахин төлөх хүртэл арилгагдахгүй.
45 Мөн хэрэв тэрээр үүнийг хийх аваас, чи бүхий л зүрх сэтгэлээрээ түүнийг уучлах болно; мөн хэрэв тэрээр үүнийг үл хийх аваас, Их Эзэн бибээр дайснаас чинь чиний төлөө өс хонзонг зуу дахин ихээр авах болно;
46 Мөн түүний хүүхдүүд дээр мөн намайг үзэн яддаг түүний хүүхдүүдийн хүүхдүүд, тэд бүгд дээр, гурав дахь мөн дөрөв дэх үеийнхэн дээр нь буюу.
47 Гэвч хүүхдүүд нь, эсвээс хүүхдүүдийнх нь хүүхдүүд наманчилж, мөн бүхий л зүрх сэтгэл мөн бүх чадавх, оюун ухаан, болон хүч чадлаараа өөрсдийн Их Эзэн Бурханд хандаж, мөн өөрсдийн эсвээс эцгүүдийнхээ эсвэл эцгүүдийнхээ эцгүүдийн үйлдсэн зөрчлийн төлөө дөрөв дахин буцааж өгөх аваас, тэгэхэд чиний уур хилэн арилах ёстой;
48 Мөн өшөө авалт цаашид тэдэн дээр ирэх нь үгүй, мөн тэдний зөрчил тэдний эсрэг гэрч болон Их Эзэний өмнө дахиад хэзээ ч авчрагдахгүй байх болно хэмээн Их Эзэн та нарын Бурхан хэлж байна. Амен.