Семинар
19-р хэсэг: 4 дэх өдөр, Алма 38


19-р хэсэг: 4 дэх өдөр

Алма 38

Оршил

Хүү Шиблон нь Алматай хамт зорамчуудад номлов. Алма энэхүү номлолынхоо дараа зорамчуудын хавчлагад зовж байхдаа Шиблоны харуулсан гуйвшгүй бөгөөд итгэлтэй байдалд баярласнаа илэрхийлдэг. Алма Шиблонд Есүс Христийн чөлөөлөх хүчийг гэрчилж, сайн мэдээг үргэлжлүүлэн заахыг зөвлөдөг.

Алма 38:1–3

Алма Шиблоны итгэлтэй байдалд баярласнаа илэрхийлэв

Таны эсвэл танай гэр бүлийн өөр нэг гишүүний хийсэн зөв сонголтоос эсвэл таны амьдралын хэв маягийн улмаас эцэг эх тань баярласан үеийн талаар бод.

Зураг
хоолны үеэр ширээ тойрон сууж буй гэр бүл

Алма 38:1–3-ыг уншиж, Шиблоны талаар Алма ямар бодол санаатай байсан болон яагаад гэдгийг дүрсэлсэн хэллэгүүдийг ол. Олсон хэллэгүүдээсээ заримыг нь бич:

Бид эдгээр шүлгүүдээс дараах зарчмыг сурдаг: Бид өсвөр наснаасаа зарлигуудыг дагахдаа гуйвшгүй бөгөөд итгэлтэй байснаар эцэг эхдээ агуу баяр баяслыг авчирч чадна.

  1. Эцэг эх, асран хамгаалагч, эсвэл сүмийн удирдагчаасаа таны зөв шийдвэр түүнд хэрхэн нөлөөлснийг асуу. Тэдний хариултыг судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 38:4–9

Алма Аврагчийн чөлөөлөх хүчний талаар гэрчилсэн нь

Тэд хэдийгээр өөр өөр байдлаар ч гэсэн Аврагчийн чөлөөлөх хүчийг хоёул мэдэрсэн юм гэдгийг Алма Шиблонд сануулдаг. Алма 38:4–8-ыг уншиж, дараах хүснэгтийг бөглө. Алма 38:2–3-аас Шиблоны талаар юу мэддэгээ болон Мормоны Номын бусад бүлгүүдээс Алмагийн талаар мэдсэн зүйлээ хүснэгт бөглөхөд ашигла.

Шиблон (Алма 38:2–5)

Алма (Алма 38:6–8)

Тэр юунаас чөлөөлөгдсөн бэ?

Тэр чөлөөлөлтийн адислалыг хэрхэн хүлээж авсан бэ?

Бид Шиблоны туршлагаас дараах зүйлийг сурч чадна: Хэрэв бид бүх зүйлсэд тэвчээр болон Бурханд итгэх найдвараар хандвал Тэр биднийг зовлон зүдгүүр, саад бэрхшээл, өвчин шаналлаас чөлөөлж, биднийг эцсийн өдөр өргөмжлөх болно. Мөн бид Алмагийн туршлагаас дараах зүйлийг сурдаг: Бид нүглийнхээ уучлалыг хүлээн авч, бодгальдаа амар амгаланг олохын тулд Есүс Христэд итгэх итгэлээ ашиглаж, Түүний нигүүлслийг эрэлхийлэх ёстой.

Зураг
Христийн хөшөө
  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Таныг чөлөөлөх Аврагчийн хүчний талаар Шиблон болон Алмагийн цэдгээс та юу сурсан бэ?

    2. Өмнөх догол мөрөнд тод үсгээр бичсэн зарчмуудаас нэгийг сонгож, тэр зарчмаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар хэдэн өгүүлбэр бич.

Алма 38:9-ийг уншиж, Алма Шиблоныг юу сураасай гэж хүссэнийг олж мэд. Та энэ шүлэг дэх Алма хүүгээ ойлгоосой гэж хүссэн зүйлийг товчхон өгүүлж байна гэж бодсон хэллэгээ тэмдэглэх хэрэгтэй.

