Семинар
21-р хэсэг: 2 дахь өдөр, Алма 50–52, 54–55


21-р хэсэг: 2 дахь өдөр

Алма 50–52; 54–55

Оршил

Ахмад Моронай хотуудынхаа бэхлэлтийг сайжруулснаар хүмүүстээ өөрсдийгөө хамгаалахад нь туслахаа үргэлжлүүлэв. Нифайчууд эсэргүүцэл болон ёс бус байдал нь тэднийг сул дорой болгох хүртэл леменчүүдийг амжилттай эсэргүүцэж байв. Моронай хүмүүсээ нэгтгэж, тэднийг хамгаалахыг чармайж байсан ч нифайчууд зөрчилдөөнийхөө уршгаар олон хотоо алддаг. Эцэст нь Моронай, Тианкам, Лихай нар Мюлек хотыг буцаан авч, леменчүүдийн хамгийн том армиудын нэгийг бут цохидог. Леменчүүдийн ёс бус удирдагч Амморон олзлогсдоо солилцох хэлэлцээр хийхийг оролдсон ч Моронай олзлогдсон нифайчуудыг цус урсгалгүйгээр суллан авдаг. Моронай бат зогсож, Амморон болон түүний дагалдагчидтай хэлэлцээр хийсэнгүй.

Алма 50–51

Нифайчууд Их Эзэнд дуулгавартай, эв нэгдэлтэй байх үедээ хүчирхэгжиж, хөгжин цэцэглэж байв

Та уруу таталт, эрүүл мэндийн асуудал, сургууль дээрх асуудал, найз нөхөд эсвэл гэр бүлийн гишүүдийн харилцаан дахь асуудал зэрэг амьдралдаа тохиолдсон бэрхшээлийг даван туулахаар тэмцсэн үеийнхээ талаар бод. Та тэр үед илүү их сүнслэг хүчтэй байсан ч болоосой гэж хүсч байсан уу?

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Тэргүүн зөвлөлийн гишүүн Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн хэлжээ: “Бидний эргэн тойрон дахь [нүглийн] хүч эрчимтэй өсөхөд нэгэн цагт хангалттай байсан сүнслэг хүч чадал эдүгээ хангалттай байж чадахгүй болж байна. Нэгэн цагт боломжтой гэж бидний боддог байсан сүнслэг хүч чадлын өсөлт эдүгээ илүү агуу өсөлтийг бидэнд боломжтой болгох болно. Сүнсний хүч чадлын хэрэгцээ болон үүнийг олж авах боломж аль аль нь бид тохиолдох аюулыг дутуу үнэлсэн үед улам нэмэгддэг” (“Always,” Ensign, 1999 оны 10-р сар, 9).

Нифайчуудын тулаандаа хийсэн бэлтгэл нь бидэнд дараах үнэнийг сурч авахад тусалдаг: Хэрэв бид өөрсдийгөө сүнслэг байдлын хувьд бэлтгэвэл амьдралын сорилт бэрхшээлүүдийг даван туулж чадна.

Алма 50:1–6-г унш. Нифайчууд хотуудаа тойруулан бэхлэлт барихын тулд юу хийсэн бэ? Алма 50:7-г унш. Нифайчууд дайнд бэлтгэхийн тулд өөр юу хийсэн бэ?

Нифайчууд маш хүнд хэцүү цаг үед тэдэнд хүч чадал өгсөн бэхлэлтүүдийг барьжээ. Бид хэцүү цаг үед шаардагдах хүч чадалтай байхын тулд одоо сүнслэг хүч чадлаа бий болгосноор тэдний үлгэр жишээг дагаж чадна. Сүнслэг хүч чадал нь өдөр тутмын, байнгын хүч чармайлтын үр дүнд хамгийн үр ашигтайгаар төлөвшин бий болдог. Бид судруудыг тогтмол судлах, залбирах, сүмийн цуглаануудад оролцох, дуудлагаа биелүүлэх, Бурханд талархал илэрхийлэх, бусдад үйлчлэх, сүмийн удирдагчдынхаа зөвлөгөөг анхааралтай сонсох зэрэг энгийн зүйлсээр дамжуулан сүнслэг байдлын хувьд хүчтэй болдог.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах өгүүлбэрүүдийг гүйцээн бид:

    1. Би … аар (хийж чадах зүйлүүдээ жагсаан бич) илүү их сүнсний хүч чадлыг бий болгож чадна.

    2. Би сүнслэг хүч чадлаа өдөр бүр хүчирхэгжүүлэхийн тулд (жагсааж бичсэн зүйлсээсээ нэгийг сонго) илүү тогтмол хийх болно.

Алма 50:19–23-ыг уншиж, өөрсдийн өдрүүд дэх хэцүү нөхцөл байдлуудыг үл харгалзан Түүнд итгэлтэй байсан нифайчуудыг Их Эзэн хэрхэн адисалсныг олж мэд. Та эдгээр шүлгүүдийн хажууд дараах зарчмыг бичиж болно: Бурханд итгэх итгэлтэй байдал нь бүр үймээн самуунтай үед ч адислалуудыг авчирдаг. Нифайчуудыг эдгээр адислалуудыг алдахад хүргэсэн зүйл юу байсан гэж Мормон хэлснийг мэдэхийн тулд Алма 50:21-ийг унш.

Ахмад Моронай леменчүүдийн эсрэг дайнуудад нифайчуудыг удирдаж байх үед Пахоран нифайчуудын ерөнхий шүүгч болжээ. Тэрээр зөв шударга хүн байсан бөгөөд уг нутагт амар амгалан тогтоохоор ажилласан ажээ. Хэдий тийм ч нифайчуудын нэг хэсэг нь шүүгчдийн засаглалаар бус хаанаар удирдуулахаар нифайчуудын хуулийг өөрчлөхийг хүсдэг. Энэ асуудлыг сонгуулиар шийдэхээр болж, хүмүүс шүүгчдийн засаглалаа авч үлдэхээр сонгожээ. Гэвч “хааныг хүсэгчид” хүмүүсийн сонголтыг дэмжихийг хүсээгүй бөгөөд леменчүүдийг дайтахаар ирэх үед бусад нифайчуудтайгаа хамт тулалдахаас татгалздаг. Моронай хааныг хүсэгч хүмүүсийг нифайчуудтай нэгдэхэд албадахын тулд их цэргээ тэдний эсрэг удирдахаас өөр аргагүй болов. Энэ нь нифайчуудыг леменчүүдийн эсрэг дайнд ихэд сулруулахад хүргэсэн ажээ (Алма 51:1–21-ийг үзнэ үү).

Алма 51:22–27-г уншиж, хааныг хүсэгчдийн зөрчилдөөнөөс болж леменчүүд нифайчуудыг давамгайлах хүч, эрх мэдлийг олох боломжтой байсны нотолгоог олж мэд. Дараах зарчмын талаар бод: Хагарал, зөрчилдөөн нь амар амгаланг устгадаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 50:39–40 болон Алма 51:22-ыг уншиж, Пахоран, Ахмад Моронай нар ард түмнийхээ дунд амар амгаланг тогтоохыг хэрхэн хичээнгүйлэн эрэлхийлснийг олж мэд. Та амьдралдаа найз нөхөд, гэр бүлийн гишүүд, сургуулийн хамт олон эсвэл бусад хүмүүсийн дундах зөрчилдөөнийг харсан үеийнхээ талаар бод. Мөн амар амгалан тогтоохыг хичээдэг хэн нэгний зан чанарын талаар бод. Амар амгаланг тогтоогч хүнд байж болох зан чанаруудын талаар судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 52

Моронай, Тианкам нар леменчүүдийг ялахын төлөө хамтран ажилласан нь

Ахмад Моронай ба эрх чөлөөний туг

Алма 51:33–34-т цэдэглэснээр нифайчуудын агуу удирдагчдын нэг Тианкам Амаликаяг устгажээ. Амаликаягийн үхлийн дараа түүний дүү Амморон леменчүүдийн их цэргийн удирдлагыг гартаа авчээ. Моронай Тианкамд Өгөөмөр нутгийн хойд хэсгийг бэхлэн, хамгаалахаа үргэлжлүүлэх мөн леменчүүдийн эзэлсэн Нифайн хотуудыг боломжтой нөхцөлд буцаан авахыг зааварладаг (Алма 52:1–10-ыг үзнэ үү). Алма 52:15–17-г уншиж, Тианкам яагаад Мюлек хот руу дайрахгүй байхаар шийдсэнийг олж мэд.

Тианкам дайснаа бэхлэлтэндээ байх үед нь ялахад хэцүү байх болно гэдгийг мэдэж байв. Бид энэхүү туршлагаас дараах зарчмыг сурч болно: Хэрэв бид дайсны бэхлэлтүүдээс зайлсхийвэл уруу таталтаас зайлсхийж, эсэргүүцэх илүү боломжтой байдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДайсны бэхлэлт гэж тооцогдохуйц ямар газрууд байдаг вэ? (Хэрэв та дараах газрууд руу явбал нүгэл үйлдэх нөлөөнд автаж болно. Жишээ нь: хүмүүс архи ууж эсвэл зохисгүй кино үзэж байгаа үдэшлэг) Хэдэн ийм газрыг судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн та яагаад эдгээр газруудад очихоос зайлсхийх ёстой гэж бодож байгаагаа бич.

Нифайчууд хааныг хүсэгч хүмүүстэй тулалдаж байх үедээ тэд леменчүүдэд олон хотоо алдсан учраас энэ нь тэдний хувьд маш хэцүү үе байжээ. Леменчүүд эдгээр хотуудыг бэхлэлт болгон ашиглаж байсан бөгөөд алдсан хотуудыг буцаан авах нь нифайчуудад маш хэцүү байв. Моронай Мюлек хотыг буцаан авахын тулд леменчүүдийг уг хотоос гаргах төлөвлөгөө зохиодог. Моронай, Тианкам нар юу хийснийг мэдэхийн тулд Алма 52:21–26-г унш.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМоронай, Тианкам нар Мюлек хотыг эзлэхийн тулд юу хийснийг судар судлах тэмдэглэлдээ бич (Алма 52:21–26-г үзнэ үү). Мөн та Моронайг ерөнхий ахмадынх нь хувьд юу гэж бодож байгаагаа бич. Тэр юугаараа нифайчуудын сайн ерөнхий ахмад байсан бэ?

Алма 54–55

Моронай Амморонтой олзлогдогсдоо солилцохоос татгалзаж, Гид хотыг буцаан авсан нь

Леменчүүд ба нифайчуудын хоорондох дайны үеэр хоёр тал хоёул дайны олон олзлогдогсодтой болдог. Леменчүүдийн удирдагч Амморон Моронайд олзлогдогсдоо солилцохыг санал болгосон захидал илгээжээ. Олзлогдсон нифайчууд буцан ирж, тэдний их цэрэг леменчүүдийн олзлогдогсдыг цаашид хооллох эсвэл тэдэнд анхаарал тавих шаардлагагүй болох учраас Моронай олзлогдогсдоо солилцох дуртай байв. (Алма 54:1–2-ыг үзнэ үү.)

Гэвч тэрээр Амморонтой захидлаар харилцах үед Амморон нифайчуудыг бууж өгөн, леменчүүдийн захиргаанд орохыг шаарджээ. Тэрээр нифайчууд алуурчид учраас леменчүүд тэдний эсрэг тулалдах нь зөв хэмээн хэлжээ. Мөн тэр Бурхан байхгүй хэмээн тунхагласан. (Алма 54:16–24-ийг үзнэ үү.)

Моронай Аммороны захидлыг хүлээн аваад түүнийг худал хэлснийг мэдэж байлаа. Леменчүүд нифайчуудын эсрэг тулалдах ямар ч зөв шударга шалтгаан байгаагүй гэдгийг Амморон мэдэж байсан юм. Моронай олзлогсдоо солилцож леменчүүдийг илүү хүчтэй болгохгүй гэж хэлжээ. Тэрээр олзлогдсон нифайчуудаа солилцохгүйгээр тэднийг аврах арга зам олсон байна. (Алма 55:1–2-ыг үзнэ үү.)

Моронай олзлогдсон нифайчуудаа аврахын тулд юу хийснийг олж мэдэхийн тулд Алма 55:3–24-ийг унш.

Моронай Аммороны шаардлагад бууж өгөхийг эсэргүүцэж, олзлогдсон нифайчуудаа аврах арга зам олох үедээ леменчүүд нифайчуудыг хүчээр давамгайлахаас сэргийлснээр нифайчууд давуу байдалтай болжээ. Бид Моронайн энэхүү жишээнээс дараах үнэнийг сурч болно: Хэрэв бид Их Эзэнд итгэн найдаж, Түүнд яг таг дуулгавартай байвал хэцүү цаг үед Тэр биднийг дэмжих болно.

Алма 55:3–24-т гардаг түүх нь аварч суллах тухай сэтгэл догдлуулам түүх юм. Энэ түүхийг сонирхон сонсох хүсэлтэй байж болох гэр бүлийн гишүүн эсвэл найзынхаа талаар бодож, түүнд энэ түүхийг ярьж өгөх цагийг төлөвлө. Мөн та тэр хүнтэй дээрх тодоор бичсэн зарчмыг хуваалцаж, Моронай хэрхэн энэ зарчмын жишээ болж байгааг тайлбарлаж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 50–52; 54–55-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: