Семинар
8-р хэсэг: 1 дэх өдөр, 2 Нифай 26–27


8-р хэсэг: 1 дэх өдөр

2 Нифай 26–27

Оршил

Нифай Есүс Христ Америкт ирэхийг, түүний хүмүүсийн дээр хожим ирэх устгалыг урьдчилан харав. Түүнчлэн Нифай эцсийн өдрүүдэд амьдрах хүмүүсийг харж, тэдэнд бардамнал, нууц хуйвалдаанууд болон санваараар мэргэшихийн эсрэг сэрэмжлүүлэв. Ёс бус байдал, урвалтын үр нөлөөг даван гарах арга замаар Их Эзэн биднийг хэрхэн хангадгийг тайлбарлахын тулд Нифай хожмын өдрүүд дэх Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийн талаарх Исаиагийн бошиглолыг оруулав.

2 Нифай 26

Нифай эцсийн өдрүүдийн талаар бошиглож, бүх хүмүүнийг Христэд ирэхийг урив

Та газар хөдлөлт, аянга цахилгаантай шуурга, ямар нэгэн гамшгийн үйл явдлыг харж эсвэл тиймэрхүү үйл явдлын зураг, видео үзэж байсан уу? Дэлхийн оршин суугчид эцсийн өдрүүдэд “аянга, мөн цахилгаан, мөн газар хөдлөлт, мөн бүх төрлийн устгалуудаар дайлагдах болно” гэдгийг Нифай харжээ (2 Нифай 26:6). “Их Эзэний хилэн” (2 Нифай 26:6) эсвэл “Бурханы шүүлтүүд” (2 Нифай 25:3)-ийн талаар уншихад танд юу бодогдож байна вэ? Бурханы шүүлтүүд нь хүүхдүүдээ адислах буюу ёс бусчуудыг наманчлалд авчрахад, зөв шударгыг хамгаалахад зориулагдсан байдаг. 2 Нифай 26:1–11-т Нифай Есүс Христ Америкт ирэхийн өмнөх устгал болон өөрсдийн ёс бус байдлаас болж устгагдах хүмүүсийнхээ устгалын талаар бошигложээ. 2 Нифай 26:8–9-ийг уншаад зөв шударга үр удамд нь ирнэ гэж Нифайн хэлсэн адислалуудыг ол. Дараа нь 2 Нифай 26:12–13-ыг уншаад, бид Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болговол бидэнд юу амлагдсаныг ол.

  1. Есүс Христ Өөрт нь итгэх итгэлээ үйлдэл болгож, зөв шударга байдалд үргэлжлүүлсэн хүмүүст Өөрийгөө үзүүлдэг. Дараах асуултуудын хариултыг судрын тэмдэглэлдээ бич:

    1. Өөрт нь итгэх итгэлээ үйлдэл болгодог хүмүүст Есүс Христ Өөрийгөө хэрхэн үзүүлдэг вэ? (2 Нифай 26:13-ыг үзнэ үү.)

    2. Та Есүс Христийн илэрхийлэлтүүдийн заримыг нь биеэр үзэж, гэрч болж байсан уу?

2 Нифай 26:14–19-д Нифай хожмын өдрүүдэд түүний хүмүүс болон ах нарынх нь үр удам итгэлгүйнхээ улмаас сул дорой болсны дараа Мормоны Ном ирэх болно хэмээн бошиглов. 2 Нифай 26:20–22-т, хожмын өдрүүдэд хэчнээн их хүн бардамналаар дүүрэн, Бурханы гайхамшгуудыг эсэргүүцэж, өөрсдийн мэргэн ухаан, сурсан зүйлсэд найдахыг тэрээр дүрслэв. Нифайн бошиглолууд биелж байгаа жишээнүүдийг та ямар хэлбэрээр харсан бэ?

