Семинар
Мозая


Мозая номын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Та Мозаягийн номыг судалснаар Есүс Христийн номлолын тухай хүчирхэг гэрчлэлүүдийг унших болно. Та Их Эзэн нүглийн хүлээснээс эсвэл бие махбодын хүлээснээс нь сулласан хүмүүсийн тухай мөн судлах болно. Цаашлаад хаан Бенжамин, Абинадай болон Алма зэрэг зөв шударга хүмүүсийн хичээл зүтгэл нь бусад хүмүүст ямар агуу адислалуудыг авчирсан болохыг суралцана. Та мөн Зениф ба түүний хүү Ноа хаан зэрэг хүмүүсийн буруу сонголтууд өөрсдөд нь болон тэдний ард түмэнд ямар сөрөг үр дагавруудыг авчирч байгааг харах болно.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Мормон Мозаягийн номыг гаргахдаа хэд хэдэн зохиогчдын цэдгүүдийг нийлүүлэн хураангуйлсан. Энэ номыг хаан Бенжамины хүү Мозаягийн нэрээр нэрлэжээ. Мозая бол бошиглогч, үзмэрч, илчлэгч бөгөөд МЭӨ 124-өөс МЭӨ 91 оны хооронд Зарахемлагийн хаан байсан юм. Түүнд Зарахемлагийн хаан байсан өвөөгийнх нь Мозая гэдэг нэрийг өгчээ (Oмнаи 1:12–13, 19-ийг үзнэ үү).

Мормон олон цэдгүүдийг нийлүүлэн Мозаягийн номыг эмхэтгэжээ. Тэрээр Зарахемлагийн нутагт амьдардаг нифайчуудын түүхийг агуулсан Нифайн том ялтсууд дахь Мозаягийн хадгалсан ялтсуудаас эш татан, хураангуйлсан (Moзая 1–7; 25–29-ийг үзнэ үү). Тэр мөн Зарахемлаг орхин гараад, дараа нь буцаж ирсэн Зенифийн хүмүүсийн тухай өгүүлсэн Зенифийн цэдгүүдийг ашигласан (Moзая 7–22-ыг үзнэ үү). Мормон Абинадайн үгсийг ( Мозая 17:4-ийг үзнэ үү) мөн өөрийн ард түмний цэдгийг агуулсан Алмагийн бичвэрийн хураангуйлсан хэсгээс эш татсан (Moзая 18; 23–24-ийг үзнэ үү).

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

Мозаягийн номыг бичихэд ашигласан эх цэдгүүдийг МЭӨ 200-аас МЭӨ 91 оны үед бичсэн байх магадлалтай бөгөөд Мормон эдгээр цэдгийг МЭ 345-аас МЭ 385 оны хооронд хураангуйлсан. Мормон энэ номыг хаана эмхэтгэснээ бичээгүй.