Семинар
10-р хэсэг: 4 дэх өдөр, Жером ба Омнаи


10-р хэсэг: 4 дэх өдөр

Жером ба Омнаи

Оршил

Жером ба Омнаин номууд нь Нифайн бага ялтсуудын төгсгөлийн бичвэрүүдийг агуулдаг. Жером ялтсуудыг эцэг Иносоос авч, нифайчуудын 60 жилийн зовлон зүдгүүр ба адислалын талаар тэмдэглэн үлдээжээ. Тэгээд уг ялтсуудыг өөрийн хүү Омнаид дамжуулан өгчээ. Омнаин ном нь нифайчуудын таван өөр цэдэг хөтлөгчийн бичсэн 230 орчим жилийн түүхийг агуулдаг.

Жером 1:1–15; Омнаи 1:5–7

Их Эзэний тушаалуудыг дагах үедээ нифайчууд хэрхэн дэгжиж байсан тухай Жером өгүүлсэн.

Жером ба Омнаин номд заагдсан чухал зарчмыг суралцахад бэлтгэхийн тулд Тэргүүн Зөвлөлийн гишүүн ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах туршлагыг унш:

“Би цэргийн нисгэгч болохоор бэлтгэгдэж байснаа санадаг. Бид ийн бэлтгэгдэх явцдаа биеийн хүчний дасгал маш их хийдэг байв. Эцэс төгсгөлгүй гүйх нь нисгэгч болоход яагаад тийм их чухал байсныг би одоо ч сайн ойлгодоггүй юм. Бид гүйгээд л, гүйгээд л, гүйгээд л байдаг байлаа.

Би гүйж байхдаа санааг минь зовоосон нэг зүйлийг анзаарсан юм. Гүйж байхад тамхи татдаг, архи уудаг, сайн мэдээний, ялангуяа Мэргэн ухааны үгийн эсрэг зүйлсийг хийдэг хүмүүс миний хажуугаар өнгөрөн гардаг байв.

Тэр үед би: “Байзаарай! Би чинь гүйхэд мөн ядрах нь үгүй байх ёстой биш билүү?” хэмээн бодож байснаа санадаг. Гэвч би ядарч, мөн Мэргэн ухааны үгийг дагадаггүй хүмүүст гүйцэгдэж байлаа. Тэр үед энэ нь миний сэтгэлийг зовоодог байсныг би хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэр амлалт үнэн юмуу худлаа юмуу гэж би өөрөөсөө асуусан юм.” (“Тэвчээрээр үргэлжлүүл,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 67).

Их Эзэн зарлигуудыг нь дагадаг хүмүүсийг адислах амлалтаа биелүүлдэг эсэх, эсвэл хэрхэн биелүүлдэг бол хэмээн та бодож үзэж байсан уу?

Иносын хүү бошиглогч Жером эцгүүдэд нь өгсөн Их Эзэний тодорхой амлалт хэрхэн биелэгдсэн эсвэл үнэн гэдэг нь нотлогдсоныг тайлбарлажээ. Жером 1:9-ийг уншаад, хүмүүст амласан Их Эзэний биелэгдсэн амлалтуудыг тэмдэглэ.

  1. Бид Бурханы зарлигуудад дуулгавартай байх үедээ дэгжих болно гэдгийг Жером харуулсан. Энэхүү үнэний жишээг харахын тулд доорх судруудыг судалж, холбогдолтой асуултуудад судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Жером 1:4–5, 8. Нифайчууд дуулгавартай байж, адислагдсан ямар жишээнүүд байна вэ?

    2. Жером 1:7, 10–12. Нифайчуудад дуулгавартай байж, дэгжихэд нь туслахын тулд бошиглогчид болон бусад удирдагчид ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