Чөтгөр биднийг устгаж, сүйрүүлэхийн тулд бардамнал, шунал, нууц ажлуудыг ашигладаг хэмээн Нифай бидэнд сэрэмжлүүлэв. Судрынхаа 2 Нифай 26:22-ын хажууд Сатан биднийг хэрхэн оосорлон хүлэхийг эрэлхийлж байдгийг тэмдэглэ. Маалинган оосор гэдэг нь амархан тасардаг, нарийхан утас юм. Гэсэн хэдий ч, олон давхар утсыг хамтад нь сүлжихэд бат бөх оосор болдог. 2 Нифай 26:32-ыг уншаад, биднийг зайлсхий хэмээн Их Эзэний зарлигласан “харанхуйн ажлууд”-ын жишээг ол. 2 Нифай 26:32-т гардаг нэг дамартай утас хэрхэн “бат бөх оосор” болж болдог тухай тунгаан бод.

  1. Та найздаа чөтгөрийн (Сатан) урхинаас хэрхэн зайлсхийхийг зааж байна гэж төсөөл. 2 Нифай 26:20–22, 32-ыг ашиглан чөтгөр биднийг оосорлон хүлэхийг эрэлхийлдэг тухай судрын тэмдэглэлдээ тайлбарлан бич. Дайсан нь өрсөлдөгчөө бөх олсоор хүлэх хүртлээ маалинган оосрыг хэрхэн ашигладгийг ялангуяа 2 Нифай 26:22-оос олж уншиж болно.

Нифай дайснуудаас нь үүдэлтэй устгалыг харж, эцсийн өдрүүд дэх Сатаны урхи болон нөлөөллийн талаар сэрэмжлүүлэв. Нифай Сатаны харанхуйн ажилтай харьцуулан, Бурханы хайр бүх хүмүүст хүртээмжтэй бөгөөд Түүний зорилго бол Өөрт нь ирсэн бүхнийг аврах юм гэдгийг заажээ. 2 Нифай 26:23–24-ийг уншаад Бурхан хүүхдүүдтэйгээ хэрхэн ажилладгийг тайлбарласан хэллэг болон үгсийг тодруул. 2 Нифай 26:24-т бичсэний дагуу Бурхан ямар зорилгоор бүх зүйлийг хийдэг вэ? Энэхүү сургаалыг заасан өгүүлбэрийг тодруулах хэрэгтэй: Их Эзэний хийдэг бүх зүйл нь энэ дэлхийн ашиг тусын тулд байдаг.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Их Эзэний хийдэг бүх зүйл нь энэ дэлхийн ашиг тусын тулд юм гэдгийг ойлгох нь Тэнгэрлэг Эцэгт итгэх итгэлээ өсгөхөд тань хэрхэн тусалж, амьдралд тань амар амгалан, итгэлтэй байдлыг хэрхэн өгөх вэ?

2 Нифай 26:25–28, 33-ыг гүйлгэж уншаад, бүх, нэгээхэнд ч болон нэг нь ч хэмээх үгсийг тэмдэглэ. Дараа нь уг шүлгүүдийг дахин уншихдаа эдгээр үгсэд болон Их Эзэн бүх хүмүүнийг хайрлаж, Түүнд ирж, Түүний авралаас хүртэхийг бүгдэд урьж байгааг Нифай хэрхэн заасанд онцгой анхаарал хандуулна уу. Энэхүү зарчим нь зарлигууд, жишгүүд болон бусад хүмүүсийг харах хандлагад тань хэрхэн нөлөөлж байгааг тунгаан бод.

  1. 2 Нифай 26:29–31-ийг унш. Судрын тэмдэглэлдээ 29-р шүлэгт гардаг санваараар мэргэшихийн хоёр юмуу гурван шинж чанарыг жагсаан бичээд, дараах асуултад хариулж бич:

    1. Санваараар мэргэших нь яагаад сүмд хор хөнөөлтэй гэж та бодож байна вэ?

    2. 2 Нифай 26:30-д хэлснээр, санваараар мэргэшихээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

2 Нифай 27:1–23

Нифай Мормоны Ном урагш авчрагдахыг бошиглодог

Зураг
Олон хэл дээрх Ариун библи
  1. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Та Мормоны Ном Бурханы үгс гэдгийг хэрхэн мэдэж авсан (яагаад итгэдэг) бэ?

Их Эзэн бошиглогч Исаиад Мормоны Ном урагш авчрагдах талаар нарийн тодорхой илчилсэн бөгөөд Нифай үүнийг 2 Нифай 27-д бичиглэжээ. Исаиа эцсийн өдрүүдэд олон хүн алдсаар дүүрч, бошиглогчдыг эсэргүүцэх тухай бошиглосныхоо дараа Бурхан эртний бичээс бүхий номыг илчлэх болно хэмээн заажээ (2 Нифай 27:1–7-г үзнэ үү). 2 Нифай 27:12–14-ийг уншаад, эцсийн өдрүүдэд урагш гарч ирэх номын үнэнийг нотлохын тулд Их Эзэний хийх зүйлийн талаар юу заасныг ол.

Их Эзэн Мормоны Номын үнэнийг нотолсон нэг арга зам нь алтан ялтсуудыг гэрчлэхийг бусад хүмүүст зөвшөөрсөн юм. Оливер Каудери, Давид Витмер, Мартин Харрис нар гурван гэрчээр сонгогдсон бөгөөд 2 Нифай 27:12-т дурдагджээ. (Мормоны Номын эхний хуудсан дахь “Гурван гэрчийн гэрчлэл”-ийг үзнэ үү.)

2 Нифай 27:13-т “цөөн хэд” хэмээн гардаг нь Найман гэрчийг багтаадаг (Мормоны Номын эхний хуудсан дахь “Найман гэрчийн гэрчлэл”-ийг үзнэ үү). 2 Нифай 27:14-т гардаг “байвал зохино хэмээсэн тооны гэрчүүд” хэмээх үгсийг тэмдэглэ. Мормоны Номын талаар гэрчлэл хүлээн авч, хуваалцахдаа та энэхүү номын үнэнийг гэрчлэх гэрч болдог. Мормоны Номын үнэнийг гэрчлэх нэмэлт гэрчүүдийн нэг болгон өөрийн нэрийг 2 Нифай 27:14-ийн хажууд бичиж болно.

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Мормоны Номын талаарх өөрийн гэрчлэлийг хэлсэн юм:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

Мормоны Ном болон энэ номыг гэрчилдэг Их Эзэн Есүс Христийн бурханлаг мөн чанарыг хүлээн зөвшөөрөхгүй бол, ямар ч хүн хожмын үеийн энэхүү ажилд бүрнээр итгэж, манай өнөө үед амар амгалан болон тайвшралыг бүрэн хэмжээгээр олж чадахгүй юм. …

“Мормоны Ном болон үүний агуулга, утга санааны талаар албан тушаал, андгай тангаргийнхаа дагуу хуваалцсан миний гэрчлэлийг энэ дэлхий дээрх хүмүүс болоод тэнгэр элчүүд тэнгэрт цэдэглэх болтугай хэмээн би хүсч байна. … Би Бурханы шүүлтийн өмнө зогсохдоо, Мормоны Ном үнэн бөгөөд Иосефын өгүүлсэн яг тэр замаар дэлхийд ирж, хожмын өдрүүдэд зовлон зүдгүүрийг туулан буй итгэгчдэд аз жаргал, итгэл найдварыг авчирсан юм гэдгийг эрс шулуун, тодорхой үгээр дэлхийд тунхаглахыг хүсдэг билээ” (“Бодгалийн аюулгүй байдал,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 100–103).

Мормоны Номын үнэний талаарх итгэлээ хүчирхэгжүүлэхийн тулд та юу хийж чадахаа эргэцүүлэн бод.

  1. Мормоны Номын үнэний тухай өөрийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхийн тулд энэ жил юу хийхээ судрын тэмдэглэлдээ бич.

Дараах үйл ажиллагааг хийхийн тулд танд Агуу Үнэт Сувд судар дахь Иосеф Смит—Түүх ном хэрэг болох болно. Иосеф Смит—Түүх 1:63–65-ыг уншаад, үүнд гарч буй хүмүүсийг тодорхойл. Дараа нь дараах хүснэгтэд өгөгдсөний дагуу 2 Нифай 27-оос оноосон хэсгийг уншаад, шүлэг бүрдээ нэрсийг тохируул.

  1. Чарльз Антон

  2. Иосеф Смит

  3. Мартин Харрис

Зураг
Мормоны Ном болон эртний бичиг үсэг

Иосеф Смит—Түүх 1:63–65-д гардаг үсгүүд хэмээх үг нь Мартин Харрисын профессор Чарльз Антонд үзүүлсэн, Иосеф Смитийн алтан ялтсуудаас хуулан орчуулсан, шинэчлэгдсэн Египет үсгүүдийг хэлж байгаа юм. Чарльз Антон нь Колумбиа коллежийн багш байсан бөгөөд эртний бичиг үсгийг мэддэгээрээ алдаршсан нэгэн байжээ. Үсгүүдийг орчуулсан Иосеф Смитийн орчуулгыг зөв хэмээн нотолж, гэрчилгээ олгосны дараа, гайхамшигт арга замаар ялтсуудыг олж авсныг профессор Антон мэдээд орчуулгын нотолгоогоо уржээ. Тэрээр цэдгийг өөрөө орчуулахыг хүссэн. Мартин Харрис зарим ялтсууд лацдагдсан гэдгийг тайлбарлахад профессор Антон лацдагдсан номыг уншиж чадахгүй гэдгээ хэлэв. 2 Нифай 27:16-д хэлсний дагуу ялтсуудыг орчуулахыг хүссэн Чарльз Антоны саналын талаар бид юу сурах вэ?

2 Нифай 27:20–23-ыг уншаад, 20, 21-р шүлгүүдэд давтагдаж буй хэллэгийг олж тэмдэглэ.

  1. 2 Нифай 27:1–23-р шүлгүүдээс Бурхан Өөрийн ажлыг хийх боломжтой гэдгийг батлах юу сурснаа судрын тэмдэглэлдээ бич. (Мормоны Ном урагш авчрагдах тухай нэмэлт мэдээлэл хэрэгтэй бол С ба Г 20:8–12-ыг үзнэ үү.)

Дараах үнэнүүдийг судрын тэмдэглэлдээ бичих хэрэгтэй: Мормоны Номыг урагш авчрах нь Бурхан хожмын өдрүүдэд Өөрийн ажлыг гүйцэлдүүлэх нэгэн арга зам юм.

  1. Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Мормоны Номын талаарх эртний бошиглолын биелэлт нь ном болон Их Эзэний Сүмийн Сэргээлт дэх уг номын үүргийн талаарх таны гэрчлэлийг хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ?

2 Нифай 27:24–35

Нифай Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний сайн нөлөөний талаар бошиглов

Зураг
Иосеф Смит Ариун төгөлд

Бурхан Иосеф Смит хэмээх залуу эрэгтэйг Сэргээлтийн бошиглогч байхаар, Түүний гайхамшигт ажлыг эцсийн өдрүүдэд улиран тохиолгохоор сонгожээ. Судруудад дурдагддаг “гайхамшигт ажил” гэдэг нь Мормоны Номын ирэлтийг багтаасан Есүс Христийн сайн мэдээний Сэргээлт юм. 2 Нифай 27:25–26-г уншаад, “гайхамшигт ажил ба ер бусын үйл” хэмээх хэллэгийг тэмдэглээд, Их Эзэн гайхамшигт ажлаа эхлэх үед бий болох зарим нөхцөл байдлуудыг тодорхойл. Тэдгээр нөхцөл байдлуудаас зайлсхийхэд тань Мормоны Ном болон Сэргээлт хэрхэн тус болсон тухай тунгаан бод.

2 Нифай 27:29–30, 34–35-ыг уншаад, сайн мэдээний Сэргээлт болон Мормоны Ном урагш авчрагдсаны улмаас ирэх адислалуудыг тэмдэглэ. Мормоны Ном болон сэргээгдсэн сайн мэдээ нь тэдгээрийг уншиж, хүлээн зөвшөөрөх хүмүүст ойлголт болон баяр баяслыг авчрах болно.

  1. Дараах асуултын хариултыг судрын тэмдэглэлдээ бич: Мормоны Номын ирэлтийг багтаасан сайн мэдээний Сэргээлт нь таны амьдралд хэрхэн “гайхамшигт ажил” болж байна вэ?

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 2 Нифай 26–27-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх