3-р хэсэг: 4 дэх өдөр
1 Нифай 12–14
Оршил
1 Нифай 11-ээс эхэлсэн Нифайн үзэгдлийн тухай түүх 1 Нифай 12–14-т үргэлжилдэг. Нифай үзэгдэлдээ аймшигтай эмгэнэлт явдлууд, түүний дотор үр удмынхан нь устгагдахыг харсан ажээ. Тэр бас ёс бус хүмүүс Библиэс тодорхой бөгөөд эрхэм үнэт үнэнүүдийг авч хаяхыг, энэ нь олон хүмүүст сүнслэг байдлын хувьд бүдрэх шалтгаан болохыг харжээ. Гэвч Нифайн үзэгдэл бас түүнд ирээдүйд итгэх агуу итгэлийн шалтгаан болсон юм. Тэр Америкийг эзэмшилдээ авах үйл явцыг бас Колумбыг харсан билээ. Их Эзэн сайн мэдээний Сэргээлтэд, түүний дотор алдагдсан олон тодорхой бөгөөд эрхэм үнэт үнэнүүдийн сэргээх замыг бэлтгэх болно гэдгийг тэр харсан юм. Эцсийн өдрүүдэд Их Эзэн зөв шударга амьдардаг хүмүүст хэрхэн тусалж, тэднийг хэрхэн хамгаалахыг Нифай гэрчилжээ. 1 Нифай 12–14-ийг судлахдаа Мормоны Номонд болон хожмын үеийн бусад судруудад заадаг эдгээр тодорхой бөгөөд эрхэм үнэт үнэнүүд амьдралд тань хэр чухал болохыг тунгаан бод. Хэрэв та зөв шударга амьдрахыг хичээж, Бурхантай байгуулсан гэрээнүүддээ хүндэтгэлтэй хандах юм бол та ч бас нүгэл хилэнцийг ялах болно.
1 Нифай 12
Нифай болон Лемен үндэстнүүдийн ирээдүйг Нифай харсан нь
1 Нифай 12-т Нифай өөрийнх нь үр удмынханд ирээдүйд юу тохиолдохыг мөн тэд харанхуй манан болон агуу хийгээд нүсэр барилгын нөлөөгөөр хэрхэн гай зовлонд унахыг харсан ажээ. Тэр хойч үеийнхнээ нэрлэхдээ үр удам гэдэг үгийг ашиглажээ.
Өөрийнх нь үр удмынхнаас зарим хүмүүс Цагаатгалын бүх адислалыг авах болно гэдгийг Нифай харсан байлаа. Гэвч эцэстээ леменчүүд түүний үр удмынхныг устгах болно гэдгийг тэр харжээ. 1 Нифай 12:19-ийг уншиж, нифайчуудын устгагдсан шалтгааны доогуур зур. Бардамналаас хэрхэн хамгаалж, чөтгөрийн уруу таталтуудаас хэрхэн зайлсхийхийг тунгаан бод.
1 Нифай 13:1–9
Нифай агуу хийгээд жигшүүрт сүмийг харсан нь
Тоглож байсан эсвэл үзэж байсан спортоо дугуйлж, өөр спорт тоглож байсан эсвэл үзэж байсан бол жагсаалт дээр нэм:
-
Хөл бөмбөг
-
Крикет
-
Сагсан бөмбөг
-
Бейсбол
-
Ширээний теннис
-
Газрын теннис
-
Рагби
-
Хоккей
-
Гар бөмбөг
-
Америк хөл бөмбөг
Мэргэжлийн спортод багууд өрсөлдөгчидтэйгөө тоглохоос өмнө тэдний өнгөрсөн тоглолтуудын арга тактикийг судлах нь олонтоо тохиолддог. Өрсөлдөгчийнхөө зорилго, арга, тактикийг ойлгох нь тэднээс өөрийгөө хамгаалахад бэлтгэхэд бидэнд тусалж болно.
1 Нифай 13-т Нифай хожмын өдрүүдэд Бурханы Сүмийг эсэргүүцэгчдэд юу тохиолдохыг харснаа дүрсэлжээ. 1 Нифай 13:1–6-г уншиж, Нифай харийнхны дунд юу үүсэхийг харсныг болон тэнгэр элч энэ тухай юу хэлснийг ол.
Нифайн харсан тэрхүү “агуу хийгээд жигшүүрт сүм” бол ямар нэг бүлэг, шашин эсвэл сүм биш юм. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Брүс Р.Макконки үүнийг “ямар нэртэй эсвэл ямар мөн чанартай нь хамаагүй …хүмүүсийг Бурханаас болон түүний хуулиудаас, ингэснээрээ Бурханы хаант улсад аврагдахаас тэднийг холдуулан хөндийрүүлэх зорилготой аливаа байгууллагууд” хэмээн тодорхойлжээ (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл, [1966], 137–138). Ахлагч Макконкигийн тодорхойлолтыг 1 Нифай 13:4–6-гийн дэргэд судартаа бичиж болно.
1 Нифай 13:8–9-ийг уншиж, агуу хийгээд жигшүүрт сүмийн хүсэл бодол, санаархал, зорилгыг ол.
-
Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Сатан биднийг Бурханаас болон Түүний хуулиудаас холдуулахаар удирдахын тулд цэргүүдээ зохион байгуулдгийг мэдэх нь ямар ач холбогдолтой гэж та боддог вэ?
1 Нифай 13-ыг цааш нь судлахдаа Аврагчийг эрэлхийлдэг хүмүүст агуу хийгээд жигшүүрт сүм саад учруулахыг хичээдэг нэг арга замыг та мэдэх болно.
1 Нифай 13:10–42
Ирээдүйд харийнханд Библи, Мормоны Ном, хожмын үеийн бусад судрууд ирэх болно гэдгийг Нифай харсан ажээ.
Их Эзэн агуу хийгээд жигшүүрт сүмийн хүч чармайлтуудад няцаалт өгөхийн тулд сайн мэдээнийхээ Сэргээлтэд замыг бэлтгэсэн юм. 1 Нифай 13-т Нифай, “Бурханы Сүнс … [тэдэнд] нөлөөлсний” улмаас амлалтын нутагт Колумб болон бусад аянчид хүрч ирэхийг харсан ажээ (1 Нифай 13:12–13-ыг үзнэ үү). Тэр бас “Боолчлолоос ангижран гарсан харийнхан” “мөн эх нутгийнхан нь болох Харийнхан… тэдний эсрэг тулалдахаар цугларсан ч” “Бурханы хүчээр бусад бүх үндэстний гараас чөлөөлөгдсөн” (1 Нифай 13:16–19-ийг үзнэ үү) Америкийн Тусгаар Тогтнолын дайныг харжээ.
1 Нифай 13:20–23-ыг уншиж, амлалтын нутагт ирсэн анхны эзэмшигчдийн дунд тараагдсан, Нифайн харсан тэр номыг ол.
Судартаа 1 Нифай 13:20-ийн дэргэд “Библи” гэж бич. Библи бидэнд “агуу үнэт” (1 Нифай 13:23) зүйл болохын хамт энэ нь анх бичигдэхдээ “Их Эзэний сайн мэдээний бүрэн байдлыг агуулж байсныг” (1 Нифай 13:24) Нифай тайлбарлажээ. Дараах хураангуйлал дахь хоосон зайг бөглөхийн тулд 1 Нифай 13:26–27, 29-ийг ашигла.
Агуу хийгээд жигшүүрт сүм Библиэс “олон__________ болоод хамгийн_________ хэсгүүдийг ; мөн түүнчлэн Их Эзэний олон ________ зайлуулан авчээ (1 Нифай 13:26). Тэд эдгээр зүйлүүдийг зайлуулан авсан нь Их Эзэний зөв замуудыг_____________, хүмүүний үрсийн мэлмийг ______________ бас зүрх сэтгэлийг____________тулд юм” (1 Нифай 13:27). Хурганы сайн мэдээнээс зайлуулагдан авагдсан эдгээр зүйлүүдийн учир “үлэмж агуу олон нь__________ _____” (1 Нифай 13:29).
Хоосон зайг бөглөсний дараа дээрх өгүүлбэрүүдийг дахин унш.
Агуу хийгээд жигшүүрт сүмийн нэг зорилго бол тодорхой бөгөөд эрхэм үнэт үнэнүүдийг зайлуулан авснаар “Их Эзэний зөв замуудыг гажуудуулах” (1 Нифай 13:27) явдал юм. “Гажуудуулах” гэдэг нь зөв зүйлээс нүүр буруулах эсвэл түүнээс эргэх гэсэн утгатай. “Их Эзэний зөв замуудаас” нүүр буруулах эсвэл эргэхийн сөрөг үр дагавруудын тухай бод.
Дараах асуултуудад хариулахын тулд судруудаа ашигла:
-
1 Нифай 13:34-т өгүүлснээр, Их Эзэн нигүүлслийнхээ улмаас юуг авчрах вэ? (“Хурга” гэдэг нэр Аврагч Есүс Христийг хэлж байгааг мэдэх нь ашигтай байж болно.)
-
1 Нифай 13:35–36-д, далдлагдсан ямар зүйл харийнханд ирэх болно хэмээн Аврагч хэлсэн бэ?
-
1 Нифай 13:36-д, далдлагдсан цэдэг—Мормоны Номонд юуны тухай бичигдсэн гэж тэнгэр элч хэлсэн бэ?
-
1 Нифай 13:39-д Мормоны Номоос гадна “бусад номууд” гэдэг нь юуг хэлж байгаа юм бол?
1 Нифай 13:40–41-ийг уншиж, Мормоны Ном болон эдгээр “бусад номууд” нь юуг бүх хүмүүст мэдүүлэхийг олж доогуур нь зур. Бид “Хурганы амаар тогтоогдох үгсийн дагуу” (1 Нифай 13:41) Аврагчид ирэх ёстой гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал. Тогтоогдох үгс гэдэг нь судрууд юм.
Нифайн үзэгдлийн энэ хэсгээс бид, Мормоны Ном болон хожмын үеийн судрууд нь Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд Түүнд хэрхэн ирэхийг мэдэхэд бидэнд туслах тодорхой хийгээд эрхэм үнэт үнэнүүдийг сэргээснийг мэддэг.
-
Дараах асуултуудын хариултыг судрын тэмдэглэлдээ бич:
-
Мормоны Ном болон хожмын үеийн бусад судрууд дахь тодорхой болоод эрхэм үнэт үнэнүүд нь Есүс Христийн тухай гэрчлэлд тань хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Тэдгээр нь Түүний сайн мэдээг ойлгож, түүгээр амьдрахад өөрт тань хэрхэн тусалсан бэ?
-
Судар судалсан тань Аврагчид ойр дотно болоход хэрхэн тусалж байгаад дүгнэлт өгөхөд зориулан цаг гарга.
1 Нифай 14:1–17
Агуу хийгээд жигшүүрт сүм, Бурханы Хурганы Сүмийн хоорондох тулалдааныг Нифай харжээ.
Бид 1 Нифай 14-өөс агуу хийгээд жигшүүрт сүм, Бурханы Хурганы Сүмийн хоорондох тулалдааны тухай уншдаг. 1 Нифай 14:10–13-ыг уншиж, аль талд нь илүү олон хүмүүс байхыг олж мэд. 1 Нифай 14:12-т Хурганы Сүмийг дэмжигч хүмүүсийн тоо цөөхөн байхад агуу хийгээд жигшүүрт сүм яагаад үй олон хүмүүсийг цуглуулж чадсаныг анхаар.
Хэрэв та хүний тоогоор давамгайлсан тулалдаанд оролцох болбол энэ нь танд ямар санагдах вэ? 1 Нифай 14:14-ийг уншиж, “Хурганы сүмийн гэгээнтнүүд” болон “Их Эзэний гэрээт хүмүүс” нүгэл хилэнцийн эсрэг тэмцэхэд нь хүлээн авах тусламжийн тухай өгүүлсэн хэллэгүүдийн доогуур зур.
1 Нифай 14:1–17-д заагдсан сайн мэдээний нэг чухал зарчим бол бид зөв шударга амьдарч гэрээнүүдээ сахисан үед Бурханы хүч бидэнд, нүгэл хилэнцийг ялахад туслах болно гэсэн зарчим юм.
-
Бурханаас болон Түүний хуулиудаас таныг хөндийрүүлж болох уруу таталтыг ялахад, “Их Эзэний гэрээт хүмүүсийн” нэг байж, “зөв шударга ёсоор зэвсэглэх” (зөв шударга амьдрах) нь танд хэрхэн тусалсан тухай судрын тэмдэглэлдээ нэг догол мөр бич.
Агуу хийгээд жигшүүрт сүмийг дэмждэг хүмүүс эцсийн өдрүүдэд “бүрмөсөн устгагдахыг” (1 Нифай 14:3) Нифай харжээ. Бурханы хаант улс эцсийн өдрүүдэд ялах болно гэдэгт та итгэлтэй байж болно.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 1 Нифай 12–14-р бүлгүүдийг судалж (огноо)-нд энэ хичээлийг дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: