Өмнөх хэвлэлт
Танилцуулга


Танилцуулга

Энэ бүлэг намайг хувийн бизнесээ эхлүүлэх эсвэл өргөжүүлэхэд туслах уу?

Бизнес эхлүүлэх эсвэл өргөжүүлэх нь хялбар биш байдаг ч, таны хамрагдсан бие даах чадвар хөгжүүлэх бүлэг бизнесийн тал дээр ухаалаг шийдвэр гаргахад тань тусална. Та энэ бүлгийн цугларалтуудад оролцохдоо тодорхой үйлдэл хийх амлалт өгөх болно. Энэ бүлэг танд шинэ шинэ санаа өгч, урамшуулан дэмжинэ. Энэ бүлгийн зорилго бол таныг зөвхөн бизнес хийхэд туслах төдийгүй, бас Их Эзэнд итгэж, илүү дуулгавартай байхад, мөн илүү их итгэлээр үйлдэж, сүнслэг болон материаллаг байдлын хувьд бие даах талаарх Түүний амлагдсан адислалуудыг хүлээн авахад туслах явдал юм.

Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг гэж юу вэ?

Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг бол Сүмийн анги, хичээл, семинараас ялгаатай. Энэ бүлэгт багш, удирдагч эсвэл дадлагажуулагч гэж байхгүй. Бүлгийн гишүүд хамтдаа суралцаж, нэг нэгнээ урамшуулан дэмждэг. Бид нэг нэгнийхээ өмнө өгсөн амлалтаа хэр биелүүлсэнд хариуцлага тооцож, асуудал гарвал хамтдаа авч хэлэлцэнэ.

Бүлгийн гишүүд юу хийдэг вэ?

Цугларалтад гишүүд үйлдэл хийх амлалт өгнө. Бид зөвхөн суралцаад зогсохгүй, биднийг бие даахад туслах зүйлсийг хийж гүйцэтгэх болно. Бид амлалт өгч, нэг нэгэндээ уг амлалтаа биелүүлэхэд нь тусалж, хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнана. Бүлгийн үйл ажиллагаа зөвлөл маягаар явагддаг учраас цугларалтдаа тогтмол, хоцролгүй оролцож байх нь чухал юм. Энэ дасгалын ном болон “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил,” “Миний бие даах чадвартай болох арга зам”товхимлуудыг авч ирсэн байх ёстой. Бүлгийн цугларалт бүр ойролцоогоор хоёр цаг үргэлжилнэ. Өгсөн амлалтынхаа дагуу үйлдэхэд өдөрт нэгээс хоёр цаг шаардагдана.

Зохицуулагч юу хийдэг вэ?

Зохицуулагч нь боловсрол олгоход, эсвэл зааж сургахад мэргэшсэн хүн биш юм. Тэд бүлгийг удирддаггүй буюу бүлэгт заадаггүй. Тэд зөвхөн материалыг яг бичигдсэний дагуу дагаж мөрдөхөд бүлгийнхэнд тусална. Ихэвчлэн бие даах чадварыг хөгжүүлэх мэргэжилтэн бүлгийн цугларалтыг зохицуулдаг ч, хэдэн долоо хоног өнгөрсний дараа, шаардлага гарвал, бүлгийн гишүүдээс хэн нэгнийг зохицуулагчаар томилж болно. Нэмэлт мэдээллийг Удирдагчийн удирдамж болон srs.lds.org вэбсайт дээр байршуулсан дагалдах видео бичлэгүүдээс үзнэ үү.

Төгсөлтийн гэрчилгээ

Бүх цугларалтад оролцсон, өгсөн амлалтуудаа биелүүлсэн бүлгийн гишүүд бизнесийн аж ахуй эрхлэх гэрчилгээ (197-198-р хуудсыг үз), бие даах чадвар хөгжүүлэх төвийн гэрчилгээ (29-р хуудсыг “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлоос үз) зэрэг ХҮГ Бизнесийн Коллежийн гэрчилгээнүүдийг хүлээн авахад тэнцэх болно.