29-р хэсэг: 2 дахь өдөр
Moрмон 9
Оршил
Моронай Есүс Христэд итгэдэггүй тэднийг наманчлалаар дамжуулан Бурханд ирэхийг дуудсанаар эцгийнхээ бичээсийг дуусгажээ. Тэрээр Бурхан бол өөрчлөгддөггүй, гайхамшгийн Бурхан гэж заасан. Хүмүүс зөвхөн итгэхээ болих үед гайхамшгууд зогсдог гэдгийг тэрээр мөн заав. Тэрээр бүх хүн төрөлхтнийг хэрэгцээт зүйлсээ хүлээн авахын төлөө Есүс Христийн нэрээр Эцэгт хандан залбирахыг урамшуулав.
Moрмон 9:1–6
Моронай Есүс Христэд итгэдэггүй тэдгээрийг наманчлахыг уриалан дуудсан нь
Хэрэв та өнөөдөр Бурханы оршихуйд орох гэж байсан бол юу мэдэрч мөн бодох байснаа төсөөл. Ёс бус хүмүүс Түүний оршихуйд юу мэдрэх байх гэж та бодож байна вэ? Moрмон 9:1–5-ыг уншаад Есүс Христэд итгэхгүй байхаар сонгосон хүмүүс эцэстээ Бурханы оршихуйд аваачигдах үед юу болно гэж Моронай тодорхойлсныг анзаар.
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит гэм нүглээ наманчлаагүй ч Бурханы оршихуйд амар тайван байх болно гэж ташаа ойлгодог хүмүүс олон байдаг хэмээн тайлбарласан.
“Наманчлалгүйгээр аврал байх боломжгүй. Хүн нүгэлтэйгээ Бурханы хаант улсад орж чадахгүй. Хүн нүгэлтэйгээ Эцэгийн оршихуйд ирж, Бурханы оршихуйд амьдарна гэдэг нь зүйд нийцэшгүй зүйл байх болно. …
“Би энэ дэлхий дээр маш олон хүмүүс, тэдний магадгүй олонх нь, наанадаж сүмд байдаг зарим нь энэ амьдралынхаа турш өөрсдөдөө таатай зүйлсийг хийж, Их Эзэний зарлигуудыг зөрчсөн ч яваандаа тэд Түүний оршихуйд орох болно гэсэн бодолтой байдаг гэж боддог. Тэд магадгүй сүнсний дэлхийд наманчилна гэж боддог.
“Тэд Моронайн эдгээр үгсийг унших хэрэгтэй: ‘Гэмээ ухамсарласнаар та нар түүнтэй [Христ] цуг орших болно хэмээн та нар бодно уу? Та нарын бодгаль та нар Түүний хуулиудыг үргэлж зөрчдөг байсан тэрхүү гэмийнхээ ухамсартайгаар тарчилж байхад, та нар тэрхүү ариун Нэгэнтэй хамт оршихдоо аз жаргалтай байж чадна гэж та нар бодно уу?
“‘Болгоогтун, би та нарт хэлнэ, та нар Түүний өмнө бузар булайн ухамсартайгаар, ариун бөгөөд шударга Бурхантай хамт орших нь, та нар тамд яллагдсан бодгалиудтай оршсоноос илүү зовлонтой байх болно. Учир нь болгоогтун, та нар Бурханы, мөн түүнчлэн Бурханы алдар суу, мөн Есүс Христийн ариун байдлын өмнө өөрсдийн нүцгэн байдлыг үзэхээр авчрагдах үед, энэ нь та нарын дээр унтаршгүй галын дөл асаах болно’ [Moрмон 9:3–5]” (Doctrines of Salvation, comp. Bruce R.McConkie, 3 vols. [1954–1956], 2:195–196).
-
Дараах асуултад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич: Ирэх амьдралд наманчилж болно гэж итгээд энэ амьдралд наманчлахыг хойшлуулах нь яагаад буруу гэж та бодож байна вэ? (Та хариулахдаа Moрмон 9:1–5; Aлма 12:14; болон Aлма 34:32–34-өөс сурсан зүйлсээ ашиглаж болно.)
Moрмон 9:6-г уншаад “үл итгэдэг” тэд Моронайн дүрсэлсэн тарчлалаас сэрэмжлэхийн тулд юу хийх ёстойг ол. Moрмон 9:6 дахь Бурхан руу эргэж, Түүнээс өршөөлийг гуйх тэдний нөхцөл байдлыг дүрсэлсэн үгсийг тэмдэглэж болно. Энэ эшлэлээс бид дараах зарчмыг сурдаг: Хэрэв бид наманчилж мөн Бурханы нэрийг дуудвал, Түүний оршихуйд орох үед бид толбогүй байх болно. Энэ зарчмыг та судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичих хэрэгтэй.
-
Та Аврагчийн Цагаатгалаар дамжуулан ариусгагдаж, толбогүй болсноо мэдсэн бол Бурханы оршихуйд юу мэдрэх байсан тухайгаа төсөөлсөн хэдэн өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ бич.
Наманчлал болон зөв шударга амьдралаар дамжуулан та Бурханы оршихуйд амар тайван байхдаа бэлтгэж чадна. Бурхантай уулзахад одооноос бэлтгэх хамгийн чухал гэж мэдэрсэн зүйлээ тунгаан бод.
Moрмон 9:7–20
Моронай Бурхан гайхамшгуудыг гүйцэтгэдэг ба итгэлтнүүдийн залбиралд хариулдгийг тунхаглав
Та ямар нэг гайхамшгийг үзэж эсвэл биеэр амсаж байсан уу? Гайхамшиг гэдэг үгийг өөрийн үгээр тодорхойлж бич:
Судруудын удирдамжаас эсвэл Библийн толь бичгээс гайхамшиг гэдэг үгийг олж тодруул эсвэл өөрийн тодорхойлолт дээр нэм. Яагаад одоогийн зарим хүмүүс гайхамшигт итгэдэггүй гэж та бодож байна?
Moрмон 9:7–8, бичигдсэний дагуу, Моронай Бурхан амьд, илчлэлтүүдийг өгдөг, Тэрээр итгэлтнүүдийн дээр бэлгүүдийг цутгадаг гэдгийг эцсийн өдөр үгүйсгэх тэдэнд хандан бичсэн. Моронай Бурхан байдаг ба Тэрээр “өчигдөр, өнөөдөр, мөн үүрд” адил гэдгийг хүчтэйгээр заасан (Moрмон 9:9). Тэрээр бүх насны итгэлтэй хүмүүсийн дунд гайхамшгийг үргэлжлүүлэн үйлдсээр байгаа. Moрмон 9:9–11, 15–19-ийг уншаад Моронай Бурхан гайхамшгуудыг үйлдсээр байгаа гэдэгт итгэхэд нь хүмүүст туслахын тулд Бурханы мөн чанарын талаар юу гэж заасныг тодорхойл.
-
Moрмон 9:9–11, 15–19-өөс Бурханы мөн чанарын тухай юу сурснаа судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн энэхүү асуултад хариулж бич: Өнөө үеийн хүмүүсийн амьдралд гайхамшгуудыг үйлдэх Бурханы хүсэл болон чадварын талаар эдгээр шүлгүүд нь танд юу зааж байна вэ?
Moрмон 9:20-ийг уншаад яагаад зарим хүмүүст гайхамшиг тохиолддоггүй шалтгаануудыг ол.
Moрмон 9:9–19-д бичигдсэн Моронайн үгс нь дараах зарчмыг заадаг: Бурхан өөрчлөгдөшгүй учраас Өөрийн хүүхдүүдийн итгэлээр дамжуулан гайхамшгуудыг тохиолгодог. Та энэ зарчмыг судартаа Moрмон 9:19–20-ийн хажууд бичих хэрэгтэй.
Бид амьдралдаа маш олон арга замаар Бурханы гайхамшигт хүчийг харж чадна. Судрууд дээр дүрслэгдсэн зарим агуу гайхамшгуудыг тунгаасны дараа Хүүхдийн хэсгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан Сидни С.Рэйнолдс эгч ийн заасан:
“Эдгээр ‘агуу гайхамшгууд’ чухлын адил бид бүгдэд Их Эзэнд итгэх итгэлтэй байхыг заадаг ‘хувийн жижиг гайхамшгууд’ ч гэсэн чухал юм. Эдгээр нь бид амьдралдаа Сүнсний өдөөлтийг таньж, дагаснаар ирдэг. …
“Бид бүгд эдгээр жижиг гайхамшгуудыг гэрчилж чадна гэдэгт би итгэдэг. Бид хүүхдүүд алдсан зүйлээ олоход туслахыг гуйн залбираад мөн олдгийг мэднэ. Бурханы гэрчлэгч болон зогсож, Түүний тусламжийг мэдрэх зоригийг хүсдэг өсвөр үеийнхнийг бид мэднэ. Сүүлчийн мөнгөнөөсөө аравны нэгээ төлж, дараа нь гайхамшгаар дамжуулан сургалтын төлбөр, түрээс эсвэл гэр бүлийнхээ хоол хүнсийг цуглуулах мөнгөтэй болсон найз нөхдийг бид мэднэ. Бид залбирлынхаа хариултыг хүлээн авсан, урам зориг, амар амгалан авчирсан эсвэл эрүүл мэндээр адисалсан санваарын адислалуудын талаар туршлагуудаа хуваалцаж чадна. Эдгээр өдөр тутмын гайхамшгууд нь бидний амьдрал дахь Их Эзэний нөлөөг бидэнд мэдрүүлдэг” (“A God of Miracles,” Ensign, 2001 оны 5-р сар, 12).
-
Өөртөө эсвэл таны мэдэх хэн нэгэнд тохиолдсон Бурхан өнөөдөр ч гэсэн гайхамшгуудын Бурхан хэвээр байгаа гэдгийг нотолсон туршлагыг судар судлах тэмдэглэлдээ бич.
Moрмон 9:21–37
Моронай залбирал болон Нифай үндэстний бичээсийн зорилгын талаар заасан нь
Таныг залбирсан учраас танд хэрэгтэй тусламжийг Тэнгэрлэг Эцэг өгсөн үеийг та санаж байна уу? Moрмон 9:21-ийг уншаад Тэнгэрлэг Эцэгт хандан тусламж эрэлхийлэн залбирах тухай Моронай юу гэж заасныг ол.
Дараах тодорхойлолтыг уншаад Христийн нэрээр залбирна гэдэг нь ямар утгатай болохыг ол: “Бидний оюун санаа Христийн оюун санаа байж, Түүний үгс бидний дотор оршиж, бидний хүсэл Христийн хүсэл байхад бид Христийн нэрээр залбирдаг (Иохан 15:7). Дараа нь бид Бурханы өгөх боломжтой зүйлсийг гуйдаг. Христийн нэрэн дээр биш учраас олон залбирлууд хариулагдахгүй үлддэг. Тэдгээр нь түүний оюун санааг огт төлөөлдөггүй бөгөөд хүмүүний зүрхний аминч байдлыг илэрхийлдэг” (Библийн толь бичиг, “Залбирал”).
Уншсан зүйл дээрээ тулгуурлан хувийн залбирлаа тунгаан бод. Есүс Христийн нэрээр илүү бүрэн дүүрэн залбирахын тулд та юу хийж чадах вэ?
Моронай Аврагчид итгэсэн мөн гайхамшгуудыг үйлдсэн хүмүүсийн жишээг хуваалцахын тулд Есүс Христ Өөрийн Нифай шавь нартаа заасан зүйлсээс эш татсан. Moрмон 9:22–25-д бичигдсэний дагуу Аврагч Өөрийн шавь нарт бүх газар дэлхийгээр явж сайн мэдээг тунхаглахыг зарлигласан бөгөөд гайхалтай “тэмдгүүд итгэдэг тэднийг дагалдах болно” (Moрмон 9:24) гэж амласан. Тэгээд Моронай залбирлын талаар үргэлжлүүлэн заасан.
-
Moрмон 9:27–29-ийг уншаад бид хэрхэн итгэлээр залбирах тухай Моронай юу заасныг тодорхойл. Тодорхойлсон зүйлсээ судар судлах тэмдэглэлдээ бич. Тэгээд өөрийн залбирлыг сайжруулахдаа эдгээр заасан зүйлсийн нэгийг хэрхэн ашиглаж болохыг тайлбарласан хэдэн өгүүлбэр бич.
Та дараах зарчмыг судартаа Moрмон 9:27-гийн хажууд бичих хэрэгтэй: Хэрэв бид Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгт хандан итгэлтэйгээр залбирах юм бол Тэр бидний авралыг боломжтой болоход туслах адислалуудыг өгөх болно.
Моронай үгсээ төгсгөхдөө эцсийн өдрүүдэд Мормоны Номыг төгс бус хүмүүс бичсэний улмаас зарим хүмүүс үүнийг үгүйсгэх болно гэдэгт санаа зовж буйгаа илэрхийлсэн (Moрмон 9:30–34-ийг үзнэ үү). Moрмон 9:35–37-г уншаад Мормоны Номын зорилгуудын тухай Моронай юу гэж тунхагласныг ол.
Мормоны Ном урагш гарч ирэх нь хэрхэн Бурхан бол гайхамшгуудын Бурхан, Тэрээр залбирлуудад хариулдаг гэдэгт нэмэлт баталгаа болж буйг тунгаан бод.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Moрмон 9-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: