Мормоны оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Та Мормоны номыг судалснаар амьдралынхаа турш “ёс бус хийгээд жигшүүрт хэргүүдийн үргэлжийн дүр зургаар” хүрээлүүлж байсан ч Есүс Христийн дагалдагчийн хувьд итгэлтэйгээр амьдарсан Мормоноос үнэ цэнэтэй сургамж авах болно (Moрмон 2:18). Түүнчлэн та хожмын үеийн уншигчдад хандан “Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ” хэмээн гэрчилсэн Мормоны хүү Моронайн үгсийг судласнаар ашиг тус хүртэх болно (Moрмон 8:35). Эдгээр зүйлсийг судалснаар Есүс Христийн сайн мэдээний гэрээнүүд болон зарлигуудын дагуу амьдрахыг сонгохын ач холбогдлын талаар сурах болно.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Мормон эхний долоон бүлгийг түүний өдрүүд дэх нифайчууд болон леменчүүдийн дундах дайнууд, ёсон бусын талаарх хураангуй цэдэг болгон бичсэн. Тэрээр мөн амьдарч байсан үеийнхээ үйл явдлуудын “бүрэн шастирыг” Нифайн Их ялтсууд дээр бичжээ. (Moрмон 2:18; 5:9-ийг үзнэ үү). Мормоныг “арав орчим настай” байх үед нь цэдэг хөтлөгч Аммарон түүнд яваандаа “энэ хүмүүсийн талаар өөрийн ажигласан бүх зүйлүүдийг сийлбэрлэх болно” гэжээ (Moрмон 1:2, 4). Тэр хорин дөрөв орчим настай байхдаа Нифайн ялтсуудыг хариуцах эрхтэй болсон бөгөөд “Аммароны үгсийн дагуу цэдгийг үйлдэв” (Moрмон 2:17). Хожим нь Мормон Лихайгаас Аммароныг хүртэлх цэдэг хөтлөгч болон бошиглогчдын бичиглэсэн зүйлсийг агуулсан Нифайн Их ялтсуудыг хураангуйлж эхэлжээ. Мормон амьдралынхаа төгсгөл үед өөрийн хүү “Моронайд өгсөн цөөн хэдэн ялтсуудаас бусад, Их Эзэний мутраар [түүнд] итгэмжлэгдсэн бүх цэдгүүдийг Кумора гүвээнд нуув” (Moрмон 6:6). Дараа нь тэрээр леменчүүдийн эсрэг сүүлчийн агуу тулаанд нифайчуудыг удирджээ. Мормон нас барахаасаа өмнө цэдгүүдийг нь дуусгахыг Моронайд зааварлаж, Моронай энэ номын 8–9-р бүлгүүдийг нэмэв.
Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?
Moрмон 1–7-р бүлгүүдийг Мормон МЭ 345-МЭ 401 оны хооронд бичсэн байх магадлалтай (Moрмон 2:15–17; 8:5–6-г үзнэ үү). Тэрээр өөрийн бичиглэлийг Кумора дахь нифайчууд, леменчүүдийн хооронд болсон сүүлчийн агуу тулааны дараа дуусгажээ (Mормон 6:10–11-ийг үзнэ үү). Моронай амь насныхаа аюулгүй байдлын төлөө бэдрэн явахдаа Moрмон 8–9-р бүлгийг МЭ 401-ээс МЭ 421 оны хооронд бичсэн байх магадлалтай (Moрмон 8:4–6; Moронай 1:1–3-ыг үзнэ үү).