Семинар
29-р хэсэг: 3 дахь өдөр, Ифер 1–2


29-р хэсэг: 3 дахь өдөр

Ифер 1–2

Оршил

Иферийн ном нь жаредчуудын түүхийг өгүүлэх Моронайн хураангуйлал юм. Жаредчууд бол Лихайн хүмүүсээс хэдэн зууны өмнө бөмбөрцгийн баруун хагаст ирсэн хүмүүс юм. Ноагийн өдрүүд дэх үерийн дараа өршөөгдсөн хүмүүсийн үр удмаас олон нь ёсон бус болсон билээ. Нэг бүлэг хүмүүс “тэнгэрт тулам оройтой” цамхаг барихаар оролджээ (Эхлэл 11:4). Жаред үндэстний цэдэг Бабелын цамхаг барих үеэс эхэлжээ. Их Эзэн хүмүүсийн хэлийг будлиулж, дэлхийн бүх гадаргуу дээгүүр хүмүүсийг тарааснаар өргөн тархсан ёсон бус байдалд нь хариу өгөв (Эхлэл 11:5–8; Ифер 1:33-ыг үзнэ үү). Иферийн номон дахь энэхүү цэдэг нь Их Эзэн Бабелын цамхагт хүмүүсийн хэлийг будлиулах үед Жаред болон түүний ах Түүний тусламжийг эрэлхийлснээр эхэлдэг. Их Эзэн Жаред, түүний ах, тэдний гэр бүл болон найзуудын хэлийг будлиулаагүй бөгөөд амлагдсан нутгийн зүг аглаг буйд дундуур тэднийг удирджээ. Дараа нь Их Эзэн Жаредын ахад өөрийн хүмүүсийг далай дээгүүр авч явах найман хөлөг барихыг зааварлав.

Бабелын цамхаг дор ярилцаж буй эрс

Ифер 1:1–33

Моронай Иферийн удмын бичгийг Бабелын цамхаг дахь Жаредыг хүртэл цэдэглэв

Иферийн ном хаанаас гаралтайг ойлгохын тулд 12-р хэсэг: 1 дэх өдрийн хичээлээс (116 -р хуудас) “Moзая 7–24-ийн тоймыг” үзнэ үү. 4 дэх аяллыг үзэж, Лимхайн хүмүүс энэхүү аяллынхаа үеэр юу олсныг анзаар.

Иферийн номын эхлэлийг хараад гарчгийн дор байрлах номын товч тайлбарыг ол. Энэхүү тайлбар нь жаредчуудын цэдгийг Лимхайн хүмүүсийн олсон 24 алтан ялтсаас авсан болохыг тайлбарладаг.

Моронай эцгийнхээ цэдгийг дуусгасны дараа тэр Мормоны Номонд хавсаргахаар жаредчуудын цэдгийг богино болгон хураангуйлав. Ифер 1:1–4-ийг уншаад Моронай жаредчуудын цэдгийн хураангуйлалдаа юу багтаагаагүйг ол. Дараа нь Ифер 1:5-ыг уншаад цэдгийн ямар хэсгийг Моронай өөрийн бичээст оруулсныг ол. Ифер 1:5-д гардаг цамхаг нь Бабелын цамхаг юм. Ифер 1:33-д тайлбарласнаар Их Эзэн цамхаг барихыг оролдсон хүмүүсийн хэлийг тэд бие биенээ ойлгохгүй байж болохын тулд “будлиулсан” (бусниулсан эсвэл ойлгомжгүй болгосон) бөгөөд тэднийг дэлхийн гадаргуугаар тараажээ.

Ифер 1:6–33-т цэдэглэснээр Ифер нэртэй эр жаредчуудын цэдгийг хөтөлжээ. Моронай Иферийн гарал үүслийн бүртгэлийг Бабелын цамхагийн үед амьдарч байсан Жаред нэртэй эрийг хүртэл бүртгэв.

Ифер 1:33–43

Жаредын ах тусламж хүсэн залбирч, түүний гэр бүл, найз нөхөд нигүүлсэл болон удирдамжийг хүлээн авав

Та урьд нь хүмүүс нь таны мэдэхгүй хэлээр ярьдаг улс эсвэл газарт очиж байсан уу? Эргэн тойрон дахь хүмүүсийнхээ ярьж байгаа хэлийг ойлгохгүй байх нь танд ямар санагдах вэ? Та тийм нөхцөл байдалд цөөхөн хэдэн хүнтэй л харилцах боломжтой байвал хэнийг сонгох вэ? Ийм нөхцөл байдал Бабелын цамхагийн үед амьдарч байсан Жаред гэгдэх эр, түүний ах болон гэр бүлийнхэнд нь тулгарсан юм. Ифер 1:33–37-г уншаад Жаредын харилцахыг хүссэн хүмүүсийг ол. Жаредын ах Их Эзэнээс тэдний хэл будлиулагдахгүй байх болно гэсэн амлалтыг хүлээж авсныхаа дараа (Ифер 1:34–35-ыг үзнэ үү) тэрээр найзуудынхаа төлөө залбирав (Ифер 1:36–37-г үзнэ үү). Жаредын ахын үзүүлсний дагуу итгэлтэй хүмүүсийн нэг шинж бол Их Эзэний адислалуудыг хүлээж аваасай хэмээн найзуудынхаа төлөө залбирах явдал юм.

Их Эзэн Жаред болон түүний ах, тэдний гэр бүл, найз нөхдийнх нь хэл будлиулагдахгүй байхаар адислав. Дараа нь Жаред ахыгаа Бурханд хандан залбирч, тэдний гэр бүл хаашаа явах хэрэгтэйг асуухыг хүсэв. (Ифер 1:38–40-ийг үзнэ үү.)

Ифер 1:40–43-ыг уншаад жаредчуудад аянаа удирдахад нь зориулж өгсөн Их Эзэний зааврыг тодорхойл. Жаред болон түүний ах Их Эзэнээс ирсэн эдгээр удирдамжуудыг дагах нь яагаад чухал байсан гэж та бодож байна вэ?

Ифер 2:1–12

Жаредчууд амлагдсан нутаг руу аянаа эхлэв

Ифер 2:1–3-ыг уншаад жаредчууд амлагдсан нутаг руу аялах тухай Их Эзэний өгсөн удирдамжийг хэр сайн дагасныг олж мэд (Ифер 1:41–42-ыг үзнэ үү). Тэгээд Ифер 2:4–6-г уншаад дараа нь юу тохиолдсоныг ол. Жаредчууд Их Эзэний удирдамжийг дуулгавартай дагасан болохоор Тэр тэдэнд цаашдын зааврыг өгсөн болохыг анзаар. Их Эзэний зарлигуудад дуулгавартай байсныхаа улмаас жаредчуудын хүлээж авсан удирдамж, адислалуудын талаар тунгаан бод.

Жаредчуудын туршлагаас бид дараах зарчмыг сурдаг: Их Эзэний бидэнд өгсөн зааврын дагуу итгэлтэй үйлдсэнээр бид Түүнээс цаашдын зааврыг хүлээн авч чадна. Та энэхүү зарчмыг судартаа Ифер 2:6-гийн хажууд бичих хэрэгтэй.

Та залбирч, судраас суралцаж эсвэл сүмийн цуглаанд оролцож байхдаа Их Эзэнээс хүлээж авсан сүнслэг нөлөөлөл эсвэл мэдрэмжээ санаж байна уу? Бид залбирлуудынхаа хариултыг хэр ойрхон хүлээж авдаг талаар Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хэлсэн дараах үгсийг уншихдаа тэрхүү сүнслэг нөлөөлөл эсвэл мэдрэмжээ дотроо санаж байгаарай: “Ховорхон тохиолдолд та [залбирлынхаа] бүрэн хариултыг нэгэн зэрэг хүлээж авах болно. Энэ нь бага багаар багц байдлаар ирэх бөгөөд ингэснээр та ур чадвартаа өсөх болно. Хэсэг бүрийг итгэлээр дагаснаар бүрэн хариултыг автлаа та бусад хэсгүүд рүү хөтлөгдөнө. Энэхүү загвар нь танаас Эцэгийн хариулах чадварт итгэх итгэлээ үйлдэл болгохыг шаарддаг. Заримдаа энэ нь үнэхээр хэцүү байх боловч хувийн өсөлт хөгжлийн үнэлэшгүй үр дүн болдог. (“Using the Supernal Gift of Prayer,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 9).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТүрүүн бодсон сүнслэг нөлөөлөлдөө хэрхэн хандсан (эсвэл хандаж болох) тухайгаа судар судлах тэмдэглэлдээ бич. Тэрхүү сүнслэг нөлөөллөө дагаснаар хүлээж авсан (эсвэл авч болох) адислалуудаа багтааж болно.

Ифер 2:7–12-т цэдэглэснээр Жаредын ах болон түүний гэр бүл амлагдсан нутагт ирээд “өөрт нь, үнэн бөгөөд цорын ганц Бурханд үйлчлэх хэрэгтэй, эс бөгөөс тэд арчигдах болно” хэмээн Их Эзэн Жаредын ахад хэлжээ (Ифер 2:8).

Ифер 2:13–15

Их Эзэн Өөрт нь хандан залбираагүйн улмаас Жаредын ахыг зэмлэв

Ифер 2:13–15-ыг уншаад газруудыг хуваасан их тэнгисийн дэргэд жаредчуудыг ирэхэд юу тохиолдсоныг ол. Тэд Их Эзэнийг сонсож, Түүний зарлигуудыг дагаж байсан болохоор тэд аглаг буйдад Их Эзэнээр удирдагдан явсан юм. Гэсэн хэдий ч тэд их тэнгисийн дэргэд дөрвөн жилийн турш буудалласны дараа Их Эзэн Жаредын ах дээр ирж, залбираагүйнх нь төлөө түүнийг зэмлэв.

Ифер 2:14–15 нь эдгээр зарчмуудыг сурахад тусалдаг: Биднийг Их Эзэнд хандан залбирахгүй байх нь Түүнд таатай байдаггүй. Их Эзэн биднийг Түүнд хандан тогтмол залбирдаг байгаасай гэж хүсдэг.

Далын гишүүнээр үйлчилж байсан ахлагч Доналд Л.Стахэлигийн хэлсэн дараах үгсийг уншихдаа та хэр олон залбирдаг тухайгаа бодоорой: “Өршөөл, онцгой тусламж, удирдамж эрэлхийлсэн өдөр тутмын чин сэтгэлийн залбирлууд нь бидний амьдралд нэн чухал бөгөөд гэрчлэлийн маань тэжээл болдог. Бид залбирахдаа яарсан, давталттай, хайхрамжгүй, мартамхай болох үедээ өдөр тутмын амьдралын сорилт бэрхшээлүүдийг амжилттай даван гарахад бидэнд хэрэг болох байнгын чиглүүлэлд нэн чухал Сүнсний дотно байдлаа алддаг (“Securing Our Testimonies” Ensign эсвэл Лиахона, 2004 оны 11-р сар, 39).

Дараах асуултуудад хувийн тэмдэглэлдээ эсвэл тусдаа цаасан дээр хариулж бич:

  • Та хувийн залбирлынхаа давтамжийн талаар ямар бодолтой байна вэ?

  • Хувийн залбирал тань чин сэтгэлийн байгаа эсэх талаар та юу гэж бодож байна вэ?

  • Та хувийн залбиралдаа Тэнгэрлэг Эцэгтэйгээ үнэн сэтгэлээсээ харилцаж байгаагаа мэдэрдэг үү? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?

  • Хэрвээ та хувийн залбирлаа сайжруулахын тулд нэг зүйл өөрчилье гэвэл юуг өөрчлөх вэ?

Ифер 2:16-д цэдэглэснээр Жаредын ах нүглүүдээ наманчилж, гэр бүлийн гишүүд болон найз нөхдийнхөө төлөө Их Эзэнд хандан залбирав. Их Эзэн түүнийг уучилсан боловч амлагдсан нутаг руу удирдуулахын тулд зөв шударга байдалд үргэлжлүүлэх ёстой хэмээв.

Ифер 2:16–25

Жаредчууд далайг гатлан амлагдсан нутаг руу аялахаар хөлөг онгоц хийв

Жаредчуудын хөлөг

Гэр бүл, нийгмийн хэцүү нөхцөл байдалтай хэрхэн харилцах, хэрхэн сайн сурах, хэнтэй гэрлэх эсвэл ямар мэргэжлээр сурах зэрэг танд тулгарч байгаа эсвэл ирээдүйд тулгарч болох хувийн чухал шийдвэрийн талаар бод. Их Эзэн танд хэрхэн удирдамж өгөх эсвэл тухайн нөхцөл байдалд тусалж болох тухай та бодож байсан уу? Ифер 2-ын үлдсэн хэсгийг судлахдаа тодорхойлсон шийдвэрийнхээ талаар тунгаан бодож, Их Эзэний тусламжийг хүлээн авахад туслах зарчмуудыг ол.

Ифер 2:16–17-г уншаад амлагдсан нутаг руу урагшлахын тулд юу хийхийг Их Эзэн жаредчуудаас хүссэнийг ол. Жаредын ах хөлөг онгоцны загвар хийцээс шалтгаалсан гурван асуудалтай тулгарав. Ифер 2:18–19-ийг уншаад Жаредын ахын Их Эзэнд хэлсэн гурван асуудлыг олж тэмдэглэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИфер 2:16–19-д уншсан зүйлсээ дүрслэн харахын тулд судар судлах тэмдэглэлдээ таны бодлоор хөлгүүд ямархуу харагдаж байсныг зур.

Дараах хүснэгт нь хөлөгтэй холбоотой асуудлуудад Их Эзэн Жаредын ахад хэрхэн тусалсныг олоход тань туслах болно. Хүснэгт дэх судрын эшлэлүүдийг судлаад мэдээллийг “Асуудлын шийдвэр” гэсэн баганыг бөглөхөд ашигла.

Судрын эшлэлүүд

Хөлөг онгоцонд гарсан асуудал

Асуудлын шийдвэр

Ифер 2:20–21

Агааргүй

Ифер 6:4–9

Залуургүй

Ифер 2:22–3:6

Гэрэл байхгүй

Их Эзэний хийсэн зүйлс болон Жаредын ахыг хий хэмээн Их Эзэний хүссэн зүйлс нь асуудал бүрд өөр өөр байсан. Бид асуудал болон шийдвэр бүрээс бидэнд тусламж хэрэгтэй үед Их Эзэн хэрхэн тусалдаг тухай өөр өөр үнэнийг сурах боломжтой. Хүснэгтэд бичсэн шийдвэрүүдээ дараах жагсаалт дахь зүйлстэй харьцуул:

Агааргүй (Ифер 2:20–21). Энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Их Эзэн Жаредын ахад юу хийх хэрэгтэйг нь хэлсэн. Жаредын ахад Их Эзэний заавруудыг дагах итгэл байсан.

Залуургүй (Ифер 6:4–9). Энэхүү асуудлыг шийдвэрлэх хариултыг Их Эзэн Өөрөө өгсөн.

Гэрэлгүй (Ифер 2:22–3:6). Энэ асуудлыг шийдвэрлэхдээ Их Эзэн Жаредын ахад хэдэн заавар өгсөн. Жаредын ах асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрт байсан мэдээлэл дээр тулгуурлан бодож, биелүүлэхийн тулд Их Эзэнээс зөвшөөрөл хүсэх хэрэгтэй болсон.

Жаредын ахын туршлагаас бид энэ зарчмыг сурдаг: Бид өөрсдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд өөрсдийн талыг хийхээр хичээх үед бид Их Эзэний тусламжийг авч болно. Өмнө нь бодож байсан хувийн шийдвэрийнхээ тухай бодоход энэхүү зарчмыг мэдэх нь уг шийдвэрийн талаар тусламж, удирдамж хүлээн авахад тань хэрхэн туслах вэ? Их Эзэнээс таныг өөрөө шийдвэр гаргахын тулд юу хийгээсэй гэж хүсэх байх гэж та бодож байна вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЗалбирал болон амьдралдаа Их Эзэний тусламж, удирдамжийг хүлээн авах тухай Жаредын ахын туршлагаас юу сурснаа тайлбарлан судар судлах тэмдэглэлдээ богино эх бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Ифер 1–2-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: