Семинар
32-р хэсэг: 1 дэх өдөр, Моронай 7:20–48


32-р хэсэг: 1 дэх өдөр

Moронай 7:20–48

Оршил

Moронай 7:20–48-д гардгаар Мормон синагогууд дотор сонсогчдодоо хэрхэн “сайн зүйл болгоноос зууран барихыг” заахаа үргэлжлүүлэв (Moронай 7:20–21, 25). Тэрээр итгэл, найдвар, энэрлийн ач холбогдлыг тайлбарлав. Тэрээр сонсогчдодоо Мормоны тодорхойлсон “Христийн цэвэр хайр” болох энэрлийн бэлгийн төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирахыг уриалан сургамжаа дуусгав (Moрмон 7:47).

Moронай 7:20–39

Мормон Есүс Христэд итгэх итгэлийн тухай заав

Moронай 7:12–13-ыг дахин уншаад өмнөх хичээлд үзсэн сайн зүйлийг хилэнцтээс хэрхэн ялган мэдэх тухай юу сурснаа эргэцүүлэн бод. Дараах зайд сайн (Бурханаас ирдэг, биднийг Христэд итгэхийг ухуулдаг зүйлс) болон хилэнцэт зүйлсийн (Христэд итгэхгүй, Бурханд үйлчлэхгүй байхыг бидэнд ухуулдаг зүйлс) жишээг жагсаан бич:

Сайн зүйлс

Хилэнцэт зүйлс

Мормон биднийг “сайн зүйл болгоноос зууран барь” хэмээн урамшуулсныг анзаар (Moронай 7:19). Сайн зүйл болгоноос зууран барих гэдэг нь ямар утгатай болохыг тунгаан бод.

Мормон сонсогчдоосоо нэгэн чухал асуултыг асуусан бөгөөд дараа нь өөрөө хариулсан. Moронай 7:20-ийг уншаад Мормоны асуухаар төлөвлөсөн асуултыг ол. Дараа нь Moронай 7:21–26-г судлаад энэхүү асуултын хариултыг ол.

Moронай 7:21, 25-ыг уншихдаа энэ зарчмыг заасан үг хэллэгүүдийг олж тэмдэглэ: Бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгосноор сайн зүйл болгоноос зууран барьж чадна.

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Moронай 7:22–26-д гарсны дагуу Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд маань Тэнгэрлэг Эцэг ямар замаар туслахыг хичээдэг вэ?

    2. Есүс Христэд итгэх итгэл тань хэзээ сайн зүйл болгоноос зууран барихад эсвэл хилэнцэт зүйлийг орхиход тань тусалсан бэ?

Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгодог хүмүүст ирдэг хэдэн сайн зүйлийг Мормон тайлбарлажээ. Moронай 7:32–34-ийг уншаад шүлэг бүрд Есүс Христэд итгэх итгэлтэй байсны үр дүнд ирдэг дор хаяж нэг адислалыг олж тэмдэглэ.

  1. Есүс Христэд итгэх илүү агуу итгэлийг үйлдэл болгохын тулд хийж болох нэг зүйлийн тухай бодож мөн залбир. Санаандаа зорилгоо тодорхойлсон бол судар судлах тэмдэглэлдээ бич. Энэ зорилго нь бошиглогчдын үгсийг дагах (Moронай 7:23-ыг үзнэ үү), илүү агуу итгэлтэйгээр залбирах (Moронай 7:26-г үзнэ үү) эсвэл нүглээ наманчлахад (Moронай 7:34-ийг үзнэ үү) тань туслах ямар нэгэн тодорхой хийх зүйл байж болно. Зорилгоо бичихдээ хэрхэн биелүүлэх тухайгаа нарийн тодорхой бич. Түүнчлэн энэ зорилго нь таны амьдралд хэрхэн сайн зүйлсийг авчрахыг бич.

Моронай 7:40–43

Мормон найдварын тухай заав

Moронай 7-д цэдэглэгдсэн сургамжид Мормон мөнх амьдралд хэрэгтэй гурван тэнгэрлэг зарчмыг тодорхойлсон. Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч М.Рассэлл Баллард энэхүү “гурван тэнгэрлэг зарчим нь бид амьдралаа зохион байгуулж болох үндэс суурь болдог” хэмээн заасан. Эдгээр зарчмууд нь “хамтдаа бидэнд гурван хөлтэй сандлын хөл шиг дэмжлэг өгдөг” гэж тэр хэлжээ (“The Joy of Hope Fulfilled,” Ensign, 1992 оны 11-р сар, 33).

Зураг
3 хөлтэй сандал

Дараах материал нь Мормоны тодорхойлсон гурван зарчмыг олоход тань тусална. Эхний зарчим нь дөнгөж сая Moрмон 7:20–39-өөс сурсан итгэл юм. Дээрх сандлын нэг хөлийг Есүс Христэд итгэх итгэл гэж тэмдэглэ. Хоёр дахь хөл нь юуг төлөөлж байгааг Moронай 7:40-ийг уншаад ол. Уг зарчмыг сандлын өөр нэг хөл дээр бич.

Moронай 7:41–42-ыг уншаад бид юунд найдах хэрэгтэй гэж Мормон заасныг ол. (Moронай 7:41 нь төгс эзэмших судар юм.) Та сандлын хоёр дахь хөл дээр “Мөнх амьдралд найдах” гэдгийг нэмж бичиж болно. Ингэвэл “Мөнх амьдралд найдах найдвар” гэсэн бичиг болно.

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх, Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Мормоны ярьсан найдварын тухай ярьсан юм.

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Найдвар бол Сүнсний бэлэг юм. Энэ нь Есүс Христийн Цагаатгал болон Түүний Амилалтын хүчээр дамжуулан бид мөнхийн амьдралд сэргээгдэнэ гэсэн найдвар бөгөөд Аврагчид итгэх итгэлийн маань улмаас ирдэг юм. …

“Найдвар бол мэдлэг биш, харин Их Эзэн өгсөн амлалтуудаа биелүүлэх болно гэсэн өнө удаан үргэлжлэгч итгэл мөн. Энэ нь хэрэв бид Бурханы хуулиуд болон Түүний бошиглогчдын үгсийн дагуу амьдарвал бид ирээдүйд хүссэн адислалуудаа авах болно гэсэн өөртөө итгэх итгэл юм. Энэ бол бидний залбирал хариулагдана гэдэгт итгэж, хүлээх явдал юм. Энэ нь өөртөө итгэх итгэл, өөдрөг үзэл, урам зориг, тэсвэр тэвчээртэй шаргуу байдалд илэрхий байдаг” (“Найдварын хязгааргүй хүч,” Ensign эсвэл Лиахонa, 2008 оны 11-р сар, 25–26).

Mоронай 7:40–42-оос сурах нэг зарчим бол: Хэрэв бид Есүс Христэд итгэх итгэлээ бодитой болговол Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралд өргөгдөнө гэсэн найдварыг хүлээн авч чадна гэсэн зарчим юм.

Moронай 7:43-ыг уншаад Мормоны ярьсан итгэл, найдвартай байхын тулд хүнд ямар зан чанарууд байх ёстойг тодорхойл.

“Хүлцэнгүй даруу, зүрх сэтгэлдээ номхон” байх гэдэг нь үнэхээр даруу, дөлгөөн, Их Эзэний хүсэлд дуулгавартай байхыг хэлнэ. Есүс Христийн Цагаатгалд итгэж найдахад хүлцэнгүй даруу, зүрх сэтгэлийн номхон байдал яагаад шаардлагатай гэж та бодож байна вэ?

  1. Есүс Христ болон Түүний Цагаатгалд итгэх итгэл тань танд хэрхэн найдвар өгснийг судар судлах тэмдэглэлдээ дүрслэн бич.

Moронай 7:44–48

Мормон энэрлийн тухай заав

Хичээлийн эхэнд ярилцаж байсан сандал руу эргэн очъё. Moронай 7:44-ийг уншаад Мормоны заасан гурав дахь зарчмыг тодорхойл. Сүүлчийн зарчмыг сандлын үлдсэн хөл дээр бич.

Moронай 7:44–48-д цэдэглэснээр Мормон энэрлийн тухай хүчирхэг тайлбарыг өгсөн. Moронай 7:45–47-г уншаад Мормоны энэрлийг тодорхойлохдоо ашигласан үг хэллэгүүдийг тэмдэглэ. (Moронай 7:45, 47–48 нь төгс эзэмших судар юм.) Мормоны заасан зүйлсийг илүү сайн ойлгохын тулд дараах тодорхойлолтуудын заримыг судартаа тэмдэглэж болно: “удаан тэсвэрлэдэг” гэдэг нь хатуужилтайгаар тэсвэрлэдэг, “атаархаж жөтөөрхөх нь үгүй” гэдэг нь атаархдаггүй, “онгирч хөөрдөггүй” гэдэг нь даруу, хүлцэнгүй, “өөрийнхийгөө эрэлхийлдэггүй” гэдэг нь Бурхан болон бусдыг нэгдүгээрт тавьдаг, “амархан өдөөн хатгагддаггүй” гэдэг нь амархан уурладаггүй, “бүх зүйлд итгэдэг” гэдэг нь бүх үнэнийг хүлээн зөвшөөрдөг гэсэн утгатай.

  1. Дараах асуултуудын нэг юмуу түүнээс олон асуултад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Moронай 7:45–47 дахь тодорхойлолтод тулгуурлан үзвэл энэрэл нь яагаад бидний хүлээн авч чадах хамгийн агуу сүнслэг бэлэг гэж та бодож байна вэ?

    2. Таны бодлоор энэрэл хэзээ ч дуусдаггүй гэдэг нь юу гэсэн үг вэ?

    3. Хэрэв бидэнд энэрэл үгүй бол бид яагаад хэн ч биш гэж та бодож байна вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс 1 Коринт 13 дахь төлөөлөгч Паулын энэрлийн тухай заасныг дурдсаныхаа дараа ийн тайлбарлав: “Энэрэл хэзээ ч дуусдаггүй, түүний эш татсан хамгийн гайхалтай сайн сайхны үйлдлүүдээс ч илүү агуу байх шалтгаан нь ‘Христийн цэвэр хайр’ (Moронай 7:47) болох энэрэл нь нэг удаагийн үйлдэл биш, харин тууштай сахих нөхцөл байдал юм. Энэрлийг хөрвөлтийн үр дүн болох байнгын үйлдлээр дамжуулан олж авдаг. Энэрэл бол хэн нэгний өөрчлөлт юм. Моронайн тунхагласнаар ‘хүмүүс энэрэлтэй байхаас бусдаар’ Эцэгийн эзэмшлүүдэд тэдэнд бэлтгэсэн тэрхүү байрыг ‘өвлөж авч чадахгүй’ (Ифер 12:34; нэмэлт оруулсан)” (“The Challenge to Become,” Ensign, 2000 оны 11-р сар, 34.)

Дараах нөхцөл байдлыг уншаад хэрэв танд энэрлийн бэлэг дутагдвал, хэрэв та энэрлээр дүүргэгдсэн байвал яах тухайгаа эргэцүүлэн бод:

  • Бусад сурагчид таныг эсвэл сургууль дээрх өөр хэн нэгнийг шоглодог.

  • Ах эсвэл эгч тань үргэлж танд садаа болдог.

  • Танай чуулга эсвэл ангийн шинэ багш танд өмнөх багш шиг таалагддаггүй.

Бид амьдралдаа энэрлийг хөгжүүлэх нь хэчнээн чухал болохыг тайлбарласныхаа дараа Мормон бид ийм чухал зан чанарыг хэрхэн олж авахыг тайлбарлав. Moронай 7:48-ыг уншаад энэ зарчмыг заасан үг хэллэгүүдийг олж тэмдэглэ: Бид зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирч, Есүс Христийн үнэн дагалдагчийн адил амьдарвал энэрлээр дүүргэгдэх болно. Энэрлийн бэлгийн төлөө энгийн байдлаар залбирахаас илүү зүрхнийхээ бүхий л эрч хүчээр залбирах нь яагаад чухал болохыг тунгаан бод.

  1. Их Эзэн танд энэрэлтэй байхад тань тусалсныг мэдэрч байсан үеийнхээ тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Эсвэл хэн нэгэн энэрэлтэй байгааг харсан тухайгаа бич. Үүнээс гадна, Moронай 7:45-д жагсаасан энэрлийн шинж чанаруудын нэгийг өөр дээрээ хэрхэн хөгжүүлэх тухай тодорхой зорилго тавь. Зорилгоо биелүүлэхийн төлөө хичээж байхдаа энэрлийн бэлгийн төлөө залбир.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Moронай 7:41

Шүлгийг бүхлээр нь цаасан дээр бич. Шүлгийг хэд хэдэн удаа унш. Бүгдийг нь цээжээр уншиж чадах хүртлээ үг эсвэл хэллэгүүдийг арилга (эсвэл хас).

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Moронай 7:45, 47–48

Энэ гурван шүлгийн үг бүрийн эхний үсгийг цаасан дээр бич. Цээжээр уншиж сурахын тулд цаасаа ашигла. Хэд хэдэн удаа уншсаны дараа шүлгүүдийг цээжээр уншиж чадах хүртлээ үсгүүдийг арилга эсвэл хас. Дараах бүлэг хүмүүсээс илүү энэрэнгүй байхыг хүсч байгаа хүмүүсээ сонго: гэр бүл, сүмийн чуулга эсвэл ангийн гишүүд, сургуулийн ангийнхан, найзууд эсвэл хөршүүд. Moронай 7:45-ыг уншихдаа, сонгосон хүмүүсийнхээ тухай бодож, тэдэнд Христийнхтэй илүү адил хайрыг үзүүлэх арга замуудын талаар эргэцүүлэн бод.

  1. Эдгээр хүмүүст илүү агуу энэрлийг үзүүлэх нэг юмуу хоёр аргыг судар судлах тэмдэглэлдээ бич. Ирэх долоо хоногт тэдэнд хандсан илүү агуу энэрлийг хөгжүүлэхэд Их Эзэний тусламжийн төлөө залбир. Долоо хоногийн төгсгөлд туршлагаа найзтайгаа эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ хуваалц.

  2. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Moронай 7:20–48-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх