2020
Далайн морь шиг сэлсэн нь
2020 оны 6-р сар


Далайн морь шиг сэлсэн нь

“Ариун Сүнс та нарын хийвэл зохих бүх зүйлийг та нарт хэлэх болно” (2 Нифай 32:5).

Зураг
Swimming Like a Seahorse

Робин усан бассейн руу ширтэж байв. Тэр хэр хол усанд сэлэхээ бодохгүй байхыг хичээж байлаа. Хамгийн чухал зүйл бол тэмдгийг авах явдал юм. Seepferdchen (далайн морь) гэдэг тэмдэг нь Герман дахь хүн бүрд түүнийг ганцаараа сэлж чаддагийг нь харуулах байв.

Би үүнийг хийж чадна! гэж Робин бодов. Тэр гүнзгий амьсгаа аваад, үсрэн оров.

Ус энд тэндгүй цацарлаа!

Ийм халуун өдөр хүйтэн ус маш сайхан байв.

Дараачийнхаа нэг метрт л анхаарал төвлөрүүл гэж аав нь түүнд хэлсэн байв. Бүх 25 метрийн талаар нэг дор бодож болохгүй.

Робин толгойгоо доош болгов. Тэр гар, хөлөө хэдэн сарын турш дасгал хийснийхээ дагуу хөдөлгөж, хэдэн секунд болоод л амьсгалахаар дээш цухуйж байв.

Жийгээд, сэлүүрд. Жийгээд, сэлүүрд.

Гэнэт сэлэлтийн багш шүглээ үлээв. Робин гайхсан харцаар харав.

“Чи маш сайн байлаа” гэж багш нь хэлэв.

Тэр чадсан байв!

Робин инээгээд, энэ баяраа тэмдэглэх гэж усан доор хэдэн удаа эргэв. Тэр далайн морь болсон!

Робин гэртээ хариад, аавыгаа олохоор яарав.

Аав аа, хар даа!

Робины аав алхаа доош тавив. Аав нь seepferdchen тэмдгийг хармагцаа нүүр дүүрэн инээмсэглэжээ.

“Чиний анхны оролдлого байсан уу?” Аав нь Робиныг тэврэн аваад, “Чи яаж тэмдэглэмээр байна?” гэв.

Робин хэсэг бодсоноо, “Тантай цуг усан бассейнд очихыг хамгийн их хүсэж байна. Би танд юу чаддагаа харуулмаар байна” гэлээ.

Аав нь улам их инээв. “Одоо тэгвэл тэр чинь чи бид хоёрын хоёулангийнх нь хувьд тэмдэглэлт зүйл болно. Цаг гармагц хоёулаа явъя.”

Робин агаарт нударгаараа хий цохив. Тэрбээр усныхаа хувцсан дээр энгэрийн тэмдгээ зүүгээд, аавтайгаа сэлэхээр явна гэхээс тэсэж ядан байв.

Хэдэн өдөр өнгөрлөө. Робин бассейны талаар асуусаар байсан боловч ямар нэгэн ажил гарч ирсээр байв. Аав нь байнга л завгүй байгаа юм шиг байлаа.

Нэг өглөө Робин орныхоо дэргэд залбирахаар өвдөг сөгдөн суув. Залбирлынхаа төгсгөлд тэр нэг зүйл нэмж хэлэв.

“Аав бид хоёрыг бассейн руу хамт явахад зориулж, түүнд цаг гаргаж өгөөч. Есүс Христийн нэрээр, амен.”

Робин нүдээ нээгээд, аавыгаа хаалга тогшиж байгааг сонсов.

“Бассейн руу явцгаая. Би чамайг яаж хийхийг чинь хармаар байна!”

Робин газар хүрэхгүй баярлав. “Аав аа! Та итгэхгүй дээ. Би дөнгөж сая биднийг хамтдаа явахад зориулан танд цаг гаргаж өгөөч гэж залбирсан.”

Аав нь гараа энгэртээ зөрүүлээд, хаалга налан зогсов. “Тийм үү, сонирхолтой л юм байна. Чамайг бассейн рүү аваачих хэрэгтэй гэж Ариун Сүнс намуухан, тов тодорхой хэлэхийг би дөнгөж сая сонссон. Тэгвэл бид үнэхээр явах хэрэгтэй.”

Тэд цагийг гайхалтай өнгөрөөв. Робин аавдаа 25 метрийн зайд зогсохгүйгээр яаж сэлж чаддагаа үзүүллээ. Аав нь маш сэтгэл хангалуун байв. Робин ч бас аавынхаа усан доорх эргэлтэд сэтгэл нь догдолжээ. Аав нь нэг дор тав эргэж чадаж байв.

“Тэнгэрлэг Эцэг өнөөдөр танд цаг зав гаргаж өгсөнд би баяртай байна” гэж Робин хэлэв.

“Үнэндээ би л өөрийгөө хэт завгүй байлгаад байсан байна лээ. Ариун Сүнс нэг нэгэндээ цаг гаргах хэрэгтэйг надад сануулсан гэж би бодож байна. Тийм үү? Би хамгийн сайнаараа байх болно гэж амлаж байна.”

Робин инээмсэглэв. “Би ч гэсэн.”

Аавын нүдэнд инээмсэглэл тодров. “Өөр нэг зүйл байна. Би хэзээ ч ус үсэргэж тоглоход хожигдож байгаагүй гэж чамд хэлж байсан бил үү? “

Робин дахиад инээмсэглэв. “Өдөр дуусах арай болоогүй байв!” ●

Зургийг Марк В.Робинсон

Хэвлэх