2 Нифайн оршил
Энэ номыг яагаад судлах хэрэгтэй вэ?
2 Нифай ном нь Адам, Ева хоёрын уналт, Есүс Христийн Цагаатгал, сонгох эрх зэрэг сайн мэдээний үндсэн сургаалыг ойлгоход тань тусална. Үүнээс гадна энэхүү ном нь Аврагчийн онцгой гэрчүүд болох Нифай, Иаков, Исаиа нарын бошиглолуудаар дүүрэн байдаг. Тэд хожмын өдрүүд дэх сайн мэдээний сэргээлт, Бурханы гэрээт хүмүүсийн цугларалт, Есүс Христийн Хоёр дахь ирэлт болон мянган жилийн талаар бошиглосон. Түүнчлэн 2 Нифай ном нь Христийн сургаалын талаарх Нифайн тайлбарыг багтааж, Аврагчийн талаарх Нифайн гэрчлэлээр төгсдөг.
Энэ номыг хэн бичсэн бэ?
2 Нифай номыг Лихайн хүү Нифай бичжээ. Нифай нь бошиглогч бөгөөд Нифайн хүмүүсийн анхны агуу удирдагч байсан юм. Тэрээр Их Эзэний гэтэлгэлийн хүчийг мэдэрснийг (2 Нифай 4:15–35; 33:6) мөн бүхий л сэтгэл зүрхээрээ өөрийн хүмүүст авралыг авчрахыг хүсч байсныг (2 Нифай 33:3–4-ийг үзнэ үү) түүний бичээсүүд харуулдаг. Нифай энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд ариун сүм барьж, Есүс Христэд итгэхийг өөрийн хүмүүст заасан.
Энэ ном хэзээ, хаана бичигдсэн бэ?
2 Нифай номд бичигдсэн энэхүү шастирыг Нифай ойролцоогоор МЭӨ 570 оны орчим буюу гэр бүл нь Иерусалимыг орхин явснаас хойш 30 жилийн дараа бичиж эхэлжээ (2 Нифай 5:28–31-ийг үзнэ үү). Тэрээр Нифайн нутагт байхдаа үүнийг бичжээ (2 Нифай 5:8, 28–34-ийг үзнэ үү).