3-р хэсэг: 1 дэх өдөр
1 Нифай 7
Оршил
Нифай Их Эзэнд бие сэтгэл бүхнээ зориулсан нь 1 Нифай 7-д харагддаг. Тэр ах нарынхаа хамт Иерусалимд эргэн ирж, Ишмэил болон түүний гэр бүлийг цөлд дагуулж ирэх Их Эзэний зарлигийг дуулгавартай дагасан юм. Лемен Лемүел хоёр болон Ишмэилийн гэр бүлийн зарим хүмүүс цөл рүү буцаж ирэх замдаа Нифайд уурлан түүнийг эсэргүүцэж, Иерусалим руу буцахыг хүсч байв. Тэд Нифайг хүлж, алахыг завдахад тэр итгэлээр залбирсанд Их Эзэн түүнийг суллажээ. Нифай өөрийг нь хавчсан хүмүүсийг чин сэтгэлээсээ уучлав. Энэ хичээлийг судлахдаа зарлигууд болон хүнд сорилт бэрхшээлүүдэд Нифайн адил хэрхэн итгэлээр хандаж болохыг тунгаан бод.
1 Нифай 7:1–5
Их Эзэн Лихайн хөвгүүдэд, Иерусалим руу буцаж Ишмэил болон түүний гэр бүлийг авчрахыг зарлиг болгов
Гэр бүлийнхээ тухай, гэр бүлүүд яагаад Бурханы төлөвлөгөөнд чухал болохыг тунгаан бод.
1 Нифай 7:1–2-ийг уншиж, Их Эзэн Лихайд түүний хөвгүүдээр юу хийлгэх зарлиг өгсөн болон яагаад Тэр тэднээр үүнийг хийлгэснийг олж мэд. (1 Нифай 7:1 дэх үр удам гэдэг үг үр хүүхэд, хойч үеийнхэн гэсэн утгатайг мэдэх нь ашиг тустай байж болно.)
Эдгээр шүлгүүдээс бидний сурсан нэг үнэн бол Их Эзэн бидэнд гэрлэж, үр хүүхдээ Түүнд зориулан өсгөн хүмүүжүүлэхийг зарлиг болгодог явдал мөн. Их Эзэн Нифай болон түүний ах нарыг гэрлүүлэхийн тулд цөлийг туулж, Иерусалим руу олон хоног хүнд хүчир аян хийхийг хүртэл зарлиг болгосон. 1 Нифай 7-г үргэлжлүүлэн судлахдаа гэрлэлт ба гэр бүл яагаад ийм чухал болохыг өөрөөсөө асуу.
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхгаас дараах хэсгийг уншиж, хожмын үеийн бошиглогчид гэрлэлтийн ач холбогдлын тухай юу гэж тунхагласныг ол: “Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн Тэргүүн Зөвлөл ба Арванхоёр төлөөлөгчийн зөвлөлийнхөн бид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын гэрлэлтийг Бурхан томилсон бөгөөд гэр бүл нь Түүний хүүхдүүдийн мөнхийн хувь заяаны төлөө Бүтээгчийн төлөвлөгөөний төвд байдгийг чин сэтгэлээсээ тунхаглаж байна” (Ensign ба Лиахона, 2010 оны 11-р сар, 129).
1 Нифай 7:1 дэх “Их Эзэний төлөө” гэсэн хэллэгийг дугуйлж болно. Энэ хэллэг нь өнөө үед ямар утгатайг эргэцүүлэн бод.
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийн дараах сургаалыг унших үедээ Их Эзэний төлөө үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх тухай нэмэлт санаануудыг ол:
Өдгөө бид Бурхан хүүхдүүддээ “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэ” хэмээн өгсөн зарлиг хүчин төгөлдөр байгааг тунхаглаж байна. …
“… Эцэг эхчүүд нь хүүхдүүдээ хайр, зөв шударга байдлаар өсгөн хүмүүжүүлж бие бялдар болон оюун санааных нь хэрэгцээг хангаж, бие биеэ хайрлан, үйлчилж, Бурханы зарлигуудыг дагаж, хаана ч амьдарсан хуулиа хүндэтгэн сахидаг иргэд байхыг зааж сургах нандин үүрэгтэй юм. Нөхөр, эхнэрүүд болон эцэг эхчүүд эдгээр үүргээ биелүүлээгүйн төлөө Бурханы өмнө хариуцлага хүлээх болно” (Ensign ба Лиахона, 2010 оны 11-р сар, 129).
1 Нифай 7:3–5-ыг уншиж, Их Эзэн зарлигуудыг нь биелүүлэхэд Лихайн хөвгүүдэд хэрхэн тусалсныг ол. Ишмэил болон түүний гэр бүл Лихайн гэр бүлтэй цөлд нэгдэх урилгыг хүлээн авахад нь Их Эзэн тэдэнд хэрхэн тусалсан бэ?
-
Өнөө үед залуу хүмүүс гэрлэж, үр хүүхдээ “Их Эзэний төлөө” өсгөхөд өөрсдийгөө бэлтгэх гурван арга замын талаар зөвлөгөө өгөхийг эцэг эх, Сүмийн удирдагч, эсвэл багшаасаа хүс. Тэдний зөвлөгөөг судрын тэмдэглэлдээ бич.
1 Нифай 7:6–15
Нифай ах нартаа цөл рүү хийх аянаа үргэлжлүүлэхийг ятгав
1 Нифай 7:6–7-г уншиж, Лемен Лемүел хоёр болон Ишмэилийн гэр бүлийн зарим хүмүүс цөл дэх аяныхаа үед яагаад Нифайд уурлан түүнийг хавчсаныг ол. Энэ нөхцөлд Нифайтай адилхан байх нь ямар байж болохыг төсөөлөн бод. Лемен Лемүел хоёр болон Ишмэилийнхэнд амлагдсан нутаг руу хийх аянаа үргэлжлүүлэхийг ятгахын тулд юу гэж хэлэхээ бод.
1 Нифай 7:8–12-ыг уншиж, ах нараа Иерусалим руу буцахгүй байхыг ятгахын тулд тэднээс Нифайн асуусан асуултуудыг ол. Ах нар нь мартсан хэмээн Нифайн хэлсэн гурван үнэн юу вэ?
Дараах асуултуудад судрын тэмдэглэлдээ хариулж бич:
-
Эдгээр гурван үнэнийг санах нь Лемен Лемүел хоёрыг Их Эзэнд итгэлтэй байхад нь хэрхэн тусалж болох байсан бэ?
-
Их Эзэнээс хүлээн авсан 4-5 адислалаа жагсаан бич. Их Эзэн таны төлөө юу хийснийг санах нь Түүнийг дагахаар сонгож, итгэлтэй байхад тань хэрхэн туслах вэ?
1 Нифай 7:13–15-ыг уншиж, хэрэв Лемен, Лемүел болон Ишмэилийн гэр бүлийн эсэргүүцэн дургүйцсэн гишүүд Иерусалим руу буцвал тэдэнд юу тохиолдоно гэж Нифай хэлснийг ол.
-
Их Эзэн таны төлөө юу хийснийг санаж, Түүний удирдамжийг дагах нь яагаад амин чухал болох тухай судрын тэмдэглэлдээ нэг догол мөр бич.
1 Нифай 7:16–22
Их Эзэн Нифайг хүлээснээс нь сулласан нь
1 Нифай 7:16-г уншихдаа Нифайд тохиолдсонтай адил нөхцөлд байх нь ямар байж болохыг төсөөлөн бод. Та яах байсан бэ?”
Нифай залбирсан юм. 1 Нифай 7:17–18 дахь түүний залбирлыг уншиж, Нифай юуны төлөө залбирсныг тодорхойл.
Нифай “итгэлийнхээ дагуу” хүлээснээсээ суллагдахыг гуйсныг анхаар. Эдгээр шүлгүүдээс бидний авч болох нэг сургамж бол Бурхан бидний итгэлийн дагуу залбиралд маань хариулдаг гэсэн үнэн юм. Итгэлээр залбирах гэдэг нь Их Эзэнд хандан Түүнд итгэх итгэлээрээ залбирч, Түүний өгсөн удирдамжийг биелүүлэх хүслээ харуулах явдал мөн.
1 Нифай 7:17 дахь Нифайн залбирал болон Цагаатгалын хүч бидний зүрх сэтгэлийг хэрхэн өөрчилдөг тухай Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Дэвид А.Бэднарын дараах үгийг судал. Бид итгэлээр залбирах үедээ үйлдэх хүсэлтэй байхын ач холбогдлыг ойлгоход туслах хэллэгүүдийн доогуур зур.
“Хэрэв миний ах нар намайг хүлсэн бол би юу гэж залбирах байсныг та нар төсөөлж байна уу? Миний залбирал ах нартаа ямар нэг муу юм тохиолдохыг хүсч, ‘Та намайг ах нарын минь гараас чөлөөлж өгнө үү?’ гэх юм уу өөрөөр хэлбэл ‘Энэ зовлонгоос намайг одоохон гаргаж аваач!’ гэсэн үгтэй байх байсан. Харин Нифай миний залбиралтай адилаар өөрийнх нь зовлон байхгүй болохын төлөө залбираагүй нь сонирхолтой юм. Тэр үүний оронд нөхцөл байдлаа өөрчлөх хүч чадлын төлөө залбирчээ. Миний бодлоор тэр Аврагчийн Цагаатгалын боломж олгогч хүчийг ойлгож, биеэрээ мэдэрсэн учраас ийм байдлаар залбирсан биз ээ. …
“Ах, эгч нар аа! Энэхүү үйл явдлын утга санаа бид бүгдийн хувьд тодорхой юм. Та бид Цагаатгалын боломж олгодог хүчийг ойлгож, амьдралдаа ашиглахын тулд бидний нөхцөл байдал өөрчлөгдөхийн төлөө биш харин нөхцөл байдлаа өөрчлөх хүч чадлыг гуйж залбирах ёстой. Ингэвэл бид ‘өөрсөд дээрээ үйлдүүлэх’ биш харин өөрсдөө ‘үйлдэх’ чадвартай болно (2 Нифай 2:14)” (“‘Их Эзэний хүчээр’ (Мормоны Үгс 1:14; Moзая 9:17; Moзая 10:10; Aлма 20:4),” Brigham Young University 2001–2002 Speeches [2002], 124).
-
Дараах асуултуудын аль нэгэнд судрын тэмдэглэлдээ хариулж бич:
-
Та амьдралдаа итгэлээр залбирч, Их Эзэн залбиралд тань хариулсныг хэзээ мэдэрсэн бэ?
-
Та Нифайн үлгэр жишээг дагаж, нөхцөл байдал тань өөрчлөгдөхийн төлөө биш харин нөхцөл байдлаа өөрчлөх хүч чадлын төлөө хэрхэн залбирч болох вэ?
-
Нифай хүлээснээсээ суллагдсаны дараа ах нар нь түүн рүү дахин дайрахыг хүсчээ. 1 Нифай 7:19–21-ийг уншиж, танд гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн Нифайн зан төлөвийг олж мэд. Танай гэр бүлд уучлал шаардлагатай байсан тохиолдлыг бод. Гэр бүлийн гишүүд бие биеэ уучлах хүсэлтэй байх нь яагаад чухал байдгийг эргэцүүлэн бод.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би 1 Нифай 7–р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: