8-р бүлэг Далайг гаталсан нь Их Эзэн барьсан усан онгоцон дээрээ гэр бүлийнхнээ гарга гэж Лихайд хэлэв. Тэд усан онгоцондоо жимс, мах, зөгийн бал, амлагдсан нутагт очоод тарих үр зэргийг ачсан. 1 Нифай 18:5–6 Хүчтэй салхи үлээж, усан онгоцыг амлагдсан нутаг тийш тууж байв. 1 Нифай 18:8 Лемен, Лемүел болон бусад зарим нь ёс бус болж эхлэв. Нифайг тэдэнд үүнийгээ боль гэж хэлэхэд тэд уурлаж, түүнийг олсоор хүлсэн. 1 Нифай 18:9–11 Тэдний ёс бус байдлаас болж Лиахона ажиллахаа болив. Тэд усан онгоцоо аль зүгт залахаа мэдэхгүй байлаа. Аймшигт шуурга усан онгоцыг гурван хоногийн турш буцааж туув. 1 Нифай 18:12–13 Лихай Лемен, Лемүел хоёрт Нифайн хүлээсийг тайл гэж хэлсэн ч тэд сонссонгүй. Лихай, Сариа хоёрын сэтгэл ихэд зовсноос болж өвджээ. 1 Нифай 18:17 Нифайн эхнэр, хүүхдүүд уйлан, Лемен, Лемүел хоёроос Нифайн хүлээсийг тайлж өгөхийг гуйсан ч тэд татгалзав. 1 Нифай 18:19 Дөрөв дэх өдөр нь шуурга улам ширүүсэж, усан онгоц живэх гэж байв. 1 Нифай 18:14–15 Бурхан уг шуургыг илгээсэн гэдгийг Лемен, Лемүел хоёр мэдэж байсан. Тэд живэхээс айж байлаа. 1 Нифай 18:15 Эцэст нь, Лемен, Лемүел хоёр нүглээ наманчлан, Нифайн хүлээсийг тайлав. Нифайн бугуй, шагай хүлээснээс болж хавдаж, өвдөж байсан ч тэр энэ тухай гомдоллосонгүй. 1 Нифай 18:15–16 Нифайг Лиахонаг авахад тэр нь ажиллаж эхлэв. Нифайг залбирахад салхи намдаж, далай тогтуун болсон. 1 Нифай 18:21 Нифай усан онгоцыг залж, усан онгоц амлагдсан нутаг тийш дахин хөвөв. 1 Нифай 18:22