Институт
23-р хичээлийн бэлтгэх материал: Бурханы зарлигуудад дуулгавартай байх


“23-р хичээлийн бэлтгэх материал: Бурханы зарлигуудад дуулгавартай байх,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“23-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

23-р хичээлийн бэлтгэх материал

Алхангаа ярилцаж буй залуучууд

Бурханы зарлигуудад дуулгавартай байх

Энэ бүлэгт Бурханд итгэх итгэл найдвараа хэрхэн нэмэгдүүлэх талаар эргэцүүлэн бодох боломж танд олдоно. Бурханд итгэж найдахын чухал бүрэлдэхүүн хэсэг бол Түүний зарлигуудыг өөрийн хүслээр дагаж мөрдөж сурах явдал юм. Бурханы зарлигуудыг дагах явдалд та ямар ач холбогдол өгдөг вэ? Дагаж мөрдөхөд хэцүү зарлиг танд байдаг уу? Хичээлд бэлтгэхээр Мормоны Номыг судалж байхдаа Бурханы зарлигуудын зорилго, Аврагчийн дуулгавартай байдлын үлгэр жишээг үлгэрлэн дуурайхыг эрэлхийлэх явцад хүлээн авч болох адислалуудын талаар тунгаан бодоорой.

1-р хэсэг

Би Есүс Христээс дуулгавартай байдлын талаар юу сурч болох вэ?

Есүс Христ “бүх зөв шударга үйлийг гүйцэлдүүлэх[ийн]” (Матай 3:13–17) тулд Баптисч Иохан дээр очиж, баптисм хүртсэн гэдгийг бид Шинэ Гэрээнээс мэдэж авдаг. Мормоны Номд цэдэглэснээр, гэм нүгэлгүй байсан Есүс Христ яагаад баптисм хүртсэнийг Нифай тайлбарлажээ (2 Нифай 31:6–7-г үзнэ үү).

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

2 Нифай 31:6–7, 10-ыг уншаад, Нифайн онцолсон Есүс Христийн зан чанаруудыг олж мэдээрэй.

Иохан Есүс Христэд баптисм хүртээж байгаа нь

Есүс Христ Өгөөмөр нутаг дахь нифайчуудад үзэгдэхдээ, Эцэгийнх нь зарлигуудыг дагахын ач холбогдлыг онцолсон. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн ажиглан харсан байдаг.

Ахлагч Жэффри Р.Холланд

Мөнхийн хуйлмал бичвэрээс гарч болох бүх захиасаас [Аврагч] алиныг нь тунхагласан бэ? Нифайчууд “Би бол дэлхийн гэрэл ба амь; мөн Эцгийн надад өгсөн гашуун аяганаас би ууж, мөн эхлэлээс бүх зүйлийн хувьд Эцэгийн тааллыг хүлцэж, дэлхийнхний нүглүүдийг өөр дээрээ авснаар Эцэгийг алдаршуулсан билээ” [3 Нифай 11:11] хэмээн Түүний ярихыг итгэлээр сонссон. Гучин үг. Энэ нь дэлхий дэх үйл хэргийнх нь мөн чанар юм. Аяга нь ямар гашуун, төлөөс нь хэдий зовлонтой байсан ч Эцэгийн таалалд дуулгавартай, үнэнч байх ёстой байв. (Christ and the New Covenant [1997], 251)

Нифайчуудын дунд тохинуулсныхаа төгсгөлд Их Эзэн “Эцэг минь намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн” (3 Нифай 27:13) хэмээн тунхаглажээ.

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийн үлгэр жишээнээс та дуулгавартай байдлын талаар юу сурч болох вэ?

2-р хэсэг

Би Бурханы зарлигуудыг сахиснаар ямар ямар арга замаар адислагдаж болох вэ?

