24-р хэсэг: 4 дэх өдөр
3 Нифай 11:1–17
Оршил
Их сүйрэл болон гурав хоногийн харанхуйн дараа ойролцоогоор 2500 эрэгтэй, эмэгтэйчүүд, хүүхдүүд Өгөөмөр нутаг дахь ариун сүмийн эргэн тойронд цуглав (3 Нифай 17:25-ыг үзнэ үү). Тэд нэг дуу хоолойг сонссон ч эхлээд ойлгосонгүй. Тэд сонсохыг хичээхэд энэ нь Өөрийн Хүү Есүс Христийг танилцуулж байгаа Тэнгэрлэг Эцэгийн дуу хоолой байсныг ойлгожээ. Ийнхүү дэлхийн Аврагч хүрч ирэв. Есүс Христ хүмүүсийг нэг нэгээрээ Түүний хажуугийн шарх, Түүний гар хөл дээрх хадаасны сорвийг тэмтэрч үзэн Тэрээр дэлхийн гэм нүглийн төлөө егүүтгэгдсэнийг гэрчлэхэд урьсан билээ.
3 Нифай 11:1–7
Тэнгэрлэг Эцэг Хүүгээ хүрч ирснийг зарласан дуу хоолойг хүмүүс сонсов
Харандаа болон энэ судлах удирдамжаа аваад гадаа гарч, 60 сeкундийн турш чимээ чагна. Өгөгдсөн зайд аль болох олон янзын дуу чимээг тэмдэглэ.
Таньж мэдэхэд хэцүү эсвэл сонсохыг хичээгээгүй үeд анзаардаггүй дуу чимээнүүдийн хажууд од тавь. Тэгээд дотогшоо буцаж ор.
Аврагчийн үхлийг бэлгэдсэн их сүйрэл болон харанхуйгаас хойш хүмүүс тун удалгүй Өгөөмөр нутаг дахь ариун сүмд цугларцгаав. Тэд юу болсон талаар ярилцацгааж байтал ойлгохын аргагүй гайхамшигт явдал болжээ. 3 Нифай 11:1–3-ыг уншаад хүмүүст юуг ойлгох нь хэцүү байсныг олж мэд. Бурханы дуу хоолой хэрхэн дүрслэгдсэнийг болон үүнийг сонссон хүмүүст уг дуу хоолой ямар нөлөө үзүүлснийг тэмдэглэ.
Хүмүүсийн сонссон тэр дуу хоолойн шинж чанарууд нь бид Ариун Сүнснээс хүлээн авдаг өдөөлтүүдтэй хэр зэрэг төстэй болохыг түр зуур бод. 3 Нифай 11:1–3-р шүлгүүдээс Их Эзэн болон Ариун Сүнс бидэнтэй хэрхэн ойр ойрхон ярьдаг талаар ямар үнэнийг сурч болох вэ? Эдгээр шүлгүүдэд дүрслэгдсэн нэг сургаал бол: Aриун Сүнс ихэнхдээ бидний зүрх сэтгэлд мэдрэгдэхээр намуун, зөөлөн ярьдаг гэсэн сургаал юм.
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Боид К.Пакэр Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсээр дамжуулан сонссоноор энэ нь бидний оюун санаа, зүрх сэтгэлд хүрдгийг тайлбарлажээ:
“Мормоны Номыг уншсанаар миний сурсан хамгийн чухал нэг зүйл бол Сүнсний дуу хоолой нь дуу чимээ гэхээсээ илүү мэдрэмж болж ирдэг явдал юм. Та миний сурч мэдсэн шиг сонсогдох биш харин мэдрэгддэг дуу хоолойг ‘сонсож’ сурна. …
“Хэрэв та боломж олговол Ариун Сүнсний бэлэг таныг удирдаж, хамгаалж, тэр ч байтугай буруу үйлдлийг тань залруулах болно. Оюун ухаанд тань ирж байгаа бодол, зүрх сэтгэлийн тань мэдрэмж бол сүнсний дуу хоолой юм” (“Counsel to Youth,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 11-р сар, 17–18).
-
Их Эзэний дуу хоолой эсвэл Сүнсний мэдрэмж оюун санаа, зүрх сэтгэлд тань мэдрэгдсэн тохиолдлын тухай бод. Танд ямар мэдрэмж төрснийг туршлага дээрээ үндэслэн судар судлах тэмдэглэлдээ бич.
Нифайчууд тэр дуу хоолойг хоёр удаа сонссон ч ойлгоогүй. 3 Нифай 11:4–7-г уншаад нифайчууд тэр дуу хоолойг ойлгохын тулд гурав дахь удаагаа юуг өөрөөр хийснийг олж мэд. Хүмүүс тэр дуу хоолойг “сонсохоор сонороо” дэлгэсэн гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна? (3 Нифай 11:5).
Ерөнхийлөгч Боид К.Пакэр бид Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсээр дамжуулан сонсож, ойлгохын тулд юу хийх хэрэгтэй тухай дараах зөвлөгөөг өгчээ. Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсээр дамжуулан сайн сонсохын тулд таныг юу хийх, эсвэл юунаас зайлсхийхийг мэдэхэд туслах үг хэллэгүүдийн доогуур зур.
“Сүнс хашгирч бидний анхаарлыг татдаггүй. Энэ нь биднийг хэзээ ч чанга угзардаггүй. Сүнс шивнэдэг. Сүнс намуун зөөлөн ярьдаг учраас хэрэв бид өөр зүйлд сатаарсан бол үүнийг бүр мэдрэх ч үгүй өнгөрнө.
“Сүнс хааяа биднийг анхаарлаа төвлөрүүлэхэд хангалттай эсвэл дөнгөж хангалттай төдий мэдрэгддэг ч миний туршлагаар бол ихэнх тохиолдолд, хэрэв бид энэхүү намуун зөөлөн мэдрэмжийг анзаарахгүй өнгөрвөл, хэрэв бид эдгээр мэдрэмжүүдийг сонсохгүй бол Сүнс биднээс холдож, биднийг өөрийн хэв маяг, өөрийн илэрхийллээр түүнийг эрэлхийлж, сонсох хүртэл хүлээдэг” (“How Does the Spirit Speak to Us?” New Era, 2010 оны 2-р сар, 3).
Та судартаа 3 Нифай 11:5–6-р шүлгүүдийн хажууд болон судар судлах тэмдэглэлдээ дараах зарчмыг бич: Бид Их Эзэний дуу хоолойг Ариун Сүнсээр дамжуулан хэрхэн сонсвол зохихыг сурснаар бидэнтэй харилцах Түүний харилцааг ойлгож чадна.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Таныг Их Эзэний дуу хоолойг сонсож, ойлгохын тулд оюун санаа, зүрх сэтгэлээ бэлтгэхэд тань юу туслах вэ?
-
Сонсохыг хичээгээгүй бол ойлгохгүй өнгөрөх байсан тэрхүү Их Эзэний харилцааг та хэзээ ойлгосон бэ?
-
Ариун Сүнсний өдөөлтийг нэгээс илүү олон удаа хүлээн авч байж ойлгож, түүнийг дагасан тохиолдол танд бий юү?
-
3 Нифай 11:8–17
Есүс Христ нифайчууд дээр хүрч ирэн тэднийг нэг нэгээрээ ирж, шархыг нь тэмтэрч үзэхэд урив
3 Нифай 11:8–10-ыг уншихдаа болж байгаа үйл явдлуудыг зураглан дүрслэхийг хичээ.
-
Та амилсан Eсүс Христ Мормоны Номын хүмүүс дээр хүрч ирснийг харсан бол ямар байх байсныг төсөөлөн бодоод тэдний дунд байсан бол танд ямар бодол, мэдрэмж төрөх байсныг судар судлах тэмдэглэлдээ бич.
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд, Аврагч нифайчууд дээр хүрч ирсний ач холбогдлын тухай ярьсан нь:
“Тийнхүү хүрч ирсэн болон тэр тухай тунхагласан нь Мормоны Номын бүхий л түүхэн дэх хамгийн гол цэг, хамгийн онцгой үйл явдал мөн. Энэ нь өмнөх зургаан зуун жилийн турш Нифай үндэстэн бошиглогч бүрд, мөн түүнээс өмнө олон мянган жилийн турш тэдний өвөг дээдэс Израил болон Жаред үндэстнүүдэд мэдэгдэж, тэдэнд сүнслэг нөлөө үзүүлсээр ирсэн илэрхийлэлт ба тунхаг байлаа.
“Хүн бүхэн Түүний талаар ярьж, Түүний тухай дуулж, Түүнийг мөрөөдөн, Түүнийг хүрч ирэхийн төлөө залбирч байсан юм. Тэгтэл Тэрбээр үнэхээр хүрээд ирэх нь тэр! Удаан хүлээсэн тэр өдөр тийнхүү хүрээд ирэх нь тэр! Харанхуй шөнө бүрийг өглөөний гэрэл болгон хувиргадаг Бурхан хүрээд ирэх нь тэр” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 250–51).
Үлдсэн нифайчууд ба леменчүүд саяхан аймшигт сүйрэл, гурван өдрийн харанхуйг үзсэн гэдгийг сана. 3 Нифай 11:10–12-ыг уншаад Есүс Христ хүмүүсээс Өөрийнхөө тухай болон Тэрбээр мөнх бус оршихуйн үйлчлэлдээ юу хийснийг мэдээсэй гэж хүссэнийг олж мэд. Хэрэв та тэнд байсан бол Аврагчийн хэлсэн үгсээс аль нь танд хамгийн их тайтгарал өгөх байсан гэж бодож байна вэ? Яагаад тэр үг танд туйлын чухал болохыг тунгаан бод. Таны хувьд хамгийн чухал хэллэгийг судартаа тэмдэглэ.
3 Нифай 11:13–15-ыг уншаад Есүс Христ хүмүүсийг Өөрийнх нь талаарх хувийн мэдлэгийг хүлээн авахын тулд юу хийхийг урьсан бэ? Дараах асуултуудын хариултыг бод: 3 Нифай 11:14-т цэдэглэснээр, Аврагч хүмүүсийг энэ туршлагаас юу мэдээсэй гэж хүссэн бэ? Тэр үeд тэнд 2500 орчим хүн байсныг бодолцвол (3 Нифай 17:25-ыг үзнэ үү), энэ үйл явдал хэр зэрэг удаан үргэлжилсэн бол? Энэ нь танд Аврагчийн тухай юу зааж байна вэ?
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул:
-
Яагаад Их Эзэн хүмүүсийг Түүнд “нэг нэгээрээ” ирж, биенд нь гар хүрэхийг хүссэн гэж та бодож байна вэ? (3 Нифай 11:15).
-
Таны гэм нүглийн төлөө Аврагч цагаатгах үед олсон шархны сорвиудыг тэмтэрч үзэх нь танд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Та дараах үнэнийг судартаа 3 Нифай 11:11–15-ын дэргэд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Есүс Христ намайг Тэр бол миний Аврагч гэсэн хувийн гэрчлэлтэй болоход урьдаг.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариул:
-
Аврагчийн талаарх таны хувийн гэрчлэл хэр зэрэг хүчтэй гэж та боддог вэ? Сүүлийн үeд гэрчлэл тань өсч, илүү бат бөх болсон уу?
-
Ямар туршлагууд таныг Аврагчийн тухай хувийн гэрчлэлтэй болоход хүргэсэн бэ? Эсвэл та илүү хүчтэй гэрчлэлийг олохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-
Аврагч таны төлөө анхаарал тавьдгийг та яаж мэдэж болох вэ?
-
3 Нифай 11:16–17-г уншаад хүмүүс Аврагчтай холбоотой хувийн туршлагатай болсныхоо дараа юу хийснийг олж мэд. “Хосанна” бол Аврагчийг магтан дуулсан уриа юм.
3 Нифай 11:15-ыг анхааралтай ажиглаад хүмүүс Аврагчийн шархны сорвийг харж, тэмтэрч үзсэний дараа яасныг олж мэд. Та 3 Нифайд бичигдсэн хүмүүстэй адилаар тэнд байж, Аврагчийн шархны сорвийг тэмтэрч үзээгүй учир Есүс бол Христ гэдгийг яаж мэдэж болох вэ? (Иохан 20:30–31; Moронай 10:3–7; С ба Г 46:13–14-ийг үзэж, тохирох хариултуудыг ол.)
3 Нифай 11:15-ыг өөртэйгөө адилтгахын тулд дараах өгүүлбэрийг гүйцээж бич: Би Есүс Христийн тухай хувийн гэрчлэл хүлээн авснаар үүрэг хариуцлагатай болдог.
Eсүс Христийн тухай гэрчлэлтэй хүн Түүнийг хэрхэн “гэрчилж” болох арга замуудын талаар бод.
Ерөнхийлөгч Боид К.Пакэр гэрчлэлийн талаар заасан нь: “Та сүнсний зүйлсийг албадаж чадахгүй. Гэрчлэл танд гэнэт ирдэггүй, харин алгуураар өсөн нэмэгддэг. Гэрчлэл бол чухал зүйл, иймээс их ч бай, бага ч бай, гэрчлэлд хүндэтгэлтэй хандах ёстой. Бид биe бялдраараа өсдөгийн адил гэрчлэлээрээ өсч өндөр болдог ч тийнхүү өсч байгаагаа бараг л мэддэггүй. Учир нь гэрчлэл бага багаар өсөн нэмэгддэг” (“How Does the Spirit Speak to Us?” 3).
-
Eсүс Христийн тухай гэрчлэлээ судар судлах тэмдэглэлдээ бичиж энэ хичээлийг дуусга. Гэрчлэлтэй болохын тулд юу хийснээ эсвэл гэрчлэлээ улам бат бөх болгохын төлөө юу хийхээр төлөвлөж байгаагаа бичиж болно. Сүнсээр өдөөгдвөл гэрчлэлээ хэн нэгэнд уншиж өгөх эсвэл хэн нэгнийг гэрчлэлээ уншихад урь.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 3 Нифай 11:1–17-р шүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: