30-р хэсэг: 1 дэх өдөр
Ифер 4–5
Оршил
Их Эзэн Жаредын ахын үзэгдлийн тухай цэдэг бичиж, лацдахыг Моронайд зарлиг болгов. Моронай эдгээр бичвэрүүд нь хүмүүс Жаредын ахынх шиг итгэлтэй болох үед илчлэгдэх болно хэмээн тайлбарлажээ. Үүнээс гадна, Моронай хожмын өдрүүдэд Мормоны Номын үнэнийг гурван гэрч гэрчлэх болно хэмээн бошиглосон байна.
Ифер 4:1–7
Моронай Жаредын ахын үзэгдлийн талаар бүрэн цэдгийг бичиж лацдав
Ялангуяа танд болон танай гэр бүлийн хувьд үнэ цэнэтэй, бага насны хүүхэд хүрэх газраас хол тавихыг хүсдэг зүйлийнхээ талаар бод. Үүнийгээ хүүхдэд найдаж өгөхөөс өмнө түүнд юуг зааж сургах хэрэгтэй вэ?
Үүний адил Их Эзэнд бидэнтэй хуваалцахыг хүсдэг үнэ цэнэтэй үнэнүүд байдаг боловч Тэрээр биднийг тэдгээр зүйлсийг хүлээн авахад бэлэн болох хүртэл хүлээдэг. Ифер 4-ийг судлахдаа Их Эзэнээс илүү агуу үнэн болон удирдамжийг хүлээн авахад бэлдэхэд тань туслах Моронайн заасан зүйлсийг ол.
Ифер 3-аас та Их Эзэн Жаредын ахад өнгөрсөн, одоо, ирээдүйд байх дэлхийн бүхий л оршин суугчид болон дэлхийн талаарх бүх зүйлсийг үзэгдлээр үзүүлснийг уншсан. Дараа нь Жаредын ахад үзсэн бүх зүйлсээ бичиж, лацдахыг зарлиглажээ. Ифер 4:4–5-ыг уншаад Жаредын ахад үзүүлсэн зүйлсийн талаарх Моронайн дүрслэлийг ол. Моронай Жаредын ахын харсан зүйлсийг болон Их Эзэний төлөвлөсөн хугацаанд гарч ирэх үзэгдлийг лацдахаар Их Эзэнээр зарлигдуулсныг бичив. Эдгээр шүлгүүдэд гардаг үзэгдэл нь Мормоны Номын лацдагдсан хэсэг хэмээн нэрлэгдсэн хэсэгт агуулагддаг.
Моронай Жаредын ахад өгөгдсөн илчлэлт мэдүүлэгдэхээс өмнө байх хэрэгтэй нөхцөл байдлын талаар бошиглов. Ифер 4:6–7 дахь эдгээр нөхцөлүүдийг тэмдэглэх хэрэгтэй.
-
“Бүр Жаредын ахын үйлдсэн лугаа адил, [Их Эзэнд] итгэх итгэлээ хэрэглэх” (Ифер 4:7) гэдэг нь ямар утгатай болохыг тунгаан бодохын тулд Ифер 1–3-ыг дахин хараад Жаредын ахын Их Эзэнд итгэх итгэл, найдвараа харуулсан арга замуудыг судар судлах тэмдэглэлдээ жагсаан бич. Эдгээр жишээнүүдээс таныг хамгийн их гайхшруулсан нэг жишээг сонгож, тодорхойлоод яагаад гэдгийг тайлбарла.
Та тодорхой болзол тавьсны дараа л үнэт зүйлээ хүүхдэд найдан үлдээдэгтэй адил бид сүнслэг бэлтгэлээ үзүүлж, Түүний урьд нь илчилсэн ариун нандин үнэнүүдэд итгэж, Түүнд итгэх итгэлээ бодит болгосноор Их Эзэн Өөрийн хүүхдүүдтэй нэмэлт үнэнүүдийг хуваалцдаг.
Ифер 4:8–19
Моронай цаашид нэмэлт илчлэлт хүлээн авахын тулд бид юу хийх ёстойг заав
Одоо байгаа өрөөнийхөө аль нэг цонхны хөшиг рүү хар. Хөшиг нь харах зүйлийг тань хэрхэн хязгаарлаж байгаа тухай бод.
Моронай бидний хүн нэг бүр хэрхэн илчлэлт хүлээж авахад нөлөөлдөг зарчмын талаар заахдаа цонхны хөшигтэй төстэй гивлүүрийн бэлгэдлийг ашиглажээ. Ифер 4:15-ыг уншаад гивлүүр гэсэн үгийг багтаасан хэллэгийг ол. Моронай итгэлгүй байдлыг гивлүүртэй харьцуулсныг анзаар. Итгэлгүй байдал нь ямар талаараа гивлүүртэй төстэй вэ?
Ифер 4:15-р шүлэгт гардаг тас татах гэдэг үг нь урах гэсэн утгатай болохыг ойлгох нь тустай байж болох юм. Их Эзэн та хоёрын хооронд байгаа тэрхүү гивлүүрийг тас татвал ямар байхыг төсөөлөн бод.
Моронай “итгэлгүй байдлын гивлүүрийг тас татахад” туслах, нэмэлт илчлэлтүүдийг хүлээн авах боломж олгох зүйлсийг тайлбарласан. Тэрээр нэмэлт илчлэлт хүлээн авахад маань саад болдог хандлагын талаарх сэрэмжлүүлгээр эхлэв. Ифер 4:8-ыг уншаад Их Эзэн илчлэлтээ өгөхгүй байх, “илүү агуу зүйлийг үзүүлэхгүй” байх шалтгаануудыг олж тэмдэглэ.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
“Их Эзэний үгийн эсрэг мэтгэлцэх” гэсэн нь ямар утгатай гэж та нар бодож байна вэ? (Ифер 4:8).
-
Өнөө үед залуу хүн “Их Эзэний үгийн эсрэг мэтгэлцэж” болох ямар замууд байна вэ?
-
Моронай Их Эзэнээс хэрхэн нэмэлт илчлэлтүүдийг хүлээн авахыг тайлбарлахдаа Их Эзэний Өөрийнх нь үгсийг оруулав. Ифер 4:11, 13–15-ыг судлаад Их Эзэний илчлэлтийг урихын тулд бид юу хийх ёстой болон хэрэв бид эдгээр зүйлсийг хийвэл Тэр хэрхэн хариулахыг заасан хэллэгүүдийг олж тэмдэглэ.
Эдгээр шүлгүүдээс та илчлэлтийн талаар ямар зарчмууд болон үүнийг амьдралдаа хэрхэн урих талаар сурсан бэ? Эдгээр шүлгүүдээс сурсан нэг зарчмаа судартаа Ифер 4:11-ийн хажууд бичиж болно.
Их Эзэний зөвлөгөөнөөс бидний сурч болох нэгэн чухал зарчим бол бид Их Эзэний үгсэд итгэх агуу итгэлийг үзүүлбэл Тэр Өөрийн цаг хугацаа, арга замаар биднийг нэмэлт илчлэлтээр адислах болно.
-
Их Эзэн танд илүү ихийг илчлэхээс өмнө урьд нь хүлээж авсан Бурханы үгсэд итгэх итгэлээ яагаад үзүүлэх хэрэгтэй гэж бодож байгаагаа судар судлах тэмдэглэлдээ тайлбарлаж бич. Дараах хэсгүүд дээр Их Эзэний үгсийг дагахыг эрэлхийлснээр Түүнд итгэх итгэлээ хэр сайн үзүүлж байгаагаа 1-10-ын хооронд (10 нь “маш үр дүнтэй”) тоо сонгон дүгнэ:
-
Өдөр тутмын залбирал
-
Ариун Сүнсээр дамжуулан хүлээн авсан сүнслэг нөлөөллүүдийг дагах
-
Салбар, тойрог, дүүрэг эсвэл гадасныхаа удирдагчдыг дэмжин баталж, дагах
-
Сүмд эсвэл семинарт Бурханы үгсийг судлах
-
Бие даан судар судлах
-
Бошиглогчдын үгсийг дагаж, зарлигуудын дагуу амьдрах
-
-
Дээр дурдсан зүйлсийн нэгэн дээр Бурханд дуулгавартай байх нь Их Эзэнээс нэмэлт илчлэлтийг хүлээж авахыг таны хувьд хэрхэн боломжтой болгосныг судар судлах тэмдэглэлдээ тайлбарлан бич.
Их Эзэний нэмэлт илчлэлт, удирдамжийг урих хичээл зүтгэлдээ Түүний үгсэд итгэх итгэлээ бодит болгох энэхүү зарчмыг хэрхэн хэрэгжүүлэхээ тунгаан бод.
Ифер 5
Ялтсуудыг харж, гэрчлэх гурван гэрчийн талаар Моронай тунхаглажээ
Ифер 5:1–3-ыг унш. Моронай ялтсууд дээрх цэдгийг нэгэн өдөр орчуулах хүн буюу бошиглогч Иосеф Смитэд хандсан эдгээр шүлгүүдэд юу бичсэн бэ? Иосеф Смит Мормоны Номыг орчуулж байхдаа эдгээр шүлгүүдийг уншаад энэ нь түүнд ямар санагдсан болохыг төсөөлөн бод.
Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгийг уншаад Гурван гэрчийн гэрчлэлийн талаар таныг гайхшруулсан хэллэгийг ол: “Гурван гэрч Мормоны Номын гэрчлэлээ хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Энэ нь үнэн байсныг мэдэж байсан болохоор тэд чадаагүй. Тэд ихэнх хүмүүсийн мэддэгээс илүү хүнд хэцүү зүйлстэй нүүр тулгарч, золиослол хийж байсан. Оливер Каудери нас барахаасаа өмнө, бие нь муудаад хэвтэж байхдаа Мормоны Номын тэнгэрлэг гарал үүслийн талаар өмнөхтэйгээ адил гэрчлэлийг үлдээсэн юм. … Тэд гайхамшигт туршлагадаа харж мөн сонссон зүйлсээ сүмээс болон Иосефоос удаан хугацаагаар холдсон байхдаа ч үргэлжлүүлэн баталж байсан нь тэдний гэрчлэлийг илүү хүчтэй болгодог” (“An Enduring Testimony of the Mission of the Prophet Joseph,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 11-р сар, 90).
Ифер 5:2–3-д гарсны дагуу бошиглогч Иосеф Смит ялтсуудыг хэрхэн ашиглах боломжтой байсан бэ?
-
Алтан ялтсуудын бодит үнэнийг харах боломжтой байсан гурван эрийн адил та ч бас Мормоны Номын үнэнийг гэрчлэгч байж болно. Мормоны Номын гэрч байж болох хэдэн арга замуудыг судар судлах тэмдэглэлдээ бич. Үүнээс гадна Мормоны Номыг гэрчлэх таны гэрчлэл бусад хүмүүст хэрхэн нөлөөлж болохыг бич.
Энэ долоо хоногт Мормоны Номын тухай хэн нэгэнтэй гэрчлэлээ хуваалцах боломжийг залбиралтайгаар эрэлхийл.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Ифер 4–5-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: