Семинар
20-р хэсэг: 3 дахь өдөр, Алма 42


20-р хэсэг: 3 дахь өдөр

Алма 42

Оршил

Нүгэл үйлддэг хүмүүст нигүүлслийг олох арга замыг Тэнгэрлэг Эцэг боломжтой болгосныг Алма тайлбарласнаар шаналан буй хүү Кориантондоо өгөх зөвлөгөөгөө дуусгав. Тэрээр нүглийн төлөө шударга ёсны хуулийн шаарддаг шийтгэлийн тухай хүүдээ заасан ажээ. Дараа нь тэр Есүс Христ нүгэл үйлдсэн ч наманчлах хүсэлтэй бүгдийн төлөө зовлон шаналлыг амссанаар “шударга ёсны шаардлагыг хангасныг” (Алма 42:15) гэрчилжээ. Их Эзэн гэмшигчдэд (наманчлагчдад) нигүүлслийг боломжтой болгосон юм.

Алма 42:1–14

Алма Кориантонд шударга ёсны хуулийн талаар заав

Нэг хором нүдээ аньж, эцсийн шүүлт тань дээр ирэх үед ямар санагдахыг тунгаан бод. Та амьдралаа эргэж хараад эцсийн шүүлт шударга байхыг хүсч байна уу? Та яагаад өөрийнхөө шүүлт шударга байхыг хүсэх вэ?

жинлүүр

Одоо шударга гэдэг үгийн утгыг бодож үзнэ үү. Шударга гэдэг үгийн нэг тодорхойлолт нь хүртэх ёстой зүйлээ авах юм; шударга байдлын энэ утга нь шударга ёс гэсэн судрын нэр томьёотой холбоотой юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнд харагдаж байгаатай адил энгийн жинлүүрийг судар судлах тэмдэглэлдээ зур. Дараа нь зургийнхаа доор Шударга ёс гэж бич. Судар судлах тэмдэглэл дэх зургийнхаа доор энэ хичээлийг үргэлжлүүлэн судлах явцдаа нэмэлт зүйлсийг бичих зай үлдээ.

Шударга ёсны тухай үзэл баримтлалыг илүү сайн ойлгоход тань туслах Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ахлагч Даллин Х.Өүксийн дараах тайлбарыг унш:

Ахлагч Даллин Х.Өүкс

Шударга ёс нь олон утгатай. Нэг утга нь тэнцвэртэй байдал юм. Шударга ёсны нийтлэг бэлгэдэл нь жинлүүр юм. …

“… Хүний хүртэх ёстой шударга ёсны санаа нь үйлүүдийнхээ дагуу шүүгдэж буй хүмүүсийн талаар гардаг бүх судруудын үндсэн нөхцөл юм” (“Sins, Crimes, and Atonement” [Сүмийн Боловсролын Системийн шашны боловсролынхонд хандаж хэлсэн үгнээс, 1992 оны 2-р сарын 7], 1).

Алмагийн хүү Кориантон эцсийн шүүлт шударга байх эсэхэд санаа зовж байжээ. Алма 42:1-ийг уншиж, Кориантон эцсийн шүүлтийн юу нь шударга бус байна гэж бодсоныг олж тэмдэглэ.

Кориантон олон төрлийн нүглийг түүний дотор маш ноцтой зарим нүглийг үйлдсэнийг сана (Алма 39:2–3); тиймээс Кориантон нүгэл үйлдэгчид шийтгэгдэх нь шударга бус хэрэг гэж бодож байсан байж болох юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа яагаад нүглүүдээ наманчлаагүй хүмүүс шүүлтээр “хүртэх ёстойгоо” хүлээн авах тухайд санаа зовдог гэж боддогоо судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 42:2–11-т Алма Адамын уналт нь биеийн үхэл (бие болон сүнс нь биеийн үхлээр салдаг) ба сүнсний үхлийг (нүглийн улмаас Бурханаас салах) авчирсныг тайлбарласнаар Кориантоны санаа зовнилыг арилгаж өгдөг. Тиймээс хүн төрөлхтнийг унасан байдлаас нь буцаан гаргах төлөвлөгөөг бий болгох шаардлагатай байсан юм. Ингэхгүй бол бүх хүн төрөлхтөн нүгэлт байдалдаа үлдэж, шударга ёсны шаардлагын дагуу үргэлж зовлонт байх байсан юм.

Алма 42:12-ыг уншиж, хүн төрөлхтнийг унасан байдалд юу оруулсныг мэд. Одоо Алма 42:14-ийг уншиж, бидний дуулгаваргүй байдлын хариуд шударга ёсны дагуу ирэх үр дагавруудыг тэмдэглэ. Судар судлах тэмдэглэлдээ зурсан жинлүүрийнхээ зүүн жинлүүрийн доор зөрчил—дуулгаваргүй байдал эсвэл нүгэл гэж, харин баруун жинлүүрийн доор торгууль—Бурханы оршихуйгаас тусгаарлагдах гэж бич.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 42:18-ыг унш. Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. “Ухамсрын гэмшил” (Алма 42:18) гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

    2. Ухамсрын гэмшил нь биднийг юу хийхэд хөтөлж болох вэ?

Алма хувь хүн дуулгаваргүй байвал шударга ёсны хууль юуг шаарддаг гэж заасан бэ? (Бидний дуулгаваргүй байдлын улмаас шударга ёсны хууль нь биднээс гэмшлийг мэдэрч, Бурханы оршихуйгаас тусгаарлагдахыг шаарддаг.) Та хийсэн буруу зүйлээсээ болж харамсал, шаналлыг эсвэл Ариун Сүнснээс холдсоноо мэдэрсэн үеийнхээ тухай нэг хором тунгаан бод. Тэр мэдрэмжээ хийсэн бүх буруу зүйлийнхээ тоогоор үржүүлэн бодоод энэхүү мэдрэмж танд үүрд байх болно гэдгийг төсөөлөн бод.

Та Алмагийн заасан зүйл дээр үндэслэн эцсийн шүүлт зөвхөн шударга ёсонд тулгуурласан байхыг хүсч байна уу? Та хийсэн буруу зүйлүүдийнхээ уршгаар “хүртэх ёстой зүйлээ” хүлээн авахыг хүсч байна уу?

Алма 42:15–31

Алма Кориантонд нигүүлслийн төлөвлөгөөний талаар заасан нь

Бурханы тэнгэрлэг мөн чанаруудын нэг нь Түүний шударга байдал юм. Шударга ёсны шаардлага нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд бүрийг буруутгах бөгөөд бидний хэнд нь ч нүгэлт байдалдаа Түүнтэй хамт оршихыг зөвшөөрдөггүй юм. Дараах асуултыг бодож үз: Энэхүү шударга ёсны шаардлагыг арилгах эсвэл хэрэгсэхгүй болгох ямар нэгэн арга зам байдаг уу?

Олон хүмүүс энэ асуултад, хэрэв бид наманчилбал нүглүүдийнхээ үр дагаврын улмаас зовох шаардлагагүй болно гэж хариулж болох юм. Хэдийгээр энэ хариулт ерөнхийдөө зөв боловч шударга ёсны шаардлагуудыг хангаагүй нөхцөлд үр дагавруудыг арилгах эсвэл уучлах нь шударга бус байх болно гэдгийг ойлгох нь чухал юм. Алма шударга ёсны шаардлагуудыг хангахгүйгээр шийтгэлийг хэрэгсэхгүй болгох нь боломжгүй гэдгийг заадаг. Алма 42:25-ыг уншиж, хэрэв Бурхан зүгээр л нүглийн үр дагавруудыг арилгаж, шударга ёсны шаардлагыг хангалгүй үлдээвэл юу болохыг олж мэд.

Алма 42:15-ыг уншиж хариултыг нь олохоосоо өмнө дараах асуултыг тунгаан бод: Хэрэв бидний нүглүүдийн шийтгэлийг холдуулж болохгүй юм бол бид хэзээ, хэрхэн ухамсрын амар амгаланг олж, Бурханы оршихуйд сэргээгдэж чадах юм бэ?

Энэ нь “шударга ёсны шаардлагыг хангах” гэсэн хэллэг нь шударга ёсны шаарддаг шийтгэлүүдийг биелүүлэх эсвэл төлөх гэсэн утгатайг ойлгоход тусалж болох юм.

Бид Алма 42:15-аас үүнийг сурдаг: Есүс Христийн Цагаатгал нь шударга ёсны шаардлагыг хангасан учраас нигүүлсэл нь наманчлагчид хүрэх боломжтой болсон юм. “Торгууль …” -ын доор нигүүлслээр—Есүс Христийн Цагаатгалаар шаардлагыг хангасан гэсэн хэллэгийг бичсэнээр судрын тэмдэглэлдээ зурсан жинлүүрийн зургаа гүйцээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагГэм нүглийнх нь уршгаар бий болсон ачаа дарамтад шаналж буй нэг найз чамд байдаг гэж төсөөл. Та найздаа Есүс Христийн Цагаатгал нь бидний хүн нэг бүрд нигүүлслийг хэрхэн боломжтой болгодгийг хэрхэн тайлбарлахаа судар судлах тэмдэглэлдээ бич.

Аврагч нигүүлслийг хүлээн авах боломжийг танд олгохын тулд таны өмнөөс шударга ёсны шаардлагын шийтгэлийг сайн дураараа амсан зовсныг мэдэх нь таны хувьд ямар утга учиртайг тунгаан бод.

Алма 42:22–24-ийг уншиж, Есүс Христ бидэнд нигүүлслийг боломжтой болгохын тулд биднээс юу шаарддагийг олж тэмдэглэ. 24-р шүлэг дэх “үнэнээр гэмшигч” гэсэн хэллэг нь чин сэтгэлээсээ наманчлагч гэсэн утгатай юм. Уншсан зүйл дээрээ тулгуурлан дараах зарчмыг гүйцээн бич: Хэрэв бид наманчилбал Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан хүлээн авах болно.

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын Ерөнхийлөгч Боид К.Пакэр Есүс Христийг зууч хэмээн хэлсэн байдаг. Зууч нь оролцогч хоёр талын хооронд асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг хүн юм. Та эдгээр үгсийг уншихдаа ямар учраас нүгэлтэнд нигүүлслийг боломжтой болгоход Аврагч хэрэгтэйг олж мэд.

Ерөнхийлөгч Боид К.Пакэр

“Мөнхийн хуулиар бидний өрийг өөр дээрээ авч, төлөөсийг төлөн, бидний гэтэлгэлийн нөхцөлийг тогтоох хүсэлтэй бөгөөд ийм чадвартай хэн нэгэнгүйгээр нигүүлсэл боломжтой болж чадахгүй юм.

“Хэрэв зууч байхгүй байсан бол, хэрэв бидэнд найз байхгүй байсан бол, чанд хатуу, өршөөлгүй шударга ёсны бүх ачаа дарамт бидэн дээр зайлшгүй буух болно. Өчүүхэн ч байна уу, ноцтой ч байна уу ялгаагүй гэм нүгэл бүрд зориулсан шийтгэл биднээс шаардагдах болно.

“Харин үүнийг мэд: Үнэн, алдар суут үнэн нь ийм Зууч байдгийг тунхагладаг. …

“Түүгээр дамжин шударга ёсны мөнхийн хуулийг зөрчихгүйгээр бидний хүн нэг бүрд нигүүлсэл боломжтой болж чадна. …

“Нигүүлсэл нь бидэнд өөрөө аяндаа ирдэггүй, харин Түүнтэй гэрээ хийснээр ирдэг. Гэрээ нь Түүний нөхцөлөөр, Түүний өгөөмөр нөхцөлөөр хийгдэх болно” (“The Mediator,” Ensign,1977 оны 5-р сар, 55–56).

Эцэг минь ээ

Алма Кориантонтой хийсэн яриагаа дуусгаад хүүдээ заах гэсэн бүх зүйлээ хураангуйлан дүгнэжээ. Алма 42:26–31-ийг уншиж, Кориантон энэ бүлэгт Алмагийн заасан сургаалууд болон зарчмуудыг ойлгосон үед Алма түүний төлөө юу хүссэнийг тэмдэглэ. Алма Кориантоныг нүглээ хаацайлах шалтаг эрэхийн оронд шударга ёс, нигүүлсэл ба Цагаатгалтай холбоотой сургаал болон зарчмуудад “зүрх [сэтгэлдээ] бүрэн нөлөөлөх” (Алма 42:30) боломж олгохыг хүссэнийг анхаар. Та хэрхэн эдгээр сургаал болон зарчмуудыг зүрх сэтгэлдээ бүрэн нөлөөлөх боломжийг олгох вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултын талаарх бодлуудаа судар судлах тэмдэглэлдээ бич: Хэрэв та Аврагчийн таны төлөө хийсэн золиослолд талархаж байгаагаа Түүнд өөрийн биеэр илэрхийлэх боломжтой байсан бол та Түүнд юу гэж хэлэх вэ?

Кориантон наманчилж, эцэст нь Сүмийн өсөлт хөгжилд агуу нөлөө үзүүлснийг мэдэх нь чухал юм (Алма 49:30-ийг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 42-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: