Семинар
2-р хэсэг: 1 дэх өдөр, 1 Нифай 1


2-р хэсэг: 1 дэх өдөр

1 Нифай 1

Оршил

Мормоны Ном нь бошиглогч болон гэр бүлийнхээ санваартны удирдагчийн үүргийг итгэлтэйгээр биелүүлсэн эцэг Лихайнхаа тухай бичсэн Нифайн шастираар эхэлдэг. Лихайн үйлчлэлийг ойлгох нь өнөө үеийн бошиглогчдын үүргийг илүү сайн ойлгоход бидэнд тусалж чадна. Тэр бол “[Иудейчүүдийг] наманчлах ёстой хэмээн бошиглож байсан олон бошиглогчдын”(1 Нифай 1:4) нэг байлаа. Лихай Бурханд дуулгавартай байж, Иерусалимын устгалын тухай бошиглож байсан учраас хүмүүс түүнийг шоолж, алахыг эрэлхийлж байв. Гэсэн ч Лихай Их Эзэний нигүүлсэл ба чөлөөлөлтийн хүчинд баярлаж байлаа. Та нар 1 Нифай 1-ийг судлахдаа таны амьдралд Бурханы нигүүлсэл ба оролцоо хэрхэн харагдсан тухай тунгаан бод.

1 Нифай 1:1–3

Нифай цэдгээ эхэлсэн нь

1 Нифай 1:1-ийг уншиж, Нифайн амьдрал ямархуу байсан тухай өгүүлсэн түлхүүр үг хэллэгүүдийг ол.

  1. 1-р шүлгээс уншсан зүйлээсээ таны амьдрал Нифайн амьдралтай ямар талаараа адил төстэйг судрын тэмдэглэлдээ бичнэ үү.

  2. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Нифай “өчнөөн зүдгүүрийг туулсан ч “Их Эзэний өндөр ээл хишиг”-ийг хэрхэн хүртсэн гэж та бодож байна вэ?

1 Нифай 1:4–20

Лихай үзэгдэл хүлээн авч, Иерусалим устгагдах тухай хүмүүст сэрэмжлүүлсэн нь

Эцэг эх тань эсвэл Сүмийн удирдагчид ямар нэг аюултай зүйлийн тухай өөрт тань сэрэмжлүүлсэн үеийн тухай бод. Өөрийг тань сэрэмжлүүлсэн тэдний учир шалтгаан юу байсан бэ?

Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг бөгөөд бидэнд хор хөнөөл учруулагч нүглээс ангид, аюулгүй байхыг биднээс хүсдэг. Бурхан бошиглогчдоор дамжуулан хүүхдүүдээ сэрэмжлүүлдэг нь Түүний ашигладаг арга замуудын нэг юм. Бошиглогчид нүглээс сэрэмжлүүлж, Есүс Христээр дамжин ирдэг авралын тухай заадаг. 1 Нифай 1-ийг судлахдаа энэ зарчмын нотолгоог ол. Хэрэв хүмүүс наманчлахгүй бол тэдэнд юу тохиолдох тухай олон бошиглогч номлож, сэрэмжлүүлж байсан тухай Нифай бидэнд ярьснаар цэдгээ эхэлжээ (1 Нифай 1:4). 1 Нифай 1:5–7-г уншиж, Лихай юуны талаар, хэрхэн залбирч байсныг судартаа тэмдэглэ. Их Эзэнд хандсан Лихайн залбирал нь тэрээр бошиглогчдын хэлсэн зүйлсэд итгэдэг байсныг харуулдаг.

1 Нифай 1:8–10-ыг уншиж, Лихайн үзэгдэлд харсан бүх зүйлийг дугуйл.

  • Бурхан

  • Есүс Христ

  • Тэнгэр элчүүд

  • Бусад Арванхоёр

Зураг
Лихай

1 Нифай 1:11–12-ыг уншиж, өөрт нь өгсөн номыг Лихай уншихад түүнд юу тохиолдсоныг анхаар. Их Эзэн энэ илчлэлтээр дамжуулан Лихайг Иерусалимын хүмүүсийн дунд үйлчлэхэд бэлтгэсэн юм. 1 Нифай 1:13-ыг уншиж, Лихай Иерусалимын талаар юу заасныг тэмдэглэ. Та уншихдаа өөрийгөө Лихайн оронд тавьж, эдгээр зүйлс гэр оронд тань болон төрөлх хотод тань тохиолдоно гэж Их Эзэн хэлсэн бол танд ямар санагдахыг төсөөлөн бод.

Өөрийнх нь хүмүүс болон төрөлх хот нь устгагдах болно хэмээн сэрэмжүүлсэн нь Лихайд үнэхээр хүнд байсан нь тодорхой. Гэсэн ч Лихай Иерусалимыг устгагдах болно гэдгийг мэдсэн хэрнээ яагаад баяртай байсныг, 1 Нифай 1:14–15-ыг уншиж ол.

  1. Дараах асуултын талаарх бодлоо судрын тэмдэглэлдээ бич: 1 Нифай 1:5–15 дахь Лихайн туршлага нь хүмүүст зааж, тэднийг наманчлалд урих түүний хүсэлд хэрхэн нөлөөлсөн байж болох вэ?

Лихай Иерусалимын талаар сэрэмжлүүлэгдсэний дараа мэдсэн зүйлийнхээ тухай Иерусалимын хүмүүстэй хуваалцжээ. Хэрэв тэд наманчлахгүй бол устгагдах болно гэдгийг тэр тэдэнд сануулсан ажээ. 1 Нифай 1:18–20-ийг уншиж, Иерусалимын хүмүүс хэрхэн хариулсныг ол. Өөрийгөө нэг сонины эрхлэгч гэж бодоод 1 Нифай 1:18–20-ийн талаар тэргүүн өгүүлэл бичих болжээ гэж төсөөл. Таны өгүүлэл ямар байх вэ?

Зураг
Лихай Иерусалим дахь хүмүүст бошиглосон нь

Дараах үгийг тунгаан бод:

“Эртний бошиглогчдын адил өнөөдөр бошиглогчид Есүс Христийг гэрчилж, Түүний сайн мэдээг заадаг. Тэд Бурханы хүсэл болон үнэн бодит шинж чанарыг гаргаж ирдэг. Тэд нүглийг буруушаан, үүний үр дагаврыг сануулан ил тод зоригтойгоор хэлдэг. Зарим үед тэд бидний тусын тулд ирээдүйн үйл явдлыг бошиглохоор бурханлигаар нөлөөлөгдөж болно (Итгэлдээ үнэнч байх нь [2004], 57).

  1. Бошиглогч хүн эсэргүүцэлтэй тулгарлаа ч гэсэн ямар үүрэг хариуцлага хүлээдэг тухай нэг өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өөрийн үгээр бич.

Нифай аавдаа тохиолдсон Иерусалим дахь туршлагын талаар бичихдээ 1 Нифай 1:20-р шүлгийн дунд “Гэвч болгоогтун, … би, Нифай та нарт үзүүлэх болно …” гэсэн хэллэгээр эхэлсэн захиасыг уншигчид зориулан нэмсэн юм. Нифай бичээстээ тодорхойлсон нэгэн сэдвийг энэхүү шүлгээр илэрхийлсэн байдаг. 1 Нифай 1:20 дахь энэ сэдвийн доогуур зураад, Moронай 10:3-ыг уншиж, үүнтэй адил сэдвийг ол. (Moронай бол Мормоны Номын бошиглогчдын сүүлчийнх нь байсан юм. Нифайн үеэс Моронайн үе хүртэлх хугацаа нь 1000 жил орчим байсан.)

Нифай, Мормоны Номын нэгдүгээр бүлэгт “Их Эзэний нигүүлсэл” байдгийг (1 Нифай 1:20) бидэнд үзүүлэх болно хэмээн бичээстээ мэдэгдсэн байгааг анхаар. Моронай, Мормоны Номын сүүлчийн бүлэгт “Их Эзэн хэчнээн нигүүлсэнгүй байсаар буйг” (Moронай 10:3) бидэнд сануулсан юм.

Зураг
Ахлагч Дэвид А.Бэднар

Нифай цэдгийнхээ бүр эхнээс, Их Эзэн Өөрт нь итгэдэг хүмүүст нигүүлсэнгүй ханддаг гэдгийг ойлгохыг биднээс хүссэн юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Дэвид A.Бэднар, Их Эзэний нигүүлсэл бидний амьдралд хэрхэн хэрэгждэгийг тайлбарлажээ. Түүний тайлбарыг уншихдаа “Их Эзэний нигүүлсэл”-ийг дүрслэхийн тулд Ахлагч Бэднарын ашигласан үг хэллэгүүдийг дугуйл:

“Их Эзэний нигүүлсэл бол нэн хувийн шинжтэй өөрөөр хэлбэл, Их эзэн Есүс Христээс бидний хүлээн авдаг болон Түүгээр дамжуулан ирдэг адислал, хүч чадал, хамгаалалт, баталгаа, удирдамж, хайрын нинжин сэтгэл, тайтгаруулал, дэмжлэг, сүнсний бэлэг нь хувь хүнд зориулагдсан байдаг. …

… Их Эзэний нигүүлсэл хэн нэгэнд тохиолдлоор эсвэл санамсаргүйгээр ирдэггүй. Итгэл бишрэл, дуулгавартай байдал, даруу зан бидний амьдралд нигүүлслийг урьдаг бөгөөд ихэнхдээ эдгээр чухал адислалуудын үнэ цэнийг ойлгох боломжийг бидэнд олгодог нь Их Эзэний цаг хугацааны дагуу ирдэг.” (“The Tender Mercies of the Lord,” Ensign ба Лиахона, 2005 оны 5-р сар, 99–100).

  1. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Их Эзэн таны болон таны таньдаг хэн нэгний амьдралд нигүүлслээ үзүүлсэн ямар жишээг та харсан бэ?

Их Эзэн танд нигүүлслээ хэрхэн үзүүлснийг олж хувийн тэмдэглэлдээ бичиж эхэл, эсвэл үргэлжлүүлэн бич. Ингэснээр та, Бурхан өөрийг тань хэрхэн адисалсныг амархан олж харна.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 1 Нифай 1-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх