Институт
7-р хичээлийн бэлтгэл материал: Есүс Христийн хүчирхэгжүүлэх хүч


“7-р хичээлийн бэлтгэл материал: Есүс Христийн хүчирхэгжүүлэх хүч,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)

“7-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол

7-р хичээлийн бэлтгэл материал

Есүс Христийн хүчирхэгжүүлэх хүч

Тэрээр мутраа дэлгэсэн хэвээр, Элизабэт Тэйэр

Бие махбод, оюун ухаан, сэтгэл санаа эсвэл сүнслэг байдлын хувьд хүнд байдалд орж байсан үеэ хэсэг хугацаанд эргэцүүлэн бод. Та бас ямар тал дээр өөрийгөө сул дорой, хангалтгүй гэж бодож байснаа бодоорой. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Аврагчид Өөрийнх нь хийсэн Цагаатгалын ачаар бүхий л өвчин шаналал, сорилт бэрхшээлийг халамжлах, туслах хүч байдаг” болохыг онцолсон (“Есүс Христийн Цагаатгалаар хүчирхэгжсэн,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 51). Есүс Христийн Цагаатгалын талаар илүү ихийг судлахдаа, Их Эзэн хэрхэн танд амьдралд тулгарах зовлон бэрхшээлээ даван туулж, сул дорой байдлаа ялан дийлэхэд тусалж байсан, цаашид ч тусалсаар байх тухай эргэцүүлэн бодоорой.

1-р хэсэг

Аврагч хэрхэн надад зовлон бэрхшээл, сул дорой байдалд маань тусалж чадах вэ?

Ням гаргийн ангийн ерөнхий ерөнхийлөгч асан Тэд Р.Каллистэр Аврагчийн Цагаатгалын цар хүрээний тухай ингэж хэлсэн.

Ерөнхийлөгч Тэд Р.Каллистэр

Есүс Христийн Цагаатгал нь … биднийг Бурханы оршихуйд эргүүлэн авчирч, Түүнтэй илүү адил болгох, баяр хөөрийн бүрэн байдлыг хүлээн авах боломжийг бидэнд [олгох] явдал байсан юм. Үүнийг дараах дөрвөн саадыг давснаар гүйцэтгэсэн. Үүнд:

  1. Бие махбодын үхэл

  2. Адам мөн бидний гэм нүглийн улмаас ирэх сүнсний үхэл

  3. Бидний зовлон шаналал, сул дорой чанар

  4. Бидний сул тал ба төгс бус байдал

(“Есүс Христийн Цагаатгал,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104)

Есүс Христийн хязгааргүй Цагаатгал” гэх 6-р хичээлд бид эхний хоёр саад бэрхшээлийг авч үзсэн. Одоо бүгдээрээ Аврагчийн Цагаатгал хэрхэн гурав ба дөрөвдүгээр саад бэрхшээлийг ялан дийлснийг авч үзэцгээе.

МЭӨ 83 онд Бага Алма Бурханы үгийг өөрийн газар нутаг даяар заахын тулд тэргүүн шүүгчийн албанаасаа буусан. Алма Гидеон хотод Гэтэлгэгч дэлхийд төрж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч, мөнх бус амьдралын бүхий л өвчин шаналал, зовлон бэрхшээл, уруу таталтыг амсахыг бошиглосон.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Алма 7:11–12-ыг уншаад, яагаад Есүс Христ мөнх бус амьдралын эдгээр туршлагыг Өөр дээрээ авах болсон шалтгаануудыг олж мэд.

Христ Гетсеманийн цэцэрлэгт, Хэйнрих Хофманн

Мормоны Номын энэхүү өвөрмөц сургаалын талаар бишоп Жэралд Коссэй дараах зүйлсийг онцолсон.

Бишоп Жэралд Коссэй

Христ бидний нүглийн ачааг үүрэхээс гадна бидний уй гашуу, сул дорой байдал, зовлон шаналал, өвчин гэх мэт мөнх бус амьдралд хүнд тохиолдох бүх зүдгүүрийг Өөртөө авсан. Бидний төлөө зовоогүй шаналал, өвдөлт, уйтгар гуниг гэж Түүнд байхгүй [Алма 7:11–12-ыг үзнэ үү]. (“Амьд Христийн амьд гэрч,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 45)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар мөн ингэж заасан.

Ахлагч Дэвид А.Бэднар

Бид сул дорой байдлаасаа болж, “Ийм хүнд ачааг хэн ч мэдэхгүй. Хэн ч ойлгохгүй шүү дээ” хэмээн дуу алдан хашхирч мэднэ. Харин Бурханы Хүү төгс мэддэг, төгс ойлгодог, учир нь Тэр бидний хүн нэг бүрийн ачааг мэдэрч, үүрсэн юм. Тэр Өөрийн хязгааргүй хийгээд мөнхийн золиослолын улмаас (Алма 34:14-ийг үзнэ үү) сэтгэл санааны зовлонг төгс ойлгодог бөгөөд бидэнд нигүүлслийн мутраа сунгаж чадна. Тэр бидэнд туслахыг санал болгон, бидэнд нөлөөлж, дэмжлэг үзүүлэн, биднийг эдгээн хүчирхэгжүүлж, бидэнд өөрсдийнхөө хүчинд тулгуурлан яагаад ч хүрч чадахааргүй түвшинд хүрэхэд мөн өөрсдийнхөө хүчээр хийж чадахгүй зүйлсийг хийхэд тусалж чадна. (”Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 108)

Бодолд автсан эмэгтэй
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Аврагч таны бүх өвчин шаналал, зовлон бэрхшээлийг төгс ойлгодог гэдгийг мэдэх нь хэрхэн танд тусалдаг вэ? Амьдралд тань зовлон бэрхшээл тулгарах үед Тэрээр мутраа сунган тайтгаруулж, хүчирхэгжүүлэхийг та хэзээ мэдэрч байсан бэ?

2-р хэсэг

Аврагч миний сул дорой, төгс бус зан чанаруудад хэрхэн тусалж чадах вэ?

Мормоны Номын сүүлчийн бичээчийн хувьд Моронай жаредчуудын түүх болох Жаредын ахын бичээсийг агуулсан Иферийн ялтаснуудыг хураангуйлан оруулсан. Моронай Жаредын ахын бичээсийн хүчийг шагшин гайхсан бөгөөд өөрийн болон Мормоны Номын бусад бошиглогчийн бичиг үсэг сул дорой байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн юм.

Моронай алтан ялтаснууд дээр бичиж байгаа нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

Ифер 12:23–27-г уншаад, Моронай өөрийн сул дорой байдлын талаар ямар бодолтой байсныг эргэцүүлэн бод. Их Эзэний хариулт хэрхэн таны амьдралыг адисалсан талаар тунгаан бод.

Өөрсдийн сул тал ба төгс бус байдлыг мөнхийн өнцгөөс харах талаар Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Мишэлл Д.Крэйг эгч ингэж заасан.

Мишэлл Д.Крэйг эгч

Мэдээж хэрэг бид бурханлаг чадавхдаа хүрч чадахгүй ба үүнийг ганцаараа хийж чадахгүй гэдэгт үнэний хувь бий. Гэхдээ сайн мэдээний захиас Бурханы ач ивээлээр бид хүрч чадна гэдгийг заадаг. …

Биднийг сул талууд маань даруусгаж, Христэд хандахад хүргэснээр адислал болдог нь ер бусын үнэн юм. …

Үнэндээ, Есүсийн гайхамшгууд ихэнхдээ хүсэл, хэрэгцээ, бүтэлгүйтэл, хангалтгүй байдлыг таньж мэдсэнээр эхэлдэг. (“Өөрсдийн бурханлаг байдалд сэтгэл дундуур байх нь,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 127)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сул тал нь хэрхэн Аврагчийн тусламжтайгаар таны эсвэл таньдаг хүний тань амьдралд адислал болохыг та харж байсан бэ?

3-р хэсэг

Би Их Эзэний ач ивээлийг өөрийн амьдралд хэрхэн илүү бүрэн дүүрэн урин авчирч болох вэ?

Мосе Израилын хүүхдүүдийг Бурханы хүч, ач ивээлээр боолчлолоос гаргасан болохыг Нифай өөрийн бичээст гэрчилсэн. Нифай “Их Эзэн Бурхан амьдын адил, … хүмүүн аврагдаж чадах миний ярьсан тэр Есүс Христийнхээс өөр нэр тэнгэрийн дор өгөгдөөгүй болой” (2 Нифай 25:20) хэмээн бичсэн. Дан ганц Мосегийн хуулийг дуулгавартай дагаж биш, зөвхөн Есүс Христийн ач ивээл тэднийг аврахыг Нифай хүмүүстээ заасан. Ач ивээл гэдэг нь “Есүс Христийн өгөөмөр нигүүлсэл хийгээд хайраар өгөгддөг бурханлаг тусламж буюу хүч чадал” юм (Bible Dictionary, “Grace”).

Христ нифайчууд дээр хүрэлцэн ирсэн нь, Минэрва Тэйчэрт
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах нь

2 Нифай 25:23, 29-ийг уншаад, Их Эзэний ач ивээлийг амьдралдаа урин авчрахад гүйцэтгэдэг өөрийн үүргийг олж мэд.

“Бидний хийж чадах бүхний дараа” (2 Нифай 25:23) гэсэн хэллэг хүнд сонсогдож магадгүй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хоёр гишүүний дараах мэдэгдлүүд энэ хэллэг ямар утгатай болохыг ойлгоход хэрхэн туслахыг эргэцүүлэн бод.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Бид Бурхан туслахаас нь өмнө, сайн сайхан эсвэл чадварынхаа хамгийн доод үеийг гүйцэлдүүлэх хэрэггүй—дуулгавартай байдлын замын хаана нь байгаагаас үл хамааран бид өдөр бүр, цаг мөч тутамд тэнгэрлэг тусламжийг хүлээн авч болно. Харин ч бид Түүний тусламжийг хүсэхээс гадна, өөрсдийгөө дайчлан, наманчилж, шударга ёс ба ёс суртахууны сонгох эрхийн дагуу Бурхан бидний амьдралд үйлдэж болохын тулд Түүнийг сонгох ёстой гэдгийг би мэддэг. Д.Тодд Кристоффэрсон, “Үүрд чөлөөт байж, өөрсдийнхөө төлөө үйлд,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 20)

Ахлагч Үлиссэс Соарэс

Их Эзэн Өөрийн ач ивээлээр бидэнд зайгалмайгаа үүрч, ачаагаа хөнгөлөхөд туслах болно. … Бүтэлгүйтлээ гэхэд та хэзээ ч бууж өгч болохгүй. Мөн нүглээ орхин, донтолтоосоо салах чадваргүй гэж өөрийгөө хэзээ ч бүү бод. Та нар хичээхээ больж, сул дорой, нүгэлтэй хэвээр үлдвэл улам л дордох болно! Хамгийн сайнаараа чармайх, Аврагчийн зааснаар дотоод сэтгэлээ цэвэрлэх хүслээ өөрсдийн үйлсээр харуулахыг үргэлж хичээ. Заримдаа зарим асуудлын шийдэл хэдэн сар хичээж зүтгэсний дараа ирдэг. Эдгээр нөхцөлд Мормоны Номын “ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” [2 Нифай 25:23] хэмээх амлалт бид бүгдэд хамаатай. Аврагчийн ач ивээлийн бэлгийг зөвхөн чадах бүхнээ хийсний ‘дараа’ авдаггүй гэдгийг санаарай. Бид хүчин чармайлт гаргахынхаа өмнө, гаргах явцдаа мөн гаргасныхаа дараа Түүний ач ивээлээс хүртэх боломжтой” [Bruce C. Hafen, The Broken Heart: Applying the Atonement to Life’s Experiences (1989), 155–156-г үзнэ үү]. (Үлиссэс Соарэс, “Загалмайгаа үүрэгтүн,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 129)

шигтгээ зураг, ярилц

Туршлагаа хуваалц

“Бид ач ивээлээр л бид аврагдана гэдгийг мэднэ, бидний хийж чадах бүхний дараа буюу” (2 Нифай 25:23) гэсэн хэллэгийн талаар сурч мэдсэн зүйлээ найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалцаж болно. Одоогоор өөрт байгаа зарим сул тал, дутагдлаа засахаар Аврагчийн хүчирхэгжүүлэх хүчийг амьдралдаа цаашид урин авчрахын тулд та юу хийж болно гэж бодож байна вэ?