18-р хэсэг: 1 дэх өдөр
Алма 25–29
Оршил
Аммон олон жилийн турш сайн мэдээг номлосныхоо дараа Их Эзэнийг магтан, леменчүүдэд сайн мэдээг хүргэхэд Түүний мутар дахь зэмсэг байсан адислалынхаа төлөө талархлаа илэрхийлжээ. Олон леменчүүд Их Эзэнд итгэж, наманчилж эхэлдэг бөгөөд өөрсдийгөө Антай-Нифай-Лихайчууд хэмээн нэрлэв. Антай-Нифай-Лихайчууд дайны зэр зэвсгээ дахин хэзээ ч агсахгүй хэмээн Их Эзэнтэй гэрээ хийсний дараа амаликайчууд болон леменчүүд тэдэнтэй дайтахаар бэлтгэж эхэлдэг. Тэдэнд Их Эзэнтэй хийсэн гэрээгээ сахихад нь тусалж, тэднийг хамгаалахыг хүссэн нифайчуудын саналыг Антай-Нифай-Лихайчууд хүлээн авдаг. Нифай үндэстний бошиглогч Алма сайн мэдээг номлохоор мөн бусдыг Есүс Христэд ирэхэд урьснаар мэдэрсэн баяр баяслаа илэрхийлэв.
Алма 25
Абинадайн бошиглол биелж, олон леменчүүд хөрвөгдөв
Та Есүс Христийн сайн мэдээнд илүү ихээр хөрвөгдсөн үеийнхээ өөрчлөлтүүдийн талаар бод. Алма 25 нь Ноагийн пристүүд баригдаж, алагдах болно гэсэн Абинадайн бошиглолын биелэлтийг өгүүлдэг бөгөөд Их Эзэн бошиглогчдоо хамгаалж, тэдний сүнслэгээр өдөөгдсөн бошиглолуудыг биелүүлдгийг харуулдаг (Алма 25:9-ийг үзнэ үү). Мөн хэчнээн леменчүүд наманчилж, Антай-Нифай-Лихайчуудтай нэгддэг тухай өгүүлдэг. Алма 25:14-ийг уншиж, эдгээр леменчүүд сайн мэдээнд хөрвөгдөх үедээ юу хийснийг тодорхойл. Алма 25:15-аас тэд яагаад Мосегийн хуулийг дагадаг байсны хоёр шалтгааныг бид олж мэддэг.
Алма 26
Аммон леменчүүд болон Мозаягийн хөвгүүдэд хандсан Их Эзэний нигүүлсэлд баярладаг.
Байшин эсвэл сүм барихад юу хэрэгтэй вэ? Чадварлаг дархан тохирох багаж хэрэгсэл ашиглан ямар сүм барьж чадах вэ? Алма 26-д Аммон өөрийгөө болон дүү нараа Бурханы агуу ажилд Түүний мутар дахь зэмсгүүд байсан хэмээн дүрсэлжээ. Алма 26:1–5, 12–13-ыг уншиж, Их Эзэн Аммон болон түүний дүү нарыг мутар дахь зэмсгээ болгосноор юуг гүйцэлдүүлснийг тодорхойл. (Та олсон хариултаа судартаа тэмдэглэх хэрэгтэй.) 5-р шүлэг дэх “чадлаараа хадах” нь хичээнгүйлэн ажиллах гэсэн утгатай, “боодлууд” нь хөрвөгчдийг, “тариа хадгалах газрууд” нь сүмийг төлөөлдөг бөгөөд цугларагсад нь “үрэгдэхгүй” гэсэн нь Бурхан хөрвөгчдийг хамгаалж мөн тэдэнд мөнх амьдралыг өгөх болно гэсэн утгыг илэрхийлдэг.
Алма 26:12 дахь Аммоны тэрээр зөвхөн Их Эзэний мутар дахь зэмсэг байсан бөгөөд түүний номлолын турш гайхамшгуудыг үйлдсэн нь Их Эзэн байсан гэдгийг ойлгосныг харуулж байгаа нэг эсвэл илүү олон хэллэгүүдийг тодорхойлох эсвэл тэмдэглэ.
Бид эдгээр шүлгүүдээс дараах зарчмыг сурдаг: Бид өөрсдийгөө бэлтгэж, даруусгах үед Их Эзэн биднийг хүчирхэгжүүлж, мутар дахь зэмсгээ болгодог. Бид бас Aлма 26-аас хамтрагч байх зарчмыг сурч болно: Бид Их Эзэнд болон Түүний хүүхдүүдэд итгэлтэйгээр үйлчилснээр баяр баяслыг мэдэрдэг. Алма 26:11, 13, 16-г уншиж, баясал эсвэл баярлах гэсэн үг бүрийг тэмдэглэ.
Алма 26:13–16-г уншиж, Аммоны дурдсан баясах шалгаануудыг ол.
-
Бид Их Эзэнд үйлчлэх үедээ яагаад баяр баяслыг мэдэрдэг гэж бодож байгаагаа судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн та сүмд үйлчилснээр баяр баяслыг мэдэрсэн үеийнхээ тухай бичих хэрэгтэй.
Дараах шүлгүүдийг уншиж, дагалдах асуултуудын хариултыг бод:
Алма 26:22–23, 26–29. Бурханы нууцуудыг мэдэхэд шаардлагатай зүйлсийн жагсаалтыг анхаар. Эдгээр шаардлагуудыг хангасан номлогчдод ямар амлалт өгөгдсөн бэ? Аммон болон түүний ах дүүс Их Эзэн болон леменчүүдэд үйлчлэх үйлчлэлийнхээ үед ямар саад бэрхшээлүүдтэй тулгарч байсан бэ? Эдгээр саад бэрхшээлүүдээс аль нь эдүгээ Их Эзэнд үйлчилж байгаа хүмүүст тулгарч байгаа саад бэрхшээлүүдтэй төстэй байна вэ? Өнөө үеийн номлогчид сайн мэдээг хаана заах ёстой талаар Алма 26:29-өөс юу сурч болох вэ?
Алма 26:30. Мозаягийн хөвгүүдийг хэцүү цаг үед ч үргэлжлүүлэн үйлчилсээр байхад нь юу урам дэм өгч байсан бэ?
-
Алма 26:35–37-г уншиж, дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Эдгээр шүлгүүдэд заагдсан ямар үнэнүүд таны хувьд Бурханы сайн сайханд баясах шалтгаан болж болох вэ? (Та эдгээр үнэнүүдийг харуулсан хэллэгүүдийг тэмдэглэх хэрэгтэй.)
-
Бурхан танд анхаарал тавьдгийг мэдэх нь танд ямар өөрчлөлт гаргах вэ?
-
Алма 27
Аммон Антай-Нифай-Лихайчуудыг нифайчуудын дундах аюулгүй байдал руу удирдав
Алма 27-г судлахаар бэлтгэх үедээ дараах асуултуудын хариултыг бод:
-
Хэн нэгэн чамд амлалт өгчихөөд амлалтаа зөрчсөн тохиолдол бий юү?
-
Танд амласан зүйлээ үргэлж биелүүлдэг байсан хэн нэгнийг та мэдэх үү?
-
Амлалтаа биелүүлдэг хүмүүсийн талаар та ямар бодолтой байдаг вэ? Яагаад?
Нифайчуудыг устгах амжилтгүй оролдлогуудынхаа дараа леменчүүд Аммон болон түүний дүү нараар хөрвөгдсөн леменчүүдийг (Антай-Нифай-Лихайчуудыг) устгахаар оролддог. Антай-Нифай-Лихайчууд дахин хэзээ ч хүний амь хөнөөхгүй гэсэн гэрээгээ сахих болно гэдгээ харуулахын тулд дайны зэр зэвсгээ булшилсныг сана. Антай-Нифай-Лихайчууд тэрхүү гэрээгээ сахихдаа хэр зэрэг үнэнч байсныг мэдэхийн тулд Алма 27:2–3-ыг унш.
Дайралтад өртөх үедээ ч зэр зэвсгээ агсахгүй гэсэн гэрээгээ эрхэмлэн сахисан Антай-Нифай-Лихайчуудын амлалтынх нь хүчийг төсөөлөн бод. Та гэрээгээ сахих нь хэцүү юм шиг санагдсан үед ч Тэнгэрлэг Эцэгтэй хийсэн гэрээнүүдээ сахихын тулд амлалтаа хэрхэн хүчирхэгжүүлж болохыг бодож үзнэ үү.
Аммон ёс бус леменчүүдийн аллага болон дайралтуудаас болж Антай-Нифай-Лихайчуудыг Зарахемла хот руу удирдав. Энэ хот нифайчуудын хот байсан бөгөөд тэнд нифайчууд тэднийг дайснаас нь хамгаалах болно хэмээн амласан ажээ. Та эргэн тойрныхоо хүмүүст Их Эзэнтэй хийсэн гэрээгээ сахихад нь туслахын тулд юу хийж болохыг бодож үзнэ үү.
Антай-Нифай-Лихайчуудыг Зарахемлад очсоных нь дараа нифайчууд тэднийг Аммоны хүмүүс гэж нэрлэв. Алма 27:27–30-ийг уншиж, Аммоны хүмүүс юугаараа танигдах болсныг олж мэд. Дараах зарчмыг зааж байгаа үг хэллэгүүдийг тэмдэглэ: Бид Их Эзэнд бүрэн хөрвөгдсөн үед Түүнтэй хийсэн гэрээнүүдээ сахидаг.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь хариулж бич:
-
Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ сахихад хэцүү байсан ч гэрээнүүдээ тууштай сахисан ямар туршлагууд танд байдаг вэ?
-
Их Эзэнтэй хийсэн гэрээнүүддээ үнэнч итгэлтэй байсан ямар хүн танд үлгэр жишээ үзүүлсэн бэ? Тэр хүн гэрээнүүддээ итгэлтэй байдлыг хэрхэн харуулсан бэ?
-
Алма 28
Нифайчууд леменчүүдийг агуу тулаанд ялав
-
Та өөрийгөө Алма 28 дахь бүх үйл явдлын тухай илтгэх даалгавар авсан сурвалжлагч гэж төсөөлөн бод. Алма 28:1–6, 11–14-ийг уншиж, болсон үйл явдлуудын товч тэмдэглэлийг судар судлах тэмдэглэлдээ бич. Дараах асуултуудын хариултыг тэмдэглэлдээ оруулахад анхаар.
-
Нифайчууд Аммоны хүмүүст гэрээгээ сахихад нь туслахын тулд хэр зэрэг их төлөөс төлсөн бэ? (Алма 28:1–3-ыг үзнэ үү.)
-
Олон хүн амь насаараа төлөөс хийсэн нь нифайчуудад хэрхэн нөлөөлсөн бэ? (Алма 28:4–6-г үзнэ үү.)
-
Зарим хүмүүс баярлаж, итгэл найдвараар дүүрэн байхад яагаад зарим нь хайртай хүмүүсээ үхэх үед айж байсан бэ? (Алма 28:11–12-ыг үзнэ үү.)
-
Алма 28:11–12-оос сурсан зүйлийнхээ гол зарчмыг агуулсан нэг өгүүлбэр бич.
Алма 28-д заагдсан зарчмуудын нэг нь: Бид Есүс Христ болон Түүний амлалтуудад итгэх үедээ үхлийг үл харгалзан найдвар болон баяр баясгалантай байж чадна гэсэн зарчим юм.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын нэгэнд эсвэл хоёуланд нь хариулж бич:
-
Та хэн нэгнийг Есүс Христэд итгэх итгэлийнхээ улмаас өөрийнхөө эсвэл хайртай хүнийхээ үхэлтэй итгэл найдвараар нүүр тулсныг харж байсан уу?
-
Та хэн нэгнийг хайртай хүнийхээ үхлийн дараа итгэл найдвартай байхад нь туслахын тулд үхлийн талаар хэрхэн тайлбарлах вэ?
-
Алма 28:13–14-өөс “бид харлаа” хэмээн Мормоны бичсэн гурван өгүүлбэрийг ол. Та эдгээрийг судартаа тэмдэглэх хэрэгтэй. Мормон леменчүүдэд хийсэн Мозаягийн хөвгүүдийн номлолын талаарх цэдгийг дуусгахдаа ямар зүйлүүдийг онцолсон бэ? Яагаад эдгээр үнэнүүдийг мэдэх нь танд чухал болохыг тунгаан бод.
Алма 29
Алма бодгалиудыг Бурханд авчрахад баясав
Та зарим агуу зүйлсийг ганцаараа авчрахыг эсвэл дэлхийд болж байгаа аймшигтай муу зүйлсийг ганцаараа таслан зогсоох хүчтэй ч болоосой гэж мөрөөдөж байсан уу? Алма 29 нь Алма Их Эзэний мутар дахь зэмсэг байх хүслээ илэрхийлснийг агуулдаг. Алма 29:1–3-аас Алмагийн зүрх сэтгэлийн чин хүслүүдийг олж мэд.
Алмаг залуу эр байхад юу тохиолдсоныг санаж, Алма яагаад ийнхүү хүслээ илэрхийлснийг анхаарч үзнэ үү. Алма 29:3-т Алма яагаад хүсэлдээ нүгэл үйлдэж байна гэж бодсон бэ? Алма 29:4–5-ыг уншиж, Их Эзэн зөв шударга хүсэлтэй хүмүүст юу өгдгийг олж мэд.
Алма 29:10, 14–16-гаас Христэд хүмүүсийг авчирсны төлөө Алмагийн хүлээн авсан шагналуудыг олж тэмдэглэ. Та эдгээр шүлгүүд дэх Алмагийн хэлсэн баясал гэсэн үг бүрийг тэмдэглэх хэрэгтэй.
Алма 29-д заагдсан нэг зарчим бол: Бид бусдыг наманчилж, Есүс Христэд ирэхэд нь тусалснаар баяслыг мэдэрдэг. Христэд ирэхэд нь бусдад тусалснаар баяр баяслыг мэдрэхэд тань нөлөөлсөн ямар туршлага танд байдаг вэ?
Та дараах бүлэг хүмүүсийн хүн нэг бүрд амьдралд нь хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийж, Есүс Христэд ирэхэд нь тусалж болох арга замуудыг тунгаан бод: (а) таны найзууд, (б) гэр бүлийн тань гишүүд, мөн (в) тийм ч сайн мэдэхгүй хүмүүс. Бусдыг Есүс Христэд авчрах боломжуудыг хайхдаа Сүнсний удирдамжийг эрэлхийл.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Алма 25–29-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: