Семинар
11-р хэсэг: 4 дэх өдөр, Мозая 5–6


11-р хэсэг: 4 дэх өдөр

Moзая 5–6

Оршил

Moзая 5-р бүлэг нь Moзая 2-р бүлэгт эхэлсэн хаан Бенжамины хүмүүстээ хандан хэлсэн үгсийг төгсгөдөг. Хаан Бенжамины хэлсэн үгэнд итгэсэн хүмүүс зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдэрсэн. Тэд Бурхантай гэрээнд орж, өөрсдөдөө Есүс Христийн нэрийг хүлээн авсан юм. Moзая 6-р бүлэгт цэдэглэснээр, Бенжамин хаант улсаа засаглах эрхийг өөрийн хүү Мозаяд шилжүүлэн өгдөг бөгөөд Мозая эцгийнхээ жишээг даган зөв шударгаар засаглав.

Moзая 5:1–4

Хаан Бенжамины хүмүүс агуу өөрчлөлтийг мэдрэв

Дараах асуултуудын талаар бод: Та өөрийнхөө ямар нэгэн юмыг өөрчлөхийг хүсч байсан уу? Та тэр талаараа юу хийсэн бэ?

Хүн бүр амьдралдаа агуу өөрчлөлт хийх хэрэгтэйг Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн тайлбарлажээ: “Есүс Христийн сайн мэдээний үнэн мөн чанар нь ‘Ариун Мессиагийн сайн үйл мөн нигүүлсэл, мөн ач ивээлд’ найдсанаар бий болдог бидний мөн чанарын хөдлөшгүй гол өөрчлөлтийг шаарддаг (2 Нифай 2:8). Эзэнийг дагахаар сонгох үедээ бид өөрчлөгдөхийг, сүнслэгээр дахин төрөхийг сонгодог” (“Ye Must Be Born Again,” Ensign, Лиахона, 2007 оны 5-р сар, 20).

Дараах өгүүлбэрийг судартаа Moзая 5:2-ын хажууд бичих хэрэгтэй: “Эзэнийг дагахаар сонгосноор бид өөрчлөгдөхийг сонгодог.”

Есүс Христийг дагахаар сонгохдоо бид ямар замаар өөрчлөгдөхийг сонгодог гэж та бодож байна вэ?

Хаан Бенжамины үгсийн гол хэсгийг санахын тулд Moзая 3 болон Moзая 4-р бүлгүүдийн бүлгийн тоймыг дахин унш. Номлолынхоо төгсгөлд хаан Бенжамин Есүс Христийн Цагаатгалын талаар заасан үгсэд нь итгэсэн эсэхийг хүмүүсээсээ асуув (Moзая 5:1-ийг үзнэ үү). Moзая 5:2–4-ийг уншаад, хааныхаа үгийг сонссоны дараа хүмүүсийн зүрх сэтгэлд юу өөрчлөгдсөнийг ол. Уншихдаа “Хүсэл” (Moзая 5:2) гэдэг нь хувь хүний хандлага, хүсэл эсвэл зан ааш гэсэн утгыг илэрхийлдэг болохыг мэдэх нь тустай.

Ахлагч Дэвид А.Бэднар

Ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах үгсийг унш: “Есүс Христийн сайн мэдээ нь бидний амьдрал дахь муу нөлөө, нүглээс зайлсхийх, түүнийг ялан дийлэх, мөн түүнээс цэвэрлэгдэхээс хамаагүй илүү цар хүрээтэй. Энэ нь түүнчлэн сайныг үйлдэж, сайн байж, илүү сайн болохыг шаарддаг. … Бенжамин хааны хүмүүсийн адилаар зүрх сэтгэлээ Ариун Сүнсээр өөрчлүүлснээр, ‘бид хилэнцийг үйлдэх хүслээ үгүй болгож, харин үргэлж сайныг хийнэ’ (Moзая 5:2) гэдэг нь гэрээ хийхдээ бидний хүлээн авсан үүрэг хариуцлага билээ. Энэхүү хүчирхэг өөрчлөлт нь зүгээр л илүү хичээнгүй чармайснаар эсвэл хувийн сахилга батаа дээшлүүлснээр л бий болдог зүйл биш юм. Харин энэ нь Их Эзэн Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүсэл, зорилго, мөн чанартаа үндсэн өөрчлөлт гаргасны үр дүн билээ. Нүгэл болон нүглийг үйлдэх хүслийг хоёуланг нь даван дийлэх нь бидний сүнслэг зорилго юм” (“Clean Hands and a Pure Heart,” Ensign, 2007 оны 11-р сар, 81–82).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Зүрх сэтгэлдээ “хүчирхэг өөрчлөлтийг” мэдрэх нь таны бодлоор ямар утгатай вэ? (Мозая 5:2).

    2. Есүс Христийг дагахаар сонгох үедээ бид яагаад зөвхөн биеэ авч явах байдлаа бус, мөн шинж чанараа өөрчлөх хэрэгтэй вэ?

    3. Бидэнд гардаг өөрчлөлтөд Есүс Христийн Цагаатгал яагаад хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Moзая 5:2, 4-ийг судлахдаа, тэдгээр хүмүүс юу хийснээр зүрх сэтгэлд нь хүчирхэг өөрчлөлт гарахад хүргэснийг олж мэд. Эдгээр зүйлсийг судартаа тэмдэглэж болно. Хаан Бенжамины үгс Есүс Христийн Цагаатгалын хүчний талаар байсан бөгөөд хүмүүс эдгээр үгсэд үлэмж итгэлтэй байсан гэдгийг сана.

Эдгээр шүлгүүдээс бидний сурах зарчмуудын нэг бол: Бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, Ариун Сүнсийг хүлээн авснаар зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг мэдэрч чадна гэсэн зарчим юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагMoзая 5:1–4-р шүлгүүдээс судалсан зүйл болон дээрх зарчим дээр үндэслэн, Аврагчид итгэх илүү их итгэлийг үйлдэл болгохын тулд та юу хийж чадахаа судрын тэмдэглэлдээ бич. Амьдралдаа зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг дэмжин урамшуулж мөн үүнийгээ хадгалж болохын тулд та илүү их итгэлийг үйлдэл болгох ямар тодорхой зүйлсийг өнөөдрөөс эхлэн хийж чадах вэ?

Moзая 5:5–15

Хаан Бенжамины хүмүүс Бурхантай гэрээнд орж, шинэ нэрийг хүлээн авдаг

Хаан Бенжамины хүмүүс зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг мэдэрснийхээ дараа Их Эзэнтэй гэрээнд орохыг хүсэв. Гэрээ хийж, түүнийгээ сахихын тулд хаан Бенжамины хүмүүсийн мэдэрсэн амлалтын түвшинг харуулсан үг хэллэгийг Moзая 5:5-аас ол.

Бид Бурхантай гэрээ хийхэд Тэрээр гэрээний нөхцөлийг тодорхойлж, бид зөвшөөрдөг. Тэгээд Бурхан бидний дуулгавартай байдлын төлөө тодорхой адислалуудыг амладаг (С ба Г 82:10-ыг үзнэ үү). Гэрээ байгуулах нь бид Түүнд үйлчлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлэх нэг арга зам билээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Moзая 5:5-ын ямар үгс нь танд ариун ёслолоос хүртэх бүрдээ шинэчилдэг амлалтуудын тухай сануулж байна вэ?

    2. Гэрээ байгуулж, сахих нь “зүрх сэтгэлийн өөрчлөлтөө” авч үлдэхэд тань хэрхэн тусалдаг гэж та бодож байна вэ?

Moзая 1:11–12-ыг дахин хар. Хаан Бенжамины хүмүүсээ цуглуулсан нэг зорилго бол тэдэнд нэр өгөх явдал байсан юм. Moзая 5:6–7-г уншаад, хүмүүс нь Их Эзэнтэй гэрээ хийсний дараа хаан Бенжамины хүмүүстээ өгсөн нэрийг тэмдэглэ.

Эдгээр шүлгүүд нь дараах зарчмыг заадаг: Ариун гэрээнүүдээр дамжуулан бид Есүс Христийн нэрийг өөрсдөдөө хүлээн авдаг. Moзая 5:8–14-ийг уншаад, бид яагаад Есүс Христийн нэрийг өөрсдөдөө хүлээн авах шаардлагатай вэ гэдгийг олж мэд.

Есүс Христийн нэрийг зүрх сэтгэлдээ бичсэнээр хүлээн авдаг ямар адислалууд байдаг вэ?

Таны эсвэл хэн нэгний зүрх сэтгэлээс уг нэр “арилгагдахад” юу нөлөөлдөг вэ?

Moзая 5:15-ыг уншаад, гэрээнүүдээ сахидаг хүмүүст Их Эзэний өгдөг амлалтуудыг ол.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЕсүс Христийн нэр таны зүрх сэтгэлд бичээстэй байна гэж бодоход танд юу мэдрэгдэж байгааг судрын тэмдэглэлдээ бич. Та яагаад энэ нэрийг хадгалж, хэзээ ч хаяхгүй байхыг хүсч байгаа нэг юмуу түүнээс олон шалтгааныг бич.

Moзая 6:1–7

Мозаягийн хаанчлал эхлэв

Moзая 6:3-ыг уншаад, хаан Бенжамин цугласан олныг тараахаас өмнө юу хийснийг тодорхойл.

Хийсэн гэрээгээ санахад нь өөрийн хүмүүст туслахын тулд хаан Бенжамин юу хийсэн бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагГэрээнүүдээ сахихад тань санваарын удирдагчид болон багш нар тань танд хэрхэн тусалдгийг судрын тэмдэглэлдээ бич.

Хаан Бенжамин хүмүүстээ хандан ярьснаас хойш гурван жилийн дараа нас барав. Moзая 6:6–7-г уншаад, хаан Мозая зөв шударга удирдагчийн хувьд аавынхаа жишээг хэрхэн дагасныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мозая 5–6-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: