Институт
24-р хичээлийн бэлтгэх материал: Их Эзэний чөлөөлөх хүч


“24-р хичээлийн бэлтгэх материал: Их Эзэний чөлөөлөх хүч,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал (2021)

“24-р хичээлийн бэлтгэх материал,” Мормоны Номын сургаал ба номлол: Багшийн материал

24-р хичээлийн бэлтгэх материал

Залбирч байгаа залуу эмэгтэй

Их Эзэний чөлөөлөх хүч

Сорилттой тулгарахдаа та өөрөөсөө “Яагаад ийм зүйл надад тохиолдож байгаа юм бэ?” эсвэл “Их Эзэн яагаад энэ сорилтыг надаас холдуулахгүй байгаа юм бэ?” гэж асууж байсан уу? Мормоны Номоос бид сорилтын эх үүсвэрийн талаар мөн Аврагч руу тусламж эрэлхийлэн хандсанаар хэрхэн адислагдаж болох тухай чухал сургамж авч болно. Та хичээлдээ бэлдэхээр судлахдаа, Есүс Христ таныг дэмжиж, тулгарсан сорилтоос тань аврах үед Түүний хязгааргүй хайр, хүч чадал, мэргэн ухаанд итгэх итгэл найдвараа хэрхэн гүнзгийрүүлж болох талаар бодож үзээрэй.

1-р хэсэг

Зөвийг үйлдсэн ч яагаад надад сорилт тулгардаг вэ?

Мормоны Номд сорилтууд өөр өөр эх үүсвэртэй болохыг харуулдаг. Зарим сорилт нүглээс үүдэлтэй. Жишээлбэл, Зиезром өөрийн гэм нүглийн бурууг мэдэрсэн тул халуурч, өвдсөн (Алма 15:3-ыг үзнэ үү). Амаликаягийн буруу сонголтоос болж нифайчууд болон леменчүүд олон жилийн турш дайтсан (Алма 46:9–10-ыг үзнэ үү). Гэсэн хэдий ч бүх сорилт хорон муу санааны үр дүн биш юм. Лихайн болон Ишмэилийн гэр бүл цөлд аялж явахдаа байгалийн олон бэрхшээлийг туулсан (1 Нифай 16:9–17:4-ийг үзнэ үү).

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс сорилтуудын талаар дараах зүйлсийг ажиглан харсан байдаг.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Мөнх бус амьдралын сургуульд ихэвчлэн зовлон шаналал, саад бэрхшээл багш нь байдаг боловч эдгээрээс ирэх сургамжууд биднийг устгах зорилготой бус, харин цэвэршүүлж, адисалж, хүчирхэгжүүлэх зорилготой байдаг. (“Faith through Tribulation Brings Peace and Joy,” Liahona, May 2003, 17).

Алма Мормоны усанд баптисм хүртээсэн нь, Арнольд Фрайбэрг

Ахлагч Хэйлсийн хэлсэн мэдэгдлийг Алмагийн болон түүний хүмүүст тохиосон үйл явдлаас харж болно. Тэд бошиглогч Абинадайн анхааруулгад итгэсэн. Хүмүүс Их Эзэнд хөрвөгдөж, Алмагаар баптисм хүртээлгэсний дараа, ёс бус хаан Ноагийн их цэрэгт хөөгдөн, цөлд ирдэг. Тэд найман өдөр аялаад, Хилам гэдэг шинэ нутагт ирэв. Тэнд тэд сайн мэдээний дагуу амьдарч, “өнөржин мөн үлэмж дэгжив” (Мозая 23:20). Гэсэн ч эцэст нь леменчүүдийн их цэрэг тэдний амар амгалан байдлыг бусниулж, боолчлолд оруулжээ. (Мозая 17–1823-ыг үзнэ үү.)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мозая 23:21–24-ийг уншаад, Их Эзэн зөв шударга хүмүүст ч гэсэн сорилт бэрхшээл өгдөг шалтгааныг олж мэдээрэй.

шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Сорилт бэрхшээлтэй тулгарах үедээ Их Эзэний мөнхийн хэтийн төлөвийг ойлгохыг эрэлхийлэх нь сорилтыг харах өнцгөө өөрчлөхөд хэрхэн тусалж чадах вэ?

2-р хэсэг

Сорилтын үеэр Их Эзэний цаг хугацаанд итгэх нь яагаад чухал вэ?

Алмаг болон түүний хүмүүсийг Абинадайн наманчлах урилгыг хүлээн авч, цөл рүү зугтсаны дараа хаан Ноа болон түүний бусад хүн бошиглогчийг үгүйсгэсэн ба наманчлаагүй. Нүглийнхээ улмаас тэд леменчүүдэд ялагдаж, боолчлогджээ. Ноагийн хүү Лимхай хааны үед леменчүүд ард түмнээс өндөр татвар авч, ихэд хавчдаг байв. Лимхайн хүмүүс өөрсдийгөө боолчлолоос чөлөөлөх гэж гурван ч удаа оролдоод бүтэлгүйтсэн бөгөөд тэр үеэр олон хүн амиа алджээ. (Мозая 12:2; 19:1–21:12-ыг үзнэ үү.) Эцэст нь тэд Их Эзэнд хандан тусламж гуйв.

Буцсан нь, Дэвид Хоэфт
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мозая 21:13–16-г уншаад, Их Эзэн Лимхайн хүмүүсийг тусламж хүсэн эрэлхийлэхэд нь хэрхэн адисалсныг олж мэднэ үү.

Лимхайн хүмүүсийг өөрсдийгөө үнэхээр даруусгаж, Их Эзэнийг хүлээх үед хаан Мозаягийн илгээсэн эрлийн баг тэднийг олжээ. Эрлийн баг болон хаан Лимхай боолчлолоос хэрхэн гарах талаар хүмүүстэйгээ зөвлөлдөв. Товлосон шөнө тэд леменчүүдэд дарс ихээр өгч, тэд согтон унтжээ. Үүний дараа Лимхайн хүмүүс цөл рүү зугтаж, Зарахемлад эсэн мэнд ирэв. (Мозая 21:23–22:14-ийг үзнэ үү.)

Лимхай болон түүний хүмүүс Зарахемла руу зугтсан нь, Стивэн Ллойд Нийл

Энэ цэдэгт дүрсэлснээр, Их Эзэнд Лимхайн хүмүүсийг чөлөөлөх Өөрийн зорилго, цаг хугацаа байсан.

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Сайн мэдээний анхдагч зарчим бол Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл мөн. Итгэл бол Бурханы таалал, аливаа зүйлийг гүйцэтгэх Түүний арга зам, цаг хугацаанд итгэж найдах явдал юм. Бид өөрсдийн цаг хугацааг Түүнд тулгах ёсгүй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл А.Максвэллын хэлсэнчлэн,

“Бидний хувьд тулгамдаж буй асуудал бол Бурханд болон Түүний цаг хугацаанд итгэж найдах явдал юм. Хэрэв Тэр үнэхээр бидний сайн сайхны төлөө зүтгэдэг гэдэгт итгэх юм бол Түүний төлөвлөгөөг Өөрийнх нь үзэж байгаагаар хамгийн сайнаар нь гаргуулахгүй гэж үү?” [Even As I Am (1982), 93.] (“Timing,” Ensign, Oct. 2003, 12)

шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Лимхайн хүмүүсийн туршлагаас сурч мэдсэн зүйлээ ашиглан, сорилт бэрхшээлийн үед Түүнд хандсан хүмүүсийг Их Эзэн хэрхэн дэмжиж, чөлөөлдөг тухай зарчмуудыг тэмдэглэж аваарай. Эдгээр зарчмыг ангидаа хуваалцахад бэлд.

3-р хэсэг

Би өөрт тулгарсан сорилтыг даван туулахдаа Их Эзэнээс хэрхэн хүч чадал авч болох вэ?

Леменчүүдийн их цэрэг Лимхайн хүмүүсийн араас мөшгиж байсан ч замдаа төөрчээ. Тэд эцэст нь леменчүүдийн их цэрэгт нэгдсэн Ноагийн ёс бус тахилчдыг олов. Цөлд аялж явахдаа тэд Алмагийн зөв шударга хүмүүсийг олж, боолчлолд оруулжээ. Ноагийн ёс бус тахилчдын нэг байсан Амюлоныг Алмагийн ард түмнийг захирах лемен үндэстэн хаанаар өргөмжлөв. Амюлон хүмүүсийн дээр хянагчдыг томилж, залбирсан хүнийг олох л юм бол ална гэж заналхийлжээ. (Мозая 22:15–16; 23:25–24:1; 24:8–11-ийг үзнэ үү.)

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Мозая 24:10–16-г уншаад, Их Эзэн зовлон бэрхшээл тулгарах үед нь Алмагийн хүмүүст хэрхэн тусалж байсныг олж мэдээрэй. Та мөн цаг гарган, Тэрээр сорилт бэрхшээл, зовлон зүдгүүртэй үед таныг хэрхэн тайтгаруулж, зоригжуулж байсан талаар тунгаан бодно уу.

Алмагийн хүмүүс итгэл, тэвчээрээ хөгжүүлж, эцэст нь Их Эзэн тэднийг чөлөөлжээ. Тэрээр “леменчүүдийг гүн нойронд авт[уулж]” (Мозая 24:19), Алма болон түүний хүмүүст Зарахемлагийн газар луу зугтах боломж олгосон. (Мозая 24:17–25-ыг үзнэ үү.)

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар энэ үйл явдлын талаар ийн заасан.

Ахлагч Дэвид А.Бэднар

Эдгээр ачаа дарамт, саад бэрхшээлийг хүмүүсээс тэр дор нь зайлуулаагүй. Харин Алма болон түүний дагалдагчид хүчирхэгжиж, чадвар нь өссөнөөр ачаа нь хөнгөрчээ.

Бидний хүн нэг бүрийн амьдралдаа үүрч явдаг ачаа Ариун Мессиагийн зөв шударга үйлс, нигүүлсэл, ач ивээлд найдахад бидэнд тусалдаг (2 Нифай 2:8-ыг үзнэ үү). Аврагч бидэнд ачаагаа амархан даахад туслах болно гэдгийг би гэрчилж бас амлаж байна (Мозая 24:15-ыг үзнэ үү). Бид ариун гэрээнүүдээр дамжуулан Түүнтэй хамт буулганд орж, Түүний … эдгээгч хүчийг амьдралдаа хүлээн авснаар Түүний хүслийг ойлгож, Түүний хүслийн дагуу амьдрахыг илүү их эрэлхийлэх болно. Бид бас өөрсдийн нөхцөл байдлыг өөрчлөгдөөсэй гэж биш, харин нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрч, тэдгээрээс суралцах хүч чадлын төлөө, Бурхан Өөрийнхөө хүслээр бидний нөхцөл байдлыг өөрчлөөсэй гэж шаргуу залбирах болно. (“Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 107, 108)

Аврагчтай уулзсан нь, Жэн Толман
шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр ачаагаа даах чадварыг тань нэмэгдүүлж байсан янз бүрийн арга замуудын талаар эргэцүүлэн бодоорой. Тэдний тусламжийг авахын тулд залбиран байж талархлаа илэрхийлэх талаар бодож үзнэ үү.