Аврагчийн хүч таныг зовлон зүдгүүр, саад бэрхшээл, эсвэл урьдын зүйлүүдээс тань чөлөөлсөн үеийн талаар бод. Та тэрхүү чөлөөлөлтийг эрэлхийлэхийн тулд юу хийсэн бэ? Таны амьдралд одоо зовлон бэрхшээл эсвэл нүгэл байгаа юу? Та чөлөөлөлтийн төлөө Аврагчид хэрхэн хандаж болох вэ?

  1. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Аврагдаж болох ганцхан “зам эсвээс арга” нь Аврагчаар дамжих юм гэдгийг мэдэх нь танд яагаад чухал гэж та бодож байна вэ? (Алма 38:9-ийг үзнэ үү).

Алма 38:10–15

Алма Шиблонд зөв шударга зан чанарыг үргэлжлүүлэн хөгжүүлэхийг зөвлөв

Таны амьдралд сайн нөлөө үзүүлсэн нэг багш эсвэл сүмийн удирдагчийн талаар бод. Тэрхүү хүндэлдэг хүнийхээ сайн чанаруудыг эргэцүүлэн бод.

Алма 38:10–15-д цэдэглэснээр Алма Шиблоныг сайн мэдээг цаашид заахад болон бусдад үйлчлэхэд нь тусалж болох сайн чанаруудыг өөртөө үргэлжлүүлэн хөгжүүлэхийг урамшуулан дэмждэг. Үйлчлэхийг, заахыг мөн өөр аргуудаар бусдад сайнаар нөлөөлөхийг хүссэн хэн ч гэсэн Шиблонд өгсөн Алмагийн зөвлөгөөг хэрэгжүүлж болно. Алма 38:10–15-ыг судалж, ялангуяа танд тустай байж болох зөвлөгөөнүүдийг ол. Та олсон зөвлөгөөнүүдээ тэмдэглэх хэрэгтэй.

  1. Хүү Шиблондоо өгсөн Алмагийн зөвлөгөөг (Алма 38:10–15-ыг үзнэ үү) улам сайн ойлгож, хэрэгжүүлэхэд тань туслах доорх судлах удирдамжийг үзнэ үү. Зүүн багана дахь Алмагийн зөвлөгөөнүүдээс танд хамгийн их хэрэг болно гэж бодсон хоёр эсвэл гурван зөвлөгөөг сонго. Баруун талын багана дахь тохирох суралцах үйл ажиллагаануудыг гүйцээ. Хариултаа судар судлах тэмдэглэлдээ бич.

    Алма 38:10–12 Судлах удирдамж

    Алмагийн зөвлөгөө

    Суралцах үйл ажиллагаа

    “Бүх зүйлд хичээнгүй мөн өөрийгөө захирах чадвартай бай” (Алма 38:10).

    Хичээнгүй хүн амьдралын үйл ажиллагаануудад тууштай бөгөөд эрч хүчтэй байдаг. Өөрийгөө захирах чадвартай хүн бүх зүйлд тэвчээртэй хандаж, өөрийгөө хянаж чаддаг. Энэ хоёр зан чанар бусдад үйлчлэхэд яагаад хэрэгтэйг судар судлах тэмдэглэлдээ бич. Та хэрхэн амьдралынхаа нэг эсвэл олон нөхцөл байдлуудад илүү хичээнгүй эсвэл өөрийгөө илүү захирах чадвартай байж, тэгснээр энэ нь бусдад илүү үр дүнтэйгээр үйлчлэхэд тань хэрхэн тусалж чадах тухай бич.

    “Бардамналд хөөрөхгүйгээ мэд; тийм ээ, … сагсуурахгүй байхаа мэд” (Алма 38:11).

    Сударт бардамнал гэдэг нь хэн нэгэн Бурханаас илүүгээр өөртөө итгэл найдвар тавихыг хэлдэг. Мөн энэ нь хүн өөрийгөө бусдаас илүү гэж боддог гэсэн утгатай юм. Энэхүү зөв шударга бус бардамналын эсрэг зүйл нь даруу байдал юм. Даруу хүмүүс бусдыг өөрсөдтэйгээ адилхан гэж боддог. Мөн тэд Бурханыг хайрлаж, Түүнийг амьдралдаа нэгдүгээрт тавьдаг. Хэрэв хэн нэг сүмийн гишүүн дуудлагадаа бардамнаж, сагсуурах юм бол түүнд юу тохиолдож болохыг судар судлах тэмдэглэлдээ бич. Сүмийн дуудлагаа эсвэл үйлчлэх аль нэг өөр боломжийн тухай бод. Үйлчлэхдээ даруу байхыг эрэлхийлж, бардамнал, сагсуурлаас зайлсхийж болох нэг эсвэл хоёр арга замыг бич.

    “Зоригийг хэрэглэ, гэвч бүү дээрэлх” (Алма 38:12).

    Зоригтой байна гэдэг нь Бурхан бидэнтэй хамт гэдэгт итгэлтэй байж, Түүний үйлчлэлийг айдасгүйгээр хийх явдал юм. Дээрэлхүү байх нь бусдын хэрэгцээ, мэдрэмжийг хайхралгүйгээр тэдэнд өөрийнхөө итгэл, байр суурийг тулгах гэсэн утгатай байж болно. Та яагаад Бурхан биднээс зоригтой байхыг хүсдэг гэж бодож байгаагаа судар судлах тэмдэглэлдээ бич. Мөн та бусдад үйлчлэхийг эрэлхийлэхдээ зоригийг хэрэглэ, гэвч бүү дээрэлх гэсэн зөвлөгөөг хэрэгжүүлж болох тодорхой арга замуудыг бич.

    “Бүх хүслээ хазаарла” (Алма 38:12).

    Хазаарлах нь удирдах эсвэл хянах гэсэн утгатай юм. Хүсэл нь хүчтэй мэдрэмж юм. Дараах асуултуудыг тунгаан бодож, хариултаа судар судлах тэмдэглэлдээ бич: Хүслээ хазаарлах нь—өөрөөр хэлбэл, хүчтэй мэдрэмжүүдээ удирдах эсвэл хянах нь яагаад чухал гэж та бодож байна вэ? Хүслээ хазаарлах нь таныг хайраар дүүрэн байхад хэрхэн тусалж чадах вэ? Бүх хүслүүдээ хазаарла гэсэн Алмагийн зөвлөгөөг дагахын тулд та юу хийх вэ?

    “Залхаг байдлаас татгалзах” (Алма 38:12).

    Залхаг байх гэдэг үг ямар утгатай болохыг илүү сайн мэдэхийн тулд судруудын удирдамж (scriptures.lds.org) дахь “залхуу, залхуу хойрго байдал” эсвэл сэдэвчилсэн удирдамж дахь “залхуу хойрго байдал, залхуу, залхуурагч” гэсэн тайлбарыг үзнэ үү. Энэ сэдвийн доор жагсаасан шүлгүүдээс хоёрыг сонгож судал. Эдгээр шүлгүүдээс юу сурснаа судар судлах тэмдэглэлдээ бич. Энэхүү залхуу хойрго байдлаас татгалзах зөвлөгөө нь таныг бусдад илүү үр дүнтэйгээр үйлчлэхэд хэрхэн туслах тухай бич. Төгсгөлд нь, залхуурлаас татгалзахыг эрэлхийлэх тодорхой нэг арга замыг бич.

Алма 38:10–15 дахь Шиблонд Алмагийн өгсөн зөвлөгөө нь дараах зарчмыг заадаг: Зөв шударга зан чанаруудыг хөгжүүлэх нь биднийг бусдад заах болон үйлчлэхэд бэлтгэдэг. Алма 38-д таны уншсан зөв шударга зан чанаруудыг хөгжүүлэх нь таны болон таны эргэн тойронд байгаа хүмүүсийн амьдралыг хэрхэн адисалж болох талаар тунгаан бод.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 38-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх