8-р хэсэг: 3 дахь өдөр
2 Нифай 29–30
Оршил
Сайн мэдээний Сэргээлтийн гайхамшигт ажлын талаарх Нифайн захиас 2 Нифай 29–30-д үргэлжилнэ. Их Эзэн Өөрийн хүүхдүүдийг санадаг гэдгийг бүх үндэстэн, ястан, хэлтэн хүмүүст харуулахын тулд эцсийн өдрүүдэд бүх судар хамтдаа ажиллах болно хэмээн тэрээр гэрчилжээ. Эдгээр цэдгүүд нь Есүс Христ бол бидний Аврагч гэдгийг гэрчлэх гэрч юм. Олон хүн Мормоны Номыг үгүйсгэх боловч итгэсэн хүмүүс нь Сүмд цуглах болно хэмээн Нифай бошиглов. Үүнээс гадна Бурханы гэрээт хүмүүс бол Бурханы Хүүд итгэж мөн наманчилдаг тэдгээр нь юм хэмээн Нифай заажээ.
2 Нифай 29:1–14
Эцсийн өдрүүдэд олон нь Мормоны Номыг эсэргүүцэх болно хэмээн Их Эзэн Нифайд хэлжээ.
Олон хүн хожмын өдрүүдэд Библи бол Бурханаас илчлэгдсэн цорын ганц судар хэмээн итгэж, Мормоны Номыг эсэргүүцэх болно гэдгийг Нифай харав. Хэрэв таны найз танаас “Мормончууд яагаад өөр нэг Библитэй юм бэ? гэж асуувал та юу гэж хариулах вэ?
Их Эзэний нэрлэснээр “гайхамшигт ажил” гэгдэх сайн мэдээний хожмын үеийн Сэргээлт дэх Мормоны Номын үүргийн талаарх Их Эзэний үгсийг бичиглэснээр Нифай энэхүү асуултад хариулсан юм (2 Нифай 29:1). 2 Нифай 29:1–2-ыг уншаад, эцсийн өдрүүдэд Их Эзэний үгс юу хийхийг тодорхойл. (Тэдгээр нь Нифайн үр удамд “шилжин ирэх” болно, мөн “дэлхийн өнцөг булан бүрд исгэрэх болно.”) “Исгэрэх” гэдэг нь цугларах дохио өгсөн “шүгэлдэх” гэсэн утгатай үг юм (Исаиа 5:26, зүүлт тайлбар б-г үзнэ үү).
Далбаа хэмээх 2 Нифай 29:2-р шүлэгт гарч буй үг нь хүмүүсийг нэгтгэн цуглуулахад ашигладаг зүйлийг хэлж байна. Тугийг ихэвчлэн далбаа гэж хэлдэг. 2 Нифай 29:2-т хэлснээр, Их Эзэний хүмүүсийг цуглуулахын тулд “дэлхийн өнцөг булан бүрд” очих далбаа нь юу вэ? (Мормоны Ном—Нифайн үр удмын үгс гэх мэт үгсийг 2 Нифай 29:2-ын хажууд бичих хэрэгтэй.
-
2 Нифай 29:1–2-т хэлсний дагуу Мормоны Ном, бусад нэмэлт судраар хангах нь Их Эзэний зорилго болохыг судрын тэмдэглэлдээ бич.
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Мормоны Номын талаар дараах зүйлсийг хуваалцжээ: “Мормоны Ном бол дэлхий дээрх хүүхдүүдээ хайрлах Бурханы хайр болон тэдэнтэй хийсэн Түүний гэрээний хамгийн шилдэг нотолгоо юм” (Christ and the New Covenant: The Messianic Message of the Book of Mormon [1997], 4).
2 Нифай 29-д дурдагдсан Харийнхан гэдэг үг нь Израилын угсааны бус хүмүүсийг илэрхийлдэг. Иудейчүүд гэдэг үг нь Израилын угсааг илэрхийлэх бөгөөд Лихайн гэр бүл болон тэдний үр удам үүнд багтана. 2 Нифай 29:3–6-г уншаад, нэмэлт судрын талаарх зарим харийнханы үзүүлэх үйлдлийг ол. Дараах асуултуудын хариултыг хоосон зайд бич.
Зарим хүмүүс нэмэлт сударт хэрхэн хандах вэ?
Иймэрхүү хандлага гаргах хүмүүсийн талаар Их Эзэн юу хэлсэн бэ?
Мормоны Номын талаарх хүмүүсийн хандлагыг тайлбарлахдаа Нифай бошиглож байсан. Өнөө үед хүмүүст Библи байгаа учраас тэд Мормоны Номын талаарх эргэлзээгээ байнга илэрхийлдэг. Нэмэлт судар өгөх Их Эзэний зорилгыг дүрсэлсэн 2 Нифай 29:7–11-р шүлэг дэх үг, хэллэгийг тодруул. Бурханаас нэмэлт илчлэлт хүлээж авахын үнэ цэнэ, хэрэгцээг ойлгодоггүй хэн нэгэнд эдгээр зорилгыг хэрхэн тайлбарлахаа бод.
-
2 Нифай 29:7–11-т тэмдэглэсэн зүйлсээ ашиглан энэ хичээлийн эхэнд дурдагдсан асуултад хариулж, судрын тэмдэглэлдээ бич: “Мормончууд яагаад өөр нэг Библитэй юм бэ?”
Их Эзэн судруудыг хоёр дахь гэрч болгон, хүмүүсийг гэрээндээ цуглуулахын тулд ашигладаг. 2 Нифай 29:13–14-ийг уншаад, “Нифайчуудын үгс” (Мормоны Ном), “Иудейчүүдийн үгс” (Библи), “Израилын алдагдсан овгуудын үгс” болох судрууд хүмүүсийн дунд байх үед гарах үр дүнгийн адислалыг хайж ол.
2 Нифай 30:1–8
Нифай эцсийн өдрүүд дэх Мормоны Номын үүргийн талаар бошиглов
Бурхан Израилын угсааг санах болно хэмээн заасныхаа дараа Нифай, тэд харийнханаас илүү зөв шударга байсан гэж бүү бод хэмээн өөрийн хүмүүст анхааруулав. Мөн тэрээр бүх хүн Бурханы гэрээт хүмүүс болох боломжтой гэдгийг тэдэнд сануулжээ. 2 Нифай 30:2-ыг уншаад, Их Эзэн хүмүүстэй гэрээнд орохоос өмнө тэдний хийх ёстой хоёр зүйлийг дараах зайнд бич.
Танд болон таны ойр дотны хэн нэгэнд Мормоны Ном нөлөөлсөн талаар цаг гарган тунгаан бод. Дараа нь 2 Нифай 30:3–8-ыг уншаад, Мормоны Номыг хүлээж авдаг хүмүүст уг ном хэрхэн нөлөөлдгийг тайлбарласан хэллэгүүдээр дараах үйл ажиллагааг гүйцээж хий.
Бүлэг хүмүүс |
Мормоны Номын нөлөөлөл |
---|---|
Лихайн үр удам (2 Нифай 30:3–6) | |
Иудейчүүд (2 Нифай 30:7) | |
Харийнхан эсвэл бүх үндэстэн (2 Нифай 30:8) |
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн дараах мэдэгдлийг уншаад, Мормоны Ном яагаад номлогчийн хүчирхэг хэрэгсэл болох шалтгаануудыг тодруул:
“Бошиглогч Иосеф сайн мэдээг сэргээснээс хойш Мормоны Ном нь номлолын ажлын төв нь байсаар ирсэн. Үүнийг бид өдөр бүр номлолын ажилд хэрэглэдэг. Мормоны Ном номлолын ажлын хэсэг бүрд хүч чадлын түлхүүр болж байгаагийн нэг нотолгоо нь энэ билээ: Мормоны Ном бол Есүс Христийн гэрээ юм. Нүүр хуудсан дээр нь үүнийг бичсэн байдаг. Уг номын зорилго бол Өөрийн хүмүүсийн төлөө Их Эзэний хийсэн агуу зүйлсийг харуулах, тэдэнтэй хийсэн Түүний гэрээ хүчинтэй хэвээр гэдгийг мэдэхэд нь тэдэнд туслах бөгөөд бүх хүнд Есүс бол Христ гэдгийг ойлгуулах явдал юм” (“Why the Book of Mormon?” New Era, 2008 оны 5-р сар, 6, 8).
2 Нифай 30:1–8-ыг судлах нь Мормоны Ном Есүс Христийг мэдэхэд, Түүний сайн мэдээний дагуу амьдрахад нь бүх хүмүүнд тусалдаг гэдгийг бидэнд үзүүлдэг.
-
Дараах асуултуудаас нэгийг сонгоод, судрын тэмдэглэлдээ хариулж бич:
-
Аврагчийн талаар мэдэхэд Мормоны Ном танд хэрхэн тусалсан бэ?
-
Аврагчийн талаар мэдэхэд нь бусдад туслахын тулд та Мормоны Номыг хэрхэн ашиглах вэ?
-
2 Нифай 30: 9–18
Мянган жилийн туршид дэлхий ямар нөхцөл байдалтай байх талаар Нифай бошиглов
2 Нифай 30:9–10-ыг уншаад, Аврагчийн Хоёр дахь ирэлтийн дараа мянган жилийн зөв шударга, амар амгалан байдал буюу Есүс Христ “дэлхий дээр өөрийн биеэр хаанчлах” үеийн өмнө хүмүүсийн дунд юу тохиолдохыг ол (Итгэлийн тунхаг 1:10). Зөв шударгыг ёс бусаас салгах “агуу ялгалт”-ыг (2 Нифай 30:10) та харж байсан уу? Ёсон бусыг үйлдэгчдэд яваандаа юу тохиолдох вэ?
2 Нифай 30:12–18-ыг уншаад, мянган жилийн турш амьдрал ямархуу байхыг ол.
-
Судрын тэмдэглэлдээ мянган жилд болох нөхцөл байдлуудаас өөрийнхөө хамгийн их хүсэн хүлээж байгаа нөхцөлийг тайлбарлан сонингийн гарчиг бич (гол хэсэг, тоймыг цөөн хэдэн үгээр бич). Гарчиг бичсэнийхээ дараа, бичсэн гарчиг тань хэрхэн мянган жилийн турш дэлхий дээр ноёлох энх тайвны шинж тэмдэг болж байгааг тайлбарла.
Мянган жилийн турш Сатан хүмүүсийн зүрх сэтгэлд хүчийг олж чадахгүй бөгөөд зөв шударга, энх тайван ноёлох үед ямар байхыг эргэцүүлэн бод. Хэрвээ өнөөдөр эдгээр нөхцөл байдлууд ноёрхож байсан бол сургууль болон хамт олон тань хэр зэрэг өөр байх байсныг тунгаан бод.
-
Энэхүү энх тайван, амар амгалан, зөв шударга байдалд бэлтгэхэд өөртөө, гэр бүлдээ болон бусдад та юугаар тусалж чадах тухайгаа судрын тэмдэглэлдээ бич.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Нэмэлт судрууд хэрхэн урагш авчрагдах вэ?
Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки 2 Нифай 29:12–14-т яригдсан цэдгүүд нь “Бурханы хаант улсын түлхүүрүүдийг атгадаг, илчлэгч, орчуулагч, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийн удирдлагаар гайхамшигт аргаар ирнэ” хэмээн хэлжээ (The Millennial Messiah [1982], 217). Аврагч амилалтынхаа дараа Израилын алдагдсан овгуудын заримд нь айлчилсан бөгөөд мөн нифайчуудад айлчилж, Түүний амилалтын дараа тэдний дунд хийсэн тохинууллынх нь талаар тэд бас бичиглэх болно гэдгийг бид мэднэ (3 Нифай 16:1–3; 17:4-ийг үзнэ үү).
Хэзээ “Иудейчүүд … Христэд итгэж эхлэх” вэ?
Ахлагч Брүс Р.Макконки түүнчлэн Иудейчүүдийн бошиглогдсон хөрвүүлгийн талаар ярив:
“‘Мөнхүү улиран тохиох дор бусниулагдсан тэдгээр Иудейчүүд түүнчлэн Христэд итгэж эхлэх болно; мөн тэд уг нутгийн гадаргуу дээр цуглаж эхлэх болно.’ (2 Нифай 30:7.) Христийн эсрэг Иудейчүүдийн хуучин хорсол нь төгссөн бөгөөд одоо олон нь Түүнийг агуу Рабби (багш) хэмээн хүлээн зөвшөөрч байгаа боловч Бурханы Хүү гэж хүлээж авдаггүй. Цөөн хэд нь Ефраимын удам болон түүний дагалдагчдын хамт үнэн сүмд ирснээр Түүнийг бүрэн утгаар нь хүлээн зөвшөөрсөн.
“Гэвч үндэстнийхээ хувьд үнэнд эргэж ирэх Иудейчүүдийн агуу хөрвүүлэг Мессиагийн Хоёр дахь ирэлтийн дараа тохионо. Тэрхүү өдрийг уй гашууд тууштайгаар тэвчих тэд ‘Таны гар мөн хөл дээрх эдгээр шархнууд чинь юу вэ?’ хэмээн асуух болно. Тэгээд Бибээр Их Эзэн гэдгийг тэд мэдэх болно; учир нь: Эдгээр шархнууд бол найз нарынхаа гэрт шархадсан тэрхүү шархнууд болой. Бибээр дээш өргөгдсөн тэрбээр болой. Би бол цовдлогдсон Есүс болой. Би бол Бурханы Хүү хэмээн би тэдэнд хэлэх болно.’ (С ба Г 45:51–52; Зеха. 12:8–14; 13:6.)” (Mormon Doctrine, 2 дахь хэвлэл. [1966], 722–23).
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 2 Нифай 29–30-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: