2020
Кэллигийн залбирал
2020 оны 6-р сар


Кэллигийн залбирал

Зураг
Kellys Prayer

Кэлли ээжтэйгээ сүмийн цуглааны байр руу очоод, эргэн тойрноо харав. Сүмийн гадаа дал мод найган, үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Барилга дээр “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм” гэсэн нэр байв. Үүнийг малай, хятад, англи гэсэн гурван өөр хэл дээр бичсэн байв!

Кэлли Есүс Христийн талаар тийм ч их зүйл мэдэхгүй ба өмнө нь сүмд ирж байгаагүй юм. Ээжийнх нь найз Ли Лийн энэ сүмд явдаг байв. Тэр Кэллиг ээжтэй нь хамт ирэхийг урьсан байна.

Тэднийг дотогш ороход хүмүүс инээмсэглэн, мэндэлж байв. Хүн бүр сайхан хандаж байлаа. Кэлли ээжтэйгээ Ли Лийнийг даган, дээд давхрын том өрөөнд оров. Ли Лийн үүнийг ариун ёслолын танхим гэв.

Кэлли олон эгнээ сандлуудын дунд ээж, Ли Лийн хоёрын хажууд сууж, цуглаан ч удалгүй эхлэх болов. Тэр дуу хөгжмийг сонсож байлаа. Тэр үгийг нь мэдэхгүй ч хөгжим түүнд таалагдаж байв.

Цуглаан дуусахад нэг эмэгтэй залбирахаар босов. Хүн бүр гараа зөрүүлэн тэвэрч, нүдээ анихад Кэлли эргэн тойрноо харав. Тэр дотроо ямар нэгэн сайхан зүйлийг мэдэрчээ. Энэ юу байсан бэ? Энэ бүхэн түүний өмнө нь мэдэрч байсан бүхнээс өөр байв.

Кэлли хожим нь ээжтэйгээ сүмээс гарч явахдаа залбирлын үеэр мэдэрсэн мэдрэмжээ ээждээ хэлэв.

“Би ямар ч онцгой зүйл мэдрээгүй” гэж ээж нь хэлэв.

Гэвч Кэлли Сүм дээр мэдэрсэн зүйлийнхээ талаар бодсоор л байв. Түүнд залбирал таалагдсан байв. Түүнд Есүсийн талаар сонсох сайхан санагджээ.

“Номлогчид надад зааж чадах болов уу?” гэж Кэлли ээжээсээ асуув. “Би илүү их зүйлсийг сурахыг хүсэж байна.”

“Хэрэв чи хүсэж байвал болно” гэж ээж нь хэлэв.

Номлогчид Кэллид хэрхэн залбирч, судраас унших талаар зааж өгөв. Тэд Есүсийн талаар, Тэр бидэнд хэчнээн их хайртайг түүнд заав. Кэллид мэдэж авсан бүхэн нь таалагджээ.

Нэг өдөр номлогчид түүнд онцгой даалгавар өгчээ.

“Чи энэ долоо хоногийн туршид залбирах гэж оролдож үзэх үү?” гэж номлогч Паркер асуув.

Кэлли одоо болтол зөвхөн номлогчидтой хамт залбирдаг байсан ч өөрөө оролдож үзэхээр шийдэв. Тэнгэрлэг Эцэг үргэлж сонсдог бөгөөд Тэр түүнийг сонсохыг хүсэж байгааг тэр мэддэг болсон.

“Би залбирна” гэж тэр амлав.

Маргааш нь сургууль дээр нь онцгой өдөр болов. Кэлли тэмцээн дээр дуулах гэж байв. Тэр нэгэн шинэ, гайхалтай хятад дуу сурсан байв. Бүх нот, аяыг сурах хэцүү байсан ч тэр олон дахин давтжээ.

Кэллигийн тайзан дээр гарах цаг болоход тэр сандарч байлаа. Тэр өглөө дүрэмт хувцасныхаа халаасанд хийсэн Есүсийн зургийг гаргаж ирэв. Тэр номлогчдын зааж өгснөөр залбирахаар шийдэв. “Тэнгэрлэг Эцэг минь, сандрахаа болиход минь туслаач” гэж тэр залбирав. “Есүс Христийн нэрээр, амен.”

Дараа нь Кэлли тайзан дээр гарав. Тэр үзэгчид болон шүүгчид рүү харав. Түүнийг халаасандаа байгаа Есүсийн зургийн талаар бодоход түүний сэтгэл санаа дээрдэв. Тэр гүнзгий амьсгал аваад, дуулж эхэллээ.

Тэр давтаж байсан шигээ бүх үгээ хэлж дуулав. Кэлли сүүлийн нотоо дуулж, ёслохдоо Тэнгэрлэг Эцэг залбирлыг нь сонсож мөн түүнд тусалсныг мэдэж байлаа.

Кэлли инээмсэглэн тайзнаас буув. Тэр юу болсноо номлогчдод хэлэхээр тэсэн ядан хүлээж байлаа. Тэр өдөр бүр залбирахыг хүсдэг болсон байв. ●

Зургийг Тамми Лион

Хэвлэх