27-р хэсэг: 2 дахь өдөр
3 Нифай 24–26
Оршил
Есүс Христ 3 Нифай 24–25-д, Малахийн зарим бошиглолыг хүмүүст танилцуул гэсэн Тэнгэрлэг Эцэгийн зарлигийг биелүүлжээ. Малахи Израилын угсааныхан Аврагчийн ирэлтэд бэлтгэхийн тулд наманчилж, Их Эзэнд эргэн ирэх шаардлагатайг тунхагласан юм. 3 Нифай 26:3-т цэдэглэгдсэнээр Есүс Христ хүмүүст “бүх зүйлийг, бүр эхлэлээс тэрбээр алдар суундаа ирэх тэр цагийг хүртэл” тайлбарлав. Мормоны Номд итгэдэг хүмүүст бүр агуу зүйлс үзүүлэгдэх болно хэмээн Мормон заасан билээ (3 Нифай 26:9-ийг үзнэ үү).
3 Нифай 24:1–6
Есүс Христ Хоёр дахь ирэлтийн талаарх Малахийн бошиглолыг эш татсан нь
Eсүс Христ Малахийн бошиглолуудын заримыг нифайчуудад ярихдаа гал ба савангийн тухай дурджээ. Дүрэлзэх гал ба нэг ширхэг саванг төсөөлөн бод. Эдгээр хоёр зүйл ариутгалын эсвэл цэвэрлэгээний бодисын хувьд юугаараа ижил төстэйг бод.
3 Нифай 24:2–3-ыг унш. 3 Нифай 24:2-т, Eсүс Христийг металл цэвэршүүлэгчийн гал, хувцас угаагчийн савантай зүйрлүүлсэн нь Тэрбээр Хоёр дахь ирэлтээрээ юу хийхтэй холбоотой юм. 3 Нифай 24:3-т, Түүнийг мөнгө цэвэршүүлдэг дархантай зүйрлүүлжээ. Эдгээр шүлгүүдийг ойлгохын тулд мөнгө цэвэршүүлэх явцад мөнгөний дархан хэсэг мөнгийг галын хамгийн халуун хэсэгт барьж, хэрэггүй зүйлсийг шатааж арилгадаг. Цэвэршүүлэгч нь мөнгийг сайн харж байхгүй бол мөнгө гал дотор байх хугацаанаасаа ганцхан хором л хэтэрвэл сүйддэг. Хувцас угаагч нь саван ашиглаж хувцсыг угаан цэвэр болгож, цайруулдаг хүн. “Левийн хөвгүүд” эртний Израилд санваарыг атгагчид байсан бөгөөд энэ нэр томьёо өнөө үед Их Эзэний бүх хүмүүсийг хэлж байгаа юм.
Дээрх дүрслэл Eсүс Христийн Хоёр дахь ирэлтээр юу тохиохыг анхааруулж байгааг тунгаан бод. Судартаа 3 Нифай 24:2–3-ын хажууд: Есүс Христ Хоёр дахь ирэлтээрээ Өөрийн хүмүүсийг цэвэршүүлэх болно гэж бич.
3 Нифай 24:5–6-г уншаад Аврагчийн ирэлтээр хэн устгагдахыг мөн хэн устгагдахгүй эсвэл сүйрэлд өртөхгүй гэдгийг олж мэд. (Энэ хэсэгт гарч байгаа “Иаковын хөвгүүд” гэсэн үг нь Их Эзэнтэй гэрээнд орсон Израилын угсааны хүмүүс гэдгийг анхаар.) Эдгээр шүлгүүдийн заадаг зарчим нь: Есүс Христ Өөрийн ирэлтээр ёс бусчуудыг шүүх болно гэсэн зарчим юм.
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах гарчгийг бич: Би Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд өөрийгөө бэлтгэхийн тулд юу хийх ёстой вэ? Та3 Нифай 24–26-р бүлгүүдийг үргэлжлүүлэн судлахдаа Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд тань туслах зүйлсийг энэ гарчгийн дор жагсаан бич.
3 Нифай 24:7–18
Малахи Израилын угсаа Их Эзэнд хэрхэн буцаж очихыг заажээ
Таны нэг сайн найз эсвэл танай гэр бүлийн хэн нэгэн нь хувь хүний үйлдлүүд Шүүлт, Хоёр дахь ирэлтэд эсвэл үүрд мөнхөд түүнд нөлөөлж болох талаар санаа зовохгүй байна гэж төсөөлөн бод. Та энэ хүнд туслахын тулд юу гэж хэлэхээ бод. 3 Нифай 24:7-г уншаад Их Эзэн Өөрөөс нь холдон хөндийрч байгаа Иаковын хөвгүүдэд юу гэж хэлснийг олж мэд. Хүмүүс Их Эзэний ёслолуудаас “зайцан явсан” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна?
Сүм дэх ёслол бол санваарын эрх мэдлээр албан ёсоор гүйцэтгэгддэг ариун зан үйл юм. Зарим ёслол бидний авралд нэн чухал. Эдгээр ёслолуудыг “авралын ёслолууд” гэдэг. Эдгээр ёслолуудад баптисм, гишүүний баталгаа, Мелкизедек санваарт томилох (эрэгтэйчүүдийг), ариун сүмийн хишиг хүртэх, гэрлэлтийг лацдан холбох нь багтдаг. Бид эдгээр ёслол тус бүрээр Их Эзэнтэй ариун гэрээнүүд хийдэг. Та авралын ёслолуудыг судар судлах тэмдэглэлдээ нэг дэх даалгаврын гарчигны доор жагсаан бич. Эдгээр ёслолууд нь биднийг Хоёр дахь ирэлтэд бэлтгэхэд хэрхэн туслахыг бод.
Хэдийгээр Их Эзэний хүмүүс сайн мэдээний ёслолууд болон гэрээнүүдээс холдон хөндийрсөн ч Их Эзэн тэднийг Өөрт нь эргэж ирвэл 3 Нифай 24:7-р шүлэг дэх амлалтыг тэдэнд өгснийг анхаар. Хэрэв бид Их Эзэнд эргэж ирвэл Тэр бидэн рүү эргэх болно гэсэн амлалтыг санахын тулд судартаа тэмдэглэ.
3 Нифай 24:8–10-ыг уншаад Иаковын хөвгүүд Их Эзэнд эргэж ирж, Хоёр дахь ирэлтэд бэлтгэж болохыг харуулсан нэг арга замыг ол. Аравны нэг болон өргөлүүдээ төлөхийг судар судлах тэмдэглэлдээ нэг дэх даалгаврын гарчигны доор бич.
Аравны нэгээ төлөх талаар Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли дараах зөвлөгөөг өгснийг унш: “Бид аравны нэгээ төлж чадна. Энэ нь мөнгөний асуудал биш, харин итгэлийн асуудал юм” (“Let Us Move This Work Forward,” Ensign, 1985 оны 11-р сар, 85).
Их Эзэнд аравны нэг болон өргөлүүдээ төлөх таны хүсэл хэрхэн Их Эзэнд итгэх итгэлийн тань илрэл болдгийг түр зуур тунгаан бод. 3 Нифай 24:10–12-ыг уншаад аравны нэгээ шударгаар бүрэн төлдөг хүмүүст ирдэг адислалууд дээр анхаарлаа төвлөрүүл.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Та аравны нэгийн хуулинд дуулгавартай байснаар ямар адислалуудыг хүлээн авсан бэ?
-
Аравны нэг болон өргөлүүдээ төлөх зарлигийг сахих нь Хоёр дахь ирэлтэд сүнслэг байдлын хувьд бэлтгэхэд тань хэрхэн тусалсан гэж бодож байна?
-
Эртний Израилын зарим хүмүүс Их Эзэний зарлигуудыг сахих нь тэдэнд ямар нэгэн сайн юм болоогүй хэмээн бувтналдаж байсан. Тэд өөрсдийн хүч чармайлтыг дэмий хоосон эсвэл утга учиргүй өнгөрсөн гэж үздэг байжээ (3 Нифай 24:14-ийг үзнэ үү). Нөгөөтэйгүүр, тэд бардамнагч ёс бусчуудыг “аз жаргалтай,” “дэвжин дээшилсэн,” “эрх чөлөөтэй” хэмээн маргалддаг байлаа (3 Нифай 24:15). Өөрөөр хэлбэл эдгээр хүмүүс ёс бусыг үйлдэгчид зөв шударга хүмүүсээс илүү сайхан амьдарч байна хэмээн гомдоллодог байв. Их Эзэн тэдний гомдолд хариулахдаа Их Эзэнээс эмээж, Түүний нэрийг боддог, нэг нэгэнтэйгээ ярилцахын тулд хамтдаа цугладаг хүмүүсийн нэр “дурсамжийн номд” (3 Нифай 24:16) бичигдсэн байх болно гэжээ. Тэд бол Их Эзэний ирэлтэд бэлтгэж байгаа хүмүүс бөгөөд Тэрбээр тэднийг Өөрийн нандигнасан “үнэт чулуу” мэт хэлтрүүлэх болно (3 Нифай 24:16–17-г үзнэ үү). Их Эзэн гомдоллогсдыг хүлээж, тэгээд “эргэж ирэн мөн зөв шударгыг үйлдэгчид мөн ёс бусыг үйлдэгчдийн хоорондох ялгааг олж харж” чадах үедээ эцсийн үр дүнг нь хар гэж сорьжээ (3 Нифай 24:18). Тэд зөв шударга хүмүүс эцэст үлэмж сайн болсныг харах болно.
3 Нифай 25
Елиа Хоёр дахь ирэлтийн өмнө ирэх болно гэсэн Малахийн бошиглолыг Есүс Христ эш татжээ
3 Нифай 25:1–3-ыг уншаад Хоёр дахь ирэлт яагаад Eсүс Христэд итгэгч хүмүүст адислал болохыг олж мэд. Үндэс гэдэг үг 1-р шүлэгт байгаа бөгөөд энэ нь өвөг дээдсийг, харин мөчир гэдэг үг тэдний үр удмыг төлөөлдөг. Тиймээс ирэх амьдралд хилэнцэт хүмүүс өвөг дээдэс болон үр хүүхдүүдийнхээ алинтай нь ч холбогдох адислалыг хүртэхгүй. Тугалнууд “пүнзэнд … өсөх болно” гэдэг нь хамгаалагдсан, бүхнээр хангагдсан, хайр халамж эдэлсэн хүүхдүүдийг хэлж байгаа юм.
Аврагч Хоёр дахь ирэлтийн өмнөхөн тохиох нэг үйл явдлын тухай Малахийн бичсэн зүйл болон үүнд Хуучин Гэрээний бошиглогч Елиа оролцох тухай нифайчуудтай хуваалцжээ. 3 Нифай 25:5–6-г уншаад Елиа Их Эзэний ирэлтэд дэлхийг бэлтгэхийн тулд юу хийх болно гэж Малахи заасныг олж мэд.
Елиа дэлхийд эргэн ирсэн нь сайн мэдээний сэргээлтийн чухал хэсэг байсан юм. 1836 оны дөрөвдүгээр сарын 3-нд шинэхэн онцгойлон адислагдсан Көртландын Ариун сүмд Елиа Иосеф Смит, Оливер Каудери хоёрт үзэгдсэн билээ (C ба Г 110-р бүлгийг үзнэ үү). Тэрээр тэдэнд гэр бүлүүдийг үe удмаар нь холбоход шаардлагатай санваарын лацдан холбох хүчийг өгчээ. “Эцгүүдийн зүрх сэтгэлийг хүүхдүүдэд нь, мөн хүүхдүүдийнх нь зүрх сэтгэлийг эцгүүдэд нь эргүүлэх” (3 Нифай 25:6) гэсэн үгс юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
Эдгээр шүлгүүд бидний зүрх сэтгэл эцгүүд рүүгээ эргэхэд бид Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэхэд тусалж байгааг заадаг.
-
Танд эсвэл танай гэр бүлийн гишүүдэд зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ эргүүлэхэд тусалсан туршлагын тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Ариун сүмд лацдан холбуулсан, гэр бүлийнхээ түүхийг судалсан эсвэл нас барагсдын төлөөх баптисмуудад оролцсон зэрэг нь үүнд орж болно. Та ямар нэг туршлагыг санахгүй бол энэ үйлсэд оролцох хүслийнхээ талаар нэг богинохон догол мөр бич. (Судар судлах тэмдэглэлдээ нэг дэх даалгаврын дор та: ариун сүмийн ёслолуудыг өөртөө болон гэр бүлдээ хүлээн авах, ариун сүмд орох, гэр бүлийн түүхийн мэдээлэл цуглуулах гэж бич.)
3 Нифай 26
Есүс Христийн илчилсэн илүү агуу зүйлсийг хүлээн авахын тулд хийх ёстой зүйлс
Бид 3 Нифай 26:3-аас Аврагч нифайчуудад “газрын гадаргуу дээр ирэх тэр бүх зүйлийг” заасныг сурдаг. 3 Нифай 26:6–8-ыг уншаад Аврагчийн номлолоос хэр их хэсэг нь Мормоны Номд цэдэглэгдсэнийг олж мэд. Мормон яагаад бүх зүйлийг оруулаагүйг мэдэхийн тулд 3 Нифай 26:9–11-ийг судал.
Их Эзэн бидний итгэлийг сорихын тулд Мормонд эдгээр сургаалуудаас зөвхөн багахан хэсгийг нь оруулахыг зааварлажээ. Бид 3 Нифай 26:1–21-р шүлгүүдээс Бид Бурханы илчилсэн зүйлд итгэснээр өөрсдийгөө илүү агуу илчлэлт хүлээн авахад бэлтгэдгийг сурдаг. Бид нэмэлт үнэнийг хүлээн авахаас өмнө аль хэдийн хүлээн авсан үнэнүүддээ итгэх нь яагаад чухал гэж та бодож байна вэ? (Алма 12:9–11-ийг үз.) Бид Их Эзэний илчилсэн зүйлд итгэдгээ хэрхэн харуулж чадах вэ?
-
Дээр тодоор бичсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Та Мормоны Номд итгэдгээ харуулахын тулд амьдралдаа юу хийж байна вэ?
3 Нифай 26-р бүлгийн үлдсэн хэсэгт цэдэглэгдсэнээр Мормон Аврагчийн үйлчлэл болон энэхүү үйлчлэл нифайчуудад ямар нөлөө үзүүлснийг товчлон бичжээ. 3 Нифай 26:13–21-ийг уншаад Eсүс Христийн хэлсэн үгсийг хүмүүс хэрхэн хэрэгжүүлснийг тэмдэглэж ав.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 3 Нифай 24–26-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: