Ифер номын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Та Иферийн номыг судлахдаа Лихайн хүмүүс ирэхээс хэдэн зууны өмнө бөмбөрцгийн баруун хагас руу явж амьдарч байсан бүлэг хүмүүс буюу жаредчуудын тухай сурах болно. Энэхүү ном нь залбирал, илчлэлт, Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгох болон сүнслэг мэдлэгийг хүлээж авах хоёрын хоорондох харилцааны тухай чухал зарчмуудыг сурахад тань туслах болно. Түүнчлэн бошиглогчдын хүмүүст наманчлахыг ухуулах үүрэг мөн Есүс Христ болон Түүний бошиглогчдыг эсэргүүцдэг хүмүүст ирдэг үр дагаврыг ойлгоход тань туслах болно.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Моронай Иферийн ялтсууд хэмээн нэрлэгдсэн 24 алтан ялтсаас энэхүү номыг хураангуйлсан. Энэ нь жаредчуудын түүхийн цэдгийг бүтээсэн, тэдний сүүлчийн бошиглогч Иферийн нэрээр нэрлэгдсэн (Ифер 15:33–34-ийг үзнэ үү). Мозая хааны өдрүүдэд Лимхайн зарим хүмүүс Зарахемлагийн нутгийг хайж байхдаа Иферийн ялтсуудыг олсон (Moзая 8:7–11; Ифер 1:2-ыг үзнэ үү). Нифай үндэсний бошиглогч, цэдэг хөтлөгчид Иферийн ялтсуудыг Моронайн эзэмшилд ирэх хүртэл доош дамжуулжээ. Моронай хураангуйлалдаа “зууны нэгийг нь ч” багтаагаагүй гэдгээ хэлжээ (Ифер 15:33).
Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?
Иферийн номыг бүтээхэд ашигласан эх сурвалж нь Моронай хураангуйллаа хийхээс олон зууны өмнө бичигджээ. Жаредчуудын цэдэг хүмүүс нь далайг гатлахаас өмнө Жаредын ах хүлээн авсан үзэгдлээ бичихэд анх бүтээгджээ (Ифер 4:1-ийг үзнэ үү). Иферийг хүртэл жаредчуудын дунд ямар ч цэдэг хөтлөгч дурдагдаагүй (Ифер 13:3; 15:33). Моронай Иферийн номыг хураангуйлав (Moрмон 8:3–6; Moронай 10:1-ийг үзнэ үү). Хэдийгээр Моронай хураангуйллыг хийхдээ хаана байснаа бичээгүй ч жаредчууд “хойд зүгийн энэ нутагт” (Ифер 1:1) устгагдсан гэж бичсэн нь тэрээр тэдний устгагдсан тэрхүү газарт байсан байх магадлалтайг харуулж байна.