22-р хэсэг: 2 дахь өдөр
Хиламан 3–4
Оршил
Хиламаны номын эхний бүлгүүдэд дүрсэлсэн цаг үед нифайчууд амар амгалан байж, зөрчилдөөнийг даван туулсан юм. Амар амгалан үед хэдэн арван мянган нифайчууд сүмд нэгдэв. Энэхүү агуу хөгжил цэцэглэлтийн дараа, бардамнагч хүмүүс тэднийг хавчиж байсан ч сүмийн даруухан олон гишүүдийн итгэл өсөн нэмэгджээ. Олон нифайчууд ёс бус болсны улмаас тэд өмнөдийн бүх нутгуудаа леменчүүдэд алджээ.
Хиламан 3
Сүм ёс бус явдал болон мөрдлөг хавчлагын дунд хөгжин цэцэглэж байхад олон нифайчууд умард нутаг руу нүүв
Хиламан 3:1–2-ыг уншаад Нифайн хүмүүсийн дунд хэдэн жилийн турш “ямар ч зөрчилдөөн” байгаагүйг ажигла. Одоо Хиламан 3:3, 19-ийг уншаад нифайчуудын дунд гарсан өөрчлөлтүүдийг харуулсан үг хэллэгүүдийг ол.
Хиламан 3:4–16-д нифайчуудын дунд зөрчилдөөн үүсч, олон хүмүүс умард нутаг тийш дүрвэн нүүснийг тайлбарлажээ. Олон нифайчууд ёс бус болж, леменчүүдтэй нэгдэв.
Хиламан зөрчилдөөн, ёс бус явдлыг үл харгалзан өөрөөр амьдрахыг сонгосон юм. Хиламан нифайчуудын eрөнхий шүүгч мөн тэдний дундах бошиглогчоор үйлчилж байлаа. Хиламан 3:20-ийг уншаад Хиламаныг хэрхэн дүрсэлснийг олж мэд. (Эрх тэгш байдал гэдэг үг нь шударга байх, ялгаварлан гадуурхахгүй эсвэл хэт нэг талыг барихгүй байх гэсэн утгатай юм.)
Хиламаны юу нь танд онцгой сэтгэгдэл төрүүлж байна вэ? Тэр яагаад тэрхүү зөрчилдөөн, ёс бус явдлын үед тийн хүчирхэг хэвээр байсан гэж та бодож байна? Та үргэлж гэсэн үгийг Хиламан 3:20-р шүлэгт тэмдэглэж аваарай.
Хиламан 3:22–26-г уншаад нифайчууд хэрхэн өөрчлөгдөн сайжирч эхэлснийг тэмдэглэ. Хэчнээн хүн сүмд нэгдсэн бэ?
Мормон ихэвчлэн “бид ийн үзэж болно,” “ бид тийн харлаа,” ба “бид харсан” гэсэн хэллэгүүдийг хэрэглэсэн нь тэрээр биднийг мэдээсэй гэсэн үнэнүүдийг онцлон заасан хэрэг ажээ. Хиламан 3:27–30-д эдгээр хэллэгүүд олон удаа хэрэглэгдсэн нь Мормон биднийг зарим чухал сургамжуудыг сураасай гэж хүссэнийг харуулж байна. Хиламан 3:27–30-ийг уншаад гол хэллэгүүдийг тэмдэглэж, Мормон биднийг сураасай гэж хүссэн сургамжуудыг олж мэд.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Мормон таныг Хиламан 3:27–30-р шүлгүүдээс Бурханы үгийн талаар юу мэдээсэй гэж хүссэнийг бич.
-
Судруудыг судлах нь таныг ёс бус явдлаас зайлсхийж мөн Бурханы оршихуй руу хөтлөх зам дээр үлдэхэд тань хэрхэн тусалсныг бич.
-
Хиламан 3:32–34-ийг уншаад сүмийн зарим гишүүд хэрхэн бусад гишүүдийг хавчиж эхэлснийг ажигла. Хавчигч хүмүүс нь сүмд харьяалагддаг ч үнэн хэрэгтээ тэд бардамналаар дүүрэн бөгөөд сүмийн сургаалуудад итгэдэггүй байсан ажээ. Тэдний үйлдлүүд нь сүмийн даруухан гишүүдийг олон зовлон зүдгүүр амсахад хүргэв. Сүмдээ явж, Бурханы бошиглогчид болон зарлигуудыг дагахаар сонгосныхоо улмаас сүмийн бусад гишүүдээр хавчигдах нь хэчнээн хэцүү болохыг эргэцүүлэн бод.
Хиламан 3:35-ыг уншаад сүмийн итгэлтэй гишүүд хавчлага, зовлон зүдгүүрийн үeд хэрхэн үйлдсэнийг сурч мэд.
-
Хиламан 3:35-аас сурсан зүйл дээрээ үндэслэн судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.
-
Зовлон зүдгүүрийн үeд сүмийн даруухан гишүүдийн итгэл нэмэгдсэн үү эсвэл буурсан уу?
-
Сүмийн даруухан гишүүд итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийсэн бэ?
-
Сүмийн эдгээр гишүүд ямар адислалуудыг хүлээн авсан бэ?
-
Бид Хиламан 3:33–35-ыг судалснаар хувь хүн бүр хавчлага, зовлон зүдгүүр өөрт нь хэрхэн нөлөөлөхийг өөрсдөө тодорхойлдог болохыг мэдэж болно. Эдгээр шүлгүүдээс сурсан зүйл дээрээ үндэслэн дараах өгүүлбэрийг гүйцээж бич: Бид хавчлага, сорилтуудыг үл харгалзан -снаар Eсүс Христэд итгэх итгэлээ нэмэгдүүлж чадна. (Энэ өгүүлбэрийг гүйцээж бичих олон арга бий.) Энэ өгүүлбэрээ судартаа Хиламан 3:33–35-ын хажууд бичиж болно.
-
Эдгээр шүлгүүдийг илүү сайн ойлгохын тулд судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын хоёрт нь эсвэл бүгдэд нь хариулж бич.
-
Хавчлага эсвэл сорилтын үeд залбирал болон мацаг барилт танд хэрхэн тусалсан бэ?
-
Зүрх сэтгэлээ Бурханд зориулах гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Хавчлага эсвэл сорилтын үeд Eсүс Христэд итгэх итгэл тань нэмэгдсэн үү?
-
Хиламан 3:36–37-г уншаад Хиламаныг нас барах үeд ихэнх нифайчуудын сүнслэг байдлын түвшин ямар байсныг тодорхойл.
Хиламан 4
Их Эзэний Сүнс нифайчуудаас холдож, леменчүүд нифайчуудын өмнөд нутгийг тэр чигт нь эзлэв
Хиламан 4-р бүлэгт цэдэглэгдсэнээр Хиламаныг нас барсны дараа, нифайчуудын дундах бардамнал, зөрчилдөөн олон нифайчуудыг леменчүүдтэй нэгдэхэд хүргэжээ. Леменчүүд нифайчуудын эсрэг тулалдав. Хиламан 4:4–8-ыг уншаад леменчүүд эзлэн авсан гэж бодож байгаа нутгуудаа газрын зурагт тэмдэглэ.
-
Судар судлах тэмдэглэлийнхээ нэг хуудасны голд босоо шугам зурж хуудсыг хоёр хэсэг болгон хуваа. Хоёр хэсгийн нэгнийх нь дээд талд Нифайчуудын хандлага ба үйлдлүүдийг харуулсан хэллэгүүд гэж бич. Нөгөө талд нь Эдгээр үйлдлүүдийн улмаас тохиолдсон зүйлсийг харуулсан хэллэгүүд гэж бич. Тэгээд Хиламан 4:11–13, 21–26-г уншаад гарчиг бүрд хамгийн багадаа 3 өгүүлбэр бич.
Хиламан 4-р бүлгээс сурч болох чухал зарчмуудын нэг нь бардамнал ба ёс бус явдал биднийг Их Эзэний Сүнснээс тусгаарлаж, биднийг зөвхөн өөрийн хүч чадалтай үлдээдэг гэсэн зарчим юм. Та энэ зарчмыг судартаа Хиламан 4:23–25-ын хажууд бичих хэрэгтэй.
Нифайчуудын туршлагаас харахад зөвхөн өөрийн хүч чадалтай үлдэнэ гэдэг нь ихэвчлэн тулалдаанд ялагдаж, газар нутгаа алдана гэсэн утгатай байдаг (Хиламан 4:25–26-г үзнэ үү). Бидний хувьд өөрийн хүч чадалтай үлдэнэ гэдэг нь Сүнстэй нөхөрлөхөө болино гэсэн үг юм.
-
Амьдралдаа ямар “тулаанууд”-тай учирдаг тухайгаа бод. Тэгээд тэдгээрээс нэг эсвэл илүү олныг нь судар судлах тэмдэглэлдээ бич. Амьдралдаа Сүнсний нөхөрлөлийг хадгалахын тулд өөрийнхөө хийж чадах дор хаяж нэг зүйлийг бич. Мөн амьдралынхаа тулаанд Их Эзэний хүч чадалтайгаар оролцоход тань туслах Сүнстэй хамт байхын ач холбогдлын талаарх сэтгэгдлээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Хиламан 3–4-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: