7-р бүлэг Усан онгоц барьсан нь Лихайн гэр бүлийг тэнгисийн эрэг дээр олон хоног буудалласны дараа Их Эзэн Нифайтай ярив. Тэрээр түүнд гэр бүлээ амласан газарт хүргэх усан онгоц барь гэж хэлэв. 1 Нифай 17:7–8 Нифай усан онгоц хэрхэн барих талаар мэдэхгүй байсан боловч Их Эзэн түүнд үзүүлэх болно гэж хэлжээ. Их Эзэн Нифайд хэрэгцээтэй багажаа хийх төмрийг хаанаас олж болохыг хэллээ. 1 Нифай 17:9–10 Лемен, Лемүел хоёр Нифайг усан онгоц барихыг хүсэж байгааг нь хараад дооглон тохуурхав. Их Эзэн Нифайд хэрхэн барихыг үзүүлсэн гэдэгт тэр хоёр итгэсэнгүй. Тэд туслахаас татгалзсан. 1 Нифай 17:17–18 Нифай Лемен, Лемүел хоёрт эсэргүүцэхээ больж, наманчил гэж хэлэв. Тэр тэдэнд тэнгэр элч харсныг нь санууллаа. Мөн тэр тэдэнд Бурхан бүх зүйлийг хийх хүчтэй гэдгийг хэлэв. 1 Нифай 17:45–46 Лемен, Лемүел хоёр Нифайд ихэд уурлаж, түүнийг тэнгис рүү шидэхийг хүсжээ. 1 Нифай 17:48 Тэр тэднийг өөрт нь ойртон ирэхэд, өөрийгөө Бурханы хүчээр дүүрэн байгаа тул гар бүү хүр гэжээ. Лемен, Лемүел хоёр олон өдрийн турш айж байв. 1 Нифай 17:48, 52 Тэгэхэд Их Эзэн Нифайд Лемен, Лемүел хоёрт гар хүр гэж хэлэв. Нифайг гар хүрэхэд Их Эзэн тэднийг цохив. Лемен, Лемүел хоёр Нифайд Бурханы хүч байгааг мэджээ. 1 Нифай 17:53–55 Нифай Лемен, Лемүел хоёрт эцэг эхээ сонсож, Бурханыг дуулгавартай дага гэж хэлэв. Хэрэв тэд үүнийг хийвэл адислагдах болно гэж Нифай хэлжээ. 1 Нифай 17:55 Лемен, Лемүел хоёр наманчилж, Нифайд усан онгоц барихад нь тусалсан. 1 Нифай 18:1 Нифай тусламж гуйн залбирахаар олон удаа ууланд гарчээ. Их Эзэн түүнд усан онгоц хэрхэн барихыг зааж өгөв. 1 Нифай 18:3 Нифай ба түүний ах нар усан онгоцоо барьж дуусаад, сайн усан онгоц болсныг мэдэж байлаа. Тэд тусалсных нь төлөө Бурханд талархлаа илэрхийлэв. 1 Нифай 18:4