Семинар
32-р хэсэг: 2 дахь өдөр: Moронай 8–9


32-р хэсэг: 2 дахь өдөр

Moронай 8–9

Оршил

Моронай 8 бол Мормоны бяцхан хүүхдүүдийг яагаад баптисм хүртэх шаардлагагүй байдаг талаар хүү Моронайдаа бичсэн захидал юм. Энэ захидалд Мормон биднийг Бурхантай хамт амьдрахад хэрхэн бэлдэх талаар бас заасан. Тэрээр нифайчуудын ёс бус байдал болон удалгүй ирэх устгалын талаар санаа зовсноо илэрхийлж захидлаа дуусгажээ. Моронай 9-д Мормоны хүүдээ бичсэн сүүлийн захидал байдаг. Тэр нифайчуудын ёс бус байдлын талаар уй гашуугаа илэрхийлж, Моронайгаас нифайчуудад наманчлахад нь туслахыг шаарджээ. Хүмүүсийнхээ бузар байдлыг үл харгалзан тэр хүүгээ Христэд итгэлтэй байж, мөнх амьдралын амлалтыг санаандаа үүрд суулгахыг урьсан.

Моронай 8:1–24

Мормон хүү Моронайдаа баптисм хүртэх ёстой хүмүүсийн талаар бичсэн

Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн хүүхдүүд яагаад найман насанд хүртлээ баптисм хүртдэггүй юм бол гэж бодож байсан уу? Хүү Моронайдаа бичсэн захидалдаа Мормон бяцхан хүүхдүүдийн аврал ба баптисм болон хүүхдүүдийг яагаад найман насанд хүртлээ баптисм хүртдэггүйн талаар чухал үнэнүүдийг заасан. Мормон Моронайд бичсэн захидлаа эхлэхдээ нифайчуудад тулгарч байсан арцалдаан (маргалдаан)-ы талаар ярьсан. Моронай 8:4–6-г уншиж, нифайчуудын хоорондоо маргалдаж байсан сургаалыг хайж ол. (Үүнийг уншихдаа энэ тохиолдолд ноцтой-г маш хүнд гэсэн утгатай гэдгийг мэдэх нь тустай байж болно.)

Моронай 8:7-г уншиж, Мормон энэ асуудлын талаар сонсоод юу хийснийг нь тодорхойл. Аврагч Мормоны залбиралд хүүхдүүдийг хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө яагаад баптисм хүртэх шаардлагагүйг тайлбарлан хариулжээ. Моронай 8:8–9-г уншиж, Аврагч нярай болон бяцхан хүүхдүүд яагаад баптисм хүртдэггүй талаар хэлсэн зүйлсийг нь хайж ол.

Моронай 8:8-д “Адамын зүхэл” гэдэг нь Уналтын улмаас Адамын Бурханы оршихуйгаас тусгаарлагдсаныг хэлдэг. Зарим нифайчууд баптисмын сургаалыг ойлгоогүй нь тодорхой байв. Тиймээс тэд бяцхан хүүхдүүдийг баптисмын ёслолгүйгээр Бурханы оршихуйд байхад зохисгүй гэж буруу бодож байсан бөгөөд хүүхдүүдийг бага насанд нь баптисм хүртээх хүсэлтэй байжээ. Нүгэл гэдэг нь “Бурханы зарлигуудад санаатайгаар дуулгаваргүй байх” гэдгийг анхаарах нь энэ шүлгийг ойлгоход тустай байж болно (Судруудын удирдамж,“Нүгэл,” scriptures.lds.org). Энэ сургаалыг илүү сайн ойлгохын тулд та Моронай 8:8-ыг хоёр дахь Итгэлийн тунхагтай холбогдох эшлэл болгож болно.

Моронай 8:10-ыг уншиж, дараах үнэнийг гүйцээх үгсийг хай: -д наманчлал, баптисм шаардлагатай.

Наманчлал болон баптисм хариуцлагатай, нүгэл үйлдэх чадвартай хүмүүст л шаардлагатай тул Мормон бяцхан хүүхдүүдийг хариуцлагатай болохоос нь өмнө баптисм хүртээх нь буруу гэдгийг заажээ. Моронай 8:11–13, 18–22-ыг уншиж, Мормон бяцхан хүүхдүүдэд яагаад баптисм хүртээх нь буруу гэж хэлсэн тайлбарыг хайж ол. Эдгээр шүлгүүд энэ сургаалыг заадаг: Бяцхан хүүхдүүд Есүс Христийн Цагаатгалаар аврагддаг.

Их Эзэн хариуцлагатай болж эхлэх насыг найм байхаар тогтоосон (С ба Г 68:25–27; Иосеф Смитийн орчуулга, Эхлэл 17:11 [Библийн хавсралтанд]-ийг үзнэ үү). Сатанд бяцхан хүүхдүүдийг уруу татах хүч өгөгдөөгүй учраас хүүхдүүд найман нас хүрэхээсээ өмнө нүгэл үйлдэж чадахгүй (С ба Г 29:46–47). Хүүхдүүдийн найман нас хүрэхээс өмнө хийсэн алдаанууд нүгэлд тооцохгүй.

Зураг
Баптисм хүртэж буй охин
Зураг
Ахлагч Даллин Х.Өүкс

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс бяцхан хүүхдүүд яагаад нүгэл үйлдэж чадахгүй гэдгийн учрыг ийн тайлбарлажээ: “Бид хүүхдүүдийг хариуцлагын насанд хүрэхээсээ өмнө ‘нүгэл үйлдэх чадваргүй’ гэдгийг нь сургаалаасаа ойлгодог (Моронай 8:8). Тэр хугацаанд хүүхдүүд алдаа гаргаж магад. Бүр ноцтой, засагдах ёстой гэмтэй алдаанууд гаргаж ч магад. Гэхдээ тэдний үйлүүд нүгэлд тооцогдохгүй” (Sins and Mistakes,” Ensign, 1996 оны 10-р сар, 65).

Мормон бас захидалдаа бяцхан хүүхдүүдийг “Христээр амьд” ба тэднийг найман нас хүрэхээсээ өмнө нас барах тохиолдолд Есүс Христийн Цагаатгалаар аврагддаг гэдгийг гэрчилсэн (Моронай 8:12–15, 22).

Мормон нярай болон бяцхан хүүхдүүдийг яагаад баптисм хүртэх шаардлагагүй гэдгийг тайлбарлахдаа энэ зарчмын талаар гэрчилсэн: Бурхан хүүхдүүдтэйгээ харилцах харилцаандаа төгс шударга байдаг юм. Иймээс Бурхан бүх хүнд аврал хүлээн авах шударга боломж олгоно гэсэн үг.

  1. Дараах үйл ажиллагаа танд Моронай 8-ын эхэнд заагдсан сургаалуудыг тайлбарлахыг сурахад тусална. Доороос нэг (эсвэл хоёр) нөхцөлийг судар судлах тэмдэглэлдээ сонгож, Моронай 8:8–24-өөс тухайн хүний асуудалд хариулах нэг юм уу хоёр шүлгийг тодорхойл. Дараа нь тухайн нөхцөлийн хариуд нэгээс хоёр догол мөр бич. Хариултандаа судрын шүлгүүдийг ашигла.

    1. Номлогчийн хувьд та үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлж байгаа нэг эрэгтэйтэй танилцжээ. Тэрээр амьдралынхаа турш бяцхан хүүхдүүд Адамын нүглийн улмаас төрөхдөө нүгэлтэй байдаг гэж заалгаснаа тайлбарлав. Түүнчлэн тэр хүн нярай хүүхдүүд баптисм хүртэхгүйгээр нас барахад тэд нүгэлтэй бөгөөд аврагдах боломжгүй гэдэгт бат итгэдэг байлаа.

    2. Саяхны нэгэн хөрвөгч найман настай хүүхдүүдийн баптисмыг сайн гэдгийг зөвшөөрдөг боловч “Хүмүүс найман настай эсвэл найман сартайдаа баптисм хүртсэн ч ялгаагүй биз дээ?” гэж асуужээ.

Moронай 8:25–30

Мормон биднийг Бурхантай хамт амьдрахын тулд юу хийх ёстойг заав

Бяцхан хүүхдүүдийг яагаад баптисм хүртэх шаардлагагүйг заасныхаа дараа Мормон хариуцлагын насанд хүрсэн хүмүүсийг баптисм хүртэх ёстойг заажээ. Тэр бас биднийг Бурхантай хамт амьдрахын тулд баптисмын дараа юу хийх ёстойг заасан.

Моронай 8:25–26-г уншиж, бидний Бурхантай хамт амьдрахын тулд хийх ёстой зүйлс болон хөгжүүлэх ёстой зан чанаруудыг ол. Та эдгээрийг судартаа тэмдэглэх хэрэгтэй. “Даруу байдал” гэдэг нь Бурханы хүсэлд дуулгавартай байх, “зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанар” гэдэг нь жинхэнээсээ даруу байх гэсэн утгатайг ойлгох нь тустай байж болно.

Та судар дээрээ Моронай 8:25–26-ийн хажууд дараах зарчмыг бичих хэрэгтэй: Бид зарлигуудыг итгэлтэй дагаснаар Ариун Сүнсийг хүлээн авах боломжтой бөгөөд энэ нь биднийг Бурхантай амьдрахад бэлтгэдэг.

  1. Дараах асуултууд танд Моронай 8:25–26-г илүү сайн ойлгоход тусална. Бүх асуултуудыг тунгаан бодож дор хаяж хоёрыг сонгож, судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Нүглийн ангижралыг хүлээн авах нь яагаад даруу байдал, зүрх сэтгэлийн хүлцэнгүй чанар руу хөтөлдөг вэ?

    2. Та хүлцэнгүй, зүрх сэтгэлдээ номхон байснаар хэрхэн Ариун Сүнсийг амьдралдаа урьж болох вэ?

    3. Ариун Сүнстэй хамт байх нь танд Бурхантай хамт амьдрахаар бэлтгэхэд хэрхэн туслах вэ?

    4. Мормон биднийг үргэлжилдэг хайраар дүүрэн байхыг хүсвэл хичээнгүйлэн залбирах ёстойг заасан. Хайраар дүүрэн байхыг хүсвэл хичээнгүйлэн залбирах нь яагаад чухал вэ?

Моронай 8:27-д цэдэглэгдсэнээр Мормон нифайчуудын дундах бардамналын нүглийг буруушаажээ. Моронай 8:27-г уншиж, нифайчуудын бардамналын үр дүнг хайж ол. Дараа нь энэ үр дүнг Моронай 8:26-д байгаа хүлцэнгүй, зүрх сэтгэлдээ номхон байхын үр дүнтэй харьцуулж үз.

Мормон нифайчуудыг наманчилж, түүний захидалд буй адислалуудыг хүлээн авч болохын төлөө залбирахад нь Моронайг урамшуулан дэмжжээ (Моронай 8:28–30). Мормоны хүүдээ өгсөн зөвлөгөөг ашиглан өөрийн таньдаг сайн мэдээний адислалуудыг хүлээн авах хэрэгтэй тодорхой хүмүүсийн төлөө залбирч, тэдэнд туслах аргуудыг хайж ол.

Моронай 9:1–20

Мормон нифайчууд болон леменчүүдийн ёс бус байдлыг дүрсэлсэн нь

Хүнд туслахыг хичээсэн боловч тэр хүн таны хичээл зүтгэлийг эсэргүүцсэн тохиолдлыг бод. Зарим хүн сайн санаагаар туслахыг хичээхэд хүмүүс үүнийг нь дахин дахин эсэргүүцвэл тэд ямар хариу үйлдэл үзүүлж болох вэ? Хүү Моронайдаа бичсэн Мормоны хоёр дахь захидал Моронай 9-р бүлэгт байдаг. Үүнийг судлахдаа Мормон хүүгээ нифайчуудын төлөө бууж өгөхгүй байхыг дэмжихийн тулд юу хэлснийг нь ол.

Моронай 9:1-ийг уншиж, Мормон захидалдаа ярилцах нөхцөлийг дүрслэхдээ ашигласан үгийг ол. Энэ тохиолдолд эмгэнэлт гэдэг нь маш сэтгэл гонсойлгосон гэсэн утгатайг анхаар. Моронай 9:2–19-д бичигдсэнчлэн Мормон хүмүүсийн дунд тохиолдож байсан сэтгэл гонсойлгосон зарим зүйлийг дүрсэлж, хүмүүсийг хэчнээн их ёс бус болсныг нь үзүүлсэн. Жаредчуудын дундах бошиглогч байсан Иферийн адил Мормон хүмүүсийг нь ялан дийлсэн уур, ёс бус байдлыг үзэв. Тэрээр Их Эзэний Сүнс тэдэнтэй хамт байхаа больсон хэмээн айжээ (Моронай 9:4-ийг үзнэ үү).

Мормон яагаад нифайчууд Бурханы үгийн эсрэг зүрх сэтгэлээ хатууруулж, тэдэнд туслах бошиглогчдын хичээл зүтгэлийг эсэргүүцэж байсан ч тэдний дунд ажилласаар байсныг нь тунгаан бод.

Мормон Моронайд зүрх сэтгэлээ нээлттэй байлгадаггүй хүмүүст хэрхэн номлох ёстой талаар хүчтэй зөвлөгөө өгчээ. Моронай 9:3–6-г уншиж, дараах зарчмыг заадаг үг хэллэгүүдийг тэмдэглэ: Бидний үйлчилдэг хүмүүс сайнаар хандахгүй байсан ч гэсэн бид Бурханы үйлчлэлд хичээнгүйлэн хөдөлмөрлөх ёстой. 6-р шүлэг ялангуяа энэ зарчмыг заахад нэн тустай байдаг.

Моронай 9:21–26

Мормон Моронайг итгэлтэй байхыг урамшуулдаг

Хүмүүсийн урмыг хугалж болзошгүй, танай хамт олон, улс эсвэл дэлхийд тохиолдсон явдлуудын талаар бод. Моронай 9:25–26-г уншиж, шантармаар нөхцөлд юу хийх талаар Моронайд өгсөн Мормоны зөвлөгөөг ол.

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич: Мормон Моронайд юуг “санаандаа үүрд суулгах ёстой” гэсэн бэ? (Moронай 9:25). Бэрхшээлтэй үедээ эсвэл ёс бус байдлын дунд байхдаа Аврагч болон Түүний Цагаатгалыг санах нь танд хэрхэн тусалж болох вэ?

Мормоны Моронайд өгсөн зөвлөгөөнөөс бид энэ зарчмыг сурч болно: Хэрвээ бид Есүс Христэд итгэлтэй байвал биднийг бэрхшээл, ёс бус байдлын дунд орсон ч Тэр биднийг дээш өргөж чадна. “Есүс Христэд итгэлтэй” байх гэдэг нь бүх цагт Аврагчийн жинхэнэ шавь шиг үйлдэхийг хичээж, Аврагч болон Түүний Цагаатгалыг санаж, Түүний зарлигуудыг итгэлтэйгээр сахихыг хэлнэ.

  1. Судар судлах тэмдэглэлдээ дээрх зарчим нь үнэн гэдгийг үзүүлдэг өөрийн амьдралд эсвэл ойр дотны хүний амьдралд тохиолдсон туршлагыг бич.

Ёс бус байдал эсвэл хэцүү нөхцөлийн дунд орсон байхдаа Христэд илүү итгэлтэй байх нэг аргын тухай бод.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Моронай 8–9-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо) - нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх