Семинар
28-р хэсэг: 3 дахь өдөр, Мормон 3–6


28-р хэсэг: 3 дахь өдөр

Moрмон 3–6

Оршил

Леменчүүдээс өөрсдийн газрыг эргүүлэн авсны дараа нифайчууд тулаанд дахин бэлтгэв. Мормон нифайчуудад наманчлалыг тунхагласан боловч оронд нь тэд өөрсдийн хүчинд сагсуурч, хөнөөгдсөн ах дүү нарынхаа өшөөг авахаар тангараглав. Их Эзэн Өөрийн хүмүүст өшөө авахыг хориглосны учир Мормон тэдний их цэргийн удирдагч байхаас татгалзсан бөгөөд тэд ялагдав. Нифайчууд ёсон бусад үргэлжлүүлэн байх үед Бурхан Өөрийн шүүлтийг тэдний дээрээс юүлж, леменчүүд тэднийг газрын гадаргуугаас арчиж эхэлсэн юм. Эцэстээ Мормон нифайчуудыг тулаанд удирдахаар эргэн ирсэн боловч тэд наманчлахаас татгалзсан тул леменчүүд тэднийг устгав. Мормон тэдний уналт болон Есүс Христэд эргэж ирэх хүсэлгүйнх нь улмаас гашуудав. Тэрээр уг хүмүүсийн цэдэг эцсийн өдрүүдэд урагш авчрагдах болно гэдгийг бошиглож, үүнийг унших хүмүүст наманчилж, Бурханы өмнөх өөрсдийнх нь шүүлтэд бэлтгэлтэй байхыг ухуулав.

Moрмон 3–4

Нифайчууд ёсон бусад өсч байсан учир Мормон тэдний их цэргийг удирдахаас татгалзсан бөгөөд леменчүүд нифайчуудыг газрын гадаргаас арчиж эхлэв

Их Эзэн таныг амьдралынхаа ямар нэгэн юмыг өөрчлөөсэй хэмээн хүсч байгааг та мэдэрч байсан уу? Таны бодлоор өөрөө анзаараагүй байхад тань Их Эзэн танд амьдралынхаа ямар нэгэн зүйлийг өөрчлөхөд тусалж эсвэл урамшуулж байсан уу?

Мормоны үед леменчүүдтэй тулалдсан тулаануудад нь Их Эзэн нифайчуудад нөлөөлж байсныг тэд ихэвчлэн анзаарахгүй, талархахгүй байсан. Леменчүүд болон Гадиантоны дээрэмчидтэй гэрээ хийснийх нь дараа Их Эзэн нифайчуудыг 10 жилийн турш зөрчилдөөнгүй байлгасан. Энэ арван жилийн турш тэд ирэх дайралтад бие махбодын хувьд бэлтгэжээ (Moрмон 2:28; 3:1-ийг үзнэ үү).

Moрмон 3:2–3-ыг уншаад нифайчуудаас Их Эзэний хүсч байсан леменчүүдийн дайралтад өөрсдийгөө бэлтгэх илүү чухал арга замыг ол. Нифайчууд хэрхэн хариу үйлдэл үзүүлсэн бэ? Moрмон 3:3 дээр өгүүлсэнчлэн Их Эзэн яагаад нифайчуудын гэм нүглийг үл харгалзан өмнөх тулаануудад тэднийг хэлтрүүлсэн бэ?

Moрмон 3:4–8-д хэлснээр Их Эзэн нифайчуудыг дахин хоёр тулаанд хамгаалсан. Ёс бус Нифай үндэстэнтэй харьцах Их Эзэний харилцаанаас бидний сурах нэг сургаалт үнэн бол Өөрийн нигүүлслийн дагуу Их Эзэн бидэнд нүглээ наманчлах хангалттай боломж өгдөг явдал юм. Эдгээр боломжууд нь Бурханы тэвчээр, сайхан сэтгэл, бүх хүүхдүүд нь Цагаатгалын бүрэн адислалуудад бэлдэх арга замаар амьдраасай хэмээх Түүний хүслийн нотолгоо юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич (хэрвээ хариулт тань ариун нандин, нууцлаг бол хувийн тэмдэглэлдээ бичиж болно):

    1. Их Эзэн танд хэрхэн наманчлахыг ухуулж, наманчлах боломжуудыг олгосон бэ? Энэ нь танд Түүний зан чанарын тухай юу заадаг вэ?

    2. Moрмон 3:3 дахь нифайчуудын адил энэхүү урамшууллыг үл ойшоож, зүрх сэтгэлээ үүний эсрэг хатууруулахгүй байхын тулд та юу хийж чадах вэ?

Амьдралдаа өөрчлөлт хийх, Их Эзэний илгээсэн боломж болон урилга таны анзаарч байснаас илүү ойр ойрхон ирдэг байж болно. Жишээлбэл, ариун ёслолоос хүртэх үед эсвэл бусдад үйлчлэх, өөрийгөө хөгжүүлэх зэрэг Ариун Сүнсний өдөөлтийг мэдрэх үед ирж болно. Эдгээр боломжуудыг хайж, өөрчлөлтийг түргэн хийх үедээ та Их Эзэний гэтэлгэлийн хүчийг амьдралдаа урих болно. Өөрсөдтэй нь харилцахыг хүссэн Их Эзэний оролдлогуудыг эсэргүүцсэн нифайчуудын эсэргүүцлийг ойлгохын тулд Moрмон 3:9–10-ыг уншаад леменчүүдийг ялсан хэдэн ялалтынхаа төлөө тэд ямар үйлдэл хийснийг ол. (Уншихдаа 9-р шүлэг дэх өшөө авах гэдэг үг нь хохирлынхоо өс хонзонг авах гэсэн утгатай болохыг ойлгох нь тустай байж болно.)

Леменчүүдийн дээр байгуулсан ялалтуудынхаа дараа нифайчууд ямар үйлдэл гаргасан бэ? Moрмон 3:11–13-ыг уншаад өшөө авахыг (өс хонзон) эрэлхийлсэн их цэргийн тангарагт үзүүлсэн Мормоны хариу үйлдлийг ол.

Мормон нифайчуудын жигшмээр ёсон бус байдлыг үл харгалзан тэдний их цэргийг 30 гаруй жил удирджээ. Тэр үед их цэргийг удирдахаас татгалзсан Мормоны шийдвэр өс хонзон эрэлхийлэхийн ноцтой байдлын тухай бидэнд юу зааж байна вэ?

Moрмон 3:14–16-г уншаад өшөө авах (эсвэл өс хонзон эрэлхийлэх) тухай Их Эзэний Мормонд заасан зүйлсийг илэрхийлэх хэллэгүүдийг тэмдэглэ. Эдгээр шүлгүүдээс бидний сурах нэг үнэн бол Их Эзэн өшөө авахаар эрэлхийлэхийг бидэнд хориглодог хэмээх үнэн юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Танд хийсэн зүйлийнх нь төлөө тухайн хүнээс хариу авах эсвэл өшөө авахыг хүсч байсан уу? Энэ нь яагаад аюултай эсвэл болчимгүй хариу үйлдэл гэж та бодож байна вэ? Та өшөө авахыг хүссэнээр хэн хамгийн их хохирно гэж бодож байна вэ?

    2. Шүүлт болон өшөө авалтыг өөрсдөө авснаас Их Эзэнд үлдээх нь яагаад илүү дээр вэ?

Хэдийгээр бид өс хонзонгийн мэдрэмжээ орхих хүсэлтэй байдаг бөгөөд орхих хэрэгтэй гэдгээ мэдэж байгаа ч ихэнхдээ тэрхүү мэдрэмж оргилон гарах үед үүнийг даван туулахад хэцүү байдаг. Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын дараах зөвлөгөөг уншихдаа өс хонзонгийн мэдрэмжийг мэдрэх үед үүнийг даван туулахын тулд юу хийж болохоо мэдэхэд тань туслах хэллэгүүдийн доогуур зур.

Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Бид уур хилэнгийн мэдрэмжүүдийг таньж, ухамсарлах хэрэгтэй. Үүнийг хийхэд даруу байдал хэрэгтэй ч хэрэв бид өвдөг сөхрөн Тэнгэрлэг Эцэгээс уучлал гуйвал Тэр бидэнд туслах болно. ‘Үзэн ядалт сүнслэг өсөлтийг маань сааруулдаг’ тул Их Эзэн биднийг өөрсдийн сайн сайхны төлөө ‘бүх хүмүүнийг уучлах’-ыг [C ба Г 64:10] шаарддаг. [Oрсон Ф.Витни, Gospel Themes (1914), 144.] Бид өөрсдийгөө үзэн ядалт, өшөө хорслоос чөлөөлсөн үед л Их Эзэн зүрх сэтгэлд маань тайвшралыг өгч чадна. …

“… Гай зовлон тохиолдоход бид хувийн өс хонзон санах байдлаар хариулах бус харин оронд нь шударга ёсонд даатган орхих ёстой. Үүнийг орхиж, эгдүүцлээр дүүрсэн зүрх сэтгэлээ хоослох нь амаргүй. Аврагч Цагаатгалаараа дамжуулан бид бүгдэд үнэ бүхий амар амгаланг өгсөн ч энэ нь зөвхөн бид уур хилэн, дайсагнал эсвэл өшөө авалтын сөрөг санаа бодлоо хаях хүсэлтэй байснаар ирэх болно”. ‘Бидний эсрэг зөрчил үйлдсэн тэднийг’ [Иосеф Смитийн орчуулга, Maтай 6:13], бүр ноцтой нүгэл үйлдсэн тэднийг уучилдаг бид бүгдэд Цагаатгал амар амгалан, тайвшралыг авчирдаг” (“The Healing Power of Forgiveness,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 69).

Та бусдын эсрэг тээж явдаг хорсол, уур хилэн, сөрөг мэдрэмжээ орхих тухай энэхүү зөвлөгөөг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаараа тунгаан бод.

Нифайн их цэргийг удирдахаас татгалзсаныхаа дараа Мормон эцсийн өдрүүдэд үгсийг нь унших тэдэнд зориулан бичих зүйлдээ анхаарлаа хандуулав. Тэрээр бидний хүн бүрийг наманчилж, “Христийн шүүлтийн суудлын өмнө зогсоход” бэлдэхийг хүссэн (Moрмон 3:18–22-ыг үзнэ үү).

Moрмон 4:1–2-ийг уншаад Нифайн их цэрэг леменчүүдээс өшөө авахыг эрэлхийлэхэд юу тохиолдсоныг ол. Moрмон 4:4-ийг уншаад Нифайн их цэрэг яагаад ялалтад (ялах) хүрээгүйг ол. Moрмон 4:5-ыг уншаад ёсон бусад үргэлжлүүлэхийн үр дагаврын тухай ямар нэгэн үнэнийг тодорхойл. Та юу олсон бэ?

Таны харсан үнэнүүдийн нэг нь Бурханы шүүлт ёс бусчуудыг дийлэх болно хэмээх үнэн байж болох юм. Ихэвчлэн “ёс бусыг үйлдэгчдээр ёс бусыг үйлдэгчид нь шийтгэгддэг”(Moрмон 4:5). Ёс бусыг үйлдэгчид Бурханы тусламжийг үл тоомсорлож, Түүний тэнгэрлэг хамгаалалтыг эрэлхийлэхээс татгалздаг. Moрмон 4:11–14, 18-ыг уншаад Бурханы шүүлт нифайчуудын дээр хэрхэн юүлэгдэж байсныг ол.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Таны бодлоор Мормон 3–4-т гарсан нифайчуудын нөхцөл байдлын хамгийн харамсалтай зүйл нь юу вэ?

    2. Таны өнөөдөр сурсан сургаал болон үнэнүүд өөр хоорондоо хэрхэн холбогдож болох вэ? (Наманчлал, өшөө авалт болон Бурханы шүүлтийн хоорондын харилцааны талаар эргэцүүлэн бод.)

Их Эзэн эдгээр үнэнийг хэрэгжүүлэхийн тулд таныг юу хийгээсэй гэж хүсч байгааг тунгаан бод.

Moрмон 5–6

Мормон дахиад нифайчуудын их цэргийг удирдахаар шийдсэн боловч леменчүүд ялалт байгуулав. Мормон өөрийн хүмүүсийн устгалын хойноос гашуудав

Зөв шударгаар амьдарч байгаад нас барсан хүн болон ёсон бусаар амьдарч байгаад нас барсан хүний төлөө гашуудах гашуудлуудын хооронд ялгаа байна уу? Таны бодлоор тэр ялгаа нь юу байж болох вэ?

Мормон Нифайн их цэргийг удирдахаас татгалзаад 13 жил болсны дараа дахин удирдахаар болов. Хүмүүс наманчилж, Их Эзэнд хандан тусламж гуйхаас татгалзсан тул түүнд найдвар үгүй байсан ч тэр тэднийг удирджээ. Леменчүүдийн хэд хэдэн дайралтыг эсэргүүцсэний эцэст нифайчууд зугтав. Хурдан зугтаж чадаагүй хүмүүс нь устгагджээ. Мормон леменчүүдийн хаанд захиа бичиж, нифайчуудад сүүлийн тулаанд цугларах хугацаа өгөхийг хүсэв (Мормон 5:1–7; 6:1–6-г үзнэ үү).

Мормон 6:7–11-ийг уншаад өөрийн хүмүүсийн устгалыг үзээд гашуудсан Мормоны гашуудлыг ойлгохыг хичээ. Ёс бусаар амьдарч буй хүмүүст үхэл яагаад аймшигтай санагдаж болно гэж та бодож байна вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМормон 6:16–22-ыг уншаад судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Бошиглогч, удирдагчид болон эцэг, эхчүүд маань яагаад бидэнд наманчлахыг хичээнгүйлэн урамшуулдаг вэ?

    2. Их Эзэний тэврэлтийн найдвар наманчлахад тань хэрхэн тусалдаг вэ? (Moрмон 6:17-г үзнэ үү).

Их Эзэн таныг яг одоо наманчлаасай хэмээн хүсэх ямар нэг зүйл амьдралд тань байгаа эсэхийг тунгаан бод. Та энэ тухай хувийн тэмдэглэлдээ бичиж, биелүүлэхийн тулд зорилго тавих хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Moрмон 3–6-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: