Иаковын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Иаковын номыг судалснаар Есүс Христэд итгэх итгэл нь гуйвшгүй нэгэн хүний чухал сургамжуудыг бид суралцах болно. Иаков Аврагчийг удаа дараа гэрчилсэн ба өөрийн хүмүүс болон түүний үгсийг унших тэдгээр хүмүүсийг наманчлалд урьсан юм. Тэр Их Эзэний дуудлагуудыг хичээнгүйлэн, бүрэн биелүүлэхийн ач холбогдлыг зааж мөн биечлэн үзүүлжээ. Тэрээр өөрийн хүмүүст бардамнал, эд баялаг, ёс суртахуунгүй явдлаас зайлсхийхийг анхааруулсан. Түүнчлэн Иаков Бурханы бүх хүүхдэд авралыг авчрах Аврагчийн цуцашгүй хичээл зүтгэлийн талаарх Зиносын чидуны модны ёгтлолыг эш татан тайлбарлажээ. Христийг эсэргүүцэгч Шеримтэй нүүр тулан маргахдаа Иаков бидний итгэлд эргэлзэж, шүүмжилдэг хүмүүст хэрхэн зөв шударгаар хариулахыг үзүүлсэн юм.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Сариа, Лихай нарын тав дахь хүү Иаков энэ номыг бичсэн. Амлагдсан газар руу хийсэн түүний гэр бүлийн аяны үеэр аглаг буйдад тэр төрсөн ажээ. Өсвөр насандаа Иаков “ах нарынхаа балмадын учир их харамсал мөн зовлонг үзсэн билээ” (2 Нифай 2:1). Гэсэн хэдий ч Лихай, Иаковт Бурхан “зовлонгуудыг чинь чиний өсөлт хөгжлийн тул ариулан адисалж” мөн тэрээр өөрийн өдрүүдийг “өөрийн Бурханд үйлчлэхэд” зориулах (2 Нифай 2:2–3) болно гэдгийг түүнд амласан байдаг. Өсвөр насандаа Иаков Аврагчийн алдар сууг үзсэн (2 Нифай 2:3–4-ийг үзнэ үү). Нифай Иаковыг нифайчуудын прист болон багш байхаар томилон адисалж (2 Нифай 5:26), хожим нь Нифайн жижиг ялтсыг итгэн гардуулсан юм (Иаков 1:1–4-ийг үзнэ үү). Итгэлтэй санваарын удирдагч, багшийн хувьд Иаков (Иаков 1:7-г үзнэ үү) Христэд итгэхийг өөрийн хүмүүст ухуулахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Тэр Аврагчийн талаар илчлэлтийг хүлээн авч, тэнгэр элчүүдийн тохинууллыг үзэж, Их Эзэний дуу хоолойг сонсож (Иаков 7:5), мөн өөрийн Гэтэлгэгчийг харсан билээ. (2 Нифай 11:2–3-ыг үзнэ үү). Нас барахынх нь өмнө итгэл хүлээн ялтсуудыг гардаж авсан Иносын эцэг нь Иаков байсан юм.
Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?
Иаковын ном ойролцоогоор МЭӨ 544 оноос буюу Нифай Иаковт жижиг ялтсуудыг итгэмжлэн өгсөн үеэс эхэлдэг бөгөөд энэ нь өөрийн хүү Иност ялтсуудыг гардуулан өгч, Иаковын нас барах үе хүртэл үргэлжлэн дуусдаг. Иаков энэ цэдгийг Нифайн нутагт амьдарч байхдаа бичсэн.