Семинар
13-р хэсэг: 1 дэх өдөр, Мозая 18


13-р хэсэг: 1 дэх өдөр

Moзая 18

Оршил

Ёс бус Ноа хааны прист байсан Алма бошиглогч Абинадайн үгэнд итгэж, нүглээ наманчилсан. Абинадайг нас барсны дараа Алма бусдад Есүс Христийн тухай хувиараа заав. Алмагийн үгэнд итгэсэн хүмүүс нь Бурханы хороонд ирэх хүсэлтэй байсан. Тэд Мормоны Ус гэдэг газарт баптисмын гэрээнд орсон. Та Мозая 18-ыг судлахдаа баптисм хүртэхэд хийдэг амлалт болон тэр амлалтаа биелүүлэх тохиолдолд Их Эзэн юу хийх талаар Алмагийн заасан зүйлсийг анхаар.

Moзая 18:1–16

Алма хүмүүст зааж тэдэнд баптисм хүртээсэн

Зураг
Алма Мормоны Усанд баптисм хүртээж буй нь

Өөрийнхөө баптисмыг бод. Та баптисмынхаа талаар юу юу санадаг вэ? Та баптисм хүртэхдээ хэрхэн бэлдсэн бэ? Та баптисмынхаа үед мэдэрсэн ямар мэдрэмжүүдийг санадаг вэ? Та одоо баптисмынхаа талаар юуг тэр үеэс илүү ихээр үнэлж болох вэ гэдгийг тунгаан бод.

Мозая 18-р бүлэг бидэнд баптисмын үеэр Бурхантай хийсэн гэрээгээ ойлгоход маань тусалдаг. Гэрээ гэдэг нь “Бурхан хүн хоёрын хоорондох тохиролцоо боловч тэрхүү тохиролцоонд хоёр тал тэгш эрхтэй байдаггүй. Бурхан гэрээний нөхцөлүүдийг өгч, хүн түүний хүссэн зүйлсийг хийхийг зөвшөөрдөг. Хүмүүний дуулгавартай байдлын хариуд Бурхан зарим нэг адислалуудыг амладаг” (Guide to the Scriptures, “Covenant,” scriptures.lds.org).

Мозая 18-р бүлэг бидэнд баптисмын гэрээг ойлгоход хэрхэн тусалдгийг харахын тулд энэхүү бүлгийн тоймыг анхаар: Мозая 18:1–7, Гэрээнд бэлдэх; Мозая 18:8–16, Гэрээг хийх; Мозая 18:17–30, Гэрээний дагуу амьдрах. Та судар дээрээ сэдэв бүрийг (жишээ нь, Гэрээнд бэлдэх) тухайн шүлгүүдийн хажууд нь бичих хэрэгтэй.

Мозая 18:1–2, 6–7-г уншаад, хүмүүсийг баптисмд бэлдэхийн тулд Алмагийн заасан сургаал ба зарчмуудыг анхаар. Доорх зайд Алмагийн хүмүүстээ заасан зүйлсийг ойлгох ойлголт нь өнөөдөр хэн нэгнийг баптисмд хэрхэн бэлдэхэд туслахыг бич.

Мозая 18:8–11-т Алма хүмүүстээ баптисмаар дамжуулан хийх, авах амлалтуудыг ойлгоход хэрхэн тусалсан талаар гардаг.

  1. Доорх бүдүүвч зургийг судрын тэмдэглэлдээ зур. Мозая 18:8–11-р шүлгүүдээс бамтисм хүртэхдээ Бурхантай хийдэг амлалт (бидний хийх “хүсэлтэй” зүйлс) болон Бурханы хийдэг амлалтуудын талаар Алмагийн заасныг хай. Сурсан зүйлсээ бүдүүвч зургийнхаа зохих мөрөнд бич.

Би амладаг

Бурхан амладаг

Мозая 18:8–11-т тодорхой үзэгдэх сайн мэдээний зарчмуудын нэг бол: Бид баптисмын гэрээг хийж, сахиснаараа Их Эзэний Сүнс болон мөнх амьдралын амлалтыг хүлээн авдаг.

  1. Судрын тэмдэглэл дэх бүдүүвч зургийнхаа доор баптисмын гэрээ хийж, түүнийгээ сахихын ач холбогдлын тухай юу сурснаа тоймлон бич.

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жозеф Б.Вөртлиний хэлсэн дараах үгсийг уншаад, баптисм хүртэхдээ хүлээн авч, хийдэг амлалтуудыг ойлгоход бидэнд ирж болох адислалуудын доогуур зур: “Шинэхэн хөрвөгч эсвэл бүх л амьдралынхаа туршид сүмийн гишүүн байсан эсэхээс үл хамааран хүмүүс баптисмын гэрээний адислал болон хүчийг бүрэн дүүрэн ойлгох үед үлэмж баяр баясал тэдний амьдралд ирж, хаант улс дахь үүрэг хариуцлагадаа бусдад амархан нөлөөлдөг урам зоригтойгоор ханддагийг би амьдралынхаа турш анзаарсаар ирсэн” (“Alma the Elder: A Role Model for Today,” in Heroes from the Book of Mormon [1995], 84).

  1. Баптисмын гэрээ өдөр бүрийн амьдралын тань хэв маягт хэрхэн нөлөөлж болохыг судрын тэмдэглэлдээ бич. (Жишээлбэл, гэр бүлдээ хэрхэн ханддаг, бусадтай харилцах харилцаа, найзууд болон танилуудтайгаа ярилцдаг зүйлс, хэрэглэдэг үг яриа, үздэг кино, телевизийн нэвтрүүлгүүд, сонсдог хөгжим, болзоо болон олон нийттэй харьцах харилцаа, итгэлийг тань шүүмжилдэг хүмүүст хэрхэн ханддаг зэрэгтэй холбоотой болоход “ямар ч цагт Бурханы гэрчлэгч болж зогсох” гэсэн амлалтаа сана.)

Moзая 18:12–16-г анхааралтайгаар судлаад, баптисмынх нь дараа Алма болон түүний хүмүүстэй хийсэн гэрээнийхээ Өөрийн хийх талыг Их Эзэн хэрхэн биелүүлсэн жишээнүүдийг тодорхойл. Олсон зүйлсээ тэмдэглэх хэрэгтэй.

  1. Баптисм хүртэхдээ хийсэн Түүнд үйлчилнэ гэсэн амлалтаа биелүүлэхэд Их Эзэн Өөрийн Сүнсээр таныг адисалсныг мэдэрсэн цаг мөчөө судрын тэмдэглэлдээ бич.

Moзая 18:17–30

Алма хүмүүсийн дунд Есүс Христийн Сүмийг байгуулав

Баптисм хүртэхдээ хийсэн болон ариун ёслолоос хүртэхдээ шинэчилдэг гэрээнүүдийнхээ талаар та хэр ойр ойрхон боддог вэ? Гэрээнүүдийнхээ талаар та хэр ойрхон бодож байх хэрэгтэй вэ? Эдгээр гэрээнүүдийн тухай та ихэвчлэн хэзээ цаг гарган боддог вэ?

Зураг
Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

Тэргүүн Зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ сахихын ач холбогдлын талаар заасан: “Хожмын үеийн гэгээнтнүүд бол гэрээт хүмүүс. Баптисм хийлгэсэн өдрөөс эхлээд бидний амьдралын онцгой сүнслэг мөчүүд хүртэл бид Бурханд амлалт өгч, Бурхан ч бидэнд амлалт өгдөг. Тэрээр бидэнд өгсөн амлалтаа Өөрийн эрх мэдэл бүхий үйлчлэгчдээрээ дамжуулан сахидаг. Харин бид Түүнтэй гэрээнүүд хийж, сахих эсэх нь бидний амьдралын маш чухал шалгуур болдог (“Witnesses for God,” Ensign, 1996 оны 11-р сар, 30).

Moзая 18:17–18, 20–23, 27–29-ийг уншихдаа Алмагийн үеийн Сүмийн гишүүд баптисмынхаа гэрээг хэрхэн сахиж байсныг олж мэд. Moзая 18:22, 26, 30-д гардаг баптисмынхаа гэрээг сахидаг хүмүүст ирдэг агуу адислалуудыг харуулсан үгс болон өгүүлбэрүүдийг тэмдэглэ.

  1. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич: Баптисм хүртэхдээ хийсэн гэрээнүүдээ илүү сайнаар сахихын тулд таны хийх нэг зүйл юу вэ? Та яаж энэ амлалтаа сахих вэ?

Moзая 18:31–35

Сүмд харьяалагддаг хүмүүс хаан Ноагийн хавчлагаас оргон зугтав

Алма болон түүний хүмүүс Мормоны Усны ойролцоо агуу адислалуудыг хүртэн баясч байх үед Ноа хаан Лихай-Нифайн хотод юу хийж байсныг мэдэхийн тулд Moзая 18:31–33-ыг судал. Хүмүүст нь тохиолдох аюулыг Алма хэрхэн мэдсэнийг олж мэдэхийн тулд Moзая 18:34 болон Moзая 23:1–2-ыг унш.

Moзая 18:34-ийн хажууд энэхүү үнэнийг бичиж болно: Зөв шударга хүмүүсийг аюулд учрах үед Их Эзэн тэдэнд сэрэмжлүүлж чадна.

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний энэ үнэнийг харуулсан дараах туршлагыг унш.

Зураг
Ахлагч Нийл Л.Андэрсэн

“Нэг найз минь Холбооны Мөрдөх Товчоонд мөрдөгчөөр ажиллаж байхдаа АНУ руу хууль бусаар мансуурах бодис зөөдөг зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгүүдийг мөрддөг байжээ.

“Нэг удаа найз минь хамтрагчтайгаа мансууруулах бодис зардаг хүн кокаин нийлүүлж байж болзошгүй нэгэн нийтийн байранд очжээ. Миний найз юу тохиолдсоныг өөрөө ийн өгүүлсэн билээ:

“Бид мансууруулах бодис зарагчийн хаалгыг нь тогшлоо. Сэжигтэн үүдээ нээгээд биднийг харангуутаа ард талынхаа зүйлсийг халхлахыг оролдов. Гэсэн ч бид түүний ширээн дээр мансууруулах бодис болох кокаин байгааг харчихсан байлаа.

Ширээний цаана сууж байсан хүүхэн залуу хоёр ширээн дээрх кокаиныг бушуухан хамж эхлэв. Тэд нотолгоог алга болгохоос сэргийлэхийн тулд би үүд халхлан зогссон сэжигтнийг бушуухан хажуу тийш нь түлхлээ. Түүнийг түлхэх үед бидний харц тулгарсан юм. Хачирхалтай нь тэр ер уурласан эсвэл айсан шинжгүй байв. Тэрээр над руу хараад инээмсэглэж байлаа.

Түүний харц бас гэмгүй инээмсэглэл нь түүнийг ямар ч гэм хоргүй хүн мэт надад санагдуулсан тул би түүнийг орхин ширээ рүү очив. Одоо сэжигтэн миний ард талд байлаа. Тэр даруй надад “хуурамч инээмсэглэлийн цаадах чөтгөрөөс болгоомжил” гэсэн бодол маш хүчтэйгээр төрөв.

Би сэжигтэн рүү тэр даруй эргэн харлаа. Тэрээр гараа өмднийхөө халаасанд шургуулсан байв. Би түүний гарыг бушуухан халааснаас нь сугалж гаргав. Тэгэхэд л би түүний халаасанд байсан хагас автомат гар буу галлахад бэлэн байсныг харж билээ. Сандарч үймсэн үйлдлүүдийн дараа би түүний зэвсгийг хураасан юм. …

“… Ариун Сүнс найзад маань бие махбодын аюул нүүрлэж буйг сэрэмжлүүлсэн; Ариун Сүнс та нарыг ч гэсэн сүнслэг байдлын аюулаас сэрэмжлүүлэх болно” (“Beware of the Evil behind the Smiling Eyes,” Ensign ба Лиахона, 2005 оны 5-р сар, 46–47).

  1. Ариун Сүнснээс хүлээж авсан мэдрэмж эсвэл биеийн болон сүнслэг аюулаас хамгаалагдсан, сэрэмжлүүлэгдсэн туршлагаа, эсвэл таны таньдаг хүнд тохиолдсон явдал эсвэл сонссон, уншсан зүйлийнхээ талаарх мэдрэмжүүдээ судрын тэмдэглэлдээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мозая 18-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

Хэвлэх