Лихай болон түүний гэр бүлийнхнийг Иерусалимаас цөл рүү явсны дараахан Лемен, Лемүел хоёр эцгийнхээ эсрэг бувтналдаж эхлэв. Нифай ах нарынхаа зүрх сэтгэл хатуу байгаад гашуудан, тэдний төлөө залбирсан. Түүний гуйлтын хариуд Их Эзэн дуулгавартай байдлын тухай чухал үнэнийг Нифайд заав. (1 Нифай 2:11–12, 18–21-ийг үзнэ үү.)

Нифай залбирч байгаа нь
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

1 Нифай 2:20–21-ийг уншаад, Нифай дуулгавартай байдлын талаар юу сурсныг олж мэднэ үү.

Энэ сударт өгсөн амлалтын талаар тэргүүлэх бишоп, бишоп Жэралд Коссэй ийн заасан.

Бишоп Жэралд Коссэй

Энэхүү амлалт нь Мормоны Номын түүх, сургаалд голлох байр суурь эзэлдэг. Энэ нь 18 өөр шүлэгт болон 15 номынх нь 7 дээр гардаг. Сударт дурдсан хөгжил цэцэглэлтийн адислал үндсэндээ сүнслэг шинжтэй боловч үүнд Бурханы хүмүүсийн санхүүгийн хувьд хөгжиж дэвшин, материаллаг байдлын хувьд бие даах чадвар мөн орсон байдаг. (“The Spiritual Foundations of Church Financial Self-Reliance,” Ensign, July 2018, 46)

Хаан Бенжамин цамхгаас номлож байгаа нь

Хаан Бенжамин амьдралынхаа эцсийн өдрүүдэд хүмүүсээ цуглуулж, сүүлчийн номлолоо айлдсан. Номлолынхоо хүрээнд, тэрээр бид бүгдээрээ “ашиггүй зарц нар” бөгөөд Бурханы өмнө мөнхөд өртэй байна гэдгийг заасан юм (Мозая 2:20–21). Бидний өрийн тухай өгүүлэхдээ, Бурхан яагаад Өөрийн зарлигуудыг дагахыг биднээс шаарддагийг хаан Бенжамин заасан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мозая 2:22, 41-ийг уншаад, Бурханы зарлигуудыг дагах нь Бурханы сайн сайхныг мэдрэх боломжийг бидэнд хэрхэн олгодог талаар эргэцүүлэн бодно уу.

Инээмсэглэж буй залуу

Бурханы зарлигуудын зорилгын талаар ярихдаа, Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам ийн заасан.

Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Яагаад Бурхан бидэнд зарлигуудыг өгдөг вэ? Энэ нь биднийг Түүний захиргаадалт доор дарах зорилготой юу? Энэ нь мөн дэлхийд жинхэнэ зугаа цэнгэлийг амсах боломжийг үгүй хийх зорилготой юу? Үгүй ээ, харин ч үүний эсрэг буюу Бурхан биднийг хайрладаг учраас зарлигуудыг өгсөн. Тэрээр биднийг толгойн өвчин, зовлон шаналал, харамслаас хол байлгахыг хүсдэг. Энэ амьдралд үнэхээр аз жаргалтай байж, ирэх амьдралд хязгааргүй их баяр баясгаланг мэдрэх цорын ганц арга зам бол Бурханы хуулиудад дуулгавартай байсан Есүс Христийн үлгэр жишээг дагах явдал гэдгийг Тэр мэддэг. (“Obedience Brings Blessings” [address given at Brigham Young University–Hawaii commencement, Apr. 21, 2018], speeches.byuh.edu)

шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Найзтайгаа эсвэл гэр бүлийнхээ гишүүнтэй Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь таны амьдралыг хэрхэн адисалсан талаар ярилц.

3-р хэсэг

Би дуулгавартай байдлын талаар залуу дайчдаас юу сурч болох вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар “Бурханы зарлигуудад итгэлтэй дуулгавартай байх нь Ариун Сүнсийг хүлээн авахад маш чухал” хэмээн заасан. Дараа нь тэр залуу дайчдын дуулгавартай байдлын жишээг онцлоод, “[тэдэнтэй] адил болохыг хичээх ёстой” гэж хэлсэн (“Ариун Сүнсийг хүлээн авах нь,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 104).

Залуу дайчид бол Мозаягийн хөвгүүдээр заалгасны дараа Их Эзэнд хөрвөгдсөн леменчүүдийн хүүхдүүд юм. Энэ леменчүүдийг Аммоны хүмүүс буюу анти-нифай-лихайчууд гэж нэрлэдэг байв. Анти-нифай-лихайчууд хөрвөгдсөнийхөө дараа дахин хэзээ ч дайны зэр зэвсгээ ашиглахгүй гэж Бурханд амласан байв. (Алма 23:4–7, 16–17-г үзнэ үү.) Ийм гэрээ байгуулаагүй залуу хөвгүүд нь хожим нифайчуудын их цэрэгтэй нэгдэж, эх орноо хамгаалах сонголтыг хийсэн юм. Залуу дайчид Хиламаныг удирдагчаа болгохыг хүссэн. Тэд леменчүүдийн эсрэг хэд хэдэн тулаанд оролцсон билээ. Хэдийгээр олон шарх авсан ч гайхамшиг болж, тэдний нэг нь ч тулалдаанд амиа алдаагүй. (Алма 53:10–19; 57:22–25; 58:39-ийг үзнэ үү.)

Хоёр мянган залуу дайчин, Арнольд Фрайбэрг
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Алма 57:21, 27; 58:40-ийг уншина уу. Цэргийн мөргөлдөөний цаадах учир утгыг харж, залуу дайчдын дуулгавартай байдлын үлгэр жишээнээс юу сурч болохыг олж мэднэ үү.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эцэг эхчүүдэд хандаж, хүүхдүүддээ дуулгавартай байдлын ач холбогдлыг заах талаар ярихдаа дараах зөвлөгөөг өгчээ.

Ахлагч Рассэлл М.Нэлсон

Бурханы бүх зарлиг нь Түүний хүүхдүүдийг адисалж, тэдэнд баяр баясгаланг авчрах болно гэдгийг мэдсэний үндсэн дээр зарлигуудыг сахих итгэлийн тухай заагаарай [2 Нифай 2:25-ыг үзнэ үү]. Ямар зарлигуудыг сахиж, ямрыг нь сахихгүй байхаа сонгож болно гэж хэлэх хүмүүстэй тааралдах болно гэдгийг хүүхдүүддээ анхааруул. Үүнийг би дуулгавартай байдалд хандахдаа, зоогийн газарт хоол сонгож буй мэт хандаж байгаа хэрэг гэж боддог. Зарлигуудыг сонгож байж сахих нь явуургүй бөгөөд зөвхөн зовлон руу хөтөлнө. Бурхантай уулзахаар бэлтгэхийн тулд хүн Түүний бүх зарлигийг сахих ёстой. Түүний зарлигуудыг сахихад итгэл хэрэгтэй, харин зарлигуудыг сахиснаар тэрхүү итгэл бэхэждэг. (“Ирээдүйг итгэлээр угт,” 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

Заримдаа бид Бурханы бүх зарлигийг ягштал дагахыг хичээхдээ түүртэх үе гардаг. Аврагч дуулгавартай байх чадварыг маань хэрхэн нэмэгдүүлдэг тухай ойлгоход бидэнд туслахын тулд ахлагч Бэднар ийн заасан.

Ахлагч Дэвид А.Бэднар

Ах, эгч нар аа, дуулгавартай байдлын илүү өндөр, илүү сүнслэг түвшинд хүрэх нь дан ганц хувь хүний шийдэмгий байдал, тэсвэр хатуужил, сэтгэлийн тэнхээтэй байх асуудал биш юм. Үүнд Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын боломж олгогч хүчээр дамжуулан хүрдэг гэдгийг санах нь бидэнд амин чухал юм. (“In a State of Happiness (Mormon 7:7)” [Brigham Young University–Idaho devotional, Jan. 6, 2004], byui.edu)

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Энэ хичээлээр та дуулгавартай байдлын талаар олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн, зарлигуудыг дагаж чадахгүй байгаа хүнд хандан ямар зөвлөгөө өгөх вэ?