    3. Oмнаи 1:5–7. Бурханы амлалт дараа нь ямар өөр арга замаар нотлогдсон бэ?

Зураг
Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

Мэргэн ухааны үгийн амлалтыг Их Эзэн нотлох эсэхэд эргэлзэж байсан талаар Ерөнхийлөгч Угдорф туршлагаасаа зааж мөн гэрчилсэн зүйлсийг унш: “Хариулт нь тэр даруй ирээгүй. Гэвч яваандаа би Бурханы амлалтууд бидний хүссэн арга замаар, бидний хүссэн шиг хурдан ирдэггүй, харин Түүний арга замаар, Түүний цаг хугацаанд ирдэг гэдгийг ойлгосон юм. Олон жилийн дараа би Мэргэн ухааны үгийг дагадаг хүмүүст ирдэг материаллаг адислалуудыг болон Бурханы аливаа хуулийг дуулгавартай дагахад даруй ирдэг сүнслэг адислалуудын баталгааг тодоор харсан юм. Одоо би эргээд харахад Их Эзэний амлалтууд үргэлж тэр дороо биш ч заавал биелдэг болохыг мэддэг болсон” (“Тэвчээрээр үргэлжлүүл,” 67).

  1. Их Эзэний зарлигуудыг дагасны тань төлөө Тэрээр таныг адисалж, дэгжүүлсэн туршлагаа судрын тэмдэглэлдээ бич. Өөрийн туршлага дээр үндэслэн Их Эзэний амлалтуудын тухай та юу гэрчилж чадах вэ?

Oмнаи 1:1–30

Цэдэг хөтлөгчид Нифайн түүхийг өгүүлсэн

Жеромын үр удам 230 жилийн түүхийг багтаасан Омнаин номыг бичжээ. Жеромын дараа бага ялтсуудыг хадгалсан хүмүүсийн нэрсийг тэмдэглэ. Омнаи 1:1, 4, 9, 10, 12, 25-р шүлгүүдээс тэднийг олж болно.

Мормоны Номын түүхэн дэх хэдэн чухал үйл явдлуудыг Омнаин ном дүрсэлдэг. Нифайн үед нифайчууд леменчүүдийг орхин явж, Нифайн нутаг хэмээн нэрлэсэн газар оршин суудаг байсныг та санаж байгаа байх. Анхны эзэмшил газраасаа Нифайн нутаг руу нүүснийг газрын зураг дээр сумаар дүрслэв.

Oмнаи 1:12–13-ыг уншаад, нифайчууд хэрхэн Зарахемлагийн нутагт амьдрахаар ирснийг ол. Эдгээр шүлэгт нифайчууд Их Эзэний удирдлага болон хүчээр аялсан гэдгийг харуулсан ямар ч хэллэгийн доогуур зурж болно. Газрын зураг дээрх Нифайн нутгаас Зарахемлагийн нутаг руу чиглүүлэн зурсан сум нь энэхүү нүүдлийг төлөөлдөг.

Зураг
Нүүдлийн газрын зураг

Омнаи 1:14–19-ийг уншаад, нифайчууд болон Зарахемлагийн нутагт оршин сууж байсан хүмүүсийн ижил төстэй байдал болон ялгаатай талуудыг ол.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Сударгүй байх нь Зарахемлагийн хүмүүст хэрхэн нөлөөлсөн бэ?

    2. Үүнийг мэдэх нь судруудад талархалтай байж, илүү хичээнгүйлэн судлахад тань хэрхэн туслах вэ?

Омнаин ном нь түүнчлэн Мормоны Номын төгсгөл хэсгээр судлах хоёр өөр бүлэг хүмүүсийг танилцуулна. Нэг бүлэг хүмүүсийг нь мэдэхийн тулд Омнаи 1:20–22-ыг уншаад Жаредчууд гэдэг үгийг судартаа уг шүлгүүдийн хажууд бич. Кориантумр бол Жаред үндэстнээс амьд үлдсэн хоёр хүний нэг нь бөгөөд нөгөө хүн нь бошиглогч Ифер байсан юм. Та Жаредчуудын талаар Иферийн номоос судлах болно.

Омнаин номд дурдагдсан сүүлчийн бүлэг хүмүүсийн тухай сурахын тулд газрын зураг дээр Зарахемлагийн нутгаас Нифайн нутгийн ойролцоо очоод, буцаж Зарахемла руу явсан сум болон дахиад Зарахемлагийн нутгаас Нифайн нутаг хүртэл явсан сумыг хар. Эдгээр сумнууд нь Омнаи 1:27–30-д гардаг Зенифийн хүмүүсийн нүүдлийг төлөөлдөг. (Эдгээр шүлгүүдийн хажууд “Зенифийн хүмүүс” гэж бичиж болно.) Та Мозаягийн номоос судлахдаа энэхүү бүлэг хүмүүсийн талаар суралцах болно.

Мормоны Ном нь Америкт амьдарч байсан бүх бүлэг хүмүүсийн цэдгийг багтаадаггүй. Жаредчууд, Зарахемлагийн хүмүүс, Лихайн үр удмаас гадна өөр бусад хүмүүс мөн адил Америк тивд очсон. Тэргүүн Зөвлөлийн гишүүн ерөнхийлөгч Антони В.Ивинс 1929 оны Ерөнхий чуулган дээр ингэж хэлжээ: “Мормоны Ном … [Мормоны Номд гардаг хүмүүсээс] өмнө энд хэн ч амьдарч байгаагүй гэж хэлдэггүй. Тэднээс хойш өөр хүмүүс ирээгүй гэж бас хэлдэггүй” (in Conference Report, 1929 оны 4-р сар, 15).

Энэ номын төгсгөл хэсгийг Амаликай бичиглэсэн гэж Омнаи 1:23–24-т гардгийг анхаар. Тэрээр нифайчууд Зарахемла руу нүүсний дараа, Хаан Бенжамины үед амьдарч байсан. Омнай 1:25–26-г уншаад, Амаликайгийн гурван удаа хэлсэн урилгыг тэмдэглэ.

Омнаи 1:25–26-д гардаг Христэд ирэхийг урьсан гурван урилга тус бүрийн ард мөн хэмээх үг байгаа бөгөөд Христэд хэрхэн ирэхийг бидэнд мэдүүлсэн тодорхой чиглүүлэл байгааг анхаар. Омнаи 1:25–26-г дахин уншиж, Амаликай бидэнд Христэд ирэхийн тулд юу хийхийг урамшуулж байгааг олж тэмдэглэ.

Зураг
Христийн хөшөө

Христэд хэрхэн ирэхийг зөвлөсөн дараах зөвлөгөөг та олсон байх ёстой:

  • Итгэх

  • Түүний авралаас хүртэх (Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авах)

  • Өөрийн бодгалийг Түүнд өргөл болгон өгөх (зүрх сэтгэл, хүсэл эрмэлзэл, юуг ч хойш тавилгүй хамгийн сайн хичээл зүтгэлээ өгөх)

  • Мацаг барьж, залбир

  • Эцсийг хүртэл тэвч

Омнаи 1:26-ийн төгсгөлд Амаликай түүний зөвлөгөөг дагах хүмүүст амлалт өгөв. Амлалтыг олж, дараах зарчмыг гүйцээ: Хэрэв бид Христэд ирж, эцсээ хүртэл тэвчвэл .

  1. Дээр жагсаасан Христэд хэрхэн ирэх зөвлөгөөнөөс нэг өгүүлбэрийг сонгоод, энэхүү зарчмыг дагаснаар бид хэрхэн Христэд ирэхийг тайлбарласан нэгээс хоёр минутын яриаг судрын тэмдэглэлдээ тоймлон бич.

    Жишээ нь, Христэд ирэхэд мацаг барьж, залбирах нь бидэнд хэрхэн тусалж болох талаар яриа бэлдэж болно. Та яриандаа (1) Омнаи 1:25–26-г уншаад, өөрийн үгээр сонгосон хэллэгээ тайлбарлах; (2) уг хэллэгт нэмэлт утга санаа өгөх, эсвэл илүү ойлгомжтой болгох өөр судар хуваалцах; (3) сонгосон хэллэгт тань жишээ болох өөрийн эсвэл таньдаг хэн нэгний тань амьдралд тохиолдсон туршлагыг хуваалцах; (4) өөрийнхөө бодол, мэдрэмж болон гэрчлэлийг хуваалцах зэрэг багтаж болно.

Дараагийн удаа багштайгаа уулзахад тань яриагаа хуваалцахыг тэр танаас хүсч магадгүй. Та гэр бүлийн үдэш эсвэл өөр нөхцөл байдалд энэ яриагаа хуваалцаж болно.

  1. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Жером–Омнаин бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх