Семинар
12-р хэсэг: 1 дэх өдөр, Мозая 7–8


12-р хэсэг: 1 дэх өдөр

Moзая 7–8

Оршил

Хаан Бенжамин хаант улсаа Мозаяд өгөв

Мозая хаан бол Мормоны Номд дурдагдсан анхны Мозаягийн хүү хаан Бенжамины хүү юм. Мозаяг хаан болохоос 80 орчим жилийн өмнө Зениф нэртэй нэгэн эр бүлэг нифайчуудыг удирдан Зарахемлагийн нутгаас Нифайн нутагт очиж амьдрахаар явсан (Oмнаи 1:27–30). Moзая 7-р бүлэг дээр Мозая хаан Аммон нэртэй “хүчтэй мөн чадалтай” (Moзая 7:3) эр болон цөөн хэдэн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг хүмүүсийг Нифайн нутаг руу (заримдаа Лихай-Нифайн нутаг гэж нэрлэдэг) Зенифийн бүлэг хүмүүсийн талаар сураглахаар явуулсныг тайлбарладаг. Аммон Зенифийн ач хүү Лимхайгаар удирдуулж байгаа Зенифийн үр удмыг олов. Аммон ирсэн нь өөрсдийн алдсын улмаас леменчүүдийн боолчлолд орсон Лимхай болон түүний хүмүүст найдвар авчрав. Лимхайн бүлэг хүмүүс өмнө нь тусламж гуйхаар Зарахемлаг хайж байхдаа сийлбэр бүхий 24 хуудас алтан ялтсуудыг олсон юм. Уг сийлбэрийг орчуулж чадах эсэхийг Лимхай Аммоноос асуухад Мозая хаан шиг үзмэрч хүн эртний цэдгүүдийг орчуулж чадна гэдгийг тайлбарлав.

Moзая 7–24-р бүлгүүдийн тойм

Урьд нь та муухай мэдрэмж, хүнд хэцүү тохиолдол, сорилтот эсвэл шударга бус нөхцөл байдал эсвэл нүгэл үйлдсэнээс ирэх гэмшлээс чөлөөлөгдөхийг хүсэж байсан уу? Moзая 7–24-р бүлгүүдэд судлах гэж байгаа хүмүүсийн тань туршлага танд чөлөөлөлтийн талаар болон үүнийг хаанаас эрэх, хэрхэн урих, бүр хэрхэн хүлээх тухай заах болно. Зенифийн хүмүүс болон тэдний үр удмын түүхээс өөрийг тань зовоож буй ямар нэгэн зүйлээс чөлөөлөгдөх хүсэл, өөрийн амьдралд ашиглаж болох арга замуудыг олж хар.

Moзая 7-р бүлгийг судлахаасаа өмнө Moзая 7–24-р бүлгүүдэд цэдэглэгдсэн олон аяллуудтай танил болох нь танд тустай байх болно. Дараах үйл ажиллагаа нь ойролцоогоор 80 жилийн туршид болсон эдгээр аяллуудын (МЭӨ 200-аас МЭӨ 120 он хүртэл) тоймыг танд харуулна. Доорх хүснэгтийн сүүдэрлэсэн нүднүүд дэх мэдээлэл аяллуудын хоорондох хугацаанд юу тохиолдсоныг тайлбарлана.

Аялал

Хэн хаашаа аялсан бэ

1

Зениф болон бусад нифайчууд Зарахемлагаас Нифайн нутаг руу аялсан бөгөөд леменчүүдэд олзлогдов. Тэдгээр нифайчууд хоорондоо байлдан, амьд үлдэгсэд нь Зарахемлад эргэн ирэв (Oмнаи 1:27–28; Moзая 9:1–2-ыг үзнэ үү).

2

Зениф болон бусад нь Зарахемлаг орхин явж, Нифайн нутагт суурьшив (Oмнаи 1:29–30; Moзая 9:3–7).

Зенифийг нас барсны дараа түүний хүү Ноа ёсон бусаар засаглав. Их Эзэн Абинадайг илгээж хүмүүст наманчлахыг анхааруулав. Ноа хааны пристүүдийн нэг Алма Абинадайн захиасыг дуулгавартай дагаж, бусдад заав (Moзая 11–18-р бүлгүүдийг үзнэ үү).

3

Алма Мормоны ус руу зугтаж, дараа нь бүлэг итгэгчдийг Хиламын нутаг руу удирдав (Moзая 18:4–5, 32–35; 23:1–5, 19–20-ийг үзнэ үү).

Леменчүүд Нифайн нутагт Ноагийн хүмүүс рүү довтлов. Ноа хожим нь алуулж, түүний хүү Лимхай засаглав. Лимхайн хүмүүс леменчүүдийн боолчлолд байв (Moзая 19–20-р бүлгийг үзнэ үү).

4

Лимхай бүлэг нифайчуудыг Зарахемлаг олуулахаар илгээв. Аглаг буйдад төөрснийхөө дараа устгагдсан нэгэн үндэстний балгасыг олсон бөгөөд 24 хуудастай цэдэг бүхий алтан ялтсуудыг олов (Moзая 8:7–9; 21:25–27-г үзнэ үү).

5

Аммон болон бусад 15 хүн Нифайн нутаг руу буцсан хүмүүсийг олохоор Зарахемлагаас аялав (Moзая 7:1–6; 21:22–24).

6

Лимхай болон түүний хүмүүс леменчүүдээс зугтан Аммон болон түүний ах дүү нараар Зарахемлагийн зүг удирдуулав (Moзая 22:10–13-ыг үзнэ үү).

Лимхайн хүмүүс зугтсаны дараа леменчүүд тэдний араас цэргүүдээ илгээв. Леменчүүдийн арми аглаг буйдад төөрч, Хиламын нутагт байсан Алма болон түүний хүмүүстэй тааралдав. Леменчүүд тэднийг боолчлолд авчрав. Алмагийн хүмүүс оргон зугтах тусламж хүсэн залбирав (Moзая 22–24-ийг үзнэ үү).

7

Их Эзэн Алма болон түүний хүмүүсийг чөлөөлж, Зарахемлагийн нутаг өөд удирдав (Moзая 24:20–25-ыг үзнэ үү).

Аялал бүрийн өмнөх дугаарыг газрын зураг дээрх зөв тойрогт байрлуул:

аялалын бүдүүвч зураг

Moзая 7:1–8:4

Аммон Нифайн нутгийг (Лихай-Нифайн) олж, Лимхай хаан хүмүүс нь хэрхэн боолчлолд орсныг тайлбарлав

Moзая 7-р бүлэгт Аммон болон 15 хүчирхэг эрс Зарахемлагийн нутгаас 80 жилийн өмнө Зенифээр удирдуулан Нифайн нутаг руу явсан хүмүүст юу тохиолдсоныг олж мэдэхээр аялав (Moзая 7:2-ыг үз; түүнчлэн 5 дахь аяллыг газрын зураг дээр хар). Нифайн нутагт ирээд Аммон болон түүний ах дүүсийн гурав нь баригдан шоронд хоригдов (Moзая 7:6–11-ийг үзнэ үү). Хоёр өдрийн дараа тэд шоронгоос Зенифийн ач хүү Лимхай хааны өмнө авчрагдан, байцаагдав. Нифайн нутагт ямар зорилготой явж байсан тухайгаа Аммон хэрхэн тайлбарласныг болон Лимхай хэрхэн хариулсныг олж мэдэхийн тулд Moзая 7:12–15-ыг унш.

Moзая 7:14 дэх б гэсэн зүүлт тайлбар нь Moзая 21:25–26-г илэрхийлдэг болохыг анхаар. Аммоныг хаанаас ирснийг мэдээд Лимхай хаан яагаад “үлэмж баярласныг” илүү сайн ойлгохын тулд эдгээр шүлгүүдийг унш.

Moзая 21:25–26-р шүлгүүдээс сурсан зүйлсээ ашиглан, Аммоныг Зарахемлагаас ирсэн гэдгийг мэдээд Лимхай хаан яагаад тийм их баяртай байсныг товчхон тайлбарла.

Тусламж эрэхээр илгээсэн Лимхайн хүмүүс нь Жаред үндэстний балгасыг олов. Тэд балгасыг Зарахемла байна гэж андуурсан бөгөөд нифайчууд бүгдээрээ устгагдсан гэж бодож байв. (газрын зураг дээрх 4 дэх аяллыг хар). Та Иферийн номоос Жаред үндэстний тухай сурах болно.

Лимхайн хаан Аммоныг танилцуулахаар хүмүүсээ цуглуулав. Лимхай хүмүүстээ леменчүүдийн боолчлолын тухай ярьж, Бурхан тэднийг удахгүй чөлөөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв (Moзая 7:17–19). Moзая 7:20, 24–26-г уншаад, Лимхайн хүмүүс яагаад боолчлолд орсон шалтгаануудыг тэмдэглэ. (Moзая 7:26-д дурдагдсан бошиглогч бол Аммоныг уг нутагт ирэхээс өмнө ёс бус хаан Ноагийн засаглалын үед хүмүүсийн шатааж алсан Абинадай юм.)

Лимхай хаан ярьсан нь

Алдас, нүгэл нь үр дагавартай гэдгийг санахын тулд Moзая 7:24 дэх “бидний гашуудах шалтгаанууд нь агуу болой” гэсэн хэллэгийг тэмдэглэх хэрэгтэй. Энэ тохиолдолд леменчүүд довтлох үед олон нь алагдаж, бусад нь боолчлолд авчрагдсан. Гашуудах гэдэг нь гуниг, харамслыг мэдрэх гэсэн үг. Хэрэв та “алдсаасаа болж” гашуудаж байсан бол тэр үеийнхээ талаар тунгаан бод.

Хэдийгээр нүгэл үйлдэхгүй байх нь илүү сайн ч алдаанаасаа суралцаж, тусламж эрэн Бурханд хандаж, наманчлах нь таныг Бурхантай илүү ойр болгодог. Moзая 7:29–32-ыг уншаад, Лимхай хүмүүсийнх нь зөрчлүүд болон тэдний амсаж байгаа харамсал гашуудал хоёрын хоорондын холбоосыг ойлгосон нотолгоог ол. (30-р шүлэг дэх “хаягдлыг хураах” гэдэг нь хэрэгцээгүй зүйлсийг хүлээж авах гэсэн утгатай. 31-р шүлэг дэх “дорнын салхийг хураан авах” гэдэг нь устгагдах гэсэн утгатай.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Нүглийн үр дагаврууд ямар арга замаар бидний амьдралд тустай байж болох вэ? Бид сурсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлж, нүглээ давтахгүй байж чадах вэ?

    2. Нүглүүдээ хэр ноцтой гэдгийг ухаарч, хүлээн зөвшөөрөх нь яагаад чухал вэ? Тэдний төлөө бурханлаг харууслыг мэдрэх нь яагаад чухал вэ? (2 Коринт 7:10-ыг үз; бурханлаг харуусал нь Тэнгэр дэх Эцэгээ гомдоосон үйлдлүүдийн маань гүн ухаарал юм.) Нүглүүдээ ухаарч, харамслыг мэдрэхээ хойшлуулахгүй байх нь яагаад чухал вэ?

Лимхай нүглүүдийнх нь ноцтой байдлыг хүмүүстээ тайлбарласныхаа дараа тэднийг тодорхой зүйлс хийхийг уриалав. Moзая 7:33-т Лимхай өөрийн хүмүүст юу хийхийг уриалсныг тэмдэглэ.

Лимхайн хүмүүсийн туршлагаас бид алдсуудаа ухаарч, бурханлаг харууслыг мэдрэх нь биднийг аврал эрэн Их Эзэнд хандахад удирддаг гэдгийг сурдаг.

Найз эсвэл гэр бүлийн гишүүн тань хийсэн нүглийнхээ төлөө гэмшиж, наманчилж Их Эзэнд хандах чин хүсэлтэй боловч хэрхэн үйлдэхээ мэдэхгүй байна гэж төсөөл. Moзая 7:33-ыг судлаад, хэрхэн чин сэтгэлээсээ “Их Эзэнд хандахыг” заасан хэллэгүүдийг дахин унш.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТухайн найз эсвэл гэр бүлийн гишүүндээ Их Эзэнд хэрхэн хандахыг заасан захидлаа судрын тэмдэглэлдээ бич. Moзая 7:33-аас сурсан гурван хэллэгээ хуваалцаж, тус бүрийн утгыг нь (1) өөрийн үгээр тайлбарлах эсвэл (2) тус өгүүлбэрийг хэрэгжүүлэхийг хичээж буй хэн нэгний амьдралаас харж болох үйлдэл, хандлагын жишээ бичиж тайлбарлаж болно.

Танд болон таны хайртай хүмүүст харамсал, гашуудлыг авчирч байгаа наманчлаагүй нүгэл танд байгаа эсэхийг эргэцүүлэн бод. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт наманчлалын үйл явцыг эхлүүлэх тухай дараах зөвлөгөөг өгсөн юм: “Таны зөрчлийг Их Эзэн хэр ноцтой хэмээн тодорхойлж байгааг судалж, тунгаан бод. Энэ нь эдгээгч харуусал, шаналлыг авчрах болно. Энэ нь өөрчлөгдөх чин хүсэл, өршөөгдөх шаардлага бүрийг хангах хүслийг авчирдаг” (“Finding Forgiveness,” Ensign, May 1995, 76).

Moзая 8:5–21

Аммон Жаредчуудын 24 ялтсыг судлаад, үүнийг орчуулж чадах үзмэрчийн талаар Лимхайд хэлэв

Зарахемлаг олохоор яваад бүхэл бүтэн устгагдсан үндэстний балгасыг олсон хүмүүсийн тухай энэ хичээлийн эхлэлд дурдагдсан газрын зураг дээрх 4 дэх аяллыг эргэн сана. Тэд Лимхайд аваачиж өгсөн тэрхүү 24 алтан ялтсыг бас олсон (Moзая 8:5–9-ийг үзнэ үү). Лимхай Аммоноос уг ялтсуудыг орчуулах авьяас билэгтэй хэн нэгнийг таних эсэхийг нь асуув (Moзая 8:12-ыг үзнэ үү). Бурхан зарим хүнд орчуулах хүч өгсөн байж болно гэдгийг Аммон тайлбарлав. Moзая 8:13-ыг уншаад, энэхүү бэлэг өгөгдсөн хүмүүсийг Аммон юу гэж дуудсаныг тэмдэглэ.

Зарахемла дахь нифайчуудын хаан Мозаяг үзмэрч хүн хэмээн Аммон тайлбарлав. Moзая 8:16–18-ыг судлаад, орчуулах хүчнээс гадна үзмэрчид ямар бэлэг өгөгдсөн байдгийг олж тэмдэглэ.

Эдгээр шүлгүүд нь Их Эзэн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг хүмүүн төрөлхтөнд ашиг тус болох боломжоор хангадаг гэдгийг заадаг.Өнөөдөр Тэргүүн Зөвлөл болон Арванхоёр төлөөлөгчийн чуулгын гишүүн бүр бошиглогч, үзмэрч, илчлэгчид юм.

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заажээ: “Бошиглогч, үзмэрч, илчлэгчээр бидний дэмжин баталдаг эдгээр 15 эрэгтэйд [бусад] хүний зарим хардаггүй зүйлийг харах тэнгэрлэг хүч өгөгдсөн байдаг. (“Beware of the Evil behind the Smiling Eyes,” Ensign эсвэл Лиахонa, 2005 оны 5-р сар, 47).

Чуулганы төвийн дотор тал
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Таны харж чадахгүй зүйлсийг харж чаддаг хүмүүсийг сонсох нь яагаад ухаалаг зүйл гэж та боддог вэ?

    2. Өнөө үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг сонсох нь танд хэрхэн тус нэмэр болж байсан бэ?

    3. Өнөө үеийн бошиглогч, үзмэрч, илчлэгчдээс суралцах ямар арга замууд байдаг вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мозая 7–8-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: