Удиртгал
Сургаал ба Гэрээнүүд бол эцсийн өдрүүдэд дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулах болон зохицуулахын тулд өгөгдсөн бурханлаг илчлэлүүд мөн сүнсээр өдөөгдсөн тунхаглалуудын цуглуулга болой. Ихэнх хэсэг нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд хандсан хэдий ч, захиас, сэрэмжлүүлэг, түүнчлэн тайлбарууд нь бүх хүмүүн төрөлхтний ашиг тусын төлөө бөгөөд газар бүрийн бүх хүнд Их Эзэн Есүс Христийн дуу хоолойг сонсох урилгыг агуулан, тэдний зуурдын амьдралын сайн сайхан байдал ба мөн тэдний мөнхийн авралын төлөө тэдэнд хандан ярьдаг билээ.
Энэхүү эмхэтгэл дэх илчлэлүүдийн олонх нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны бошиглогч бөгөөд ерөнхийлөгч Бага Иосеф Смитээр дамжин хүлээн авагдсан юм. Бусад нь Ерөнхийлөгчийн зөвлөл дэх түүний зарим залгамжлагчаар дамжуулан өгөгдсөн (С ба Г 135, 136 болон 138–ын оршлууд түүнчлэн Албан тунхаг 1, 2-ыг үз).
Сургаал ба Гэрээнүүд ном бол Ариун Библи, Мормоны Ном, түүнчлэн Агуу Үнэт Сувдын хамт Сүмийн жишиг бүтээлүүдийн нэг юм. Гэсэн хэдий ч, энэ нь эртний баримт бичгүүдийн орчуулга биш, харин орчин үеийн гарал үүсэлтэй бөгөөд Бурханаас, Өөрийн сонгосон бошиглогчдоор дамжуулан Өөрийн ариун ажлыг сэргээхийн тулд болон өнөө үед дэлхий дээр Бурханы хаант улсыг байгуулахын тулд өгөгдсөн учраас Сургаал ба Гэрээнүүд нь өвөрмөц юм. Илчлэлүүдэд хүн цаг хугацааны бүрэн байдлын эрин үед дахин шинээр ярьж буй Их Эзэн Есүс Христийн намуухан атлаа баттай дуу хоолойг сонсдог; энд үүсгэгдсэн ажил нь түүний Хоёр дахь Ирэлтэд бэлтгэх, дэлхийн эхлэлээс хойших бүх ариун бошиглогчийн үгсийн биелэлт бөгөөд тэдгээртэй уялддаг бөлгөө.
Бага Иосеф Смит 1805 оны арван хоёрдугаар сарын 23-нд Вермонт муж улсын Виндсор гүнлэгийн Шаронд төржээ. Амьдралынхаа эхэн үед тэрээр гэр бүлийнхээ хамт баруун Нью-Йоркийн одоогийн Манчестер луу нүүжээ. 1820 оны хавар, тэнд амьдарч байхдаа тэрээр арван дөрвөн настайдаа анхны үзэгдлээ харсан бөгөөд энэ үзэгдэлд Мөнхийн Эцэг Бурхан, Түүний Хүү Есүс Христ өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэн юм. Тэрхүү үзэгдэлд Шинэ Гэрээний үед байгуулагдаж, сайн мэдээний бүрэн байдлыг гүйцэтгэж байсан Есүс Христийн үнэн Сүм дэлхий дээр байхаа больсныг түүнд хэлжээ. Тэнгэрлэг бусад айлчлал тохиосон бөгөөд эдгээрт олон тэнгэр элч түүнд зааж; дэлхий дээр түүгээр хийлгэх онцгой ажил Бурханд байгааг, мөн түүгээр дамжуулж Есүс Христийн Сүм дэлхий дээр сэргээгдэх нь түүнд үзүүлэгдсэн байлаа.
Хэсэг хугацааны дараа Иосеф Смитэд бурханлаг тусламжаар Мормоны Номыг орчуулж, мөн хэвлүүлэх боломж өгөгдсөн бөлгөө. Мөн тэр үед, 1829 оны тавдугаар сард тэрээр Оливер Каудерийн хамт Баптисч Иоханаар Аароны санваарт томилогдсон байлаа (С ба Г 13-ыг үз), мөн үүнээс хойш удалгүй тэд эртний төлөөлөгчид Петр, Иаков болон Иоханаар Мелкизедек санваарт томилогдов (С ба Г 27:12-ыг үз). Дараа нь Мосе, Елиа, Елиас болон эртний олон бошиглогч санваарын түлхүүрүүдийг хүртээн, бусад томилолтыг олгожээ (С ба Г 110; 128:18, 21-ийг үз). Чухамдаа эдгээр томилолт нь дэлхий дээр хүнд бурханлаг эрх мэдлийг сэргээжээ. 1830 оны дөрөвдүгээр сарын 6-нд бошиглогч Иосеф Смит тэнгэрлэг чиглүүллийн доор Сүмийг зохион байгуулсан бөгөөд тийнхүү Есүс Христийн үнэн Сүм дахин хүмүүсийн дунд сайн мэдээг заах болон авралын ёслолуудыг гүйцэтгэх эрх мэдэлтэйгээр байгууллагын хувьд үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. (С ба Г 20 мөн Агуу Үнэт Сувд, Иосеф Смит—Түүх 1-ийг үз.)
Эдгээр ариун нандин илчлэл нь хэрэгтэй цаг үед залбирлын хариуд хүлээн авагдсан бөгөөд бодит хүмүүс оролцсон бодит амьдралын нөхцөл байдлаас үүдэлтэй байв. Бошиглогч болон сүмийн бусад удирдагч бурханлаг удирдамжийг эрэлхийлж байсан бөгөөд эдгээр илчлэл нь тэд үүнийг хүлээн авсныг нотолдог. Есүс Христийн сайн мэдээний сэргэлт болон тархалт мөн цаг хугацааны бүрэн байдлын эрин үеийн эхлэл эхэлж буйг хүн илчлэлүүдээс хардаг бөлгөө. Тэрчлэн энэ илчлэлүүдэд Сүм Нью-Йорк болон Пеннсильванигаас баруун зүгт Охайо, Миссури, Иллиной, эцэст нь өрнөд Америкийн Грэйт Бэйсэн газарт шилжин очсон бөгөөд өнөө үед дэлхий дээр Сионыг байгуулах хүчин чармайлтад гэгээнтнүүдийн гаргасан хүчирхэг тэмцлүүд үзүүлэгддэг.
Эхний хэсгүүдийн зарим нь Мормоны Номыг орчуулах болон хэвлүүлэхтэй холбогдсон асуудлуудыг багтаадаг (хэсэг 3, 5, 10, 17, мөн 19-ийг үз). Сүүлчийн зарим хэсэг нь сүнсээр өдөөгдөн Библийн орчуулга хийх үе дэх бошиглогч Иосеф Смитийн ажлыг тусгасан бөгөөд энэ үед сургаалын олон агуу хэсэг хүлээн авагдсан болой (жишээ нь, хэсэг 37, 45, 73, 76, 77, 86, 91, 132-ыг үз, эдгээр нь тус бүрдээ Библийн орчуулгатай зарим талаар шууд холбоотой юм).
Илчлэлүүдэд сайн мэдээний сургаалууд нь Бурхан тэргүүтний мөн чанар, хүний гарал үүсэл, Сатаны бодит байдал, мөнх бус байдлын зорилго, дуулгавартай байдлын зайлшгүй хэрэгцээ, наманчлалын хэрэгцээ, Ариун Сүнсний ажлууд, авралд хамаарах ёслолууд болон гүйцэтгэлүүд, дэлхийн хувь тавилан, Амилалт ба Шүүлтийн дараах хүмүүний ирээдүйн нөхцөл байдал, гэрлэлтийн харилцааны мөнх байдал болон гэр бүлийн мөнх шинж чанар мэтийн тулгуур асуудлуудын тухай тайлбаруудтайгаар өгөгдсөн байдаг. Тэрчлэн бишопууд, Тэргүүн зөвлөл, Арван хоёрын Зөвлөл, Далыг дуудаж, мөн тэргүүлэгч бусад албан тушаал болон чуулгуудыг байгуулснаар Сүмийн захиргааны бүтэц алгуураар нээгдэн үзүүлэгдсэн юм. Эцэст нь Есүс Христийн талаар өгөгдсөн гэрчлэл—Түүний бурханлаг чанар, Түүний сүр жавхлан, Түүний төгс чанар, Түүний хайр, мөн Түүний гэтэлгэгч хүч—энэ номыг хүн төрөлхтөнд асар их үнэ цэнэтэй, мөн “Сүмд бүхэл Дэлхийн баялаг адил үнэ цэнэтэй” (С ба Г 70-ын оршлыг үз) болгодог.
Уг илчлэлүүд эхэндээ Иосеф Смитийн бичээчдээр бичиглэгдсэн байсан ба Сүмийн гишүүд гар бичмэлийг бие биетэйгээ урам хөөртэйгөөр хуваалцдаг байв. Илүү удаан хугацаагаар үлдэх цэдгийг бий болгохын тулд, удалгүй бичээч нар энэ илчлэлүүдийг цэдгийн гар бичмэл номд хуулбарласан ба үүнийг Сүмийн удирдагчид илчлэлүүдийг хэвлэлд бэлтгэхдээ ашиглажээ. Иосеф болон эртний гэгээнтнүүд илчлэлүүдийг Сүмийг үздэгийнхээ адилаар: амьд, хөгжиж буй, мөн нэмэлт илчлэлийн явцад сайжрах болно гэж үзэж байв. Түүнчлэн тэд илчлэлүүдийг хуулбарлаж мөн хэвлэлд бэлтгэж байх үйл явцад санаандгүйгээр алдаа гарсан байж болохыг мэдэж байв. Тиймээс, 1831 онд Сүмийн чуулган Иосеф Смитээс “Ариун Сүнсээр дамжуулан олж харж болох алдааг буюу бурууг засахыг” хүсжээ.
Илчлэлүүдийг хянаж, засварласны дараа, Миссури дахь Сүмийн гишүүд A Book of Commandments for the Government of the Church of Christ (Христийн Сүмийн засаг захиргаанд зориулсан Зарлигуудын ном) гэдэг нэртэй номыг хэвлэж эхэлсэн бөгөөд үүнд бошиглогчийн эхний илчлэлүүдийн олон нь багтсан байна. Гэхдээ танхайрагчид 1833 оны долоодугаар сарын 20-нд гэгээнтнүүдийн Жаксон гүнлэг дэх хэвлэлийн газрыг устгах үед эдгээр илчлэлийг хэвлэх энэхүү анхны чармайлт зогсжээ.
Иосеф Смит болон Сүмийн бусад зарим удирдагч Миссури дэх хэвлэлийн газар устгагдсаныг сонсоод Охайогийн Көртландад уг илчлэлүүдийг хэвлэх бэлтгэлийг эхлэв. Алдаануудыг дахин засварлан, үгсийг тодорхой болгож мөн Сүмийн сургаал болон байгуулалт дахь хөгжлийг харуулахын тулд Иосеф Смит зарим илчлэлийн үгийг засварлан, тэдгээрийг 1835 онд Doctrine and Covenants of the Church of the Latter Day Saints (Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Сургаал ба Гэрээнүүд) гэдэг нэртэйгээр хэвлэлд бэлтгэх ажлыг хариуцаж байв. Иосеф Смит Сургаал ба Гэрээнүүдийн өөр нэг хэвлэлийг хэвлэх зөвшөөрлийг өгсөн ба энэ нь 1844 онд бошиглогчийн амь хороогдсоноос хойш хэдхэн сарын дараа хэвлэгджээ.
Эхний Хожмын Үеийн гэгээнтнүүд уг илчлэлүүдийг Бурханаас ирж буй захиас гэж эрхэмлэн үздэг байв. 1831 оны эцсээр, Сүмийн хэдэн ахлагч уг илчлэлүүдийн үнэнийг өөрсдийнх нь бодгальд Их Эзэн гэрчилсэн талаар баттай гэрчийг өгсөн юм. Энэхүү гэрчлэл нь арван хоёр Төлөөлөгчийн бичиглэгдсэн гэрчлэл болон Сургаал ба Гэрээнүүдийн 1835 оны хэвлэлд хэвлэгджээ:
Сургаал ба Гэрээнүүд номын
үнэний талаарх арван хоёр
Төлөөлөгчийн гэрчлэл
Энэ зорилгын учир Сүмийн дуу хоолойгоор томилогдсон Бага Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмд өгсөн Их Эзэний Зарлигуудын номын гэрчүүдийн гэрчлэл оршвой.
Тиймийн тул, Их Эзэн, бидэн дээр цутгагдсан Ариун Сүнсээр дамжуулан бидний бодгальд гэрчилсэн хэмээн, мөн энэ зарлигууд Бурханы сүнслэг удирдамжаар өгөгдсөн бөгөөд бүх хүнд ашиг тустай мөн туйлын үнэн хэмээн бид бүх дэлхийн хүмүүн төрөлхтөнд, дэлхийн гадаргуу дээрх хүн бүрд гэрчлэхийг хүсэж байна.
Бид дэлхийнхэнд энэхүү гэрчлэлийг өгч байна, Их Эзэн бол бидний туслагч хэмээн; түүнчлэн Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христийн ач ивээлээр дамжуулан бидэнд энэхүү гэрчлэлийг дэлхийтэй хуваалцах онцгой боломж олгогдсон хэмээн, мөн энэ боломжиндоо үлэмж баясан, тэгснээр хүмүүсийн үрс ашиг тусыг олоосой хэмээн Их Эзэнд ямагт залбирдаг хэмээн буюу.
Арван хоёрын нэрс нь:
-
Томас Б.Марш
-
Давид В.Паттен
-
Бригам Янг
-
Хибер Ч.Кимбалл
-
Оорсон Хайд
-
Виллям И.МакЛелин
-
Парлей П.Пратт
-
Лук С.Жонсон
-
Виллям Смит
-
Оорсон Пратт
-
Жон Ф.Боинтон
-
Лайман И.Жонсон
Сургаал ба Гэрээнүүдийн дараачийн хэвлэлүүдэд нэмэлт илчлэлүүд буюу цэдгийн бусад асуудал, хүлээн авагдсаны дагуу түүнчлэн Сүмийн нэр хүнд бүхий цугларалтууд юм уу чуулганаар хүлээн зөвшөөрөгдсөнөөр нэмэгдэж орсон билээ. Бригам Янгийн удирдлагаар Ахлагч Оорсон Праттын бэлтгэсэн 1876 оны хэвлэлд уг илчлэлүүдийг он дарааллын дагуу жагсааж мөн түүхэн танилцуулга бүхий шинэ оршлуудыг оруулжээ.
1835 оны хэвлэлээс эхлэн шашны номлолын долоон цуврал хичээл бас нэмэгдэж орсон байна; эдгээр нь Lectures on Faith (Итгэлийн тухай илтгэлүүд) хэмээн нэрлэгддэг байв. Эдгээр нь Охайогийн Көртланд дахь Бошиглогчдын Сургуульд 1834-өөс 1835 онд ашиглагдахын тулд бэлтгэгдсэн байлаа. Номлол болон зааврын хувьд үр ашигтай хэдий ч, эдгээр илтгэл нь нийт Сүмд илчлэлүүд болж өгөгдөөгүй эсвээс толилогдоогүй байсан учир 1921 оны хэвлэлээс хойш Сургаал ба Гэрээнүүдээс хасагдсан байна.
Сургаал ба Гэрээнүүдийн 1981 оны англи хэл дээрх хэвлэлд гурван албан бичгийг анх удаа нэмж оруулжээ. Үүнд нас барагсдын авралын үндсэн зарчмыг үзүүлсэн хэсэг 137 болон 138; мөн Сүмийн зохистой бүх эрэгтэй гишүүн, уг гарал болон арьс өнгөнөөс үл хамааран санваартнаар томилогдож болно хэмээн зарласан Албан тунхаг 2 багтдаг.
Сургаал ба Гэрээнүүдийн шинэ хэвлэл гарах тутамд өнгөрсөн алдааг засварлан мөн ялангуяа хэсгийн оршлуудын түүхэн хэсэгт шинэ мэдээллийг нэмж ирсэн юм. Энэ удаагийн хэвлэлд түүнчлэн огноо болон газар нутгийн нэрийг илүү тодорхой болгон мөн өөр бусад засварыг оруулсан билээ. Эдгээр өөрчлөлт нь түүхийн хамгийн зөв мэдээлэлтэй уялдуулах зорилгоор хийгджээ. Энэхүү сүүлийн хэвлэлийн өөр бусад онцгой тал нь гэвэл, илчлэлүүдийг хүлээн авсан газарзүйн гол байршлуудыг харуулах засварлагдсан газрын зураг болон Сүмийн түүхэн газруудын гэрэл зургуудыг, эшлэлүүд, хэсгийн оршлууд болон сэдвийн дүгнэлтүүдийг сайжруулсан ба эдгээр бүгд нь уншигчдад Сургаал ба Гэрээнүүдэд өгөгдсөн Их Эзэний үгсийг ойлгож, үүнийг баяр хөөртэйгөөр хүлээн авахад туслах зориулалттай юм. Хэсгүүдийн оршлын мэдээлэл нь Сүмийн Гар Бичмэл Түүхээс, хэвлэгдсэн History of the Church (Сүмийн Түүх) (эдгээрийг хэсгийн оршлуудад нь хамтатган Иосеф Смитийн түүх гэж нэрлэсэн байгаа) болон Joseph Smith Papers (Иосеф Смитийн бичиглэл)-ээс авагдсан байна.