“14-р хичээлийн бэлтгэл материал: Бурханы мутар дахь зэмсэг болох нь,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол (2021)
“14-р хичээлийн бэлтгэл материал,” Мормоны Номын багшийн материалын сургаал ба номлол
14-р хичээлийн бэлтгэл материал
Бурханы мутар дахь зэмсэг болох нь
Есүс Христийн сайн мэдээний адислалуудаас хүртэхгүй байгаа хэдэн хүнтэй та өдөр бүр уулздагаа эргэцүүлэн бод. Хэрэв тэд өөрсдийнх нь аз жаргалын төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар мэддэг байсан бол тэдний амьдрал хэрхэн өөрчлөгдөж болох вэ? Мормоны Ном дахь номлогчдын жишээг судлахдаа сайн мэдээг хуваалцах боломжтой хэн нэгний талаар сайтар залбирч бод. Бусдад сайн мэдээг хуваалцсанаар та Израилын цугларалтад оролцдог гэдгээ санаарай.
1-р хэсэг
Хөрвөлтөө гүнзгийрүүлэх нь сайн мэдээг хуваалцах хүсэл эрмэлзлийг маань хэрхэн нэмэгдүүлдэг вэ?
Тэнгэр элч ирж наманчлалд дуудахад Мозаягийн дөрвөн хүү (Аммон, Аарон, Омнер, Химни) Бага Алматай хамт байсан. Таван залуу өөрсдийн үйлдэлд гүнээ харамсаж, нүглээ наманчилж, Их Эзэнд хөрвөгдсөн юм. Хөрвөгдсөнийхөө дараа тэд “олныг үнэний мэдлэгт, тийм ээ, Гэтэлгэгчийнхээ мэдлэгт авчрахад Бурханы мутар дахь зэмсгүүд болов” (Мозая 27:36).
Леменчүүдийн дунд олон жил номлосныхаа дараа Аммон өөрийн ах дүү нарт “Мөн бид энэ агуу ажлыг гүйцэлдүүлэхэд Бурханы мутар дахь зэмсгүүд болгогдсон нь, бидний дээр бэлэглэгдсэн адислал болой” хэмээсэн (Алма 26:3).
Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс нь бидний хөрвөлт сайн мэдээг хуваалцах хүсэлд маань хэрхэн нөлөөлдөг талаар ингэж заасан.
Сайн мэдээг хуваалцах нь ачаа дарамт бус, харин баяр баясгалан юм. Бидний хэлж хэвшсэн “гишүүн номлогчийн ажил” бол ямар нэг хөтөлбөр бус, харин хайрын илрэл бөгөөд эргэн тойрныхондоо туслах хүсэл юм. Түүнчлэн энэ нь Аврагчийн сэргээгдсэн сайн мэдээний талаар ямар бодолтой явдгаа харах боломж мөн. Ахлагч Баллард “Бидний хөрвүүлэг, амьдралдаа сайн мэдээний талаар ямар бодолтой байдгийн хамгийн чухал нотолгоо бол үүнийг бусадтай хуваалцах бидний хүсэл юм” хэмээн заасан [M. Russell Ballard, “Now Is the Time,” Liahona, Jan. 2001, 89]. (“Sharing the Restored Gospel,” Liahona, Nov. 2016, 60)
2-р хэсэг
Би хэрхэн Бурханы мутар дахь хүчирхэг зэмсэг болох бэ?
Леменчүүдэд заахаар явахдаа Мозаягийн хөвгүүд мөн тэдэнтэй хамт явсан хүмүүс “зэрлэг мөн хатуу зүрхтэй, харгис хүмүүс[тэй]” тааралджээ (Алма 17:8, 14). Тэдгээр номлогч тэдний дунд хөдөлмөрлөхдөө “өлсөж, цанган мөн ядрах мэтээр биеэрээ ч мөн оюунаараа ч аль алинаар нь ихэд зовж, мөн түүнчлэн сүнсээрээ ихэд хөдөлмөрлөв” (Алма 17:5).
3-р хэсэг
Сүнс нь хэрхэн надад бусдад илүү сайн үйлчилж, сайн мэдээг хуваалцахад тусалж чадах вэ?
Мозаягийн хөвгүүд Бурханы мутар дахь зэмсэг болж олон лемен хүнийг Аврагч руу авчирсан. Аммон Ишмэилийн нутгаар ганцаар явж байгаад баригдаж, Лемонай хааны өмнө хүргэгдэв. Тэр хаан Аммоноос ямар зорилготой явааг асуухад нь Аммон леменчүүдийн дунд амьдрах хүсэлтэй байгаагаа магадгүй бүх амьдралаа энд өнгөрөөж магадгүй гэж хариулжээ. Энэ үг нь хаанд таалагдаж, Аммон түүний зарц нарын нэг болсон. (Алма 17:19–25-ыг үзнэ үү.)
Аммонд хааны сүргийг харах үүрэг өгөн илгээв. Хулгайч сүргийг нь тараахыг оролдоход Аммон дүүгүүр, сэлмээрээ тэдний оролдлогыг таслан зогсоосон. Дээрэмчид Аммоны хүч чадлыг гайхаж, зугтан алга болжээ. (Алма 17:25, 33–38-ыг үзнэ үү.)
Хаан Лемонай Аммон сүргийг нь хамгаалж чадсан тухай олж мэдээд ихэд гайхаж, Аммоныг “агуу шийтгэлүүдийг энэ хүмүүсийн дээр илгээдэг Агуу Их Сүнс” (Алма 18:2) юм болов уу гэж боддог. “Аммон, Бурханы Сүнсээр дүүргэгдсэн учир” (16-р шүлэг хааны санаа бодлыг уншиж, асуудлыг нь шийдэж, түүнд сайн мэдээг зааж чадсан (Алма 18:15–24-ийг үзнэ үү).
Хаан Лемонай Аммоны үгэнд итгэн, Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгддөг. Аммон мөн хаан Лемонайн хатан, зарц нарт зааж чадсан. Тэдний олонх нь Аммоны сургаалд итгэж, “тэдний зүрх сэтгэл өөрчлөгдсөнийг” гэрчилдэг (Алма 19:33). Аммон Бурханы мутар дахь зэмсэг болсон учраас “Их Эзэний ажил леменчүүдийн дунд үүссэн болой” (Алма 19:36).
Хэдийгээр бидний туршлага Аммоныхтой адилгүй ч бид Бурханы мутар дахь зэмсэг болоход өөрсдийгөө бэлтгэх үед бусдын амьдралыг өөрчилж чадна.
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф бусадтай сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар ингэж тайлбарласан.
Та энэ дэлхийн хаана ч байсан бай, танилцсан, хамт сурч, ажиллаж, амьдардаг мөн уулздаг хүмүүстэйгээ Есүс Христийн сайн мэдээний сайхан мэдээг хуваалцах олон боломж танд байгаа. …
Өөрийнхөө хувьд хамгийн энгийн, эвтэйхэн гэсэн байдлаар Есүс Христ ба Түүний Сүм яагаад таны хувьд чухал болохыг хүмүүстэй хуваалц.
Номлогчдыг зөвхөн сонгогдсон хүмүүсийг олоосой гэж бүү залбир. Ирээд харах, ирээд туслах, мөн ирээд үлдэх хүмүүсийг олохын төлөө өдөр бүр бүхий л зүрх сэтгэлээрээ залбир. (“Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16, 17)